1.07.2014

Аавын нутаг

Ховд аймгийн Дарви сум миний аавын төрсөн нутаг.Өвөг дээдэс маань одоогийн Мөнгөн аяга багийн нутгаар нутаглаж байсан байгаа юм.
Хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэбэйсийн хошуу, шинэ засгийн үеийн  Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошуу. Харин 1924 оноос Дарви сум хэмээн нэрлэх болжээ.
Дарви сумаас 1931 онд Хайрхан сум тасарч, 1932 онд Дарви, Хайрхан сумууд нийлж, 1934 онд дахин салж Мөнгөн аяга хэмээх газар төвлөрөн, 1938 онд дахин нэгдэх зэргээр явсаар 1940 оноос дахин  Дарви сум болсон байх юм.
Эрдэнэбэйсийн хошуу  бол тэр чигээрээ Чингис хааны элбэрэлт эх Өүлэн хатны  тэнгэрлэг удам Олхонууд түмний  нутаг.
Цөөн тооны бэсүд нар  байдаг ч дийлэнх олонх нь их эзний нагацынхан - олхонуудууд. Олхонууд нар  нангиад сударт тэмдэглэгдэн үлдсэн эртний монгол овгуудын нэг.  Түүхэнд  олхонууд охидууд айлын сайн бэр болж эрэлхэг хөвгүүд төрүүлдэг гэж бичсэн байдаг. 13-р зууны үед тэд боржигон овгийнхонтой  олноор худ ураг болцгоож байсан нь Өүлэн эх, Бөртэ үжин нар тэр олны наад захын л жишээ болох биз. Бөртэ хатны Хонгирад аймаг бол олхонууд  нартай гарал нэг салбар аймаг.

Дарви суманд дундад зуунаас өмнө хэн суурьшиж байв...Дэлгэр багийн нутаг Баян өндөрийн хадны, Мөрөн багийн нутаг Хөшөөтийн хөндийн амны Рашаантын хадны сүг зургууд нь хүрлийн эхэн, дунд үед хамаарагдаж байгаа нь энэ  нутагт эрт цагаас хүмүүс  ээнэгшин дасаж амьдарсаар байсны илрэл.
Тус сумын Булаг багийн нутаг Гүн жалганд Монгол Улсад л байгаа Хүннүгийн үеийн хамгийн том, Ази тивд буй алдартай гурван булшны нэг байдаг. Энэ нь Сутай нутагт Хүннү нар суурьшин амьдарч байсны ул мөр юм.
1987 онд эрдэмтэн Д.Навааны хийсэн археологийн судалгаанаас үзэхэд Дарви сумын Хөвхөрийн голын эхэн дэх Булган толгойд малталт хийсэн булшнаас олдсон эмэгтэй хүний ар талдаа цутгамал хээтэй хүрэл толь, оюу шигтгээтэй ээмэг, сувдан чимэг, үйлний хайч, шөвөг, торгон эдлэлийн үлдэц зэрэг нь XII-XIII зууны үеийн Монголчуудын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс болохыг баталж байна.
Дарви сумын төв  Улаанбаатар хотоос  1220км, Ховд хотоос 210 км-т оршино.Сумын нутаг нь их нууруудын хотгорт хамаарах Цагаан нуурын хотгор, Дөргөн нуурын өмнөх Таван хайрханы тал, Тунгалагын тал  Хүйсийн говийн цөлөрхөг бүсэд хамаарах Баяцагааны нуруу,  уул хээрийн бүсэд хамаарах Сутай хайрхан , Бумбат хайрхан , Дарвийн нуруу зэрэг өндөрлөг уулстай. Улаан номонд  орсон хар сүүлт, бөхөн, зэгсний гахай, ирвэс, суусараас гадна  нүүдлийн 9 зүйл, суурин 26 төрлийн жигүүртэн шувуу амьдардаг. Дарвийн Чулуутын нурууны булш, Долоотын давааны долоон чулуу, хүрэл үеийн хадны сүг зураг, Алтан гадас, Суврага хайрханы оромж зэрэг түүхийн  өнө эртний дурсгалтай газрууд  олон. Мөн 1577 оны орчим халхын Автай сайн хаан Ойрадуудтай Хөвхөр хэрээ гэдэг газар байлдан дийлж тэднийг өөрийн хүү Сибудайд захируулан өгч байсан түүхэн газар энд байдаг байна.
Миний өвөг дээдэс  Бумбат хайрхан,Тунгалагийн тал, Тунгалагийн булаг, Дөргөн нуур,Жанжин овоо гээд үзэсгэлэнт сайхан газруудаар нутаглаж  мал сүргээ өсгөн үржүүлж нутаг усаа хайрлан хамгаалсаар өнөө бидний үе хүрчээ.

4 comments:

  1. манай аавын тал бас ховдын дарви сумынх олхонууд овгийн хүн энэ нутаг усныхны талаар илүү мэдээлэл байвал оруулаач

    ReplyDelete
  2. Манай аав нутгаасаа эрт 1950-аад оны үед гарсан юм билээ.Би тэгээд л аавынхаа нутгийг сонирхоод энд тэндээс ухаж төнхөөд байгаа юм.Өнгөрсөн жил нэг очсон үнэхээр сайхан нутаг. Сонирхолтой зүйлс таарвал хуваалцнаа. Та ч бас шинэ мэдээлэл байвал хуваалцаарай...

    ReplyDelete
  3. Миниий аав ээж ч мөн адид Ховд аймгийн Дарви сумынх, эх эцгийн нутагт залбирч шүтэж явъя аа. Аав ээжийнхээ нутагт мод тарьж ургуулж голоо дагасан шугуйтай болгох мөрөөдөлтэй дөө.

    ReplyDelete
  4. Түүхч,доктор Б.Батмөнхийн бичсэн "Халхын Засагт хан аймгийн Эрдэнэ засгийн хошууны түүх", "Хан Тайшир уулын аймгийн Сутай уулын хошуу" гэсэн хоёр ном бий. Түүнийг авч уншаарай. УБ-т Интерном дэлгүүрт байгаа

    ReplyDelete