2.20.2020

Түрэгийн хожуу хаант улсын мөхөл


Тэнгри хаан хороогдсноор түрэгийн язгууртны бүлэглэл хоорондын хаан ширээг булаалдсан тэмцэл гаарав. Паньюэ тэлэ Тэнгри хааны оронд Билгэ Могиляны өөр нэг хүүг хаан болгосон ч удсангүй. Түрэгийн өөр нэг Гуду еху гэгч язгууртан шинэ хааныг, Панькюэ тэлэ-гийн хамт хөнөөж орхив. Улмаар алагдсан хааны дүү Сюань-ийг хаан болгожээ. Тун удалгүй Гуду ябгу Сюань хаанаа барьж алаад өөрийгөө хаан гэж зарлав. Энэ үйлдэл хямралыг бүүр гааруулав.

Түрэгийн дотор үргэлжилсэн энэ хөл толгойгүй үймээнийг Арван Уйгур, Басмил, Гурван карлук аймгууд ашиглаж, хүчээ хамтатган түрэгийг довтолж 742 оны 8 сард Гуду ябгу-г барьж алав. Улсын хаанаар басмил аймгийн ашина ургийн язгууртан Ашина ши (Седе)-г хаанд өргөмжлөв. Холбооны гол зохион байгуулагч Уйгурын Гули Пэйло өөрийгөө зүүн ябгу болгож харин карлукын тэргүн Пицзя шэху-г баруун гарын ябгу тавьж Тан улсад мэдэгджээ.

Ашина ургийн боловч басмил хүнийг хаанаа гэж түрэгүүд хүлээн зөвшөөрөлгүй 742 оны 8 сард Кутлук Эльтересийн дүүгийн удмын Озмыш тегинийг хаан болгож, Гэлачи хүүг нь баруун гарын шад болгов. Гэтэл басмил-уйгур-карлукын холбооны цэрэг Озмышийг довтолж зугтаалгав. Түрэгийн олонхи болох 5000 өрх айл, баруун гарын ябгу тонра аймгийн язгууртан Абусы, Озмышийн хүү Гэлачи, Капаганы ач Дэнли хааны охин Юйчжу гүнж нарын арваад язгууртныг дагаж Тан улс руу нүүжээ.

Дахин сэргэн мандсан Түрэг улсын гол цөм болж байсан 30000 хүний олонх нь буюу 25000 хүн (5000 өрх) 742 оны 8 сарын сүүлээр Каракумыг гэтлэн хотлоороо нүүж, Хөхрөгч нурууны Көмүр уул, Яр голд хүрэлцэн ирсэн ч тэднийг гэзэг даран хөөж явсан Баянчурын довтолгоонд өртөж дахин нүүж Тан улсын хилд шургажээ. Монгол нутагт 5000 орчим хүнтэй 2 аймаг л үлдсэн мэт. Бодвол Озмыш хаан, түүний дүү Баймэй Хулуньфу нарын овог үлдсэн бололтой. Эцэг өвгөдийн алдар суу, төрийн голомт нутгаа үхэн хатан хамгаалж, төрөө сэргээн мандуулахын төлөө тэдний цөөхөн түрэг үлджээ. Озмыш хаан гэхэд  л Уйгарын залуу баатар Моюнчурын цэрэгтэй 742 оны 8-9 сард, 743 оны 7 сард, 744 оны 8 сард нийт 3 удаа том тулаан хийжээ. Хятад сурвалжын мэдээгээр 744 оны 9 сард болсон сүүлчийн том тулаанаар аргагүйдэн хүч мөхөсдөн хатнаа булаалган, хар тэргүүнээ алдсан байна.

Гэвч түрэгүүд зүгээр бууж өгөхийг хүссэнгүй. Тэд энэ удаа Озмышийн дүү Баймэй дэлэ Хулуньфу-г хаан өргөмжилж дахин тэмцэхээр болов. Гэхдээ тэр Түрэгийн төрийг мөхлөөс аварч чадаагүй юм. Хаан суугаад 6 сар ч болоогүй байхад нь Уйгурууд цэрэглэн ирж түүнийг устгажээ. Уйгарын Кули Пэйло 745 оны 2 сард өөрийгөө Гудолу пицзя хаан гэж нэрлээд Тян бао-гийн 4 оны тэргүүн сард (745.2.6-3.7) Түрэгийн сүүлчийн хаан Баймэй Хулуньфу-г алж толгойг нь Тан улсад илгээжээ гэж сурвалжид мэдээлсэн байдаг.

Гэвч Монголд үлдсэн түрэгүүд сүүлчийн удаа Уйгурын эсрэг бослого дэгдээсэн байна. Орхоны бичгийн дурсгалд бичсэнээр тахиа жилийн таван сарын 16-нд (745.06.20) бослого дэгдээсэн Игдирийн түрэгүүдийг Моюунчур дарж устгаснаар Түрэг улс бүрэн мөхөв. Чингэснээр Төв Ази, Монгол нутаг дахь нүүдэлчдийн ертөнцийг 555 оноос хойш манлайлж ирсэн ашина түрэг, Хөх түрэгийн түүх төгсгөл болжээ. 742 оноос хойш Монгол нутагт үлдсэн түрэгүүд төрийн голомтоо хамгаалж тэмцсээр 745 он гэхэд ийнхүү дуусав. Үлдсэн түрэгүүд өөрсдийн мөхөөсөн Нирун хаант улсын нэг хэсгийн хувь заяаг давтаж, Тан улсад шургасан ч аажмаар шингэж, түүхэнд нэр алдар нь дуурсахаа болив. 
"Монголын эртний түүх"

2.18.2020

Түрэгийн хожуу хаант улсын Билгэ Кутлук Тэнгри хаан


Билгэ Могилян хаан 734 онд хорлогдож үхсэний дараа түүний хүмүүс Могиляны хоёрдохь хүү Ижань-ийг хаанд өргөв. Удалгүй Ижань хаан өвдөж нас баржээ. Түүний ах 733 онд Түнкэрийн байлдаанд оролцож яваад шархнаасаа болж үхсэн билээ. Ижань хаан, хаан сууринд 3-4 сар л суусан байна. Түүний дараа Ижань хааны дүү Билгэ Кутлук нь Тэнгри хаан цолтойгоор сууринд сууж эцэг Билгэ хааны дурсгалын цогцолборт ах Ижань хааны хойлгыг мөн 735 онд үйлдүүлж байжээ.

Билгэ хааны гуравдахь хүү Билгэ Кутлук нь 735 онд хаан сууринд сууж 6 жил төр барьсан. Хожуу түэргийн хаадын нэр орхоны бичээс дурсгалд ямар нэг байдлаар тэмдэглэгдсэн байдаг. Тэнгри хааны нэр ч бий. Архангай аймгийн Их тамир сумын нутаг Баянцагааны хөндийн Бага хайрхан уулын хадны 1-р бичээст “Өтүгэнд Тэнгри хааны манлай алгинч нь үл сууна”, 2-р бичээст “Хамаг иргэн төр нь Тэнгри хаан байлаа” хэмээн сийлсэн байдаг.

Энэ үед Тэнгри хааныг нас залуу хэмээн шалтаглаж түүний эх, Тоньюкукын охин Пофу төрийн хэргийг Иньсэ тарханд даалгасанд олон түмэн их дургүйцдэг байжээ. Түрэгт хоёр ч хаан ойрхон солигдсон мөн Пофу хааны башир аргаас болж харъяат аймаг, улсууд тусгаарлаж эхэлжээ. Хамгийн түрүүнд кумоси, кидан, шар толгойт (хуантоу) түрэгүүд урважээ. Шинэ хаан арга хэмжээ авахыг оролдож эхлэв. Тэр 735 оны 8 сард 4 түмэн морьтонтой их цэрэг илгээж Кидан, кумоси нараас ял асуув. Түрэгийн их цэрэг 9 сарын 16-нд Нэнцили ууланд Тан, Кидан, Кумоси-гийн хүчтэй тулгарч байлджээ. 

Тулалдааны голыг Киданы язгууртан Нэли үүрч гарав. Түрэгүүд ялагдаж, хятад сурвалжид бичснээр бол хаан нь хуяг дуулгаа тайлж зугтааж, нэг юм амь гарсан гэдэг. Үлдсэн түрэгүүд буруулан зугтаахад Кумоси-гийн толгойлогч Ли Гуйго болон Тангийн Пинлу тойргийн цэргийн захирагч нарын хамтарсан цэрэг хэд хоног мөшгөөд буцжээ. Өөр нэг мэдээгээр тус тулалдаанд түрэгүүд ялагдаж сүйд болоогүй бөгөөд харин түрэгийн цэргийн захирагч шархадсан тул олзолсон эд хөрөнгө, хүн малаа тууж буцжээ гэж гардаг. Түрэгүүд ухарсан ч гэсэн кумоси, киданы хилд ойр байрласан хэвээр байжээ. Учир нь сүүлд кумоси нараас томилогдсон туршуулын Тангийн хилийн жанжинд өргөсөн 735 оны 9 сарын 3-нд огноолсон мэдээнд түрэгүүд үй олон хэвээрээ байгааг мэдээлсэн мэдээ гардаг.

Нэцили уулын тулалдаанд түрэгүүд жижиг боловч ялагдал хүлээсэн нь Тангийн ордныхон баярлан, Түрэгийн мөхлийн тэмдэг үзэгдлээ, магадгүй саяын тулаанд Түрэгийн хаан алагдсан байх гэцгээн дээшээ өргөх бичигтээ айлдсан байна. Тэр үед Түрэгээс зугтааж ирсэн Цюйцзян гэгч кидан эмэгтэй түрэгийн хаан нас барсан гэдэг нь баттай үнэн гэсэн мэдээг Тангийн хилийн түшмэдэд өгчээ.

Хаан суугаад удаагүй явуулсан байлдаандаа ялагдал хүлээсэн  Билгэ Тэнгри хаан сүүлдТан улстай худалдааны харилцаагаа хэвийн явуулахыг оролдож захидал илгээсэн байна. Тан улс ч хариу захидал илгээж байжээ. Тан улсын хаан нэг хариу захидалдаа” Хальсан хаан Билгэ хаантай би эцэг хүү мэт байсан, чи миний хүү суурь залгаснаас хойш бидний харилцан хамаарал өдрөөс өдөрт ихэссээр байгаа билээ. 
Хоёр улсын бодлогын хувьд би бас ялгаа байхыг хүсэхгүй л байна шүү” гэх зэргээр ихэрхэг байр сууринаас ухуулан донгодохын зэрэгцээ “чи ноднин өвөл (735.10.21-736.2.15) хоёр бүдүүлгийг (кидан, кумоси) довтлоно гэж надад хэлсэн боловч тэд хэдийний миний нөмөр нөөлөгт байсан учраас чи чадаагүй билээ, бас чи Туциши (Түргэш)-г устгахыг санаархаж байгааг чинь мэдэх тэд арваад жил миний харъяанд байна” гэх мэтээр өгүүлж ер нь ийш тийш довтлоод нэмэргүй маягтай зүйл хэлжээ. Тус захианаас харвал Тэнгри хаан 735 оны намрын ялагдлын хариугаа авахыг хүсч цэрэг бэлдэж байжээ.

Ер нь Тэнгри хаан дотооддоо хэр их эрх мэдэлтэй байсныг харуулах баримт тааруухан. Эхийнхээ заавраар Иньсэ гэгч тархан цолтой жижиг түшмэлийн үгээр явах болсонд авга нар нь дургүйцэж байжээ. Үүний дээр хааны хоёр авга нь зүүн, баруун шадын алба хашиж, түүний цэрэг морийг хуваан захирч байв.

Ялангуяа Тэнгри хааны авга баруун гарын шад төрийн хэрэгт Иньсэ тархан оролцож байгаад ихэд эгдүүцэж байв. Пофу хатан хүүгээ ятгаж баруун гарын шадыг хуурч авчраад алж, албат иргэдийг нь хураажээ. Баруун шад шиг өөрийг нь алж магадгүй гэж эмээсэн зүүн гарын шад Панькюэ тэлэ (Панкөл тегин) өрсөж хөдлөхөөр шийдэж, түрүүлж Тэнгри хааныг 741 оны билгийн 7 сард довтолж алав. Панькюэ тегин бол Тэнгри хааны өвөө Кутлук Эльтерес хааны дүү Дусифу-гийн хүү, Түрэгийн сүүлчийн Озмыш тегин, Баймэй Хулунь бэг нарын аав билээ.

2.14.2020

Түрэгийн хожуу хаант улсын Билгэ хаан


716 онд Капаган хаан отоонд орж алагдсан мэдээ Бөгү бага хааны ордонд хүрлээ. Капаган хаан 699 онд ахмад Бөгү-дээ бага хаан цол өгсөн бол 712 оны намар нөгөө хүү Инэл-дээ бас хаан цол өгсөн байжээ. Мэдээ авсан даруй Бөгү хаан өөрийгөө залгамжлагчаар өргөмжлөв. Энэ нь түрэгийн угсаа замгамжлах ёсыг илтэд зөрчсөн гэж судлаачид үздэг. Орд өргөөгөө сахиж байсан Күлтегин яаран хөдөлж цэргээ аван Багү хааныг гэнэдүүлэн довтолж, Бөгү Инэл хаан нарыг алж, тойрон хүрээлэгчдийг нь хомроглон устгажээ. Капаган хаанд алба хааж байсан түшмэлүүдээс ганц Тоньюкукыг өршөөж амьд үлдээв. Тоньюкук ах Могиляных нь хадам тул ийн амьд үлдээсэн гэдэг.
716 оны зуны адаг сард Түрэгийн хаан сэнтийд Кутлук Эльтересийн ахмад хүү Могилян шад залрав. Могилян 684 онд Иньшань ууланд төрсөн тэр хаан суухдаа 33-ны жилтэйгээ золгосон байжээ. Авга ах Капаган хааны үед улс төр, цэргийн хэрэгт сайн суралцсан байна.

Могилян хаан сууринд залгах үед Түрэг улс дотоодын дайн самуунтай, дорно өрнийн эзэмшилүүд нь салж тусгаарласан эгзэгтэй үе байлаа. Түүнээс цаг үе зөв, хурдан, шийдэмгий, ухаалаг шийдвэр шаардаж байв. Тиймээс магадгүй Могилян эхлээд бэрхшээж хаан ширээг дүү Күлтегинд найр тавьсан боловч дүү нь үл зөвшөөрсөн тул аргагүй хаан болсон гэдэг.

Могилян хаан болоод Күлтегинийг зүүн гарын цэргийн захирагчид тохоов. Улсын дотоод хямралыг устгахын төлөө урьд хөөж явуулсан мэргэн сайд Тоньюкукыг төрийн албанд буцаан татжээ. 70 гарсан түүний үгийг түрэгүүд шууд хүлээн авдаг байв.  Дараагийн ээлжинд огуз нартай нэр үл мэдэгдэх газар байлдаж ялжээ. Нэг хэсэг огуз нар түүнтэй нэгдэв. Үлдснийг нь мөшгөн хөөж Хараа голд гүйцэн гэр орныг нь булаав. Үүгээр огуз нартай хийсэн дайн дууссангүй. Билгэ хааны бичээст “миний 34-ний жил огузууд дахин Табгачийн хязгаарыг тэмцэж зугтахад хэлэлцээд, нэхэж тулалдан охид хүүхдийг нь боол болгов, хоёр элтеберийн аймаг...” цааш зугтсан байж болох тухай тэмдэглэж үлдээжээ.

Түрэгийн хожуу хаант улсын ард иргэдийн цөм болж байсан огузууд урагш олноор нүүх болсноос гадна 716 оны намраас Түрэгийн түшмэг кумоси, кидан аймгууд салж тусгаарлажээ. Капаган хааны үед өргөжин тэлж, хамгийн их хэмжээндээ хүрч байсан түрэгийн газар нутаг Билгэ хааны эхэн үед ихэд хумигдаж, 4 бум хүрч байсан нумт эрсийн тоо эрс багасжээ.

715-718 онуудад Тан улсыг дагасан олон өндөр тэрэгтэн аймгууд дээрээс нь нэмээд кидан, кумоси нарын хүчийг ашиглан Тан улс их цэргээр Түрэгийг довтлохоор шийджээ. 720 оны 11 сард Тангийн ордон ирэх жилийн намрын эхэнд буюу 721 оны 8 сард Гило голын дэргэд дагаар орсон нүүдэлчдийн цэрэг, Тан улсын цэрэгтэй нэгдээд шууд Мониляны өргөөг чиглэн давшихаар тогтов. Тэд 300000 цэрэг мордуулахаар төлөвлөжээ. Тан улсын цэрэгт Басмил аймгийн Чумугунь, Киданы Ли Шихо, Комуси-гийн Ли Дафу, Түрэгийн Мо тегин (Мочжо хааны хүү), Ашина Билгэ тегин, Хоба Шишиби, өндөр тэрэгтний Байырку аймгийн Сечжилюэ, Тонра аймгийн тутук Бига Мочо (Билгэ Бэгчур), Уйгурын Ицзянь эльтебер, Буку аймгийн Елегэ, Байси аймгийн тутук Биянь нар нэгджээ.

Түрэг улс ч зүгээр суусангүй, дотоодын хямраа шийдвэрлэж чадсан Билгэ хаан Тан улсыг шууд довтлохоор шийдсэн ч Тоньюкук “ Тан улс хүчирхэг байна, хаан нь дайнч юм, арвин ургац хураажээ. Түүнээс гадна бид дөнгөж цэрэг ардаа цуглуулж нэгтгэлээ, ядаж 3 жил амсхийвэл зүгээр” гэж өгүүлж хоригложээ. Бас Могилян Тангийн жишгээр хот суурин, ганц нэг сүм хийд барих гэсэн боловч Тоньюкук Түрэгийн оршихуйн язгуурт харш, нүүдлийн ахуйд үл зохицоно, түрэг цэрэг эрст халгаатай хэмээн болиулсан байдаг.

Тан улс 300000 цэргээр хэдэн замаар довтлон ирэхийг сонсоод Билгэ хаан сандарсанд цэрэг дайны үйлд нэвтэрхий, хашир туршлагатай Тоньюкук хаанаа “бүү тэвд, басмилчууд Бешбалыкт суудаг, нөгөө хоёроосоо (кидан, кумоси) хол зайтай, тэд нэгдэж чадах нь  юу л бол, Тангийн жанжид Ван Цзюань, Чжан Гячжэн нар хоорондоо толхилцоонтой, нэг санаатай байж чадахгүй тул давшиж ирж үл амжина, ирлээ гэхэд бид 3 өдөрчийн газар ирэхэд нь хойшоо ухарч нүүхэд болно, басмил нар хөнгөн хуумгай улс, олз хайж түрүүлж ирэх байх, иймд тэднийг эхлээд тосч байлдвал хялбар” гэжээ. Үнэхээр басмилчууд 721 оны сард түрүүлж, довтлон иржээ.
Түрэгүүд хүчээ хоёр хуваажээ. Билгэ хааны бичээст Могилян өөрөө Табгачийн 70000 морьт цэргийг тосч байлдаад эхний өдрөө ялаад, удаах өдөр нь араас нь хүрэлцэн ирсэн явган цэргийг бутцохисон гэж өгүүлдэг. Тан улсын хоёр судрын мэдээгээр Түрэгийн нутагт цөмөрч, хугацаанаасаа өмнө болзсон газраа ирсэн басмилчууд Ван Цзюань ирээгүй тул буцсан гэж мэдээлсэн байдаг. Үнэн хэрэгтээ Ван Цзюань Билгэ хаанд ялагдсныг сонсоод ухарсан байх. Тоньюкукын цэрэг Басмилын цэрэгтэй шууд байлдалгүй дагаж явсаар Бешбалыкаас 300 ли (133 км) зайтай газар очиход нь Түрэг сайд цэргээ хоёр хувааж нэг хэсгийг нь хурдавчлан илгээж Бэйтинийг урьдаар гэнэт довтолж эзлээд хот руу ирж яваа Басмилын цэргийг тосчээ. Тоньюкук үлдсэн цэргээ авч Басмилийн гол хүчтэй зам зуурт байлдан хугацаа хожоод дараа нь хоёр талаас нь давшиж бутцохьжээ. Буцахдаа Тоньюкукын цэрэг Ганьчжоу, Юаньчжоу тойргийг довтолсон байна. Дараа нь Читин хошууны нутгаар дамжин Ляньчжоу-г довтлов. Захирагч Ян Гиншу цэргээ жагсааж байлд гэж тушаажээ. Тоньюкук хэрэв тэд хотдоо байвал найрамдах байх, харин хотоос гарвал байлдахад хүрнэ, гэхдээ бид ялах болно гэж цэргээ цэргээ бэлтгэжээ. Ли Гиншу түрэгүүд тосч байлджээ. Гэнэт хүйтрэн цэргүүд нь нумаа эвшээлгэж чадахгүйд хүрч Тангийн цэрэг ялагдсан гэж эртний хятад сурвалжид бичсэн байдаг.

Түрэг дурсгалын мэдээгээр Могилян хаан Тангийн 70000 цэргийг тосч байлдан ялсны дараа 721 оны өвөл Киданы зүг цэрэглэсэн байна. Хойтон жилийн хавар мөн татаби нарыг довтолжээ. Түрэг болон Тангийн байгуулсан эвслийн хооронд болсон 721 оны намраас 722 оны хавар хүртэл үргэлжилсэн дайнаар түрэгүүд дахин хүчирхэгжиж Мочжо хааны захиргаанд байсан бүх аймаг, улсыг буцаж хураалаа гэж хятад сурвалжид тэмдэглэснээс үзвэл Түрэгийн захиргаанд басмил, татаби, кидан, комуси зэрэг аймгууд дахин оржээ.

Тухайн дайны дараа Түрэгүүд Тан улстай энхийн харилцаа тогтоохыг хүсч элч илгээсэнд Тангийн хаан зөвшөөрчээ. Хоёр улс ч үүнээс хойш зэвсэг зөрүүлсэнгүй. Түрэг улс ч байгуулсан гэрээгээ сахиж Тан улсын эсрэг хүч хавсаръя гэсэн Түэдийн 727 онд ирүүлсэн саналыг үл хэрэгсэж, харин ч эсрэгээр Тан улс руу элч илгээн Түвэдийн саналыг мэдэгдэж байв. Тан улс ч бас Түрэгийн довтолгоог эсэргүүцэж байгуулсан бэхлэлтнүүддээ хилийн худалдааг байнга шахуу нээж байлаа.
Үүнээс гадна хөрш аймгуудын улс төрийн дотоод, гадаад харилцаа, хямрал зөрчилд түрэгүүд өөрийн эрхгүй татагдан оролцох явдал гарч байлаа. Тан улстай хамтарч түрэгийг довтолж байсан Киданы Ли Шихо 718 онд үхсний дараа бага авга Согу аймгаа захирах болов. Эрэлхэг зоригтой ард иргэдийн сэтгэлийг булаасан түүний түшмэл Кэтуюйгээ тэрээр устгахыг оролдоод бүтэлгүйтэж өөрөө нутаг орноосоо зугтахад хүрчээ. Тан улсын 500 цэрэг, Кумоси-гийн Ли Дафу-тай нэгдсэн Согу дахин цэрэглэж Кэтуюйг залхаах гэж оролдоод өөрсдөө сүйрсэн байна. Согу, Ли Дафу нар тулалдаанд алагдаж, Тангийн цэрэг хиартал цохиулжээ. Кэтуюй Согу-гийн авга дүү Юйюй-г аймгийн ахлагчаа болгов. Юйюй 722 онд Тан улсад айлчилж, садангийн гүнжтэй нь гэрлэж цол хэргэмээр шагнуулжээ. Нутагтаа хариад жилийн дараа өвчнөөр өөд болсонд дүү Туюй нь суурийг залгамжлав. Тангийн гүнжтэй гэрлэсэн Туюй Кэтуюйтэй зөрчилдөх болж 725 онд хатнаа авч Тан улсад хоргоджээ. Тэгэхэд нь Тан улсыг эсэргүүцэн тэмцэж байсан Ли Цзиньчжуны авга дүү Шаогу-г толгойлогч болгожээ. Ли Шихо бол Ли Цзиньчжуны авгын дүү нь байсан юм. Нэг ёсондоо Кэтуюйн шахалтаар Киданы засгийн эрх Ли Шихо-гийн удмаас Ли Цзиньчжуны удамд иржээ. Гэвч Кэтуюй холын бодолтой нэгэн байжээ. Өөрийн өргөмжилсөн толгойлогчоо 730 онд барьж алаад өөрөө Түрэгт дагаар оржээ. Мөн кумоси нарыг шахамдуулан Түрэгт авч ирэв. 732 онд Кумосигийн Ли Ши бусдын хамт 5000 өрхөө дагуулан Түрэг киданаас салж Танг түшихээр буцжээ.

Жилийн дараа Кэтуюй Тангийн хилийг уулгалж ючжоуг довтолсон байна. Тэгээд буцахад нь Ючжоугийн захирагч Сюэ Чуюй өөрийн 4 жанжиндаа 10000 шилдэг морин цэрэг өгч кумоси нарын цэргийг хүч хавсарган Кэтуюй-г нэг мөсөн дарахаар нэхүүлэв. Тан Кумоси-гийн нэгдсэн хүч  Юйгуань боомтын Душань уул хүрэхэд гэнэт Түрэг цэрэг харагджээ. Эндээс үзвэл Могилян, Кэтуюй нар зориудаар Тангийн цэргийг өдөж хөдөлгөөд цайз бэхлэлтээс нь холдуулсан байна. Сурвалжийн мэдээгээр “си-чууд гуйвж дайвав. Хэний  талд орохоо мэдэхгүй байлаа, эцэст нь комусичууд бэрх хүрэхэд хэцүү газар руу зугтааж одов” гэжээ. Энэ тулаанд Тангийн 4 жанжнаас 2 нь зугтааж, хоёр нь 10000 цэргийн хамт алагджээ.

Орхоны бичгийн дурсгал энэхүү хятад сурвалжийн мэдээг давхар баталдаг. Билгэ хааны бичээст “Могиляны 50 нас хүрсэн жил (733 он) “татаби иргэн Киданаас салав, Куг сэнгүн толгойлж 40000 цэрэг ирлээ. Түнкэр уул хүрч цохив, 30000-ийг сүг болгов” гэсэн мэдээ бий. Цэргийн тоо, алагдсан цэргийн тоо зөрж байна. Магадгүй танчууд их хохирол амссан учир цэргийн тоог дарсан байх. Тус байлдаан Билгэ хааны хувьд ч гарзтай болжээ. Түүний ууган хүү шархнаас болж үхсэн ба Могилян дурсгалд нь зориулж Кук сэнгүний балбал босгожээ.

Эртний сурвалжаар Түнкэрийн байлдааныг өдөөсөн гол буруутан нь Кэтуюй мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ Түрэг улс кумоси, кидан нарыг нөлөөндөө байлгах зорилгоор Тан улстай далдуур өрсөлдөж байсныг харуулсан үйл явдал болжээ.
Түнкэр ууланд болсон тулалдааны хариуд Тан улс 727 оноос Түрэгийн элчээр Тан улсад хоёронтоо ирж байсан Мэйлучо (Буйруг чор) гэгч түрэгийн ордны дотоод хэргийн түшмэлийг ханатал хахууль цутгаж, талдаа татаад Билгэ хаанд хор зооглуулж чаджээ. Билгэ хаан хордсон даруйдаа мэдэж Мэйлучо-г ураг удмаар нь хүйс тэмтрээд өөрөө 734 оны 11 сарын 25-ний өдөр тэнгэрт хальж одов.   

2.10.2020

Түрэгийн хожуу хаант улсын Капаган хаан


692 онд Кутлук Эльтерис хааныг  нас барсны дараа дүү Гудуло Капаган 27 насандаа түүний орыг залгажээ. Капаганыг хаан суухад баруун гарын есөн овог, зүүн гарын 12 овог түрэгүүд баяр хөөртэйгээр дагаж Гудуло Мочжо их хаан боллоо хэмээн зарлав. Капаганыг хятад сурвалжид Мочжо гэж, түвд сурвалжид Бэгчур хэмээн нэрлэдэг.

Улсын дотоод  хэрэгтээ анхаарлаа хандуулж байсан Капаган хаан 694 оны 2 сард Тан улсын Линчжоу тойргийг уулгалан довтлов. Тан улсын хатан У Цзетянь зарлиг буулгаж их цэрэг цуглуулан Капаган хааныг довтлуулсан боловч тэд Капаган хааныг эрж олоогүй бөгөөд харин цэргээ татаж байхад нь Капаган (Мочжо) өөрөө элч томилон Тан улсад илгээсэнд Хатан хаан ихэд баясаж түүнд элдэв хэргэм 5000 хуй торго шагнав.

Тухайн үед түрэгийн дорно этгээдэд байсан киданчууд Тан улстай сөргөлдөн тэмцэлдэж байсныг Мочжо Капаган овжноор ашиглаж, Тан улсад болзол тулган байж Киданыг довтолж ялаад, өөрийн түшмэг болгов. Харин Тан улс амлалтаасаа ухран Капаганд шинэ хэргэм хүртээгээд өнгөрчээ.

Амлалтаа зөрчсөн Тан улстай Мочжо 698 онд томоохон дайн хэлүүлэв. Хаан өөрөө Шантун балиг чиглэлээр, мэргэн сайд Тоньюкук Талуй гол чиглэлээр хоёр замаар довтоллоо.

Шантун балиг чиглэлийн түрэгүүд Цзиннан, Пинди, Циньи-д байрлаж байсан Тан улсын цэргийн 3 том бүлэглэл рүү довтолжээ. Анхаарал сарниулах зорилготой ов мэх байсан хэдий ч зарим чиглэлд хуурамч довтолгоо амжилт авчирсан нь Цзиннаны цэргийн захирагч Мужун Сюаньцзе 5000 цэргийн хамт түрэгт бууж өгчээ.

Энэ үед Мочжо Хэнюэ тойрогт нэвтэрч, түүнтэй залгаа хойд этгээдэд нь орших Юйчжоу тойрогт халдан, Фэйхусянийг эзлээд, дараа нь Хэнюэгээс зүүн хойд зүгт Динчжоу тойргийг уулгалж, тойргийн захирагчийг нь алав. Улмаар Тайханьшаний зүүн этгээдээр чанх урагшилж Чжаочжоу-г бүслэхэд түшмэл Тан Божо бууж өгч, захирагч Гао Жуй эсэргүүцэж алагдав. 698 оны 9 сард анх Тан улсыг довтолсон Мочжо Капаган 10 сарын сүүлээр Ичжоу тойргийн Ухуй-гаар буцахдаа Чжаочжоу, Динчжоу тойргийн олзлогсодыг хороосон байна. Мэргэн сайд Тоньюкукын бичээсээр бол Түрэгийн хоёр замын цэрэг энэ удаа Тан улсын 23 хот сууринг довтолж сүйтгэжээ.

Тан улс бум орчим хүнтэй хоёр замаар нутагт нь нэвтэрсэн Түрэгийн цэргийг сөрж Гаопиний ханхүүд цэргийн үйл ажиллагааг ерөнхийд нь хариуцуулж, 4 замын цэрэг, дээр нь гэнэт довтлох цэргийг бэлтгэж нийт 450000 цэрэг хөдөлгөжээ. Гэвч энэ их цэргийн хүч Мочжо, Тоньюкук нартай нүүр тулж байлдаагүй бололтой. Мочжо-г Ухуй тойргоор ухрахад Тангийн цэрэг мөшгөж гүйцсэн ч тулалдаанд оролгүй даган харж явж байжээ.

698 онд олсон байлдааны амжилт Капаганыг Тан улстай харилцах бодлогоо өөрчлөхөд хүргэв. Тан улсыг түшиж эвтэй харилцахыг чармайж, бараг 100-гаад жил суусан говийн өмнөх нутгаа авахыг оролдож байсан тэр, үүнээс хойш Тан улстай энэ тэнцүү, зарим үед ихэрхэж харьцах болов.

698 оны Шантун балиг, Талуй голын тулалдааны дараа жил Капаган улсдаа төр, цэрэг захиргааны шинэчлэлт хийжээ. Мочжо 699 оны 11 сард “Дусифу дүүгээ зүүн жигүүрийн шад, Кутлукын хүү Моцзюй-г баруун жигүүрийн шад болгов. Тэд тус бүр 2 түм гаруй цэрэг захирах болжээ. Улмаар өөрийн хүү Фуцзюй-г бага хаанд өргөмжлөв, тэр хоёр шадын дээр залрах аж” гэсэн Тан улсын хуучин судрын мэдээ байна.

Газар нутгаа тэлж байсан ч Капаган хаан өмнө зүгт согд нарын суудаг Ордос нутгийн өмнөд захаар орших "ху-гийн 6 тойрог”-т анхаарлаа хандуулсан хэвээр байлаа. Худалдаа, гар урлал, адуу өсгөж үржүүлэх зэрэг чухал аж ахуй эрхэлдэг согдууд хуучин цагт түрэгийн захиргаанд байв. Чадвал тэднийг буцааж авахыг оролдож байсныг Тоньюкукын бичээс дэх ““усин бунтату” нутагт нутагшин үлдэх байсан юм” гэсэн өгүүлбэр давхар нотолдог. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Капаган хаан Түвэдтэй холбоо тогтоожээ.

Луню мужид байрлаж байсан Тан улсын цэргийн гол хүч Лянчжоу-д түвэдтэй байлдаж байх зуур 701 оны 2 сард түрэгүүд Лун-ю (Тангут) муж руу довтлон улсын адуун сүрэгт халдаж түм гаруй агт тууж, Циньчжоугийн тангут нарыг дээрэмдэж буцжээ. Мөн Капаган 702 оны 2 сард Яньчжоу, Сячжоу тойрогт халдаж буман хонь, адуу булаав. Дараа нь Хатан голын зүүн этгээд Бин, Дай, Юнь, Шо тойргийн дунд орших зангилаа боомт Шилингуаныг довтолж эвдээд, 4 сард Бин тойрогт цөмрөв. Тангийн эрх баригчид 698 оны явдал давтагдах вий хэмээн сэргийлж “Сэ Цзичанд 9 тойргийн цэрэг, Чжан Жэньдань-д 2 тойргийн цэрэг өгч хамтарч Мочжо-г хоёр жигүүрээс нь довтол. Ханхүү Ли Дань Сян ван жанждын ажиллагааг хяна” гэжээ.
Гэвч тэд Мочжо-д ялагджээ. Хятад сурвалжид энэ тухай дурдаагүй ч Орхоны хөшөө дурсгалд холбогдох баримт үлджээ. Түүнд “Зургаан чуб, согдын эсрэг цэрэглэж сөнөөсний дараа Табгачийн Онг тутук 5 түмээр цэрглэж ирсэнд Ыдук баш-д тулалдаж сөнөөв” гэжээ. Мочжо, Могилян, Күлтегинд ялагдсан энэ Онг тутук бол хаан ширээнд 685-989, 710-712 онд сууж байгаад У Цзэтянь хатны үед (684-705 он) ширээнээсээ бууж Аньбэй мужийн их дуд, Тяньбиний цэргийн тойргийн захирагч болсон Сян ван да дуду буюу Ли Дан юм. Ыдук башийн тулалдааны дараа түрэгүүд 7 сард Дайчжоу, 10 сард Синьчжоу тойргийг довтлоод буцжээ. Үүнээс хойш Капаган хэдэн жил Тан улс руу довтлоогүй байна.
705 оны сүүл 706 оны эхээр Чжунцзуныг хаан ширээнд суусны дараахан Капаган Линчжоу тойргийн Минша хошууг довтолжээ. Капаганы цэрэгтэй Шача Чжуни-гийн 80000 цэрэг тулулдсан ч ширүүн тулааны эцэст Шача Чжуни ялагдаж 30000 орчим цэргээ алджээ. Энэ тулалдаанаас хагас сарын дараа түрэгүүд Юаньчжоу, Хуйчжоу тойргийг довтолж, Лун-югийн улсын адуу үржүүлгийн газраас  түмэн агт булаагаад ухарч оджээ. Үүгээр Капаган хааны Тан улсад халдсан хамгийн сүүлчийн довтолгоон дууссан юм.

Капаган хаан дорно зүгт киданыг дарж, умардад Киргизийг дагуулж, Баруун түрэгийг бутцохиж Долоон ус, Зүүнгар, Эрчисийн нутгийг өөрийн болгож авсан билээ. Түрэг улс нутаг дэвсгэрээ тэлж, хөрш овог аймаг, улсуудыг эзлэн дагуулж, түшмэг болгох явдал үндсэндээ 714 оноор зогссон бөгөөд сүүлд Бешбалыкт хэдэн удаа байлдаж гавьтай ялалт олоогүй явдал нь Түрэг улсын дотоодод газар сайгүй бослого үймэн дэгдэхэд хүргэжээ. Яг тэр жил 714 онд хаан суугаад 2 жил болж байсан Тангийн хаан Сюаньцзун Түрэгтэй харилцаагаа тасалсан байдаг. 715 оноос карлук, аз, изгил, кумоси, киданчууд болон тогуз огуз, байырку, токуз татар гэсэн олон овог аймаг ээлж дараалан Түрэгийг эсэргүүцэн босч тэмцэлдэж эхэлжээ.

Огуз аймагтай байлдахаас өмнө Могилян, Күлтегин, Кульчур нар карлук аймагтай 715 оны 2-оос 4 сарын хооронд Тамаг Ыдук баш гэдэг газар байлджээ. Тэр тулаанд Күлтегин даруй хоёр эрийг нэвт жадалж алсан гэдэг. Могилян, Күлтегин нар карлуктай байлдсны дараа Кэм кэмчүт-д нутагтай эльтебер толгойлогчтой аз аймагтай Хар нуурт (Каракөл) тулалджээ. Үүний дараа Түрэгийн илд жадны үзүүр Токуз огуз аймгууд руу чиглэсэн байна.

Бичгийн сурвалжаар тэд эхний удаа Изгил аймагтай байлджээ. Тан улсын шинэ сударт “сизце (изгил) нар тунло аймгийн хойно суудаг” гэсэн мэдээ байна. Тунло буюу тонра аймгийг сеяньто нарын хойгуур нутаглана гэж сурвалжид бичжээ. Харин сеяньто нар 7-р зууны хориод онд Дуюйцзянь уулнаас зүүн тийш Туул голын хойд эрэгт нутаглах болсон гэж тэмдэглэсэн байна. Чингэхлээр изгилчүүд одоогийн Монгол орны Сэлэнгэ аймгийн нутаг хавиар нутаглаж байжээ.

Түрэгийн гэрэлт хөшөөнүүдэд “огузтай нэг жилд таван удаа байлдав, хамгийн түрүүнд Тогу балыкт байлдсан” гэж бичсэн байдаг ба мөн бичээсүүдийн мэдээгээр Могиляны цэрэг Туул голыг сэлж гаталж байж сая Тогу балыкт хүрч огузуудтай байлдсан бололтой. Тэр тулаанд бор морь унасан Күлтегин дайрч ороод зургаан эрийг хатгаж, долоо дахийг илдээр цавчиж унагасан гэдэг.

Тогу балыкын тулулдааны дараа түрэгүүд эдиз аймагтай Куш-алгак хэмээх газар тулалджээ. Түрэг бичгийн дурсгалд Күлтегин биечлэн арван эр устгасан ба эдиз иргэн тэнд мөхөв гэж мэдээлдэг.

Түрэг токуз огузын дараагийн тулалдаан Чушбашы-д болсныг Күлтегиний бичээс, Билгэ хааны бичээс давхар нотолдог. Чухам ямар аймагтай тулалдсан нь тодорхойгүй ч Тонра аймгийн Йылпагут ургийн Тонга тегиний гашуудлын үеэр түрэгүүд тэднийг довтолсон гэх баримтаас үзвэл тонра аймагтай байлдсан байх. Күлтегиний бичээст “дөрөвдэх удаа Чушбаш-д цавчилдав, түрэг иргэн тамирдав, халшрах болов” гэсэн мэдээгээр тэр цагт түрэгүүдийн хүч нилээд суларч иржээ.

Күлтегиний бичээсээр түрэгүүд “тавдахь удаагаа Эзгенти Кадаз-д огузтай байлджээ”. Энэ тулаанаар огузын хүч үндсэндээ нугларсан гэж орхон бичгийн дурсгалууд мэдээлдэг. Түрэгт ялагдсан огуз аймгууд Тан улсруу нүүж эхэлжээ. 715 оны 6 сард Тан улс баруун түрэгийн тоглоомын хаан Ашины Сянь зэрэг хүчинтэй хамтарч Түрэгийг довтлохоор төлөвлөж байв гэсэн сурвалжийн мэдээ байдаг ч Баруун түрэгийн Ашина Сянь болон карлук, хулу-у, шуншин зэрэг аймгууд Тан улс руу нүүдэллэн оржээ.

Могилян, Күлтегин, Кульчур нар огуз нартай тулалдаж байсан ч мөн Капаган Мочжо хаан биечлэн цэргээ захиран Огузуудтай байлдаж байжээ. Тухайлбал 715 оны намар Мочжо элсэн цөлийн хойно зогсож есөн овгийн Абусы зэрэг ноёдтой тулалдаж ихэнхийг нь алж, олзлон авсан тул үлдэлдэл хүчээ дагуулсан Абусы Тан улс руу зугтжээ. Кульчурын бичээст “есөн огузад долоон удаа довтлон орсон” гэж өгүүлдэг.
716 оны Капаган хаан хаана өвөлжсөн нь тодорхойгүй ч Могилян Күлтегин хоёр Амга хороонд өвөлжжээ. Хатуухан өвөл болж түрэгүүдийн мал сүрэг ялангуяа агт морьд их хорогджээ. Могилян Күлтегин нар цэргээ хоёр хуваан Күлтегин орд өргөөгөө сахин, Могилян уч огуз (гурван огуз) руу довтолжээ. Огузууд мөн цэргээ хоёр хуваан нэг хэсэг нь Күлтегин рүү нөгөө хэсэг нь Могилян руу довтлов. Күлтегиний бичээст “ Амга хоороонд өвөлжив, хавар огуз руу цэрэг довтолгов. Өргөө гэрийг Күлтегин толгойлохоор томилов. Огуз дайсан ордыг довтлов. Күлтегин .. орд гэрээ өгсөнгүй... Күлтегин үгүйсэн бол олноороо үхэх байсан биз” гэж товч тодорхой өгүүлжээ.  Мөн Билгэ хааны бичээст “ хавар нь би огуз руу дайлаар мордов. Гурван огузын цэргийн нэг хэсэг биднийг тосч ирэв. Нөгөө хэсэг нь манай орд өргөө рүү морджээ. Биднийг явган тулалдаж үл чадна гэж итгэдэг бас биднийг зэвсэг муутай гэж бодсон тэд омогтой довтлон ирсэн. Тэнгэр ивээсэн тул тэднийг устгаж гэр өргөө, мал хуйг нь булаасан, хэрэвзээ би ингэж ялаагүй бол түрэг түмэн мөхөж болох байлаа” гэж бичсэн байдаг.

Энэ явдлын дараа огуз нар шинэ эвсэл үүсгэж есөн татар нартай холбоолж түрэг рүү довтолжээ. Могиляны удирдсан түрэгийн цэрэг Налайхын Уу булан гэдэг газар Огуз-Токуз татарын нэгдсэн цэрэгтэй 2 удаа их тулалдаан хийж байж сая нэг ялжээ.
716 онд Могилян Күлтегин нар л огузтай тулалдсан мэт сэдгэгдэл төрүүлэх мэдээ Орхоны бичээст үлдсэн ч бодит байдал үүнээс өөр ажгуу. Учир нь тэр үед нас өндөр болсон ч гэсэн Капаган хаан бас биечлэн цэрэг удирдан Туул голд байырку аймгийг бут цохисон гэж хятад сурвалжийн мэдээ үлджээ. Байырку аймгийг ялсны дараа Мочжо хаан буцах замдаа сэргийлэх арга хэмжээ авалгүй явж байтал замд нь байырку аймгийн толгойлогч Сечжилюэ тэргүүтэй тулалдааны талбарт ялагдаад тарж бутарч явсан бүлэг байырку цэрэгтэй (3000 орчим) гэнэт таарахад тэд ч боломж алдсангүй гэнэт дайрч Мочжо-г алж толгойг нь огтолж тэр үед Түрэгт ирээд байсан Тан улсын элч Хэ Линцюань-д өгч, элч Мочжогийн толгойг авч 716 оны 7 сарын 4-нд нийслэлд буцаж иржээ.

Түрэгийн хожуу хаант улсын оршин тогтносон 55-56 жилийн түүхийн тал нь шахуу буюу 25 жил нь Капаган хааны түүхтэй холбогдоно. Капаганыг төрийн жолоо атгаж байхад Түрэг нь улс шиг улс болжээ, иргэд нь иргэд шиг байжээ. Хөх түрэг тавиад жил тогтнохдоо 22 жилийг дайн байлдаан хийж өнгөрөөжээ. Энэ дайны ихэнх нь 696-721 оны хооронд буюу Капаган хааны үед явагджээ. Капаган хааныг дан ганц дайн байлдаанаар төсөөлж болохгүй. 

Тэрээр улс орныхоо аж ахуйг өөд татахын тулд шийдвэртэй арга хэмжээ авч байсан нь түрэгийн ард иргэдийн хүнсний ялангуяа тариа, гурил будааны хэрэгцээг хангахын тулд Тан улсыг аргалж, шахаж байж газар тариалангийн багаж хэрэгсэл, тариа будааны үр их хэмжээгээр авч хэрэглэж байсан мэдээ харуулна. Худалдааг хөхүүлэн дэмжихийн тулд баруун зүгт төрөл угсаа нэг Он ок буюу Баруун түрэгийг довтолж, бүр Самарканд, Бухар хүртэлх замыг хяналтдаа авахыг оролдож байв. Ашина түрэгийн араг ясыг зангидаж дуусгасан хаан Мухань байсны адилаар Хөх түрэг улсыг хөл дээр нь бат зогсоож, төвхнүүлж хүчирхэг болгосон нь чухам Капаган хаан боловч Түрэгийн гэрэлт хөшөөдөд бичиж үлдээсэн үүх түхэнд түүний үйл хэргийг маш товч, алаг цоог мэдээлсэн байдаг.
“Монголын эртний түүх”