1.10.2014

Ээжийн нутаг сайхаан

Миний ээж Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул.Хуучны Сайн ноён хан аймгийн Жонон бэйсийн хошуу.

1691 онд Ар монголын ноёдууд   Долнуурт чуулахад  Манжийн Энх-Амгалан хаан халхын язгуурын гурван аймгийг дотор нь олон хошуу болгон  хуваасны нэг нь  түшмэл Ванчигийн эзэмшил газарт  зүүн  гарын зүүн этгээдийг  захирагч хошуу  байгуулан  түүнд улсад туслагч гүн цол олгон хошууны анхны захирагчаар томилж Түшээт ханд захируулжээ. 1725 онд манжийн Найралт төв хаан халхын гурван аймгийг дөрөв болгож  хошуудын тоог 75 болгох зарлиг болж  Түшээт хан аймгаас 19 хошуу таслан Сайн ноён хан аймгийг байгуулахад Ванчигийн хүү Жамцын захирч байсан хошуу шилжиж Халхын умар замын зүүн гарын зүүн этгээдийг захирагч нэрээ хадгалан үлдсэн төдийгүй үе улиран захирах эрхтэй хошуу болжээ. Харин 1837 онд нутгийн өмнөд хэсгээс таслан Наран хутагтын шавьд олгосон байна.  1911 онд Богд хаан хишиг тараахад  сүүлчийн засаг Пүрэвжавт үе улирах Жонон цол олгон хошууг нь Жонон бэйсийн хошуу гэж албан ёсоор нэрлэжээ.
1921 оноос  Наран хутагтын шавь, Жонон бэйсийн хошуу хоёул  Цэцэрлэг Мандал уулын аймгийн Хүрээмарал уулын хошуунд багтаж байгаад 1924 оны шинэ хуваариар Хүрээмарал уулын хошууны 18 сумаас Тэгшбуянт,Эрдэнэмандал сумдыг нийлүүлэн Баянбулаг хэмээн нэрлэсэн нь засаг захиргааны бие даасан нэгж байсаар өдий хүрчээ.
Угсаатны хувьд цоохор сум. Харчин, сартуул, боржгин, урианхай, мянгад, өөлд, хиргис, цахар, бэсү гээд олон овгийнхон амьдардаг. Сумын нутагт Баруун хүрээ, Хадат, Бугат, Сангийн далай зэрэг олон сүм хийд байсныг 1932-1938 онд улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеэр бүгдийг нь устгажээ.
Сумын нутгийн ихэнх нь өндөр уул нуруудаас тогтсон ч хөндий цайдмууд олон байдаг.
Далайн түвшнээс дээш 3086-3259 м өндөрт өргөгдсөн Тост, Бургаст, Наран, Бугатын сүрлэг уулс, тахилга шүтлэгт Баянбулаг, Өндөр Өлзийт, Баянцагаан зэрэг үзэсгэлэн төгөлдөр хайрхантай. Сумын төв нь Баянбулаг, Далан, Тэгшбуянт гэсэн чандмалсан гурван уулын бэлчирт Хөдөө нуур, Бүрд булгийн хөвөөнд  далайн түвшнээс дээш 2242 м өндөрт оршдог. Сумын төв нь мөнх цэвдэгтэй газар байрладаг ба аймгийн төвөөс 265, Улаанбаатар хотоос 885 км зайтай ажээ.
Сумын хамгийн өндөр цэг нь нутгийн баруун хойд хэсэгт орших Бугатын нуруу бөгөөд  далайн түвшнээс дээш  3251,9 м.  Уул нуруудыг хэрчсэн Сүмбэрийн даваа, Цагаан даваа, Худагт, Бүлээн, Үерт, Дөшин, Хангал, Элст, Бугат зэрэг олон сайхан даваатай бөгөөд нутгийн төв хэсэгт орших Далангийн нурууг Цахир, Хэц, Дунд, Зүүн, Муруй гэхчилэн таван даваагаар давдаг.
Тус сумын нутагт тахилга шүтлэгтэй уулс олон.  Баянцагааны эзэн хөх чоно, Өндөр Өлзийт хайрханы эзэн савдаг нь хар буур хөлөглөж  нум сум агссан хар хүн, Баянбулаг хайрханы эзэн савдаг нь хүрэн халзан морь унасан, нум сум агссан, жад барьсан баатар эр байдаг гэлцдэг.
Цоргийн хавцал, Сангийн далай, Эмчийн мухар, Тостын мухар, Зүүн салааны эх, Бургасны эх, Их Элст зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаас гадна  Оцон хүрэнгийн агуй, Өврийн хатуугийн агуй зэрэг  агуй хонгилтой.
Өндрөөрөө 5 м, хөндлөн голч нь 30-аад м, боржин чулуун том хиргисүүр /Өндөр хиргисүүр гэдэг/, эртний домогт Дааган чулуу хэмээх онцгой содон ганц боржин хад, Хөшөө нуурын буган чулуу, Хангалын давааны өврийн хөшөө зэрэг эрт үеийн түүхэн дурсгал олон.
 Тарвагаар баян бөгөөд үнэг, чоно, хярс, мануул, дорго, өмхий хүрэн, зурам, бор туулай зэрэг амьтадтай. Өндөр ууландаа цөөн тооны янгир, шилүүс амьдардаг.



No comments:

Post a Comment