4.16.2020

Гучин татар

Төв Ази, Монгол оронд нутаглаж байсан монгол угсааны нүүдэлчин аймгуудын эртний түүхийг алдарт “Судрын чуулган”-ыг баримталвал Татарын үе, Монголын үе гэсэн хоёр л том үед хуваах учиртай.

“Судрын чуулган”-нд тус зохиолыг бичсэн он цагаас урагш 300-гаад жилийн өмнө Алун Гоо эхийн үеэс эхлэн Монгол хэмээх нэр алдаршсан гэж тодорхой заасан байдаг. Харин түүнээс өмнө татарчууд ялгуусан байсан учир бусад овог аймгууд тэднийг даган дууриаж, яг өнөөдрийн бүгд Монгол нэр зүүдэг шиг Татар хэмээн өөрсдийгөө нэрлэдэг байсныг цохон тэмдэглэжээ.

Эрдэмтдийн судалгаагаар Татарын үе нь Жужантай холбогдоно. “Монгол угсааны аймгууд Татар нэрээр алдаршиж байсан нь зөвхөн Жужан улсын Татар хааны үе болон түүний дараа үед холбогдод зогсохгүй, Түрэг угсааны улсуудын үед ч хамаарна” гэж судлаачид бичжээ.

Монгол нэр алдаршиж эхэлсэн үе Алун Гоо эхийн амьдарч байсан үед онолдоно, харин Алун Гоо эх “Судрын чуулган”-ыг бичсэн цаг үе 1301-1311 оноос урагш 300-аад жилийн тэртээ амьдарч байжээ. Тэгэхээр Монгол нэр алдаршиж эхэлсэн үе, өөрөөр хэлбэл монгол угсааны аймгуудын түүхийн хоёр дахь том үе 10-р зууны сүүл 11-р зууны эхнээс гэж үзэж болно. Тухайн Монгол үеийн эхлэл алдарт Татарын үеийн төгсгөл болох ёстой. Тиймээс Татар хааны (414-429) үеэс эхлсэн Татарын үе 11-р зууны эх хүртэл үргэлжилсэн байна.

Татар нэрийн тухай. Татар хэмээх угсаатны нэрийн түүхэнд анх үзэгдсэн он цагийн талаар 3 янзын санал байдаг. Нэгдэх, олонх эрдэмтэдийн санал бол Жужаны хаан Датань нэр угтаа Татар гэх нэрийн хамгийн анх үзэгдсэн хэлбэр гэж үздэг. Хоёрдохь чиглэл баримтлагч эрдэмтэд 732 оны Күлтегиний бичээст анх Татар нэр тэмдэглэгдсэн гэж үздэг. Тус онолыг баримтлагчид уг нэр хятад сурвалжид бүр хожуу 842 онд Дада гэж бичигдсэн гэж үзэх дуртай. Гуравдахь саналыг тэртээ 1895 онд Э.Паркер дэвшүүлсэн ч өдий болтол олны анхаарлыг нэг их татаагүй санал гэж үзэх талтай. Э.Паркер өөрийнхөө зохиолд Ухуаний тухай өгүүлэхдээ, эрх мэдлийн төлөө тэмцэж, өөрийгөө аугаа байлдан дагуулагч Хүннүгийн Модун шаньюйтай зүйрлэгч Татур нэртэй бас нэг толгойлогч тэр цагт байлаа. Нөхцөл байдлаас үзвэл Вэй династийг үндэслэгч Цао Цао-д толгой дараалан бут ниргүүлсэн түүний аймаг бас Татур нэртэй байсан бололтой. Тэгээд ч тэр болон түүний аймаг, үнэхээр хожмын Монголын их хүч чадлын цөмийг бүрдүүлсэн тэр л овог, эсвэл тэдгээрийн нэгний нэр Татар хэмээх үгийн язгуур болоогүйсэн бол би энд зохиолдоо юунд түүнийг ийн ялгаж, тодруулж дурдах билээ гэж үзсэн байдаг. Э.Паркер Ухуаний 5000 өрхтэй хамгийн том хэсгийг 190-207 онд захирч байсан Тадунь-ний талаар өгүүлсэн хэрэг. Тус Тадунь гэсэн хүний нэрэнд хожим Татар болж хувирсан Татур гэсэн нэр байна, Татурын толгойлсон аймаг 12-13-р зууны хүчирхэг Татар аймагтай холбоотой гэсэн санал дэвшүүлжээ. Тун сонирхолтой заавал нягтлууштай санал бөгөөд энэ саналыг дэмжиж өөрийн санааг нэмэрлэсэн судалгаа одоогоор цөөхөн байна, бараг байхгүй гэж хэлсэн ч болно.

Түүх сударт Татар нэрийг тэмдэглэсэн тойм. Татар хэмээх угсаатны нэрийг эртний хятад, түрэг, уйгур, сурвалжаас гадна бусад хэлний тухайлбал хотан-сак, араб зэрэг бусад бичгийн тулгар бичгүүдэд бас тэмдэглэж иржээ.

Гучин татар (Отуз татар) – Күлтегин дүүдээ зориулж ах Билгэ хаанаас бичин жилийн намрын тэргүүн сарын 27-нд барьж дуусгасан хөшөөний бичигт Отуз татарын нэрийг тэмдэглэжээ. Гучин татар нэрийг нийт 4 удаа дурьджээ. Эхний удаа 574 эсвэл 576 оны үйл явдалтай холбогдуулан 732 онд босгосон гэрэлт хөшөөнөө сийлсэн бол хамгийн сүүлд 747-749 онд болсон үйл явдлыг тэмдэглэхдээ Тэсийн (761/762 онд босгосон) гэрэлт хөшөөнөө хамгийн сүүлд сийлжээ.

Есөн татар (Токуз татар) – Түрэг Уйгурын 3 хөшөөнөө тус нэр нийт 10 гаруй удаа гардаг. Үүнээс хамгийн анх дурьдагдсан нь Билгэ Могиляний гэрэлт хөшөө юм. Есөн татарыг 716 оны хавар,зун буюу 716.1.29-нөөс 7.3-ний хооронд болж өнгөрсөн үйл явдалд оролцсон байдлаар анх сурвалжид тэмдэглэжээ. Зарим судлаачийн үзэж байгаагаар хамгийн сүүлд ОХУ-ын Тувагаас илэрсэн 9-р зуунд хамаарах Хербис Баарын бичээст тэмдэглэсэн гэж үздэг. Гэхдээ Монголоос олдсон руни бичгийн дурсгалууд дотроос хамгийн сүүлд Есөн татарын нэрийг Могойн шинэ усны бичээст 758 онд дурджээ.

Татар – Турфан хотноо 825-832 оны хооронд хуулж бичсэн, дундад перс хэлний дурсгал болох пехлевийн манихейн дуулал Махрнамаг-т Ай Тэнгрида хут булмиш Алп Билгэ Уйгур хаган эсвэл Юлтузбай тегин, Үгэ Пероз тегин, Хасар тегин зэрэг цол хэргэмт язгууртнуудын  нэрсийн жагсаалт дунд Татар апа тегин хэмээх нэр бий.
Ttattara – “Ордонд илгээсэн мөхөс боол Thyai Pada-tsa-гийн илтгэл” гэдэг 965-981 оны хотан-сак хэлний баримтад Татарыг 3 удаа дурьджээ.

 “Хаврын сүүл сард Шачжоу-д цэргийн анги ирсэн. Дараа нь ... 2000 хүнтэй кумулчууд, 200 татараас бүрдсэн цэргийн ангийг авчирсан. Тэднийг Ганьчжоу-д авчирснаас хойш гуравдахь өдөр Бука хан мөн түүний эхнэр, хоёр охин алагдсан”

“Одоо Buha:thum-ийн татарын тухай өгүүье. Тэд хоёр юм уу гурван удаа Каратаг болон Ляо-цюань руу явсан. Одоо татарууд хаагаад байгаа Сучжоу-гаас Ляоцюань ордог замын тухай ярья” гэсэн мэдээ байдаг байна. Мэдээнд гарч байгаа Шаочжоу, Ганьчжоу, Сучжоу, Ляоцюань зэрэг хот цөм Ганьсу-д байдаг.

Татар нэр нь түүх сударт зуунаар авч үзвэл 5-11 зуунд бүгдэд нь ямар нэг байдлаар хэлбэр дуудлага өөрчлөгдөлгүй дурдагдаж иржээ.

Гучин Татар.
Баруунаа Иншань уул, зүүнээ Их Хянганы баруун урд үзүүр, Жэхэ-гийн уулархаг нутагт тулж, хойд талаараа элсэн говьтой залгах Цахар найман хошууны нутагт төвлөрч байсан Сяньби улс 235 онд Кэбинэн хаан хорлогдож алуулсны дараа задарч хэд хэдэн тусгаар аймаг болон салав. Нэгдсэн Сяньби улс үгүй болов. Энэ цагаас хойш бараг 400 он хүртэл Их говийн өмнө ч тэр, хойно ч тэр нүүдэлчдийг нэгтгэн захирсан хүчирхэг улс гараагүй билээ. Говийн өмнүүр, зүүнээ Шар мөрний сав газраас, баруунаа Наньшань, Хөхнуурын газар хүртэл зурвас бүс нутагт монгол угсааны сяньби, ухуань болон өмнөд хүннү аймгууд, ди, цян зэрэг бусад угсааны аймгуудтай зэрэгцэн оршиж хэврэг, бэсрэг заримдаа илэрхий хятад маягийн төр улсыг байгуулж, хөгжиж мөхөж сөнөж байлаа. Тухайн шалтгааны улмаас эртний хятадын бичгийн түшмэдийн хараанд одоогийн Монгол орон, тэр цагийн эзэд нь, болж буй түүхэн үйл явдлууд нь өртөхөө бараг больжээ. Гэхдээ ер нь Монголын нүүдэлчдийн түүх утга үсгийн сурвалжнаа бүр 2-р зууны эхнээс хойш тэмдэглэхээ больсон билээ. Өөрөөр хэлбэл эртний хятад сурвалжид Умард хүннүгийн шаньюйтай 90-93 онд хэдэн удаа байлдсан гэх мэдээнээс хойш бараг шууд Жарун (Шэлунь) эртний хүннүгийн нутгийг эзлэв, төвшитгөв гэсэн мэдээ залгах гээд байдаг талтай.

Монголын түүх бичлэгт түрэг угсааны аймгууд 555 онд Жужан улсыг мөхөөн газар нутгийг нь эзэлсэн. Хиар цохигдсон Жужаны үндсэн хүн амын нэг хэсэг Түрэгийн харъяанд орж, 130000 хүнтэй 3 түмэн өрх өрнө зүг нүүн Обор буюу Авар гэдэг нэрээр 558 оноос эхлэн европ бичиг сударт тэмдэглэгдэх болсон. Улмаар 1990/1995 он хүртэл 6-9-р зууны Төв Ази, Монголын түүхийг гол төлөв Түрэг, Уйгур, Киргизээр төлөөлүүлж иржээ. Энэ үеийн монгол угсааны аймгуудаас хятан, кумоси гэсэн цөөн хэдэн гэхдээ Шар мөрөн, Их Хянганаар нутагтай аймгуудын түүхийг өгүүлэх хандлагатай байлаа.
Монгол угсааны аймгуудын түүх, угсаа гарвалын судалгаанд Отуз татар, Токуз татарын асуудал чухал үүрэгтэй. Өндөр тэрэгтэн аймгуудын хүчээр Монгол орныг эрхшээлдээ оруулж нүүдэлчдийн түүхийн нэгэн үеийг эзэгнэсэн түрэгүүд өөрсдийн сурвалж бичигтээ тохиолдлын байдлаар эдгээр нэрийг дурсаагүй нь лав. Отуз татар нэрийг бусад улс аймгуудын хамт дурдсан байдлыг ажиглахад тодорхой зүй тогтол байгаа нь ажиглагддаг.

Культегиний бичээст “...Бөкли, Чөлгөл, Табгач, Түпүт, Апар, Пурум, Кыркыз, Үч Курыкан, Отуз татар, Кытан, Татабы...” нараас олон хүмүүс ирж Түрэгийн анхны хаадын нэгнийх нь оршуулгын ёслолд оролцжээ. Дараа нь Түрэгүүд их говийн өмнө Чугай куз, Каракумд нутаглаж төр улсаа сэргээхийн төлөө тэмцэж байх үеийн түүхэн үйл явдалтай холбогдуулан хоёрдохь удаагаа Отуз татарын нэрийг Күльтегиний хөшөөнд тэмдэглэжээ.

Түүнд Кутлук Эльтерес бослого гаргаж Тан улсыг эсэргүүцэн тэмцэж байхад харъяат иргэдийн тоо нэмэгдэж 700 цэрэгтэй болсон хойно өвөг дээдсийн ёсоор төрөө байгуулж, Төлис Тардуш засан тохинуулж тэднийг захирах ябгу, шадыг томилох үеэр Түрэгийн эргэн тойронд “баруун гар талд (өмнө зүг) Табгач иргэн дайсан байсан. Зүүн гар талд (хойд зүг) Баз хааны Тогуз огуз иргэн дайсан байсан билээ. Киргиз, Курыкан, Отуз татар, Кытан, Татабы цөм дайсан байсан билээ” гэж дурьддаг.

Отуз татараас элч төлөөлөгч оролцсон эхний үйл явдлыг судлаачид 576 он гэхэд хэдийнээ нас барчихсан байсан Истеми ябгу-д зориулсан оршуулгын ёслол гэж үздэг. Учир нь тэр ёслолд Пурум буюу Ром (Визант) улсаас элч ирсэн гэж руни бичгийн дурсгалд тэмдэглэсэн бол Византын түүхч Менандрын зохиолд Түрэг улсын баруун хязгаарт сууж Ижил мөрөн, Хар тэнгис хавийн нутгийг захирч байсан Турксанфтай уулзахаар 576 онд очсон илдэч Валентин түүний хүсэлт, шахалтын дагуу Истемийн оршуулгын ёслолд оролцохоор Эктел-д нутаглаж байсан түүний ах Тарду-гийн өргөөний зүг морджээ. Хоёр сурвалжийн мэдээ таарч байгаа нь Отуз татарчууд оролцсон уг үйл явдлыг 575/576 оны үед болсон гэдгийг баталж байгаа юм.
Отуз татарыг дурдсан хоёр мэдээний холбогдох он цаг бас тодорхой. Тоньюкукын бичээсээр түүнийг Эльтерес Кутлук хаантай нэгдсэн хойно түүний ухуулан сэнхрүүлснээр Кутлук улс төрөө байгуулсан гэдэг. Хятад сурвалжийн мэдээнээс үзвэл Ашидэ Юаньчжэнь буюу Тоньюкук 683 оны 1-4 сарын хооронд Кутлуктай нэгджээ. Чингэхлээр Түрэгийн дайсны тоонд багтаж Күлтегиний бичээст Отуз татарын нэр дахин дурьдагдсан цаг нь 683—690 он байх нь.

Отуз татар гэсэн нэрийг түрэгүүд 575-690 оны хооронд зуун хорь гучаад жил тогтвортой хэрэглэсэн явдал нь тэд Түрэг улстай хөрш, нилээд бүхэллэг, наад зах нь Токуз огуз, Үч Курыкан, Хятан, Татаби шиг аймгуудын томоохон нэгдэл, эсвэл Киркизийн хант улс шиг жижиг хаант улсын хэлбэртэй тусгаардуу байдалтай оршин тогтнож байсныг маш тодорхой маргашгүйгээр гэрчилж байгаа юм.

Ийм дүгнэлтийг Ж.Маркварт 1914 онд хийжээ. Тэрээр “Куманы гарал үүсэл” зохиолдоо Түрэг улсыг үндэслэгч Буман хаан Истеми хааны оршуулгын ёслолд төлөөлөгчөө ирүүлсэн хүчирхэг ард түмнүүдийн дунд гучин аймаг Татарыг дурьджээ. Тэрчлэн Билгэ хааны эцэг Эльтерес хааны дайснуудын нэгээр тэд нарыг нэрлэж байгаа Күлтегин, Билгэ хааны гэрэлт хөшөөний бичээсийн мэдээ нь татарууд нэлээд эрт цагт үүсч бүрэлдсэн ард түмэн болохыг гэрчилж байна. Тэгэхээр тэр цагт татарчууд жижиг буурай ард түмэн байх ямар ч үндэсгүй хэмээн үзжээ.

Харин яагаад Жужан улсын үндсэн хүн амын хэсэг болж байсан монгол угсааны аймгуудын нэгдлийг Отуз татар гэж нэрлэсэн нь сонирхолтой.

Үүний учрыг эрдэмтэд Жужан улсын хаан ширээнд, дотоодод нь бага шиг иргэний дайн өрнөсний дараа Онгудайн удмыг хаан ширээнээс зайлуулж суусан Онгудайн (Вэньгэт) дүү Пухуний хүү Дадань (Татар) хаантай холбож тайлбарладаг. Тухайлбал Сүрбадрах, Г.Сүхбаатар нар Датань хаан дөрвөн аймгийг ноёрхож, хүмүүний сэтгэлийг ихэд олсноор хүмүүс Датанийг л мэдэхээс биш Жужаний нэрийг мэдэхгүй болсон. Иймээс өмнөд төрийн “Сун улсын бичиг”-т Дадань буюу Таньтань-аар Жужаныг нэрлэж байжээ. Ялангуяа Жужаны ард иргэдийг Татар буюу Таньтань гэж нэрлэх болсон гэж үзсэн. Төв Ази түүний хөрш бүс нутгуудад тархсан жужанчуудыг Татар гэж нэрлэдэг уламжлалыг түрэгүүд залгамжилж Жужаны хаант улсын харъяанд байсан монгол угсааны аймгуудыг ийн Отуз татар гэж нэрлэжээ.

Жужан улсын монгол угсаат ард иргэдийг хүчирхэг Датань (Татар) /414-429/ хаанаас болж Татар хэмээн нэрийдэх болсон гэх сурвалжийн мэдээ, судалгааны үр дүнг өдгөө нийтээр хүлээн зөвшөөрөх болсон байна.

Гучин татар нь хэмжээний хувьд, өөрөөр хэлбэл хүн ам зүйн утгаар хэр том нэгдэл байсныг ухаж ойлгоход руни бичгийн дурсгалын мэдээ гол үүрэг гүйцэтгэнэ. Күлтегиний бичээст хамт дурьдсанаас нь Бөкли, Табгач, Түпүт, Пурум нь хүчирхэг улс гүрнүүд байсан бол Киркиз, Хятан, Татабы, Үч Куркан нь түрэгүүдтэй олон жил дайтаж найрамдаж бас хараат түшмэг болж байсан нүүдэлчдийн томоохон нэгдлүүд. Үч Курканыг хятад сурвалжид 5000 цэрэгтэй гэдэг бол Татабы буюу Байси-г 3 овогтой (аймагтай) түмэн шилдэг цэрэгтэй, Хятаныг найман аймаг 40 эсвэл 43 мянган цэрэгтэй гэдэг. Токуз огузын хувьд 690-742 онд уйгур, тонра, бокут, эдиз, байырку, кунь, хуса гэсэн 7 аймагтай байжээ. Он уйгур 6000 цэрэгтэй, байырку аймаг 6 түмэн хүн, 1 түмэн цэрэгтэй, тонра аймаг 15000 өрхтэй, пугу нь 3 түмэн иргэнтэй, аде буюу эдиз аймаг шилдэг цэрэг түм гаруй, хоёр овогтой хусе аймаг 7000 цэрэгтэй, хунь аймаг 3000 орчим өрхтэй зэрэг мэдээ сурвалжид байдаг. 690-740 оны Токуз огузын 7 аймаг ойролцоогоор 300 мянган хүнтэй байжээ.

Чингэхлээр Гучин татар бол томоохон аймгуудын нэгдэл байсан нь хүн ам зүйн үүднээс ч тодорхой, ойлгомжтой болж байна. Эрдэмтдийн судалснаар Жужаны хаант улс үндсэндээ жужан буюу гучин татар нэрээр нэрлэгдсэн монгол аймгууд бас гаочэ буюу өндөр тэрэгтэн гэсэн ерөнхий нэртэй угсаа гарвал, соёл түүх ялгаатай хоёр томоохон овог, аймгуудын нэгдэл буюу хоёр томоохон угсаа, улс төрийн нэгдлээс бүрэлдэж байжээ.

Харин Гучин татар буюу Жужанд ямар аймгууд багтаж байсан талаар эрдэмтэд зөрүүтэй саналууд хэлжээ. Сурвалжийн мэдээ, эрдэмтдийн судалгааг харгалзвал Жужанд дараах овог, аймгууд байжээ. Үүнд мугулюй (монгол гэсэн энэ аймагт түүний салбар ураг овог болох-юйцзюлюй болон магадгүй чину, мөн Эргүнэ куны монгол аймаг түүний үлдэгдэл болох киян ба нукуз), датань-таньтань (түүний томоохон овог болох чуньтулинь буюу тутулинь) түүнчлэн хэшуегу, биличэнь, эрмянь, хэлоу, пуложу, афугань, силифа, чилюй, цицзинь зэрэг 16 аймаг түүний салбар ураг овгууд Жужанд, магадгүй хожмын Гучин татарт багтаж байжээ.

Хэшуегу. Шелунь (Жарун)-ыг залгамжилсан Хөхлүд (410-414) хаан умар зүгийн Хэшуегу улсыг Жужанд нэгтгэсэн юм.  Жарун хаан Жолошуй голд (Налайхын гол) нутаглаж байсан мэдээгээр бол Хэшуегу аймаг Байгаль нуурын чигт байх магадлалтай.
Биличэнь. Жужаны дорно зүгт нутаглаж байсан тус аймгийг Хөхлүд хаан довтолж эзэлсэн билээ. Тус овгийн нэрийн сүүлчийн чэнь үе сэргээгдэж монгол хэлний чин/жин болно. Монгол хэлтэн овог билээ.

Эрмянь. Жужаны түүхэнд тэмдэглэгдсэн овог аймгуудаас хамгийн сонирхолтой нь Эрмянь болно. Хожмын монгол хэлтэн томоохон аймаг Найманы хант улсын дээдэс болох талтай. Сурвалжид Тухэжэний нэг овгийн толгойлогч Эрмянь таба 449 онд мянгаад өрхийн хамт Тоба-гийн Шицзу хаанд бууж өгчээ гэсэн мэдээ байдаг.
Эрмянь нэрийг эрдэмтэн Лүй Базин анх сэргээж, хэд хэдэн жишээ татаж монгол хэлний найм буюу нэмэх гэсэн үг гэж баталжээ.

Хятаны Ляо улсын Даозун хааны 1097 оны 3 сард “Зүбүгийн толгойлогч Мэнсагэ, Няньбагэ-гийн толгойлогч Тугуса, Мэйлижи-ийн толгойлогч Хулуба нар мэнд асууж, хуучин ёсоор нутгийн гаралтай зүйлээр алба барихыг гуйсан” хэмээн дурьдсан Няньбагэ-ийн талаар эрдэмтэн П.Пеллио дараах зүйлийг хэлжээ. Ляо улсын сударт Татар (Зүбү), Мэргидийн хамт тэмдэглэгдсэн Няньбагэ-ийн уг дуудлага нь  Алтан улсын судрын Намбагэ бол Монголын Найман, Няньбагэ, Няньбаэнь гурав нэг үг гэжээ.
Сүүлийн үеийн эрдэмтдийн бүх сэргээлт Эрмянь гэдэг нь дундад үеийн монгол хэлний орон нутгийн аялгуун онцлогтой энэ үг Найман аймгийн нэр түүхэнд үзэгдэж байгаа анхны хэлбэр биш биз  сэжиг төрүүлж байна гэж үзжээ.

Хэлоу. Говиос хойш нутаглагдаг аймаг. Л.Базин түрүү монгол хэлний гал гэсэн үг байх гэснийг монгол эрдэмтэн Г.Сүхбаатар ямар нэгэн үнэмшүүлэх нотолгоо байхгүй гэж няцаагаад тоба юм уу хүннү аймаг байх гэжээ. Харин сүүлийн үед нэрийг нь сэргээгээд МНТ-ны 153-д гарах Татар аймгийн алухай байж болох юм гэж үзжээ.

Силифа. Силифа бол Жужан, Түрэгт байсан албан тушаал гэж Г.Сүхбаатар бичсэн байна.

Чилюй. Л.Базин тус чилюй аймгийн нэрийг тайлбарлахдаа  церу буюу цэрэг гэсэн үг болно гэж үзжээ.

Цицзинь. Тус нэр нь монгол хэлний цэцэн гэсэн үг гэж Г.Сүхбаатар тайлсан.
Афугань. Тоба, Жужаны түүхээр ажилласан эрдэмтэд абуган буюу хөгшин хүн, өвөө гэсэн түрүү монгол үг болох юм гэж тайлжээ. Ийм нэртэй нэг аймаг бол афугань.

Булугэнь. Эберхардын хэлснээр Булугэнь бол Жужань аймгийн түрүү монгол хэлний булга гэсэн утга бүхий үг гэж үзжээ.

Чину. Тус чину аймгийн тухай мэдээ Вэй улсын сударт бий. Тайзу Дао Уди-ийн Дэнго-ийн 5-р оны 9 сард Чину аймгийг Нанцюй голд довтлон ихэд цохиж, өвлийн 10-р сард Юньчжунд нүүлгэн суулгав гэсэн мэдээний Наньцюй голын “нань” нь Онон, “цюй” нь Хэрлэн голыг хэлж байна гэж эрдэмтэд оноожээ. Чину аймаг Онон, Хэрлэнд нутаглаж байсан гэсэн Г.Сүхбаатарын санал зөв юм.          
"Монголын эртний түүх"

No comments:

Post a Comment