11.16.2018

Дунхугийн үргэлжлэл Ухуань


Хүннүд цохигдсон Дунху нарын гол мөхлөг Сяньби болон Ухуань нар Хянганы уулс тийш шилжин суурьшиж, Хүннүгийн ханлиг хэлбэрээр оршин байсан бол үлдсэн аймгууд нь Хүннүд уусан оджээ.

“Ухуань бол уг нь уг нь Дунху юм. Хань улсын эхэнд Хүннүгийн Модунь шаньюй эзэмшил нутгийг нь мөхөөж, үлдсэн хүмүүс нь Ухуань ууланд сууснаар ийнхүү нэрлэгдэх болжээ” хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Сурвалжид “ухуаньчууд  дайн тулаанд үхэхийг эрхэм үйлс хэмээнэ. Үхэгсдээ авсанд хийж, уйлж шаналан, дуу бүжгээр үдэн оршуулна. Нэгэн нохойг бордон тэжээж, өнгийн утсаар уяж, талийгаачийн эдэлж байсан хүлэг морь, хувцас хунарыг цөмийг нь шатаана. Тэдний хэлэх нь үхэгсдийн сүнсийг нохойд даатган, Улаан ууланд удирдан оруулна. Улаан уул нь Ляодуны баруун хойно хэдэн мянганы газарт байдаг” хэмээн тэмдэглэсний Улаан уул гэдэг нь судлаачдын анхаарлыг эртнээс татсаар ирсэн. Ухуань гэдэг монгол хэлний улаан гэсэн утгатай үг хэмэээн үзэх үндэслэлтэй аж.

“Хожуу Хань улсын судар”-ын “Ухуаний шастир”-т; “хүлэг морь унах, харвах намнахдаа гарамгай, ан гөрөө хийж аж төрнө. Өвс усны сайныг дагаж мал маллана. Орон сууц нь тогтворгүй, эсгий дугуй майхнаар гэр хийж, дорно зүг хандуулан барина. Мах идэж цэгээ уун, арьс ноосоор хувцас хийнэ. Залууг хүндэтгэн, өтгөс өвгөдөө үл тооно. Зоригтой бөгөөд хэрэг маргааныг таслах чадвартай хүнийг их ахлагч болгоно. Үе дамжин залгасан ажил үйл гэж байхгүй. Хот айл болгон бага удирдагчтай. Харин хэдэн зуу, эсвэл хэдэн мянган айл нийлж нэг аймаг болно. Ахлагч дуудахдаа мод сийлж, захидал болгон илгээнэ. Хэдийгээр бичиг үсэг байхгүй ч аймаг олон нь түүнийг зүрхлэн зөрчихгүй. Овгийн нэр тогтворгүй, ахлагчийнхаа нэрээр нэрлэнэ. Ахлагчаас доош тус тусдаа малаа маллан аж төрнө, бие биенээрээ туслуулдаггүй.

Хүргэн хүмүүн,  эмийн гэрт 2 жил хүч өгвөл, эмийн гэрээс сая бэлэг сэлттэй, малжих нутагт нь хүргэж өгнө. Эцэг эх нь үхвэл хойд эхээ авч, бэргэнтэйгээ залган сууна. Хэрвээ бэргэнтэйгээ залган суух үгүй болбоос өөрийн хөвүүнд өгнө. Дахивал авга нар нь залган сууж, үхсэний хойно анхны эрийн гэрт буцаана.  Арга бодлогоо эхнэрүүдтэйгээ ямагт зөвлөлдөнө. Дайтах найрамдах асуудлыг гагцхүү өөрөө шийднэ. Эцэг хүүхэд, эр эм өөд өөдөөсөө харан сөхрөн сууна. Мулзан толгойг ая тух хэмээнэ. Бүсгүй хүмүүн харьд  мордохын цагт гэзэг үсээ чимж, шанхлан ороож, хатгамал хатган, алт хашаар чимсэн гоузюэ өмсөх нь Дундад улсын эхнэр, бүсгүйн толгойн засал өмсгөл гобуяотой адил. Эмэгтэйчүүд нь арьсан гуталд хатгамал хатган хээ угалз гаргаж, эсгий даавуу нэхнэ. Эрчүүд нь нум сум, эмээл чөдөр хийж, алт төмрийг давтан зэвсэг үйлдэнэ” гэх зэргээр ухуаний зан заншил, аж ахуйн талаар тэмдэглэн үлдээжээ. Эдгээрээс харахад Ухуаньчуудын эрхлэх аж ахуй, хөдөлмөрийн хуваарь, амьдралын хэв шинж нь хожмын Монголчуудынхтай адилхан харагдана.

Ухуаньчууд Ухуань ууланд очиж сууснаас хойш баруун зүүн Хань улсын үед хоёр удаа урагш нүүдэллэжээ. НТӨ 119 онд Хань улсын Уди хааны үед буюу Хүннү Хань улсын дайны ид үед  Ханьгийн Хо Цюйбин жанжин Хүннүгийн зүүн сэцэн ванг довтолж ялаад, Ухуанийг Шангу, Юйян, Юбэйпин, Ляоси, Ляодун 5 тойргийн гадна суулгаж Хүннүгийн хөдөлгөөнийг тандаж байхыг даалгажээ. Ухуаньчуудын толгойлогчийг Ухуанийг хамгаалах сяовэй түмшэл хэмээн өргөмжилж,  тамга тэмдэгтэй болгож, цалин пүнлүү олгож эхэлжээ.

Ухуаньчууд Жао Ди (НТӨ 86-73 он) хааны үед аажмаар хүчирхэгжиж, хүннү нарт дургүйцлээ илэрхийлэн, хүннүгийн шаньюйн онгоныг тонож байв.  Хүннүгийн шаньюй ихэд хилэгнэн Ухуань нарыг довтлон цохисон бөгөөд Хань улсын 20000 цэрэг Ляодунгаас хөдөлсөн боловч  Хүннү нар гэдрэг буцсан байв. Ханьгийн жанжин Хүннү нар нэгэнт буцсаныг мээдмэгц хүчин суларсан Ухуаньчуудыг довтолж, 6000 хүн болон 3 ванг алжээ. Үүний хариуд Ухуаньчууд Южоуг довтолж, дээрэмдсэн байна. НТӨ 71 онд Ухуаньчууд хүннүг зүүн талаас нь довтолсон бол усуньчууд баруун талаас нь, Динлинчүүд умараас нь довтолж Хүннүд их хохирол учруулсан гэдэг.

НТӨ 5 онд Ухуаний нэг ноён Хүннүгийн зүүн өмнөд нутагт довтлон олон тооны мал, их хэмжээний эд зүйл олзлон буцсанд Үжүлю шаньюй түүнийг нэхэн цохиж, эд зүйлээ эргүүлэн аваад зогсохгүй хүүг нь барьцаанд байлгахаар болгожээ.
НТ 9 онд Ван Ман өөрийгөө хаанд өргөмжлөн Хань төрийг халж, Синь улсыг байгуулсан ба ухуаньчуудыг хүннүд татвар өгч болохгүй хэмээн мэдэгджээ. Хүннү нар татвар авах гэхэд Ухуаньчууд Хүннүд татвар төлж болохгүй хааны зарлиг бий гэв. Хүннүгийн элч ихэд уурлан ахлагчийг нь алахад, Ухуаьнчууд хүннүгийн элч, дагагчдыг нь алжээ. Шаньюй үүнийг сонсоод Зүүн сэцэн вангаар Ухуанийг довтлуулан 1000 гаруй эмэгтэйчүүд, хүүхдийг олзлон авч явав. Ухуаний ванд арьс ширээ авчраад сольж ав гэж хэлүүлжээ. Ухуаньчууд татвараа авч очсон ч хүннү нар барьцааны хүмүүсийг нь явуулаагүй аж.

Хүннүгийн цэрэг Синь улсын умард хилийг эрчимтэй довтлох болсонд, хүннүг дайлах цэрэгт Ухуань, Динлин нарыг дайчлан Дай тойрогт суулгажээ. Тэдний эхнэр  хүүхдийг хилийн дотор суулган барьцаанд авсан байна. Ухуаньчууд  нутаг буцахыг хэд хэдэн  удаа гуйсан ч Ван Ман зөвшөөрсөнгүй. Тиймээс ухуаньчууд өөрсдөө оргон нүүсэнд Ван Ман эхнэр хүүхдүүдийг нь алсан ажээ. Ван Манд өсөлсөн Ухуаний удирдагчдад Хүннү нар цол хэргэм шагнаж, өөрсдөдөө  татах болов. Удалгүй Ван Маны засаг унаж, Зүүн Хань улс байгуулагдсан ч Хүннү, Ухуаний довтолгоо үргэлжилсэн хэвээр байв. НТ 25 онд Хүннү, Ухуань нарын цэрэг нэгдэн Дай тойргоос зүүн тийшх хилийг уулгалан дайрчээ. НТ 45 онд Хань улсын цэрэг Ухуаний довтолгоог отолтонд оруулах оролдлого хийсэн ч амжилтгүй болж, Ухуаньчууд ухарсан байна. Хань улсын цэрэг хойноос нь хөөж зуугаад хүнийг алсан боловч буцах замд нь Ухуаньчууд довтолж, Ханьгийн цэрэг өдөр шөнөгүй зугтаасаар санд мэнд хилийн харуулаар буцаж орсон байна. Энэ байлдаанд Хань улс 1000 орчим морьдоо алдсан гэдэг.

НТ 46 онд Хүннүд язгууртнуудын тэмцэл газар авч, хүчин доройтсныг ашиглан Ухуаньчууд Хүннүд цохилт өгч Хүннү нар умард зүг хэдэн мянган ли газар ухарч, говийн өмнөд хэсэг хоосорсон хэмээн сурвалжид тэмдэглэжээ.
НТ 49 онд Ляосигийн Ухуаний толгойлогч Хэдань 922 албат иргэдээ дагуулан Хань улсыг дагахаа илэрхийлэв. Ухуаньчууд улмаар Хань улсын умард хилийг сахих болж, Хань улстай хамтран Хүннү, Сяньбийг довтлох боллоо.

“Хожуу Хань улсын судар”-ын “Өмнөд хүннүгийн шастир”-т тэмдэглэснээр  НТ  76 онд өмнөд Хүннүгийн шаньюйн хүсэлтээр Ухуаньчууд хилээс  гарч, Гаолинь ванг довтолж, хэдэн зуун хүнийг алж, 4000 хүн олзолсон байна. Умард хүннүг  НТ 87 онд Сяньбичууд довтлон шаньюй алагдаж, томоохон ялагдал хүлээснийг далимдуулж, НТ 88-93 онд болсон өмнөд Хүннү, Сяньби, Хань улсын довтолгоонд Ухуаньчууд оролцож байсан байна.

109 оны намар Яньмэн тойргийн Ухуаний ван Ухэ, Сяньбийн толгойлогч Чюлунь нар өмнөд Хүннүгийн гудухоутай нийлэн 7000 цэргийн хүчээр Уюанийг довтлон Хань улсад ихээхэн хохирол учруулсан байна. Гэвч Хань улс томоохон цэргийн хүч илгээхэд Ухэ бууж өгч, Сяньби нар хилээс гарч оджээ.

135 онд Ухуаньчууд Юньжунийг довтолж, 1000 илүү тэрэг, үхэр олзлон буцжээ. 140 онд Ухуаны толгойлогч Азян, Цяньцюй нар өмнөд Хүннүгийн зүүн гарын Гоулун Усытэй нийлж бослого гаргасан боловч дарагдсан байна. 155-157 онд Шофаны ухуаньчууд бослого гаргасан ч мөн л дарагджээ. НТ 166 онд Ухуаньчууд Сяньби болон өмнөд Хүннүтэй нийлж, Хань улсын умард хилийн 9 тойргийг ихэд сүйтгэжээ.

187 онд Жуншань тойргийн захирагч Жан Чунь бослого гаргаж, Ляосигийн Ухуаньд очин сууж, өөрийгөө Тянь-Андин ван өргөмжлөн, аажмаар олон тойргийн Ухуаньчуудын толгойлогч болж Хань улсад ихэд хохирол учруулах болов. Хань улс их хэмжээний шагнал зарлан байж, түүнийг алуулснаар умар хилийн мужууд нь амгалан болов гэдэг.

192-193 оны үед Ухуаний толгойлогч Цюйлизю үхэж, түүний хүү Лоубань нас балчир тул дүү Тадунь өргөмжлөгдөв. Тадунь нийт 3 аймгийг захирдаг бөгөөд түүнийг дуулгавартай дагана. 196 онд Зижоу мужийн захирагч Юань Шао болон жанжин Гунсунь Зань нар хоорондоо тэмцэлдэн Тадуний дэмжлэгтэй Юань Шао ялжээ. Дараа нь Шангугийн Ухуаний толгойлогч Наньлоу болон Ляодуны Ухуаний толгойлогч Супуянь нар Лоубанийг шаньюй өргөмжилж, Тадунийг ван болгосон бөгөөд тэрээр дотоод асуудлыг нь давхар хариуцаж байна. Ийнхүү Ухуаний вангууд хоорондоо нэгдснээр хүчирхэг боллоо. 

Энэ үед Юань Шао, Юань Шан нар Цао Цаод ялагдаад Ухуань руу зугтан, Тадуны өмгөөлөлд оржээ. Мөн Хань улсын дотоод үймээний улмаас Южоу, Зижоу тойргийн ноёд 100000 өрхөө дагуулан Ухуаньд очсноор Ухуань улам хүчирхэгжив. Ийнхүү Цао Цаогийн дайснууд Тадунийг тойрон цугларах болсонд 207 онд Цао Цао өөрийн биеэр цэрэг авч Ухуанийг довтлон, Тадунийг ялж, түүнийг хороосон төдийгүй 20000 гаруй хүнийг устгасан байна. Юань Шан, Лоубань, Уянь нарын Ухуаний вангууд бүгд Ляодун руу зугтаан очиход тойргийн захирагч Гунсунь Кан бүгдийг нь цаазалсан ажээ. Ухуаний үлдсэн хүн амыг дундад улсад тараан суулгасан байна. Үүнээс хойш ухуаньчууд дахин сэргэж, сэхэл авч чадаагүй бөгөөд бүс нутгийн түүхэнд нөлөөтэй байхаа больжээ. Гэвч хожим хүртэл Ухуаньчууд ямар нэг хэмжээгээр түүхэнд нэр дурьдагдсаар байсан билээ.

Ухуаний Тадуний талаар “Хожуу Хань улсын судар”-ын Ухуань Сяньбийн шастирт;
“Лин Ди, сянь Диний үед хоёр хулгай (Ухуань, Сяньби хоёрыг хэлж байна) ээлжлэн хүчирхэгжиж байв. Эрэлхээг Таньшихуай шаньюй бүх газрыг эзээлсэн бол догшин Тадунь Ляосигийн газрыг эзээлсэн. Тэд Дундад улсыг зайдлан унав” гэж тэмдэглэсэн байдаг.  

No comments:

Post a Comment