10.07.2020

Хорго уул

 

Архангай аймгийн Тариат сумын нутагт буй
Хорго нь унтарсан галт уул буюу одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм. Хорго уул нь ДТД 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гүнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том том хүрмэн чулуу ундуй сундуй хөглөрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зөвхөн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зүүн гар талд Тариат сумын төвөөс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой үзмэр бий. Буцлан урсч явахдаа халуун хайлмал магмын хөөс царцан хагарч 170 орчим сантиметр өндөртэй хүрмэн чулуун гэрийн “тооно”, “үүд” бий болгон тогтсон нь энэ. Ийм чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байхгүй. Хоргын өөр нэг гайхамшиг бол тэндхийн хүрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хүрмэн чулуунд агуй хонгил элбэг.

No comments:

Post a Comment