1.15.2019

Монгол айлд заавал байх ёстой зүйлс:


-“Монголын нууц товчоо” бас төрийн сүлд, соёмбо, туг далбаа
-Морин  хуур
-Төрсөн нутаг усных нь шороо, чулуу
-Улаан давс. Энэ нь гадны хэл амнаас сэргийлдэг
-Тулга. Айл гэрийн гал голомтын билгэдэл
-Хурганы  арьс. Айл гэрийн буян заяаг дуудна
-Дээлийн торго. Энэ нь буян хишиг арвижихийн билгэдэл
-Эмээл хазаар, ногт. Аль болох нүдэнд харагдахуйц ил байрлуулна. Монгол эр хүний хийморь сүлдийг өргөнө.
-Уран шувууны үүр. Нялх хүүхэдтэй айлд сайн
-Дээжний цөгц. Цай сүү өргөх дээжний цөгц нь байнга дүүрэн байх хэрэгтэй.  
-Шагай. Гэрт эв нэгдэл, найр наадам, дуу наргиан цалгиж байхыг билгэднэ.
Мөн оршуулга хурим найранд очихдоо 3 шагай өвөртөлж явах нь их сайн. Буцахдаа хүнд мэдэгдэхгүй хаях нь мууг шингээн хаяж буй хэрэг.
-Буян хишгийн авдар. Авдар бол том жижигтэй биш буян даллага хураахдаа...

1.04.2019

Өвөг Монгол Сяньбийн үеийн Муланий шүлэг


Муланий шүлэг хэмээн алдаршсан энэ шүлэг умард хятадад Сяньбийн нүүдэлчид ноёрхож байсан Умард Вэй улсын үед зохиогдсон аж. Мулань гэдэг нь хятад хүн биш өвөг Монгол Сяньби гаралтай эмэгтэй байжээ. Муланий шүлэг нь Табгач Сяньбийн Умард Вэй улс олон жил дараалан угсаа гарал нэгт Жужантай байлдаж байх үед зохиогдсон түүхэн шүлэг бөгөөд яруу тод хэллэгтэй аж.

Утас ээрэх машин сүрчигнэж байна
Ухаант Мулан утас ээрч байна
Машины сүрчигнэх дуу сонсогдохгүй ээ
Мулан хүүхэн санаа алдан сууна
Юу санаж юу бодов оо гээд асуухад
Юу санаж юу бодохов гэнэ ээ
Өчигдөр шөнө цэргийн зарыг харлаа
Эзэн хаан цэрэг татаж байна гэнэ
Эр цэргийн эвхмэл арван хоёр буй
Эвхмэл болгонд аавын нэр бий
Мундаг эр болох хөвгүүн заяагаагүй
Мулан надад төрсөн ах гэж үгүй
Эцгийнхээ төлөө
Эр цэргийн албанд явнам гэнэ
Зүүн захаас унаа хүлгээ олсон
Баруун захаас гөлөм тохом авлаа
Урд захаас ногт хазаараа бэлдлээ
Хойд захаас малиа ташуураа авлаа
Хайртай аав ээжээсээ аяарлаад
Харанхуй бүрийгээр Шар мөрний хөвөөнөө хонолоо
Охин минь гэсэн аав ээжийн дуу дуулдахгүй
Орхирсон Шар мөрний ус л урсана
Шар мөрнөөс ахиад мордлоо
Хар ууланд шөнөөр хүрлээ
Мулан охин минь гэсэн аав ээжийн дуу дуулдахгүй
Монь уулын морьд л үүрсэнэ
Алс холоос аян дайнд мордлоо
Аюул бартааг ардаа орхисон юм
Халуун хүйтэнд нойр хоолгүй явсан юм
Хуяг дуулгатайгаа хонож байсан юм
Аюултай дайнд эрэмгий жанжин хатаж байлаа
Арван жил гээд эр цэрэг буцах болсон юм
Тэнгэрийн хөвүүнтэй ирж уулзваа
Тэнгэрийн хөвүүн харшдаа заларч байлаа
Хэлэхийн аргагүй алдар гавъяатай гээд
Хэмжээлшгүй ихээр шагнаж соёрхов
Хэлж барих юу байна гээд хаан асуув аа
Мулан надад хэргэм цол хэрэггүй ээ
Мянган газрыг товчилдог тэмээгээ өгөөч
Ар гэртээ очиж
Аав ээжтэйгээ уулзъя гэнэм...
Охин минь ирж байна гэж сонсоод
Өргөөнөөсөө гарч угтав аа
Эгч ирж байна гээд
Охид биеэ засаж гоёцгооно
Мах шөл бэлдэнэ гээд
Манай дүү нар гүйлдэнэ
Өрөө гэртээ орж
Ор ширээн дээрээ суув аа
Хуяг дуулгаа тайлаад
Хувцас хунараа өмсөв
Цонх харуулдаж үс гэзгээ янзаллаа
Толь харж чимэглэсэн цэцгээр гоёлоо
Хаалгаар гарч галын нөхөдтэйгээ уулзваа
Харж гайхсаар галын нөхөд ухаан алдав
Арван хоёр жил хамт явлаа гэнэ
Андыгаа харин мэдсэнгүй гэнэ ээ
Эр туулай хөлөө хойш тийрнэ
Эм туулай нүдээ аньдаг хэмээмүй
Хамт гүйсэн хоёр туулайг
Харж байгаад яаж ч мэдэх билээ.  
“Монголын эртний түүх” “Сяньби “ дэд дэвтрээс



1.02.2019

Сяньби нар анх хаан цол хэрэглэсэн нь


Төв Азийн нүүдэлчид дотроос сяньби нар хамгийн анх хаан цолыг хэрэглэж эхэлсэн нь нэгэнт тодорхой болоод байна. К.Ширатори “Хаан ба хатан цолны судалгаа” өгүүлэлдээ “ Табгачийн Вэй улсын хаад хаан цолыг хэрэглэж байсныг батлах баримт “Вэй улсын судар”-т тэмдэглэгдэн үлдсэн байна гэж үзсэн бөгөөд хожим “Вэй улсын судар”-ыг бичихдээ хуанди хэмээн сольж бичсэн ажээ. “Вэй улсын судар”-т Табшач Ливэй-гийн хүү Шамохань-ий хань нь хаан гэсэн үг мөн хэмээн К.Ширатори үзжээ.  Харин И.Д. Рахевильз, А.Вовин нар Хүннүгийн Үжүлю шаньюйн үед зүүн сэцэн ван дараалан нас барсанд, цолонд барцад тохиов хэмээн “сэцэн” цолыг халж, оронд нь “хуюй” цол бий болгосон нь хожмын хаан цолны үүсэл болсон гэж үздэг. Гэхдээ төрийн тэргүүнээ хаан гэж нэрлэсэн нь Сяньбийн үетэй холбогдоно.

“Зинь улсын судар”-ын 125-р бүлэг “Цифү Гожэний намтар”-т цифү зэрэг сяньбийн 4 аймаг говийн араас Иньшань уул руу нүүж явах замд нэгэн аварга хорхой тааралдаж байгааг өгүүлдэг. “Тэд тахилга өргөөд сайн савдаг бол зам нээж өг. Муу савдаг бол зам битүүр хэмээсэнд даруй алга болж,нэгэн нялх хүүхэд болон хувирчээ. Цифү аймгийн нэгэн хүүхэдгүй өвгөн үрчлэн авч, Хэгань хэмээн нэрлэсэн байна. Хэгань арваад настай байхдаа морь унаж, харваж намнахдаа гарамгай, 500 жингийн нум татах болсонд 4 аймаг нийтээр түүний баатар дайчныг бишрэн ноёлогч эзнээр сонгон, цифү хаган Тодо мохэ гэж нэрлэв. Тодо гэдэг нь савдаг ч биш, хүн ч биш гэсэн үг ажээ” Энэ мэдээ цифү сяньбичүүд Иншань ууланд нүүж ирсэн 265-274 оны үед холбогдоно. Төрийн тэргүүнээ хаан хэмээн нэрлэсэн хамгийн эртний мэдээ гэж үзэж болох бөгөөд  Сяньбичүүд төрийн тэргүүнээ хаан гэж нэрлэж байсныг нотолдог.

Табгачийн Умард Вэй улс төрийн тэргүүнээ хаан гэж нэрлэдэг байсан ч “Вэй улсын судар”-т хятадын уламжлалт нэр хуанди гэж сольж бичсэн байдаг нь батлагдсан. Түгүхүнь сяньби нар төрийн тэргүүнээ хаан хэмээдэг байсан ч сурвалжид тэмдэглэгдсэн нь нэлээн хожуу үед холбогдоно. “Вэй улсын судар”-ын “Түгүхүний шастир”-т “Куалюй өөрийгөө анх удаа хаан (кэхань) хэмээн өргөмжилж, Хөхнуурас баруунш 15 ли газарт буй Фуци хотод суув. Хот суурин байвч суухгүй эсгий гэрт байнга амьдарч, ус өвс даган малжина.  Тэдний газар нутаг нь зүүнээс баруунш 3000 ли, урдаас хойшоо 1000 ли хүрнэ. Ноёд түшмэдийн ван, гүн, пүшэ, шаншу, ланзян, жанжин гэх мэтийн цол хэргэм бий. Өөрийн эхнэрээ кэзунь (хатун) хэмээн нэрлэх болсон” гэжээ.

Хүннүгийн шаньюй өргөмлөх ёслолын талаар сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн зүйл байхгүй бол харин Сяньбийн тоба нарын хаанд ширээнд өргөмжлөх ёслол нь хожмын молголчуудтай маш адилхан байжээ. Энэ талаар сурвалжид “532 оны шар хулгана өдөр Сяо Уди хаан Лоян хотын зүүн дүүргийн гадна ширээнд суув. Дай улсын хуучин ёсыг хэрэглэн хар эсгийг долоон хүнд бариулав. Тэдний дунд Гао Хуань байв. Эзэн хаан эсгий дээр хойд зүгт хандан тэнгэрт мөргөв” гэж дурджээ. Чингис хаан болон Хайсан хүлэг хааныг өргөмжлөхдөө алтан ургийн долоон хүн хар эсгий (Хайсан хааныг цагаан эсгий дээр) дээр залж ёслол үйлдсэн байдаг.