Аюурбалбад бол
Хайсан хааны төрсөн дүү бөгөөд түүний эцэг нь Хубилай хааны хөвүүн Чингимийн
хоёрдугаар хүү Дармабала. Эх нь Хонгирад аймгийн Тачи хатан.
Аюурбалбад 1285 онд төрсөн ба 1305 онд 21 настайд нь
Төмөр хаан 1000 лан алт, 75000 лан
мөнгө, 13 түмэн зоос шагнаад эцэг Дармабалын эзэмшил нутгийг захируулахаар
явуулжээ.
1307 онд Өлзийт
Төмөр хаан нас нөгчсний дараа зүүн гарын чинсан Ахудай тэргүүлэн Булган
хатантай хуйвалдан ван Анандыг хаан өргөмжлөх гэв. Харин баруун гарын чинсан
Хорхосун Хайсан хийгээд Аюурбалбад ах дүү хоёрын аль нэгийг хаан өргөмжлөхийг
зорьж байв. Байдлыг мэдсэн Аюурбалбад
Төмөр хааны гашуудалд оролцох нэрээр Дайду хотод ирэн Ахудай
нараас өрсөн ван Ананд, ван Минлигтөмөр , чинсан Ахудай мөн Булган хатан
нарыг баривчлан “өвөг дээдсийн хуулийг самууруулав” хэмээн шоронд хорьжээ.
Энэ үед төрлийн
олон ван нар “Эрхэм та Хубилай хааны хойчис мөн тул их суурийг залгамжилбал зохино”
хэмээхэд Аюурбалбад “Би самуун үүсгэх гэсэн муу амьтдыг баривчилсан нь гэрийн
ёсыг хамгаалж, улсын цаазыг чангатгах гэснээс өөрөө хаан суух гэж гэсэнгүй.
Миний ах Хайсанг авчирч хаан өргөмжилбөл зохино” хэмээжээ. Хайсан умарт хилээс
дээд нийслэл Шандуд ирж хаан ор суугаад дүү Аюурбалбадаа дотоодын самууныг
түвшитгэв хэмээн хунтайж өргөмжлөөд цэргийн яам, түшмэдийн яамыг ерөнхийлөн
захируулжээ.
1311 онд Хайсан
хүлэг хаан нас нөгчиж хунтайж Аюурбалбад их ор сууж ах хааны үеийн санхүү
доройтож , төр самуурсан байдлыг өөрчлөхөөөр чармайж, зоосон мөнгийг
гүйлгээнээс хасч барилгын элдэв зардлыг зогсоов.
1313 онд Аюурбалбад
хаан “бүх улсын газар бүрийн түшмэл тус тусынхаа
бичгийн эрдэмтдийг шалгаад сайныг нь Дайду хотод илгээн улсын шалгалт явуулаад
оройлогсдод би өөрөө хэргэм зэрэг олгоно” хэмээн зарлиг болоод дэргэдийн түшмэддээ
“Би ер нь иргэнийг энх амгалан болгохыг боддог юм. Бичгийн хүнийг хэрэглэх үгүй бол их төрийг
хэрхэн тогтоож чадах аж. Гагцхүү бичгийн эрдэмтдийн сайныг олж хэрэглэвээс улс
гэр сая мандаж чадах юм” хэмээжээ.
1314 онд Шаньси
мужын нэгэн ах дүү 5 алагдах ялтай болсонд Аюурбалбад хаан” Тэд хишиг үгүйн тул
бүх гэрээрээ алагдах ялд унав. Тэднээс хөнгөн ялтай нэгнийг ихээр жанчиж тавь. Эцэг эхээ тэжээж, үндэс угсаагаа залгаж
яваг! хэмээн зарлиг болсон байна.
1315 оноос хаан
зарлиг болж монгол хөвүүдийн сурагчдын тоог зуугаар нэмж мөн улсын хөвгүүдийн
сургуулийн тухай Хубилай хаан тус сургуулийг ихэд анхаардаг байсан, мөн цэрэг
улсын хүнд хэргийг тэгшлэн засагч сайд Бухум монгол хүн бөгөөд улсын хөвгүүдийн
сургуульд суралцсан сайн түшмэл байсныг онцлон тэмдэглэж байжээ.
Аюурбалбад хаан
авъяаслаг эрдэмтэн Цагааныг ихээхэн хүндэтгэн биширдэг байсан ба түүнд “Бүх улсын хаадын он цагийн түүхэн тойм” “
Өгөөдэй тайзун хааны Алтан улсыг төвшитгөсөн эх адаг” зэрэг хэд хэдэн ном
зохиол бичих зарлаиг буулгаж байжээ.
Аюурбалбад хаан
1316 онд зарлиг гаргаж хөвүүн Содбалыг хунтайж өргөмжлөн алтан тамга шагнан
дунд бичгийн мужийн хэргийг хамруулав.
1319 онд
Аюурбалбад хааны зарлигаар 5000 монгол цэрэг, Жин вангийн харъяа аймгийн 2000
хүн Чингай балгасанд хүрч тариа тарьж байв. Тухайн үед Чингай балгас орчимд
нилээн олон усжуулалтын сувагтай хэдэн түмэн газрын тариаг усалж байжээ.
1320 оны хавар
Аюурбалбад хаан 36 насандаа таалал төгсжээ. Аюурбалбадыг “Өршөөлт нигүүлсэнгүй,
ачлалт, буянт хаан” хаан хэмээн
өргөмжилсөн байдаг.
No comments:
Post a Comment