4.29.2014

Говийн үзэмж

Өмнөговь аймгийн Булган сумын Баянзагаас Гашууны элс Молцог элсэн дундуур гарч Лайхарын талаар захалж Хөх усны хяраар дайран Мандал-Овоо сум хүрэх говийн энэ хэсэгхэн газар үнэхээр үзэмжтэй, бахдууштай.

Онгийн голоор тэжээгдэж байсан одоо харамсам ширгэж үгүй болсон Улаан нуур. Их хүрээ уулын сонин содон хэлбэртэй элс хад холилдон олон өнгөөр солонгорох уулс. Үнэхээр сайхан газар.

Олон овоотын уулаар алтны хэдэн ордтой юм байна лээ. Энэ сайхан газарт алт, мөнгө, нүүрс л бүү гараасай даа. Тэгвэл хайран сайхан байгаль л болох байх даа












4.24.2014

Гол мод

Хүннүгийн хааны бунханг хадгалж байсан Гол мод хэмээх газар Архангай аймгийн Өндөр-Улаан суманд Балгасын тал гэдэг газар Хануй голын хөндийн зүүнтээ бий. МЭ 80-100 оны үед хамаарах тус Шаньюгийн  бунхны зөвхөн  орох үүдэвч нь 38 метрийн урттай, том байгууламж. Язгууртны энэ булш  үндсэн ба дагуул нийлсэн 200 гаруй булшнуудын зүүн хойно байрлана. 29 дагуул булшинд нь ой долоон сартай хүүхдээс 35 насны эр хүртэл нийт 28 хүн, нэг адууг хойлоглон оршуулсан байна. Гол бунхны орчимд 21 адуугаар тахилга үйлдсэн, бунхан дотор адууны эд хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эдлэл, алт, мөнгөн чимэглэл бүхий сүйх тэрэгнүүдийг жиргэн хийжээ.

Булшийг судлан шинжлэх археологийн багийн ахлагч  доктор, профессор Д.Эрдэнэбаатарын өгүүлснээр  уг  булшнаас гарсан шилэн аяга цаг хугацааг тогтооход тусалсан байна. Хоёр өөр шилийг уусган хольж урласан энэ аяга эртний Ромын хаад, язгууртнуудын ордны тансаг хэрэглэлийн нэг, эртний Грекээс Ромд уламжилсан соёл аж. Тэгэхээр Хүннүгийн булш тэр үед буюу МЭ-ний 80-100 оны үеийнх болов уу гэж таамаглажээ. Ийм аяга Евроазийн археологийн түүхэнд тун ховор олдвор бөгөөд ердөө зургаа байдаг нь Германд гурван ширхэг, АНУ-д хоёр ширхэг хадгалагддаг байна.  Энэ олдвор булшны насыг хэлээд зогсохгүй Ром, Хүннү хэмээх эртний төрүүдийн хооронд харилцаа холбоо байсныг нотолж буй.

Оршуулсны дараа тоногдож шаньюгийн шарилыг гаргаж хаясан байж магадгүй энэ бунхнаас түүний гавлын хэлтэрхий дунд чөмөгний ясыг олж ДНК-гийн шинжилгээнд өгчээ.
“Гол мод 2”-ын  гол булшны бунхнаас жижиг, том нийт 6-7 сүйх тэрэгний  эд ангиуд бүрнээрээ, мөн тооны сүйхний хэсгүүд гарсан байна. Нэг сүйх нь ханз үсэгтэй, гоёлынх болов уу гэмээр хийцтэйг үзвэл Шаньюйд Хань улсын хуандий бэлэг болгосон байхаас зайлахгүй. Харин бусад сүйхүүд бүгдээрээ Хүннү хийцийнх. Чимэг урлал сайтай, тансаг хэрэлэлтэй эдгээр тэрэгнүүд шаньюй нарын эрхэм хэрэгсэл байсныг илтгэнэ. Чимэглэлүүдийг алт, мөнгө, хүрлээр гайхалтай нарийн урлаж, чулуун шигтгээнүүдээр чимжээ.

Их хааны булшны зүүн талаар хавиргалуулан байрлуулсан дагуул булшнуудын гуравдугаархаас ой долоон сартай хүүхдийн оршуулганд  хүүхдийн тоглодог байсан болов уу гэмээр 200 гаруй шагай хийсний 20 орчим нь тамгатай байна. Шагайн дээрх дөрвөн талт тамганд хожим Чингис хааны хэрэглэж байсан наран тамга, Мөнх хааны удам угсааныхны сэрээ тамга, Өгөөдэйнхний дэгрээ тамга яг тэр хэлбэрээрээ дүрслэгдсэн байна.






4.11.2014

Хотгойдын эх оронч хүү Чингүнжав

Хотгойд түмний эрэлхэг зоригт хөвүүн Чингүнжав 1710 онд одоогийн Хөвсгал аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар засаг бэйл Бандийн ууган хүү болон мэндэлжээ. Чингүнжав бол их эзэн Чингисийн угсааны  хиад боржгон овгийн Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжын  залгамж угсаа.
Засагт хан Лайхуур 1577 онд Ойрадуудаас хойд аймгийг тасалж авснаар хотгойд түмнийг үүссэн гэж үздэг. Хотгойд гэдэг нэрийг хойд-гойд, умарт- хойд буюу хойд-хойд гэх мэтээр янз бүрээр тайлбарладаг.
 Хотгойд нь ар халхын хойд захад увс, хөвсгөл нуурын хооронд өргөн уудам нутаг эзэмшиж байв. Шолой Уваш Хунтайжийн орыг түүний хүү Омбо-Эрдэнэ 1630 онд өвлөн суусан ба   Омбо-Эрдэнэ хунтайжийг түүний хүү Лувсанринчин залгамжлав. Тэр засагт хан болон Ойрадуудтай таардаггүй  учир Хөх нуурт луу оргон зайлжээ. 1686 онд Манжийн оролцоотой болсон халхын ноёдын "Заг Байдрагийн хүрэн бэлчирийн чуулганаар халхын засагт хан аймгийн харъяанд Шолой Уваш хунтайжийн ахмад хөвгүүн Дай-Эрдэнийн хөвгүүн Гэндэнг Хотгойдын засаг болгосон байна. Гэндэн 1694 онд манжид дагаар орж "төрийн бэйл" цол хүртжээ. Гэндэн бэйлийн орыг түүний хүү өргөмөл Бүүвэй бэйл, ач Банди бэйл нар залгамжлав. Банди бэйл 1737 онд нас барж түүний орыг хүү Чингүнжав залгажээ.
Чингүнжавыг ор суух үед монголд манж нар ид дураараа дургиж Зүүн гарын хаант улсын эсрэг явуулах дайны бэлтгэл гэж халхуудыг хөлдөө чирч байлаа. Ойрадуудын аюул гэж тархи угаан халх, өвөрмонгол ноёдуудыг өөртөө татахаар янз бүрийн хэргэм зэрэг шагнаж эд зүйлсыг харамгүй хаяж байв, манж хаан.
Чингүнжав эд мөнгө хэргэм зэрэгт хууртагдсангүй. Тэрээр  хойдын ван Амарсанаа,  хорчины эфү Сэвдэнбалжир нартай  үгсэн тохирсноор Манжийн эсрэг бослогыг 1755 онд эхлэж  Монгол түмний гурван жилийн эх оронч их тэмцэлийг өрнүүлсэн юм
Шадар ван Чингүнжав Хан голоос мянган цэрэгтэйгээр алба хаян Халх нутгаа зорин довтолгож, улмаар манжийг эсэргүүцэн бослого гаргасан ийм учиртай...  Чингүнжавын цэрэг Хиагт, Их хүрээнд бугшсан Манж цэргийг уулгалан дайрч, улмаар тэр жилийнхээ намрын дунд сарын эхээр Их хүрээнд чуулахаар төлөвлөж байв.

Түүний эх оронч тэмцлийг Халх түмэн төдийгүй, II Жавзундамба хутагт, түшээт хан Ямпилдорж, засагт хан Балдир, сэцэн хан Манибадир, Сайн ноён Дэчинжав, гүн Дамиран зэрэг нөлөө бүхий хүмүүс дэмжиж эр цэрэг, зэр зэвсэг, унаа хөсөг, хүнс хоол зэргээр сэлбэн туслаж байв.

Ар халхад хүчээ авч буй энэ бослогын тухай дуулсан Манжийн хаан бослогын гол удирдагчийн хүчийг салган ганцаардуулах аргыг сүвэгчлэн, Халхын бүх ноёдод Чингүнжавыг даруй барихыг зарлиг болгож, Улиастайн жанжнаар Чин ван Цэнгүнжавыг томилж, их цэргийг авч Чингүнжавын цэргийг дарж, түүнийг барихыг даалгажээ.

Манж хаан өөрийн суртал ухуулгыг маш хүчтэйгээр явуулж Чингүнжавыг ганцаардуулж эхлэв.
Цэнгүнжав халхаас цэрэг татах гэсэн нь амжилт олсонгүй манж голдуу 3000 цэрэгтэй Чингүнжавыг дарахаар хотгойд нутгийг зүглэжээ. Манжийн цэрэг хотгойд нутагт ирэхэд Чингүнжавын цэрэг  500 болтлоо цөөрсөн учир тосож байлдахыг бодсонгүй цэргээ авч Шишгэд орж хүчээ зузаатгах гэсэн ч   амжсангүй   түрэгдэн,  аргагүй  эрхэнд  ухарч  Өлийн даваа хүрч, цэргээ тарааж зуугаад хүнийг авч оросын хил гарахаар явсан байна.  Явах зам нь хэцүү өндөр уул даваа, хад асгатай учир цэргүүдийн зарим нь амь алдаж, нэг хэсэг нь оргон зайлснаар 50 орчим хүнтэй Оросын хилийн ойролцоох Жиянгас гэдэг газар хүрч буудалжээ. Энэ үед  Дархадын зайсан  Азар, Намжил нар Манжийн цэргийг газарчлан очиж, Чингүнжавын буудалсан жижиг толгойг бүслүүлжээ.
1757 оны нэгдүгээр сарын 17-ны үүрээр Чингүнжав бүслэлтийг сэт дайран гарахыг оролдсон боловч  чадалгүй баригджээ.

1757 оны 3 дугаар сарын 11-нд  Чингүнжавыг хоёр хүү болон түүний гэр бүлийн нь хамт Бээжинд цаазлан хөнөөжээ. Тэр зоосны нүхээр улаан махаа цувуулж байхдаа ч “Би үхэхээс айхгүй. Чингис хааны үрийг язгуураас яллах хууль үгүй” хэмээн өчсөөр үзэл бодолдоо үнэнч хэвээр хорвоог орхисонбилээ. Түүний үнэнч албад эзнийхээ эрхий хурууг авч, өртөөлөн явсаар төрсөн нутагт нь очиж оршоосон гэдэг. Өдгөө хотгойд түмэн түүний  дурсгалыг  хүндэтгэж  Жанхас  Бор толгойг   Ван толгой хэмээн нэрийдэж, Хөвсгөл аймгийн Арбулаг сум болон Мөрөн хотод Чингүнжавын хөшөөг сүндэрлүүлжээ. Мөн нийслэл хотод маань түүний хэлсэн  ”Төр үр хоёр минь мөнх оршиг” гэсэн үгтэй нэгэн сайхан хөшөө бий. Хотгойдын Чингүнжав бол "Манжийн ноёрхолын эсрэг цусны эцсийн дуслыг зарах зоригтой тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч баатар мөн.



Аглаг бүтээлийн хийд

Улаанбаатар хотоос Борнуур явах замд Далын голын гүүр дөнгөж өнгөрөөд зүүн гар тал руугаа салаад 6 км яваад Аглагын хийдэд хүрнэ. Нийслэл хотоос ойрхон 100 орчим км зайтай энэ хийд нэрэндээ таарсан уулын аглаг зэлүүд оройд чимээгүй амар амгалангийн орон гэлтэй сүрлэг оршино. Үзэж харах зүйл ихтэй байгалийн сайханд орших энэ хийдийг өөрийн төрсөн нутагтаа бурханч лам Г.Пүрэвбат үүсгэн байгуулжээ. Далий ягаан цэцэг их ургадаг, далан хар булаг байдаг гэх энэ Далын ам үнэхээр үзэсгэлэнтэй газар ажээ.












4.09.2014

Зулзагын гол бас Зочин толгой

Дархан уул аймгийн Зулзагын гол түүний эрэг дагуу гүнзгий хавцал үүсгэн тогтсон тахилгат Орвон толгой буюу Зочин толгой нь Дархан хотоос 25 орчим км зайтай байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар. Энд нарсан ой, намуухан урсах гол, налайж хэвтэх элс, нарийсан тогтсон цавчим хавцал гээд л бүгд байна. Зулзагын гол том том үхэр чулуутай хавцлаар хожигнон урссаар манай түүхийн нэгэн чухал үйл явдлын гэрч болон урсах Хүйтэний голтой нийлнэ.



   


 

4.08.2014

Монгол нутгийн хүрэл зэвсгийн үеийн дурсгалууд

Хүн төрөлхтөн чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үед шилжихдээ завсар нь зэс чулууны үе буюу энеолитийн үе гэж зурвасхан үеийг туулан өнгөрсөн. Монгол нутагт оршин суугчид бусдын л адил МЭӨ 3000 жилийн эхэнд энеолитын үеийг дамжсан байнаМанай  орны Өмнөговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Төв зэрэг аймгийн нутгаас эртний зэс малтаж байсан уурхай, ухмалууд олджээ. Мөн Ховд  аймгийн Манхан сумын нутгаас энеолитийн үед холбогдох аргаль угалзны толгойг маш урнаар сийлсэн том жижиг хоёр чулуун эдлэл олдсон байдаг.
МӨЭ 2000 жилийн өмнөөс хүмүүс зэсийг хар тугалга, цагаан тугалгатай  хольж  хайлуулан хүрэл гэдэг шинэ төмөрлөг гаргаж авсан нь зэснээс хатуу бэх, бага темпаратурт хайлдаг, удаан эдэлгээтэй зэрэг давуу талуудыг дагуулж байжээ. Хүрэл зэвсгийн үеийн олдворууд бол монгол нутагт элбэг таарах дөрвөлжин булш, хиргисүүр болон буган чулуун хөшөөнүүд юм.
 Дөрвөлжин булшны зохион байгуулалт нь  хайрцаглан хийсэн нимгэн хавтгай чулуун авсанд хүнээ оршуулж, том зузаан хавтгай чуулуунуудаар дарж таглан шороогоор булаад дээр нь хавтгай чулууг босгон эгнүүлэн дөрвөлжлөн зоосон байдаг.  Хүнийхээ толгойг ихэвчлэн нар мандах зүг харуулан цэх байдалтайгаар дээш харуулан 50-150 см-ийн гүнд оршуулж, зарим цахиур чулуун зэвсгийн зүйл, хүрэл хутга, сумны зэв, хүрэл товч, товруу, морь малын дүрстэй хүрэл чимэг, хагас товгор хүрэл чимгүүд, модоор сийлсэн шувууны толгой, үсний алтан сүлбээр, шавар ваар, зэс, хүрэл хайлуулдаг чулуун шанага зэрэг олон төрлийн эд өлгийн зүйлс, малын толгой, чөмөг, дал болон бусад зүйлийг дагалдуулан тавьдаг байна.  Дөрвөлжин булшийг малтан шинжлэх ажлыг манай улсын нутагт Төв аймгийн Хэрлэн Туул голын сав газар, Өвөрхангай аймгийн Орхоны хөндий, Богд сумын Тэвш уул, Дундговь аймгийн өмнөт хэсэг, Хэнтий аймгийн Хэрлэн, Онон, Хурх голын сав, Булган аймгийн Эгийн голын сав, Дорнот Монголын тэгш тал болох Сүхбаатар аймгийн Мөнххаан, Эрдэнэцагаан сумдын нутаг, Дорнот аймгийн Баяндун, Цагаан овоо, Сэргэлэн, Гурван загал, Баян-Уул, Дашбалбар сумдын нутагт явуулж, одоогийн байдлаар ойролцоогоор 500 гаруй дөрвөлжин булшийг малтан судалжээ.
Хүрэл зэвсгийн үеийн ховор олдвор бол Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын  дөрвөлжин булшийг малтахад гарсан хоёр хүрэл дуулга юм. Нэгдэх дуулга нь 22 см өндөртэй, 22 см урт, 16 см өргөнтэй сэнж бүхий ажээ. Хоёр шанаавчны доод ирмэг нь бүч сүвлэж болохуйц нүхтэй,  дуулганы ирмэг захыг товойлгон эмжэн хүрээлсэн. 1 кг орчим жинтэй юм. Хоёрдохь дуулга нь яльгүй том хэмжээтэй хийцийн хувьд онц ялгагдах зүйлгүй байна.

Хиргисүүр нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн өвөрмөц дурсгал юм. Манай орны нутаг дэвсгэрт хиргисүүр маш өргөн хэмжээгээр тархсан байдаг. Хиргисүүрүүд хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд зарим газарт 100 гаруй м голч бүхий хиргисүүрүүд ч таараллдаг. Манай оронд хиргисүүр олон ч малтан судалсан нь цөөхөн байдаг.

Буган хөшөө бол Монгол болон Төв Азийн нутаг дэвсгэр дээр хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин сууж байсан овог аймгуудын  түүх соёлын гайхамшигтай дурсгалын нэг билээ. Гонзгой урт
чулууг засч, гурав зааглан, оройн хэсэгт нар сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон төв хэсэгт сүрэг бугыг загварчилсан байдалтайгаар ихэд сүрлэг сийлж, бас доогуур нь бүс татан зэр зэвсгийг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг буган хөшөө хэмээн нэрлэдэг. Хөшөөнөө дайчин эрийн зэвсэг болох чинжал хутга, билүү, байлдааны алх, нум, хоромсого, жад, бамбай, толь дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг ба мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд адуу ирвэс, янгир, зээр зэрэг амьтад хааяа дүрсэлсэн байдаг.  Буган хөшөөг эрдэмтэд 100 орчим жилийн тэртээгээс судлаж энэ завсар 700 орчим буган чулуун хөшөөг олж илрүүлжээ. Эдгээрээс хамгийн их буюу 550 орчим нь Монгол улсын нутгаас олдсон.


Улаан зосоор будаж зурсан хадны сүг зургийг эрдэмтэд хүрэл зэвсгийн үеийн дурсгал гэж тогтоосон байдаг. Манай орны Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их Баян уулын Бичигтийн ам, Шинэжинст сумын Цагаан хаалга, Гэцэлийн ус, Сонгинот, Бууцагаан сумын Гурван Мандал, Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгор, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Өвгөнт, Үүдэнт, Хөтөл өтгө, Орхон сумын Орхон гол, Баруун могойн гол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгоржин, Ховд аймгийн Үенч сумын Ямаан ус, Хэнтий аймгийн Батширээт сумын Үзүүр цохио, Рашаан хад, Өмнөговь аймгийн Ноѐн сумын Аравжих, Булган сумын Хавцгайт, Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уул, Гучин ус сумын Их дөрөлж, Паалуу, Увс аймгийн Сагил сумын Гурван турга, Хандгайтын гол, Можоо, Бужаа, Төмөр цорго, Эхэн хүзүүвч, Өмнөговь сумын Шар булгын онц зэрэг олон газрын хаднаа хүрэл зэвсгийн үеийн хүмүүс өөрсдийн бүтээлээ мөнхлөн үлдээсэн нь бидний үед хадгалагдан иржээ.