10.01.2018

Увэй шаньюй


Ижиси шаньюй 13 жил хаанчлаад НТӨ 114 онд нас барж, түүний хүү Увэй залгамжлан шаньюй болов. Увэй шаньюй аядуу зөөлөн боловч ухаалаг бодлого явуулж, Ханьгийн цэрэгтэй тулгарсан томоохон байлдаанаас зайлсхийж, Хүннүг цэрэг стратегийн хувьд дахин хүчирхэг болгоход гол анхаарлаа хандуулж байлаа. 

Ханьгийн 5000 цэрэг Зюйюанаас гарч 2000 газар яваад, Фү Жүжин худаг хүртэл явав. Дараа нь бас Ханьгийн 10000 цэрэг Линжүнээс гарч хэдэн мянган газар явж, Хүн гол хүрсэн ч аль аль нь нэг ч хүннү хүний бараа харалгүй буцжээ. 

НТӨ 110 онд Уди хаан 180000 цэрэгтэй хил дээр ирээд Хүннүд элч илгээж: “Өмнөд Юэ-гийн вангийн толгойг Хань улсын умард хаалганд өлгөв. Шаньюй Ханьтай одоо байлдана гэвэл хаан хил дээр цэрэгтэйгээ хүлээж байна. Шаньюй чадахгүй бол өмнөд Хань улсад дагагтун. Хол зайлах хэрэг юун. Хөлдүү хүйтэн өвс усгүй хойд зүгт юугаа хийнэм” хэмээн ихэмсэг үг хэлүүлжээ.

Увэй шаньюй ихэд уурлан Го Жифэн элчийг хорьжээ. Гэсэн хэдий ч хил хязгаарт халдсангүй. Харин дайчид болон агт морьдоо амраан, харваж намнахад сургаж, олон удаа Ханьд улсад элч зарж, энх ураг тогтооё гэж хэлүүлж байжээ. Иймээс НТӨ 112 он хүртэл Хань улсын хил хязгаарт нэг ч удаа халдаагүй байна.

Хүннүгийн довтолгоо суларсан энэ үеийг ашиглан Хань улс өмнө болон зүүн зүг довтлон газар нутгаа өргөтгөх бодлого явуулж байв. Баруун бүс нутагт Хань улс нөлөөгөө бэхжүүлж, Юэжи, Дасятай холбоо тогтоон, Усуньтай ураг барилдан гүнжээ илгээжээ.

Хань улс “Хүннүгийн хүч чадал буурав, дагуулж болно” хэмээн бодож НЭӨ 110 онд Янсиныг элчээр илгээн: “Энх ураг баридья гэвэл шаньюй хөвгүүнээ Хань улсад барьцаанд явуулах хэрэгтэй” гэв. Шаньюй хариуд нь: “ Хуучин гэрээ бус. Хуучин гэрээгээр бол Хань улс гүнжээ өгдөг. Торго дурдан, амуу хүнс, эд агуурсаа барин, энх ураг болдог. Тэгээд Хүннүгээс Хань улсын хил хязгаарыг үймүүлэхгүй. Одоо өмнөхийг цуцалж, миний хөвгүүнийг барьцаанд авна гэдэг ёсгүй хэрэг” гэв.

Увэй шаньюй Ханьгийн нийслэл Чананьд очиж гэрээ байгуулах тухай яригдаж байсан ч хүннүгийн итгэлтэй элч Хань улсад үхсэнийг далимдуулан, “Хүннүгийн итгэл хүндтэй элчийг Хань улс алав” хэмээн хүннүгийн хэдэн мянган цэрэг Ханьгийн хилд довтолжээ. Увэй шаньюй НТӨ 105 онд нас баржээ.  

“Монголын эртний түүх” Тэргүүн боть “Хүннү” номноос

No comments:

Post a Comment