12.12.2013

Энэ зуны аялал говь руу байлаа. Дөрөвдэх ба тавдахь өдөр

           
Өглөө эртлэн алдарт Ёлын ам руу явлаа. Шивэрт мухартын амнаас ердөө 15 км .Амныхаа эхэнд байгалийн  музейтэй ,харуул хамгаалалттай, ороод хэсэг явж байгаад машины  зогсоолтой. Бид зогсоол хүртэл явж байхдаа ямар нэгэн амьтан харчих санаатай эргэн тойрноо  хараад л явсан юм.  Гэтэл урд явсан гадны хэдэн нөхдүүд зогсоод  том том үхэр буу шиг баахан  аппарат гаргаж ирээд  дурандаж гарлаа шүү. Бид нар  уг нь бас л холын том дурантай   л даа гэхдээ тэдний хажууд  грантмёнт  юмаа...  Өглөө эрт гарсных азтай шүү , уулын оройгоор хэдэн янгир бэлчиж явнаа. Гурван сайхан уул  харахад ерөөсөө аргаль янгирын нутаг, Явуухулан гуайн    Тээр нэгэн өвлийн өнтэйг яана! Тэхийн зогсоол гэдэг тэр нэг оргилын өндрийг яана!” гэж шүлэглэсэн өндөр өндөр оргилууд байна аа, энд. Баахан зураглаж байгаад  цааш хөдлөөд  зогсоол хүрч машинаа тавиад хэсэг алхалт хийж амныхаа мухарт очлоо.Ёл  шувууны нэрээр нэрлэгдсэн эл ам говийн үнэхээр нэгэн бахархал юм. Хараад хараад ханашгүй гэдэг л энд байна. Урд нь зөндөө л сонсож зураг энэ тэр харж байлаа. Гэхдээ зуу сонсохоор нэг үзээ гэж. Өндөр цавчим хадан хавцал, мөсөн доогуур хоржигнон урсах цэвэр тунгалаг ус... гайхамшигаа  гайхахамшиг. Энд өдрийн талыг аваад Хонгорын элс руу гарлаа.


Бид Баяндалай сумынхаа араар гарч Хонгорын элснийхээ зүүн үзүүрээс нь  эхлэн  дагаж явсаар байгаад  Дуут манхан гээд хамгийн өндөр манхны ард хоноглохоор боллоо. Энэ зам бол жаахан нугачаа ихтэй бартаатай зам байлаа. Хонгорын элс руу явбал Гурван сайхан уулынхаа  араар явбал жаахан тойруу ч зам нь цагаан шулуухан гэнэ. Дуут манхан орохын алдад манай старексны кузов өргөгч хугарчихлаа. Гагнаж болдоггүй юм хум ивж монголчилдог л гэнэ.Гэхдээ насгүй, амь аргацаах төдий. Эндээс эхлээд цаашдын маршрутаа өөрчлөх хэрэг гарлаа. Жаахан хэл амтай гэж байгаа  бас. Нутгийн хүмүүс бас, одоо жуулчид явж эхлээгүй байгаа  Хэрмэн цав руу зам тодроогүй,газар сайн мэдэхгүй, найдвартай унаа тэрэггүй бол тиишээ яваад дэмий. Наран даацаас цааш айл байхгүй, эзгүй цөл газар гэж үг хавчууллаа.  Бидний маршрут бол эндээсээ Сэврэй сумаар  дайран Ноён сумын Толь хад сонирхоод цаашаа Гурван тэс сумын Наран даац, Хэрмэн цав гээд үргэлжлүүлэн Их богд ,Цагаан агуй, Орог нуур, Таацын цагаан нуур гээд тойрох байлаа. Ингээд ямар ч байсан Хонгорын элсэндээ дахиад нэг хоноё тэгээд хаагуур буцахаа   ярилцаж тогтоё гэж тохирцгоогоод  майхан саваа барьж хоол ундаа бэлдэн зарим  хэсэг хүмүүс дуут манхан руу авирцгаалаа даа.


 Хонгорын элс бол 130 гаруй км үргэлжлэх зарим газраа 20км өргөн манай монголын хамгийн том элсэн манхан. Хамгийн өндөр нь бидний хоноглосон Дуут манхан. 200м өндөр. Элсэн манхан нь салхины нөлөөгөөр нуран унахдаа онгоц мэт хүнгэнэж дуугардаг болохоор ингэж нэрлэсэн ажээ.Хонгорын элсний  араар Хонгорын гол гэж эргэн тойрноо битүү  зүлэг  үүсгэсэн бяцхан гол урсана. Сэрүүн булаг гэж үнэхээр   шүд хага ташим  амны ус байна. Хонгорын элс бол гадныхан битгий хэл монголчууд бид өөрсдөө очиж үзэж  бахархаж суумаар сайхан газар юмаа. Говь үнэн утгаараа байна шүү энд ... элс манхан, элсэн дээрээ хэнэгүйхэн зогсох тэнгэрийн амьтан тэмээ гээд  л .Биднийг хотоос гарахад говь руу улаан шуурга л байна гэж байсан. Бидэнтэй харин таараагүй шүү. Харин энэ шөнө хэсэг овоо шуурлаа, говийн шуурга нарийн ширхэгтэй зүлгүүр гэж сонсож байсан, үнэн байх шүү.
Өглөө аажуухан босоцгоож  цай цүү болчихоод  хэсэг бүлэг хүмүүс нь Дуут манхан руу дахин “дайралт”  хийлээ.  Ер нь хараад байхад энэ бол тийм амар ажил бишээ. Дээр нь гарсан хүн шоргоолж шиг жаахан юм харагдаж байна лээ. Сэрүүн булгаас ус авчирч жаал ариун цэвэр сахиж,энд тэнд баахан зураглаж сайхан амарч өнжив. Оройн хоолоо эртхэн хийж идээд  буцах маршрутаа тогтлоо. Баянзаг, Онгийн хийд, Өвгөн суварга гэж эхний байдлаар ярилцав. Хоногоо харж байгаад цаашдын чигээ гаргахаар боллоо.Ийнхүү  Хэрмэн цав руу явах гэж хэсэг үзсэн ч бодит байдалтай эвлэрсэн хоёр хоног байлаа.
   







No comments:

Post a Comment