11.10.2017

Дархадын цэнхэр хотгор

Цагаан бөлбөө буюу бадамлянхуа нь тогтмол нуур цөөрмийн усанд өглөө дэлбээгээ нээж орой нь хумьдаг, Монгол орны улаан номд бүртгэгдсэн нэн ховор олон наст цэцэг. Монголчууд мөн Усан хатан хаан хэмээн өргөмжлөн, хиргүй тунгалагийг билэгдэн соёмбо үсгийнхээ доор залсаар ирсэн билээ. Нуурын усан дотор ургаж, нуурын мандалд дэлбээлдэг эл цэцэг Их нууруудын хотгорын Хар ус нуур, Идэрийн голын хөндийн нэгэн жижигхэн нуур, Дархадын хотгорын  Цэцэгт нуур гээд л цөөхөн, тун цөөхөн газар гайхамшигаа дэлгэн үзүүлдэг байна. Бид энэ содон цэцгийг харчих санаатай Дархадын хотгорын Цэцэгт нуурыг сонгон, зуны эхэн сард Улаанбаатараас Дархан чиглэлд гарсан юм. Найрамдлын Дархан хотноо хүн хүчээ нэмж, ачаа бараагаа цэгцлэн аялалдаа идэвхийлэн бэлдсээр нэгэн өдрийг барав.

Дархан хотоос яарамгүй гарч цэвэрхэн, цэмцгэр Эрдэнэт хотод тохилог, тавлаг “Gemstone” буудалд тухлан алжаал юугаан тайлж өдрийн хоол зооглон, хотоор зугаалцгааж, Баян-Өндөр хайрханы өвөрт босгосон 22 метр өндөр бурхан багшийн сэрэг дүрийг сонирхон сүсэглэж, өдрийг тун чиг сайхан өнгөрөөн цаашилцгаалаа. Булган хотоор шууд дайраад өнгөрсөнгүй, Хатанбаатар Магсаржавын бунханг зориуд зорьж очсон ч цайвар цэнхэр хаалга нь цоожтой дуулга хэлбэрийн эзгүй бунхан л угтав. Уг нь музей ажиллаж байх болов уу л гэж бодсон юм. Гэхдээ л бунханг тойрч, энэ Монголын төлөө амь хайргүй олон тулаан хийсэн ч нэг ч ялагдаж яваагүй их хүнд хүндэтлгэлээ илэрхийлсээн. Амралт аялал хослуулж яваа манайхан нэг их газар хороохоор шамдсангүй, Булган хотоос холдолгүй  Хан жаргалант уулын өвөрт, Чацартын голын хөвөөнд хоног төөрүүлэхээр бууцгаасан нь хүүхэд багачуудад ихэд таалагдаж байгаа болтой. Амралтын газраар л нэг тарж бутарсан, тоглож хөөрсөн хүүхдүүд. Харин маргаашийн мандах нарнаар Түлүүгийн даваанаа, шинэ өдрийг угтаж, алсын бараа ширтэн зогсоцгоож байлаа. Зарим нь бүр ой руу захлан өнгө өнгөөр алаглах цэцэгсийг бахдан, зураг хөрөгтөө харамгүй цагийг зарцуулсны дараа даваанаас буун, Мэргэн хөтлөөр даван төв замаасаа салж, Уран уулынхаа чанх өмнө арваад км алслагдах Тулга уулын тогоонд өглөөнийхөө цайг ууцгаахаар тухлав. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт багтах эртний галт уулын үлдэгдэл эдгээр бэсрэг уулсыг хүмүүс Уран тогоо гээд л нэг уул мэт ойлгох нь элбэг. 
Гэвч Тулга, Тогоо, Жалавч, Уран гээд л бүгд өөр өөрийн өвөрмөц хэлбэр хэмжээтэй өөр өөр уулс. Бидний цайлсан Тулга уулын тогоо нь гурван газраараа сэтэрч тулгын гурван чулуу мэт хэлбэртэй болсон бол зэрэгцээ Тогоо уул нь амсар нь сэтрээгүй бүтэн, хонин тогоо мэт содон. Тогоо уулын баруунтаа Жалавч уул байх ба ганцхан газраар сэтэрчээ. Эдгээр уулсыг 20000-25000 жилийн өмнө унтарсан галт уулс гэх. Тулга уулын тогоон дотор элдэв содон сэнж бүхий хад чулуу элбэгээс гадна түүхийн дурсгалт хөшөө, тахилын байгууламж бас цөөнгүй харагдана. Тулга уулнаас Тогоо уулын тогоо руу өнгийхийн тул чамгүй хөөрхөн алхалт хийсэн бид энэ хавьдаа үд өнгөрөөлөө.
Сайхан бүхнийг харах гэж чамгүй ядарцгаасан ч цаашлах замаа хөөж, хүрмэн чулуун хавцлаар урсан өнгөрөх Сэлэнгэ мөрний цутгал Хануй голыг гүүрээр гарч энэ өдрийн эцсийн цэг, Шарга нуур луу шууд салж болох байсан ч Баян-Агт сумын төвд дугуй янзлуулах хэрэг гарсан тул сум руу зорьж, ажлаа амжуулангаа үзэж, харсан сумдынхаа тоог нэгээр нэмэв. Эндээс Шарга нуур маань баруун өмнө зүгт арав гаран км зайтай. Бид шуугиулсаар нуурын эрэгт хур бороо дагуулсаар л буусан даа. Шингэх нарны туяанд шувуудын шулганалдах чимээг даран, жаргалтайяа баясах манайхны инээд цалгиан дунд өнгөрөөсөн Шарга нуурын дэргэдэх тэр нэгэн үдэш энэ аялалын бас нэг чимэг байсан.

Өглөөний цай сайхан байлаа. Нуур хөвөөлж хэсэг алхлаа. Багачууд ч босож цааш аялахад бэлэн болжээ. Шарга нуурын хойд эргээр түүхийн дурсгалууд, хиргэсүүр их элбэг юм. Голдуу тахил тайлгын зориулалттай, эд өлгийн зүйлс ховор гардаг гэдэг утгаараа ухаж төнхөөгүй үлдсэн болтой.Бид Залаатаар давлаа. Залаат бол Хөвсгөл, Булган аймгийг зааглан сүндэрлэх ДТД 1900м өндөрт орших сүрлэг даваа. Даваа уруудаад л 20 гаруй км давхиад,  саатах юмгүй Рашаант сум хүрнэ. Хуучны Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошууны нутаг, рашаан усаар элбэг арвин гэх энэ суманд сайхан сэгсэрсэн цуйван шажигнуулчихаад хойш хөдөллөө. Бид арай намыг нь бодож Тариатаар давалгүй Хамар даваагаар даван Сэлэнгэ мөрний хөндий рүү орсон юм. Олон жилийн өмнө Мөрөн талаасаа нэг удаа Тариатын даваагаар давж билээ. Манантай сэрүүхэн өдөр ч таарсан, уул үүл нь нийлсэн мөн ч сүртэй байсан шүү. Даваанаас их мөрөн хүртэл олон янз өнгө төрх, уул ус, элст манхан, мод ургамал гээд л үзэсгэлэнтэй, харууштай сэтгэл татам байгаль дундуур л давхина. Сэлэнгэ мөрнөө хөвдөг гүүрээр гарч, 5 км яваад л төв замтай нийлнэ.
Мөрөн хотод  хальт дэлгүүр ороод л шууд Хатгал чиглэн хөдөлж, өглөө Булган аймгийн Шарга нуурын эрэгт байсан бид, орой нь Цахир толгойн өвөрт, цалгилан долгилох далай ээжийн дэргэд, гэр буудалд тухалсан байлаа.  Бидний очих үетэй зэрэгцэн Монголын минь ганц хөлөг онгоц “Сүхбаатар” зуны гараандаа бэлтгэн энэ жилийн анхны аялалаа хийж байсан тул энэ завшааныг ч бид алдсангүй, далай ээжтэйгээ, дээгүүр нь хоёр цаг гаран хөвж мэндчиллээ. Тасалбар түгээгүүр дээр нэг хөгжилтэй явдал болсон нь хүүхдүүдэд хүүхдийн тасалбар авах гэж томчуудынх нь насыг дарж ядаж байхад, багачууд нь том болох гэж насаа нэмж, зүгээр ч үгүй тасалбар түгээгчтэй өөрсдөө тулж харьцацгаах юм. Зохицуулах гэж бөөн инээдэм болов.
1987 оны зун аав ээжтэйгээ бидний таван хүүхэд анх Хөвсгөл далайн эрэгт ирж шинэхэн ирсэн энэхүү “Сүхбаатар” хөлгөөр Хатгалаас Ханх, Ханхаас Хатгал руу хонон өнжин аялаж байж билээ.  Бараг 30 жилийн дараа өөрсдөө, үр хүүхдүүдээ дагуулан, эжий аавтайгаа аялаж явсан энэ онгоцоор тэр их далайд хөвж явах нь бас л нэг сайхан мэдрэмж.
Далайд ирснийх Жанхай давж нилээд өгсөн, Тойлогт нуур хүрч, их бага хоёр нуурынхаа дунд, саглагар модны сүүдэрт майхан саваа буулган хэд хонохоор төхөөрцгөөлөө. Далайн эргийн хөвөөн дээр хоёр өдөр шинэ загасны шөл уусан шигээ, завиар нааш цааш сүлжин, зугаатай өнгөрөөсөн нь манай хэдэн хүүхдүүдэд ихэд таалагдсан болтой одоо ч дурсан ярина. Сэтгэлд нь хоногшихоос ч аргагүй дээ. Тойлогтоос Ар давхар уулын дэргэдэх Хүслийн хад хүртэл тунгалаг, цэнгэг их далай дээгүүр хөвөхөд талдаа л бараг цаг гаран давхина. Зах хязгааргүй үргэлжлэх Хөвсгөл нуур сэтгэл булаах ч түүнтэй зэрэгцэх шувууд ихээр чуулах, өтгөн мананд дарагдан буй Тойлогт нуур ч бас гайхалтай.
Далай ээжийн дэргэдэх сэтгэлд хоногшсон өдрүүд ард хоцорч, нэгэн тунгалаг өглөө цаашлах замаа хөөлөө. Аялах ч сайхан шүү, спидометрын заалт ихсэх тусам л урд минь шинэ зам, шинэ нутаг. Давааны цаана даваа, уулсын цаана уулс.
Жанхайн даваан дээр тува гаралтай, цаатан отог дээр буун урц юугий нь сонирхон, багацуул цаа буга унан, айж уйлж, инээж хөхөрч,  хэсэг хөгжилдөж аваад ,Хатгалд сааталгүй урагшлан, Өлхөн сайрыг гарч төв замаасаа баруун салж Өрхтийн агуйгаар шагайн, Цагаан чулуутаар дайран, Хөлөртийн уулсын тагаар, Байшинтын даваагаар давж Улаан-Уул сум чиглэв. Өндөр ч,сүрлэг ч даваа юмаа, дээш өгсөх тусам чулуу элбэгшиж, дов сондуул нь олширч бартаатай болж байна шүү. Даваа уруудаад  Торойлог нуураар дамжин, Бэлтэс хүрэхийн өмнө  намгархаг хөрст эрэгтэй, эвгүй том чулуун гарамтай Ар Гялаадын голыг гарсан даа. Цааш харин сааталгүй Бэлтэсийн гол хүрч, гүүрийн дэргэдэх гуанзанд нь нэг сайхан цуйван сэгсэрч өгөөд л алдарт Тоомын даваа өгслөө. Даваанаас алсад Улаан тайгийн уулс үзэсгэлэнтэй хөхрөн харагдана. Бас л сайхан даваа даа. Тоомын даваанаас Өлийн даваа холгүй.
Халхын Автай сайн ханы хүү Цэнгүүн баатар хунтайжын 500 жилийн өмнө босгосон их овооны хоёр талаар дархадын бөө нар 12 овоо бүтээсэн нь өдгөө Дархадын 13 овоо гэх болжээ. Өлийн халзан даваан дээр бас нэг сонирхол татахуйц зүйл байгаа нь “Таныг их Монголын эцэг өвгөдийн алтан бууц Эргүнэ кун угтаж байна” гэсэн Монголчуудын гарал үүсэлтэй холбоотой ганц домог, Эргүнэ кун бол Шишгэдийн хотгор, түүний эх Хөх эрэг, Гун гол мөн хэмээн баталсан дурсгалын самбар юм. Энэ самбарт МЭ 560-аад онд хожуу Түрэгийн үед монгол угсааны нохос, хиян хоёр аймаг одоогийн Ховд аймгийн Баатар хайрханы орчимд түрэгүүдэд цохигдон зугтаж , Алтай Хангайн нурууг орхин явсаар Шишгэдийн хотгор руу ордог ганцхан жим Өлийн даваагаар даван бууж нутагласан хэмээгээд яагаад Эргүнэ кун мөн болох тухай 3 нотолгоо бичжээ.
1207 онд их хааны ууган хүү Зүчи ойн иргэд, хиргис, хорь түмэдийг дагуулахдаа энэ л даваагаар давж явж, бас 1757 онд шадар ван Чингүнжав манж нарт шахагдан ухарч, Өлийн даваанд ирээд, өөрийн цэргүүдээ тарааж, зуугаадхан хүн дагуулан Оросыг зорьсон түүхтэй билээ.  Өлийн давааг тонгойход л Дархадын цэнхэр хотгор, Хорьдол сарьдагийн уулс ын бишрэм үзэмж мэдрэгдэнэ. Даваанаас бууж, бэлд нь хүрэлгүй л өвөл зундаа гялалзаж байдаг Мөнх мөс угтана. Тэгээд Гун гол, сумын төв. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум нь дархад ястан голцуу суурьшсан Улаанбаатар хотоос 950 орчим км алсад орших Дархад, Шишгэдийн хотгорийн гурван сумын нэг. Бид хоноглохоор нэг сайхан зантай дархад айлыг сонгон, хашаанд нь буй илүү байшинд тухаллаа. Сумын төв гэхэд уран зургын галерей л гэсэн үг. Хажууд Хорьдол сарьдаг налайж, хойморт Саяаны уулс дүнхийнэ.
Маргаашийн нарнаар зорьж гарсан Цэцэгт нуур луугаа чиглэлээ. Бахмахын голыг гарч Хурганы нуур, Хулстайн нуурын дэргэд өглөөний цайг уух зуур байгалийн сайхныг л шагшиж сууцгаав. Дээд цагаан нуурынхаа дэргэдүүр өнгөрч, Шишгэдийн голыг хөвдөг гүүрээр гарч, Жаргалан голын хоёр ч салааг гармаар гарснаар Ренчинлхүмбэ суманд ирлээ. Эндээс Цэцэгт нуур чанх хойшоо 45 км. Сумаас хөдлөөд хэсэг  яваад, нэг  хуурай сайр хөндлөн гарч модноосоо цухуйхад л, нөгөө дуунд гардаг уул үүл нь нийлэн харагдах, умрын сайхан хангай байна. Баянгийн нурууны Ар Дархинт уул, Хонин өндөр уулын дундуур урсан гарах Ходон голыг гармаар гарч, Зуслан голын хөвөөнд ирэхэд үд өнгөрч, тэнгэрт цахилгаан цахилж, хур бууж эхэллээ. Нутгийн өвгөнөөр заалган байж Зуслан голоо гараад Цэцэгт нууранд хүрэв. Энэ удаа бидний аз дутаж бөлбөө цэцгээ харж чадаагүй ч, их багасаж байсан Цэцэгт нуур энэ жил усаа нэмжээ. Нутгийнхны Цэцэгт нуур маань дүүрэн устай сайхан байна. Цэцэг нь л харин жаахан оройтож гарах нь гэх яриа бидний сэтгэлийг гонсойлгосонгүй. Харин ч Дархадын хотгорын олон жижиг нуур цөөрөм ширгэж, ором төдий болсныг нүдээрээ харж явсных нэг ч гэсэн нуур нь усаар бялхаж байхыг харах баяртай байлаа. Нуур нь устай байхад цэцгийг нь үзэж амжих байлгүй дээ.
Бадамлянхау цэцгийн дэргэд баясаж, Цэцэгт нуурын эрэгт хэд хонох төлөвлөгөө маань огцом  өөрчлөгдөж хотгор болгондоо нуур, цөөрөм бүхий Дархадын хотгороор тойрч Цагааннуур сум хүрэхээр боллоо. Зуслан гол, Ходон голоо гарч багасаж дундарч байгаа Цойцон нуурын дэргэдүүр өнгөрч Шаргын гол, хөвдөг гүүрийн ард үлдэв. Нэрлэж ч амжихгүй олон ч нуур тааралдлаа. Дархадын хотгор нуур усаар үэнхээр элбэг юм. Хогоргын голоо бас л хөвдөг гүүрээр гарч Тарган нуурын хөвөөгөөр дархадын цагаан адуутай уралдан гишгэсээр Шишгэд голын гүүрэнд тулав. Голоо гарч Доод цагаан нуураа дагаж эмжсээр Цагааннуур суманд ирлээ.  Хуучин Загасны аж ахуй байсан, сум болоод удаагүй энэ жижиг суурин Хармайн голын хөндийд,  Цагаан нуурынхаа эрэгт, байгалийн сайхныг сонгон суурьшжээ. Эндээ хоноглов.
Өглөө нуурын эрэгт хэсэг зураглачхаад  үзэсгэлэнт Цацагт уул,  Тогост уулсын дундуур  давж, Ивэдийн голын гарам дээр саатан нутгийн сайханд автан, хэсэг нүд хужирлав. Хөгийн голын гүүрний орчим хэдэн хором саатаж зогссон нь алсад Тольжгийн боом харагдаж байвч, хадан дээрх сүг зураг нь цөөхөн, олоход төвөгтэй гэж сонссон тул очих уу, болих уу гэж шийдэж ядсаных билээ. Хөг аялгуу нийлүүлэн, шуугин урсах Хөгийн голыг модон гүүрээр гарч Улаан-уул сум руу шууд чиглэлээ. Баруун гар талд Улаан тайга, зүүн гар талд Хорьдол сарьдагийн нуруу, дунд нь бид Дархадын хотгороор гишгэж явна. Энэ үзэмж төгс цэнхэр хотгороор 2 өдөр аялаад, бүтэн тойрчихоод  Улаан-уул сумынхаа сайхан зантай, зочломтгой  айлдаа ирж, ёстой л гэртээ байгаа аятай тухаллаа. Бүр угаалгын машиныг нь авчирч байгаад л тоос шорооноосоо салав. Гэхдээ зарим нь голын ус хавьгүй дээр гээд гол бараадсан даа.
Дархадын цэнхэр хотгор бол ёстой л диваажин юм аа. Хүмүүс Швейцарьтай зүйрлэх. Швейцарьт очиж үзсэн биш. Гэхдээ Австри улсаас Альпийн нурууг давж Итали хүрэх завшаан тохиолдож билээ. Тэр Европын орон зайг Монголтой минь  жишиж болно гэж үү. Бас л давчуу шүү дээ. Монгол минь сайхан, уужим дэлгэр, дутуу юмгүй үзэсгэлэнтэй.  Бөлбөө цэцэгээ харж чадаагүй ч, бараг бүх нуураар сүлжиж явсан манайхан Өлийн халзан даваа, Тоомын даваа гээд л буцлаа. Ар,Дунд, Өвөр Гялаадыг гарч Хөндлөнгийн даваагаар давж Эрхэл нууранд хүрч Улаан толгойн ар шил дээр таньдаг айлдаа бууж, дайлж цайлууллаа. Наадмын бэлэг,хундан цагаан хонио төхөөрч  аваад, Улаан толгойн өвөрт буй Ази тивдээ хамгийн өндөрт тооцогдох 3.40 метр өндөр буган чулуугаар толгойлуулсан 5 буган чулуу, хэд хэдэн дөрвөлжин, дугуй хиргэсүүр бүхий цогцолборыг үзэж сонирхсон юм. Эл цогцолбороос Эрхэл нуур сайхан харагдаж байна. 
Эндээсээ нэг их холдсонгүй Гэзэгт уулын ар биед нөөлөг газар бараадан бууж, шинэ хонины шөл ууцгаан, зарим нэг махассан хүүхэд  үмхсөн өөхөө газар унагаачихаад, авч өгөхийн завдалгүй орь дуу тавин сандрахыг харан, баясаж хоноцгоолоо. 
Бидний хоноглосон газраас Арбулаг сум тийм ч хол биш, сумаар дайрч ус ундаагаа цэнэглэчихээд, төвөөс урагш арваад км-т харагдах Хотгойд түмний шүтээн Цагаан чулуутын овоог зорив. Хотгойдууд алсын бараа харагдац сайтай, наран ээвэр эл газрыг сонгон, шадар ван Чингүнжавыг 1757 онд Бээжинд цаазлуулсных нь дараа эрхий хурууг нь таслан авч, эх нутагт нь авчирч, эр биеийг нь төлөөлүүлэн, мөнгөн хайрцагт хийж , ёслол гүйцээн оршоосон гэдэг. Их гол овоог хавтгай чулуугаар метр гаруй өндөр  өрж, түүн дээрээ дахин багавтар үе бас л чулуугаар босгож, дээр нь модоор дөрвөн талт пирамид хатгаж, монгол гэрийг билэгдэн босгожээ. Их ов
ооноосоо дөрвөн зүг, дөрөв дөрвөн бага чулуун овоотой.
Энэ өндөрлөг газраас алсыг ширтэн зогсоход, их хүмүүний чадварлагаар эхлүүсэн их үйл хэрэг, бас боломжоо дутуу ашигласан байж ч мэдэх түүхэн үйл явдлууд, харамсалтай төгсгөл сэтгэлд буух нь уйтай.
Цагаан чулуутын овооноос урагш Сөртийн хөндий рүү бууж давхисаар Дэлгэр мөрний ар биед Улаан уушиг уулын өвөрт орших өвөрмөц буган хөшөөнүүдийн чуулбар Уушигийн өвөрийн цогцолборт ирлээ. Энд өөр хаана ч байхгүй оройн хэсэгтээ хүний толгойг урнаар дүрсэлсэн буган хөшөө байхаас гадна 3000-4000 жилийн настай ч элэгдэж балраагүй тод хээтэй буган хөшөө ч бий.  Мөрөн хотоос баруун тийш 20 гаруй км-т байх эл газар 15 буган чулуу, олон тооны хиргэсүүр булштай, манай өнө эртний түүхийг хадгалсан содон газруудын нэг.

Энэ өдөр гадаа температур +36 градус зааж байлаа. Дэлгэр мөрний хөвөөн дээр, дэргэж дэрвэж өслөө дөө гэдэг шиг усанд хэсэг сэрүүцэж аваад Мөрөн хот руу шидлээ. Тэнд нэг их саатсангүй, Мөрөн хотын парк, талбайтай нь дөнгөж танилцчихаад, халуунаас зугтаан машиндаа сууж аваад, шинэхэн замаар Тосонцэнгэл, Их уул сумдаар шүргэж, Намнан уулынхаа араар намнасаар Булган нутаг хүрлээ. Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрээр Сэлэнгэ мөрнөө орхихын  өмнө усанд сэрүүцэн хэсэг саатсан. Ёстой нар шарсан, зуны аагим халуун өдөр байлаа. Зам салах биш, үргэлжлүүлэн давхисаар хоноглохоор зорьсон Уран ууландаа ирэв. Хөвсгөл Булган хоёр аймгийг холбосон, төв замын дэргэд шахуу харагдах энэ унтарсан галт уул нь ДТД 1686 метрийн өндөрт орших ба дотроо тогоотой, тогоон дотроо нууртай, хажуу хавирга нь халзан, араараа модтой, үнэхээр үзэсгэлэнтэй, үзүүштэй газар даа. Бид ч хоноод өглөө нь тогоо руу нь авирч, зарим нь ч бүр бууж нуурын уснаас амсав. Эндээс арваад км яваад Мэргэн хөтөл дээр бидний энэ удаагийн аялалын тойрог битүүрч, гэрийн зүг хүлгийн жолоо сунгалаа. Аялах сайхаан.

No comments:

Post a Comment