11.24.2015

Монголын Юань улсын хаад – Есөнтөмөр хаан

Есөнтөмөр бол Хубилай хааны хүү, хунтайж Чингимийн ахмад хөвүүн, Гамалагийн хөвгүүн бөгөөд 1276 онд төржээ. Түүний эх нь хонгирад удмын Буян Хэрмиш хатан.

Түүний эцэг Гамала нь 1292 онд эцэг Чингимийг нас барсны дараа Жин ван цол хүртэж умард говийг захиран суудаг байсан ба хаан ширээний төлөө дүү Төмөртэй өрсөлдөөд амжилт олоогүйн улмаас түүний хүүхдүүд хаан ширээ залгамжлах боломжгүй болжээ. 1302 онд Гамала жин ван хорвоогоос халихад  Есөнтөмөр жин ван цолыг өвлөн авчээ.

1323 онд чинсан Тэмүдэрийн өргөмөл хүү Тэгш нар төрийн эргэлт хийхээр хэлэлцэн Монгол нутгаа захиран суусан ван Есөнтөмөрт элч илгээн “хэрэг бүтвэл чамайг хаанд өргөмжлөнө” хэмээн хэлүүлэхэд тэр эс зөвшөөрөн элчийг гянданд хорин муу мэдээг Шадбал хаанд дуулгахаар  Шанду тийш сэм хүн илгээжээ. Вангийн илгээсэн хүн Шандуд хүрэхээс өмнө Шадбал хаан нийслэл Дайду тийш хөдөлж яваад хэдийн хорлогджээ.

Ингээд 1323 оны 10 сард Хэрлэн мөрний хөвөөнд Есөнтөмөр их суурийг залгамжлан аваад Гэгээн хаан Шадбалыг хороосон хүмүүсийг үлдээлгүй цаазаар авав.

1324 онд Есөнтөмөр хаан Байжугийн хөвүүн Дармаширийг түмний ноён, Майжуг ван, Додог зүүн гарын чинсан, бусад ноёдыг шадар түшмэлээрээ томилон алт, мөнгө эд эрдэнэсээр шагнан мөн урьд Тэмүдэрийн хилсээр шийтгэж цол хэргэмийг бууруулсан ноёдыг цагаатган амьд үлдснийг нь эргүүлэн авч, үхсэн нэгнийг нь нэхэн өргөмжилжээ. Үүнд монголын ихэс дээдэс ихэд талархалтай хандсан ба түүний хаанчлалын үед улс гэр харьцангуй тогтвортой тайван байв.
Мөн онд Бабухан хатнаа их хатанд өргөмжлөн хүү Ашидхэвийг хунтайж өргөмжлөн алтан тамга шагнан түүний ордныг хамгаалж байсан 3000 цэргийг 17000 болтол өсгөсөн байна.

1325 онд хаан зарлиг буулган ган гачиг ба үер усны аюулд автсан газар орны гааль гувчуурыг нэг жил эс авав. Есөнтөмөр хаан төрийн хэрэгт эрдэмтэн мэргэдийг хэрэглэж байсны нэг нь нэрт орчуулагч хөгжмийн зохиолч Аргуй. Тэрбээр хятадын соёлд нэвтэрхий , хэл бичгийн өндөр боловсролтой нэгэн тул түүнийг бичгийн яамны дэд сайдаар ажиллуулж байжээ. Тэрээр “Засагт туслах нэвтэрхий толь” зэрэг хэд хэдэн түүхийн зохиолыг монголоор орчуулснаас гадна түүний зохиосон хөгжмийн зохиолууд бидний үед өвлөгдөн ирснээс хамгийн алдартай нь “Сарны дуулал” хэмээх 16 бадаг зохиол.

1327 онд Есөнтөмөр хааныг дээд гийслэл Шанду хотод явахад Бүсэйн нэрт ван амьд ирвэс, арсланг бэлэг болгон барихад  түүнийг ихэд шагнажээ.

Есөнтөмөр хаан 1328 онд 8 сард Дайду хотноо наснаас нөгчжээ. Тэрээр 5 жил хаан суужээ.

11.20.2015

Монголын Юань улсын хаад – Гэгээн хаан Шадбал

Буянт хаан Аюурбалбадын хөвүүн Шадбал 1303 онд төрсөн бөгөөд  Аюурбалбад  хаан  өөрийн ах Хайсан хүлэг хаантай тохирсон, ээлжилж өөрсдийн удмаас хаан сууринд залж байя гэсэн тохироог умартан 1316 онд Шадбалыг үеэл ах Хүслэнгийн оронд хунтайжид өргөмжлөн алтан тамга шагнажээ.

Шадбал 1312 оноос  Аюурбалбад хааны дөрвөн ээлж хишигтэн цэргийг захирч байснаа хунтайж өргөмжлөгдсний  дараа ордны хэргийг хамаарч байгаад 1319 оноос цэргийн яамны ерөнхийлөн захирагч болжээ.

1320 онд Буянт хаан хүнд өвчилсөнд Шадбал ихэд санаа зовж шөнөжин хүж асаан “Эцэг хаан өршөөл энэрэлтэйгээр төрийг засч дэлхий дахиныг амгалан болгов. Иймээс эцэг хааныг эгнэгт улс иргэний эзэн болохын төлөө би оронд нь үхье. Мөнх тэнгэр өршөөж ажаам уу” хэмээн залбиран сууж байсан гэдэг.

Мөн онд эцэг хаанаа нас барахад гашуудлын ёсыг гүйцэтгээд их сууринд сууж  олон хэрэгтэнд өршөөл үзүүлэн  төрийн хэргийг  засч эхэлсэн байна.
Шадбал хаан өөрийн багш Тэмүдэрийг баруун гарын чинсанд өргөмжлөн  хилийг сахисан олон жанжин цэрэгт зэрэг хэргэмийг нь ялган алт мөнгө эд агуурс шагнаад улсын сангийн зоосоор 5 түмэн хонь, 10 түмэн морь худалдан авч монгол нутгийн ядууст түгээн өгчээ.

1321 оны цагаан сараар Шадбал хаан дотоод ордондоо асар сүлжин олон өнгийн зул асаахыг тушаахад доод түшмэл нь “Хубилай хаан их сууринд  30 гаруй он суухдаа шинэ жил орох бүр галаас сэргийлж зул асааж явахыг хориглон цаазалдаг байсан билээ. Гэтэл одоо ордон дотор олон зул асаавал өчүүхэн наадмын төлөө их зовлонг үүсгэж мэдэх юм. Түр цагийн зугаа цэнгэлийг тэвчиж үүрдийн тансаг  жаргалыг бодвол зохино” хэмээхэд  хаан ихэд магтан шагнасан байна.

Шадбал хаан нэгэн удаа зүүн гарын чинсан Байжугаас  “Бурхны сургаалаар дэлхий дахиныг засаж болох болов уу” гэхэд чинсан “ Бурхны сургаалаар бол хүн бүр сэтгэлээ ариутгаж, гагцхүү өөрийн биеэ засаж болно. Гэтэл хаан болсон хүн зөвхөн өөрийн биеэ засаад, дэлхий дахиныг засахгүй бол улс гэр эвдрэхэд хүрнэ” гэжээ.

1323 оны зун Шадбал хаан өвгөдийн сумийг эргэж яваад Чингис хаан  болон Хубилай хааны үлдээсэн нөхөөстэй хоёр цагаан бөс дээлийг үзээд санаа алдаж “Урьд миний өвөг дээдэс  анх төрийг үүсгэн байгуулахад ийм муу нөхөөстэй хувцсыг өмсөж явсан байжээ. Үүнийг би яахан аймшиггүй хэрхэн мартаж болох вэ!” хэмээв.


1323 оны 8 сард Шадбал хааныг дээд нийслэл Шанду хотоос Дайду руу аялан явах зам зуур Тэгш ноён тэргүүтэй ноёд эхлээд Мухулайн удам  чинсан Байжуг алж дараа нь Шадбал хааныг хороожээ.  Түүнийг нас нөгчсөн хойно Гэгээн хаан хэмээн өргөмжилсөн.

11.18.2015

Монголын Юань улсын хаад – Буянт хаан Аюурбалбад

Аюурбалбад бол Хайсан хааны төрсөн дүү бөгөөд түүний эцэг нь Хубилай хааны хөвүүн Чингимийн хоёрдугаар хүү Дармабала. Эх нь Хонгирад аймгийн Тачи хатан.

Аюурбалбад  1285 онд төрсөн ба 1305 онд 21 настайд нь Төмөр  хаан 1000 лан алт, 75000 лан мөнгө, 13 түмэн зоос шагнаад эцэг Дармабалын эзэмшил нутгийг захируулахаар явуулжээ.

1307 онд Өлзийт Төмөр хаан нас нөгчсний дараа зүүн гарын чинсан Ахудай тэргүүлэн Булган хатантай хуйвалдан ван Анандыг хаан өргөмжлөх гэв. Харин баруун гарын чинсан Хорхосун Хайсан хийгээд Аюурбалбад ах дүү хоёрын аль нэгийг хаан өргөмжлөхийг зорьж байв. Байдлыг  мэдсэн Аюурбалбад Төмөр хааны гашуудалд оролцох нэрээр Дайду хотод ирэн  Ахудай  нараас өрсөн ван Ананд, ван Минлигтөмөр , чинсан Ахудай мөн Булган хатан нарыг баривчлан “өвөг дээдсийн хуулийг самууруулав” хэмээн шоронд хорьжээ.

Энэ үед төрлийн олон ван нар “Эрхэм та Хубилай хааны хойчис  мөн тул их суурийг залгамжилбал зохино” хэмээхэд Аюурбалбад “Би самуун үүсгэх гэсэн муу амьтдыг баривчилсан нь гэрийн ёсыг хамгаалж, улсын цаазыг чангатгах гэснээс өөрөө хаан суух гэж гэсэнгүй. Миний ах Хайсанг авчирч хаан өргөмжилбөл зохино” хэмээжээ. Хайсан умарт хилээс дээд нийслэл Шандуд ирж хаан ор суугаад дүү Аюурбалбадаа дотоодын самууныг түвшитгэв хэмээн хунтайж өргөмжлөөд цэргийн яам, түшмэдийн яамыг ерөнхийлөн захируулжээ.

1311 онд Хайсан хүлэг хаан нас нөгчиж хунтайж Аюурбалбад их ор сууж ах хааны үеийн санхүү доройтож , төр самуурсан байдлыг өөрчлөхөөөр чармайж, зоосон мөнгийг гүйлгээнээс хасч барилгын элдэв зардлыг зогсоов.

1313 онд Аюурбалбад  хаан  “бүх улсын газар бүрийн түшмэл тус тусынхаа бичгийн эрдэмтдийг шалгаад сайныг нь Дайду хотод илгээн улсын шалгалт явуулаад оройлогсдод би өөрөө хэргэм зэрэг олгоно” хэмээн зарлиг болоод дэргэдийн түшмэддээ “Би ер нь иргэнийг энх  амгалан болгохыг боддог юм.  Бичгийн хүнийг хэрэглэх үгүй бол их төрийг хэрхэн тогтоож чадах аж. Гагцхүү бичгийн эрдэмтдийн сайныг олж хэрэглэвээс улс гэр сая мандаж чадах юм” хэмээжээ.

1314 онд Шаньси мужын нэгэн ах дүү 5 алагдах ялтай болсонд Аюурбалбад хаан” Тэд хишиг үгүйн тул бүх гэрээрээ алагдах ялд унав. Тэднээс хөнгөн ялтай нэгнийг ихээр жанчиж  тавь. Эцэг эхээ тэжээж, үндэс угсаагаа залгаж яваг! хэмээн  зарлиг болсон байна.

1315 оноос хаан зарлиг болж монгол хөвүүдийн сурагчдын тоог зуугаар нэмж мөн улсын хөвгүүдийн сургуулийн тухай Хубилай хаан тус сургуулийг ихэд анхаардаг байсан, мөн цэрэг улсын хүнд хэргийг тэгшлэн засагч сайд Бухум монгол хүн бөгөөд улсын хөвгүүдийн сургуульд суралцсан сайн түшмэл байсныг онцлон тэмдэглэж байжээ.
Аюурбалбад хаан авъяаслаг эрдэмтэн Цагааныг ихээхэн хүндэтгэн биширдэг байсан ба түүнд “Бүх улсын хаадын он цагийн түүхэн тойм” “ Өгөөдэй тайзун хааны Алтан улсыг төвшитгөсөн эх адаг” зэрэг хэд хэдэн ном зохиол бичих зарлаиг буулгаж байжээ.

Аюурбалбад хаан 1316 онд зарлиг гаргаж хөвүүн Содбалыг хунтайж өргөмжлөн алтан тамга шагнан дунд бичгийн мужийн хэргийг хамруулав.

1319 онд Аюурбалбад хааны зарлигаар 5000 монгол цэрэг, Жин вангийн харъяа аймгийн 2000 хүн Чингай балгасанд хүрч тариа тарьж байв. Тухайн үед Чингай балгас орчимд нилээн олон усжуулалтын сувагтай хэдэн түмэн газрын тариаг усалж байжээ.


1320 оны хавар Аюурбалбад хаан 36 насандаа таалал төгсжээ. Аюурбалбадыг “Өршөөлт нигүүлсэнгүй,  ачлалт, буянт хаан” хаан хэмээн өргөмжилсөн байдаг.

11.15.2015

Монголын Юань улсын хаад – Хайсан хүлэг хаан

1307 онд Өлзийт Төмөр хаан таалал төгссний дараа умард газар сууж байсан Хайсан дээд нийслэл Шандуд ирж хаан ор суужээ.

Хайсан хаан 1281 онд төрсөн ба  эцэг нь Хубилай хааны хүү Чингимийн хоёрдугаар хөвгүүн, Төмөр хааны ах Дармабала. Эх нь хонгирад аймгаас гаралтай Тачи хатан.

Хайсан 12 настайдаа өнчин хоцорч, 19 наснаас их цэрэг захирч умард хязгаарт суужээ. 1301 онд Өгөөдэйн хаант улсын Хайду хан Хархорумыг  довтолсонд Хайсан эсэргүүцэн байлдаж Хайдуг шархдуулан  зугтаалган, хүргэн Аши зэрэг хүмүүсийг амьдаар олзолжээ. Хайду хан энэ үеэс хойш дахин  сэхэл авч чадалгүй байсаар насан эцэслэж , Өгөөдэй  Толуйн угсааныхны хооронд 30 гаран жил үргэлжилсэн хаан ширээний төлөөх тэмцэл эцэс болжээ. Өлзийт Төмөр хаан Хайсаны  гавьяаг үнэлэн 1304 онд хунтайжаар өргөмжлөн алтан тамга олгон  65000 өрх иргэнээр шагнажээ.

1306 онд Хайсан Хайдугийн суурийг залгасан хүү Цэвэрийг байлдахаар мордож Эрчис мөрний хөвөөнд хүрч түүнийг дутаалган гэр бүл, адуу малыг нь олзлон иржээ.

1307 онд Хайсан хаан их ор суугаад  эцэг Дармабаладаа хаан, эх Тачидаа хатан, дүү Аюурбалбадад хунтайж цол өргөмжилж алтан тамга соёрхжээ. Мөн онд Хайсан хаан Хархорумын албан тариаг хөгжүүлэхийн тулд зарлиг гаргаж нэг түмэн хятад цэргийг илгээж тариа тариулан дараа жилд нь арвин ургац авч есөн түм илүү таар амуу будаа хураасан байна.                                                                                                                                                                                                                                                     
1308 онд улс орон даяар өлсгөлөн болж хулгай дээрэм ихэсхэд  Хайсан хаан “Хулгайг устгах, иргэнийг амар байлгах нь үнэхээр их хэрэг “ хэмээгээд  түшмэд ноёдодоо “үтэр түргэн ярилцаж тогтоод, даруй төвшрүүлтүгэй!” гэж зарлиглажээ. Мөн оны хавар Дайду хотод өлсгөлөн болоход улсын санг нээлгэн 10 түмэн таар буудай хямд үнээр худалдуулсан байна.

1309 онд Хайсан хаан өвгөдийн сүмийг эргэж ирээд “Нутаг ус хорихыг зогсоо. Үгээгүй ядуу иргэдийг тэжээ. Гамшигт өртсөн хүний албыг хөнгөл” хэмээн зарлиг болов. Мөн өвөл их хүйтэрч түлшний үнэ ихэд өссөнд хаан харцага, шонхор тэжээж тавигч нартаа “Уул ойг битгий хоригтун! Ард иргэд өөрийн дураар өвс түлээгээ авагтун.  “ хэмээжээ.

Мөн  1309 оноос тусгай журам гарган олон вангийн хувь газруудын засаг захиргааны нэгжүүдэд овог нэрээ монгол овгоор сольсон  хань, хятан, зүрчин хүмүүсээр дарга тавьж ирснийг болиулж, гагцхүү монгол хүн тавих, тийм монгол хүн байхгүй тохиолдолд өнгөт нүдтэнгээс шилж авч байхаар тогтжээ.                             

1310 онд өөрийн их хатан хонгирад овогт Жэнгээдээ хас тамга шагнан шинэ орд өргөө барьж өгөн суулгасан байна.  Хайсан хүлэг хааны үед нийслэл хотын  засвар болон зугаа цэнгэлд их зарлага гаргаж улсын санхүү ихээхэн доройтоход  хүрсэн ба хүндрэлээс гарахын тулд зоосон мөнгө гүйлгээнд гаргаж байв.


Хайсан хүлэг хаан  1311 онд 30 насандаа таалал төгсжээ. 

11.13.2015

Монголын Юань улсын хаад – Өлзийт хаан Төмөр

Хубилай хааны дараа их ор суусан Төмөр  1265 онд мэндэлжээ. Төмөр хааны  эцэг Чингим нь 1243 онд Хубилайн их хатан хонгирад аймгийн Чаби хатнаас төрсөн ба хаан ширээ залгах хунтайж байсан боловч  1286 онд янь ван цолтой эцгээсээ өмнө өвчнөөр нас баржээ. Төмөр хааны  эх нь мөн хонгирад аймгаас гаралтай  Хөхжин хатан.

Хубилай хааны үед Төмөр 1287 онд өвөг эцгийн хамт Хайдугийн холбоотон Наянг даралцаж явсан ба мөн Эштөмөрийн хамт Хаданы урвалтыг даржээ.

Төмөр 1293 онд хунтайж өргөмжлөгдөөд Хархорумд захирагчаар томилогдон сууж байтал 1294 онд Хубилай хаан таалал болж алтан ургийн ноёд түмшэл дээд нийслэл Шандуд цуглан хуралдахад түүний ах Гамбал “Төмөр сууринд суувал түшмэл болж хүчээ өгье!” гэснээр олон ноёд түшмэл дэмжиж их орд суулгажээ.

Төмөр хаан эрдэмтэн мэргэдийг ихэд сайшаан хөхүүлж байснаас гадна сайд түшмэдээ ихэд буруушаан донгодож “ Намайг хаан сууснаас хойш ноёд түшмэдэд барагдашгүй их хишиг хүртээж байна. Үргэлж ингэж тараагаад байвал урьд хааны хурааж хадгалсан хөрөнгө хоосроход хүрнэ. Үүнээс хойш голдуу үгээгүй ядуус болон цэргийн хүмүүст хишиг түгээ” хэмээн зарлиг буулгаж байжээ.

Төмөр хааны үед улс гэр амар тайван дайн дажингүй тул тэрээр өвөг дээдэс шигээ цэргийн гавъяа байгуулаагүй ч өршөөлт энэрэнгүй засгийг явуулж байжээ.

1301 онд давааны арын муж буюу Хархорум руу цэргийн хэргийг  тохинуулахаар очсон түшмэл буцаж ирсний дараа  хаанд “Эдүгээгийн Хархорумын хойд биед буудай таривал нэн тохиромжтой.Урьдын хэрэглэж байсан тариалангийн эд хэрэгсэл бий. Ийнхүү нийслэл хотын сахиул зургаан салаа  цэргийн арван хүн тутмаас хоёрыг нь гарган тариа тариулбаас найман хүний хүнсийг таслахгүй байж чадмой. Гэвч Хархорумын уур амьсгал хэтэрхий хүйтэн тул хятад цэрэг тэнд өвөлжиж чадахгүй. Монгол цэрэг дотроос гэр нь баян, бие нь чийрэг хүнийг сонгож болно.”  хэмээхэд Төмөр хаан цэргийн ноёдод Хархорумын  цэргийн тариаг өргөтгөж тариалангийн эд, багаж хэрэгслийг зохистой олговол зохино хэмээн зарлиг буулгаж байжээ.


Төмөр хаан их сууринд 13 жил их ор суугаад 1307 онд таалал төгсчээ. Түүнд Хайсан хүлэг хаан Өлзийт хэмээн цолыг нэхэн өргөмжилж тэрээр Өлзийт Төмөр хаан хэмээн түүхэнд алдаршжээ.

11.10.2015

Юань гүрэн байгуулагдсан нь

Юань гүрнийг үндэслэгч Хубилай хаан Тулуйн хоёрдохь хүү бөгөөд Чингис хааныг Яньжин буюу Жунду хотыг эзэлж авсан 1215 онд төржээ. Багаас эхийн дэргэд хүмүүжил олсон түүнд эх Сорхугтани бэхи хатан уйгар эрдэмтэн Толочугаар монгол бичиг үсэгт сургажээ.

1251 онд мөнх хаан Хубилайг дорно зүгийн их захирагчаар томилсноос хойш тэр Сүн улсыг мөхөөх хэрэгт идэвхтэй оролцож хятад оронд өөрийн байр сууриа бэхжүүлж авсан. Мөнх хаан 1259 онд нас барахад Хархорумыг захиран үлдсэн дүү Аригбөх нь хаан ор суух гэж буй мэдээг хатан Чаби, хүү Чингим нараас хүлээн авсан Хубилай бүслэн хаасан  Ичжоу хотыг орхин Кайпинд хүрэлцэн ирж улмаар 1260 оны гурван сард өмнөд газар Кайпин буюу Шанду хотод Хубилай өөрийгөө хаанд өргөмжилсөн бол 5 сард Хархорум хотноо Аригбөх мөн хаан ор суужээ.

Хубилайн дэргэд Өгөдэйн хөвгүүн Хадан, түүний дүү Мүхэ, Цагаадайн ач Ачиг, Хасарын хөвгүүн Есүнгэ, Хачиуны ач Хулгур,Тэмүгэ Отчигоны Тогочар, Бэлгүдэйн ач Сод нар байсан ба түүнийг дүү Ил хаан Хүлэг дэмжихээ илэрхийлжээ. 

Хубилайн хурилдай ганц хоногт болсон гэдэг бол Аригбөхийн хурилдай монгол дэг ёсоор олон хоног үргэлжилсэн бөгөөд Мөнх хааны хатан Хутагт, ахмад хөвгүүн Асудай, Цагаадайн ач Алгу зэрэг алтан ургынхан оролцсноос гадна Алтан ордны улсын Бэрх, Цагаадайн улсын Алаг, Өгөдэйн ач Хайду нар дэмжиж буйгаа мөн илэрхийлжээ.

Ах дүү хоёрын тэмцэл 1261-1264 оны хооронд их бага тулаануудаар өрнөж Аригбөх хүчин мөхөсдөн ахдаа бууж өгснөөр төгссөн байна.

Хубилай хаан 1271 онд өөрийн зорьсон улсаа байгууллаа хэмээн үзэж хятад уламжлалаар бус  “Зурхайн ном”-ны цянь юань буюу анхны тэнгэр гэдэг үгний юань үсгийг авч улсын нэрээ сонгожээ.Хубилай хаан уг үгийг тайлбарлахдаа ”Юань хэмээгч нь түмэн бодисын эх, түвшин жаргалын үндэс, төр улсын суурь, түмэн олны хүслэн, түүнээс их, түүнээс аугаа, түүнээс эрхэм нь үгүй” хэмээжээ.

Хубилай хаан 1263 онд Кайпин  хотыг дээд нийслэл Шанду хэмээн зарлаж дараа нь 1264 оноос Алтан улсын нийслэл байсан Яньжин буюу Жүндү  хотод шинэ нийслэл байгуулан Дайду хэмээн нэрлэжээ. Шанду хот нь одоогийн Өвөрмонголын Шилийн гол аймгийн Хөх хошууны нутаг Яньшань уулын ар дахь их талд харин Дайду хот нь Яньшань уулын өвөрт тариалангийн нутагт хоорондоо 270 гаруй км зайтай байрлаж байжээ.

Хубилай хаан Аригбөхийг дарсны дараа Сүн улсыг мөхөөхөөр 20 түмэн их цэрэг бэлтгэн Баян жанжнаар толгойлуулж урагш хөдөлгөснөөр  Баян жанжин 1276 оны эхээр өмнөд Сүн улсыг буулган авчээ.

1277 онд Хубилай хаан Хайдуг дарахаар Дайдугаас дээд нийслэл Шандуд очив. Өгөдэйн удам, өөрийгөө хаан суух эрхтэй хэмээн үздэг Хайду Аригбөх, Хубилай нарын тэмцлийг ихээхэн хурцатгаж байв. Аригбөхийг дарагдсны дараа цэргээ Эмилд төвлөрүүлж Хубилайн эсрэг шууд тэмцэж эхэлжээ. Хубилай амьдралынхаа 30 гаран жилийг Хайдуг дарахад зориулсан боловч түүнийг бүрэн түвшитгэж чадаагүй билээ.

Хубилай хаан бүх хятад, зүүн Азийн олон улсыг эрхшээлдээ оруулж аваад 1294 онд 80 насандаа өвчний учир өөд болжээ. Тэр олон хэргийг эхлүүлж, олон хэргийг бүтээжээ.

Анх удаа ордны найрал хөгжмийг байгуулж гадна дотны элч төлөөлөгчдийг мэл гайхуулж байв. Түүний одон орон судлалын төв, дэлхийн анхны том усан арми, дөрвөлжин бичиг зэрэг нь хүн төрөлхтний соёл иргэншилд тод мөрөө үлдээсэн.  Хубилай хааны үед  цаасан мөнгө гүйлгээнд гарч, олон арван сургуулиуд байгуулагдан сурч боловсорч байлаа.

Юань улсын үед л усан зам, хуурай замын аюулгүй найдвартай сүлжээ бий болж  торго, хөх цэцэгтэй цагаан шаазан ваар дэлхий даяар тарж гайхагдаж байв.