12.08.2013

Энэ зуны аялал говь руу байлаа. гуравдахь өдөр

Өглөө нар мандахаас өмнө эртлэн босоод  суварга руугаа хөдөллөө. Яг очихын өмнөхөн талын улаан нар мэлтэсхийгээд гараад ирэв. Нар хараад хэлсэн энэ өдрийн оргил үг :   Аялалаар явахын гайхамшиг энэ дээ. Анужин  (11настай)  бас   Гал шиг… цог шиг гайхалтай .  Эмүжин  (9 настай ) Одооны хүүхдүүд сийрэг сэтгэдэг болжээ.
Цагаан суварга бол Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн хэмээн үздэг. Мөргөцөгийн хана нь зүүн тийшээ харсан байдаг учраас баруун талаасаа харагдахгүй. Өндөр нь 60-аад метр, өргөн нь нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг, 90 хэмийн эгц эргэтэй. Алсаас харахад  хот балгас мэт сүртэй.  Үнэхээр сайхан газар, энд тэнд нь гарч баахан патиар даруулж аваад өглөөнийхөө цайг ууцгаалаа. Өнөөдрийн төлөвлөгөө Ёлын ам хүрч хонох.

 Сайхан цайлж авсны дараа хөдөллөө.  Урагшаа  чиглэн 10 аад км яваад нэгэн саравчтай худагийн дэргэдээс  баруун гар талаа бариад давхихад  жуулчид явсаар байгаад төв зам шахуу болчихсон сайхан замаар төд удалгүй  Өмнө-говь аймгийн Цогт- Овоо сум руу ороод ирнэ.   Цагаан суварганаас гараад зүүн гар талд  Дэл уулын баруун шувтрага  баруун гар талд алсад улаан суварга харагдаад  манай хөдөө нутгийн үзэмж  бахадмаар сайхан. Цогт-Овоо сумаас  Даланзадгад хот  115 км,  зам нь цагаан талдаа гэхдээ дэржигнэх газраа  дэржигнэнээ,  удахгүй засмал замтай болж  хүн болгон говь нутгаа үзэж бахархах боломжтой болно доо.
Говийн бахархал Гурван сайхан уул алсаас харагдана.  Алтайн нурууны vргэлжлэл болон өмнийн шаргал говьд хошууран цуварч тогтсон говийн цэнхэр хангай гэгдэх Гурван Сайхан уул нь далайн түвшнээс дээш 2000-2848 метр өндөр аргагүй л сайхан уул даа. Энэ уулын тухай  нэгэн  домог бий. Эдгээр уулс нь vзэсгэлэнт гурван бvсгvй байжээ. Хангай нутгийн энэ гурав нас бие жигдэрч vзэсгэлэн гоо бvрдэх vед эцэг нь охидоо тэр хавийн хєгшин ноёдод өгөхөөр сvй тавив.  Охид нь хоорондоо хэлэлцээд, уул уулсыг давж, ус мөрнийг гатлан хvлэг морины хурдаар өмнийн говийг зорьж дээ. Тэд явсаар  говьд ирж,  бор гэрт амьдран суув. Сайхан гурван бүсгүйн  тухай ам дамжсан яриа говь нутгаар тархав. Хээрээр гэр, хэцээр дэр хийн амьдардаг Өлзийт, Цагаан, Цогт хэмээх гурван залуу тэдэнтэй учирдаг болж хуримлан суухаар болжээ.  Гэтэл өөдгvй нэгэн зарц нь эзэн ноёндоо ховлосноор сайхь залуусыг хар гэр хорьжээ. Ийнхvv тэд  хангайгаас ирсэн гурван охинтойгоо уулзаж чадахаа больж, алс зvvн зvгт Өлзийт овоо, Цагаан овоо, Цогт овоо нэртэй гурван хайрхан болон vлдэж, он жилvvдийн уртад гурван залуугаа хvлээсээр нөгөө  гурван охин ч Гурван сайхан уул болон  мөнхөрсөн гэдэг.
 
Даланзадгадад бид эрт ирсэн боловч бидний түрээсэлж авсан старекс маань өндгөн тулгуур дуугараад гээд сэлбэгний эрэлд гарлаа . Уг нь аймгийн төв болохоор янз бүрийн л сэлбэг байх юм, даанч манай машинд таарах нь байдаггүй ээ. Тэгээд  нэг хоол нь тааруухан цайны газар хоол идэж аваад  Ёлын ам мөсгүй байж магадгүй Шивэрт мухар гээд сайхан ам байгаа гэж сонсоод сайн заалгаж байгаад гарч өглөө. Тэгсэн чинь Зүүн сайхан уулынхаа Улиастайн ам гээд  өөр нэг ам руу орчихлоо. Бас л мөстэй, устай, хадтай говийн хангай. Сайхан юмаа сайхан юм. Эндээсээ гараад  Шивэрт мухартдаа ирлээ. Амныхаа эхэнд  сайхан тохижуулсан машин тавих зогсоол, манааны путктэй юм. Цааш явганаар 700 гаруй метр яваад мухарт нь хүрч байна. Энд л нөгөө халуун зун хайлдаггүй мөс, мөсөн доогуур хоржигнон урсах ус, сүрлэг өндар цавчим хад ногоорон харагдах арц гээд зүгээр л хангайд нэг уулын мухарт очсон аятай сэтгэгдэл төрнө. Ёстой  л нэг энд тэнд нь гарч зургаа авахуулцгаалаа даа. Тэгээд машин дээрээ иртэл манай хоёр охин  байдаггүй. Уг нь урд л явж байгаа харагдсан юм. Ёстой хэсэг түгшүүр авлаа.  Буцаад харайж явтал юу ч болоогүй юм шиг өөдөөс хэлхэлдээд ирж  явна. Бие засаж байгаад бидний ард үлдчихжээ. Ёстой уур ч хүрэх шиг инээд ч хүрэх шиг болжийноо.  За ингээд  амныхаа эхэнд  хоноглохоор болж майхан саваа буулгаж хоол ундаа төхөөрлөө. Маргааш эрт Ёлын амаа сонирхохоор болж Анужин , Заяа хоёр алга болсон хэмээх гуравдах өдөр өндөрлөлөө.









No comments:

Post a Comment