8.25.2015

Эльтэрес хааны дурсгал

Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс  17 км зайтай  Онгийн голын цутгал Таримал голд нийлдэг Мааньт хэмээх жижиг голын баруун биед орших Мааньт  уулын өвөр хормойд эртний түрэгийн нэгэн томоохон цогцолбор дурсгал байдаг. Үүнийг анх 1891 онд оросын эрдэмтэн  Н.М.Ядринцев  нээн олж  судалжээ.  

Уг дурсгал нь уртаараа 68 м, өргөнөөрөө 48 м хэмжээтэй гонзгой дөрвөлжин шороон хэрэмтэй, зүүн талын ханандаа 3 м өргөн үүдэвстэй, тойрон хүрээлсэн шуудууны оромтой бөгөөд үүнээс зүүн зүгт 980 м зайд 160 гаруй балбал чулуу байх ба энэ дурсгалыг эрдэмтэд Түрэгийн Эльтерес хаан, Ильбилгэ хатан хоёрт зориулан босгосон гэж үздэг.

Гол  хөшөөний дээд нүүрэн талд эртний Түрэгийн овгийн гол билэгдэл янгирын тамгыг сийлж, түрэг бичээсийг дөрвөн талд нь мөр мөрөөр дээрээс доош чиглэлээр сийлжээ.


Онгийн голын түрэг бичээс ч гэж нэрлэгдэх энэхүү дурсгалын ерөнхийй агуулга нь Түрэгийн дээд өвөг Буман хаан дөрвөн зүг, найман зовхисын түмнийг хяхан унагаж  даран сөнөөсөн, мөн захирсан хаанаа хөөн тонилгосон, түрэгийн ард түмэн наран ургах зүүн зүгээс наран шингэх баруун зүг хүртэл тархан суусан, баатар эрс балбал чулууг талбиж Түрэгийн ард түмний алдар мөхөх дөхсөн гэх мэт өгүүлсээр  хонин жилийн долоон сард дээд тэнгэр хүчит баатар хаан халин одож сэцэн тамачыг хөдөөлүүлсэн тухай өгүүлдэг байна.


8.21.2015

Тулга уул


Тулга уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Тогоо, Жалавч уулын дэргэд харин Уран уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галвын үед оргилж байсан галт уул юм.

Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ.Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь далайн төвшнөөс дээш 1540 метрийн өндөрт буй.

Тулга уулын тогоон дотор хүн чулуу, хиргисүүр, дөрвөлжин булш зэрэг түүх соёлын дурсгал ихээр хадгалагдан үлджээ.



Тулга Тогоо Жалавч уулс нь үржил шимт хар хүрэн ба хар шороон тэжээллэг хөрстэй ба хээрийн ба ойт хээрийн бүсийн ургамал ургадаг. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хустай.






Цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтангагнуур, тайжийн жинс, далан түрүү, үхэр гоньд, хунчир, хөвөн оройт зэрэг эмийн болон хүнсний ургамал, хавтуул, хурган засаа, үнэгэн сүүл, хонхон цэцэг, бэр цэцэг, хазаар өвс зэрэг ургамал ургана.











Энэ бүс нутагт хэвлээр явагч могой элбэг тохионо. Хүйтны улиралд эдгээр нь галт уулын гүний дулаан бүлээн илчинд хоргодон ичиж амьдардаг байна.

8.19.2015

Тураг гогой ( Phalacrocorax carbo)

Энэхүү шувуу нь хар бараан зүстэй бөгөөд амьдрах бүсээс шалтгаалан өдний өнгө зүс олон янз байна. 
Биеийн жин 1.5-5.3 кг байх ба биеийн урт 70-102 см, далавчаа дэлгэхэд 121-160 см. Тураг гогой уртавтар сүүлтэй, хоолой хэсэгт шар толботой.
Тэд их өргөн тархжээ. Тэнгис далай болон цэнгэг уст нуур, голоос идэш тэжээл олж иднэ. Хойд зүгийн шувууд нь нүүдэллэн өмнөд зүгт аль загас жараахай элбэгтэй эрэг даган

өвөлждөг.
Төрөл бүрийн загасаар хооллох ба тэр дундаа могой загас их барьж иддэг. Ан хийхдээ дундажаар 20-30 см шумбана. Заримдаа 1 минут гаруй хугацаагаар 10 м гүнд шумбах нь бий. Өдөрт 500 гр орчим загас иддэг байна.
Тураг гогой нь нүдээ хөдөлгөж чаддаг цөөн шувуудын нэг юм.
Хятад болон Япон улсад энэ шувуугаар загас бариулаад гулгиулан гаргаж авдаг аргыг эрт дээр үеэс хэрэглэж байв.
Норвеги улсад үндэсний буудлагын спорт тоглоом болон идэх зорилгоор жил бүр 10,000 орчим тураг гогойг хуулинд заасны дагуу үржлийн бус улиралд агнадаг байна. Мөн Норвегийн хойд зүгийнхэн тосгон болон гэрийнхээ ойр энэ шувуутай таарах нь азтай сайн явдал гэж үздэг ажээ.

8.17.2015

Бийбулагын балгас

Уйгурууд монгол нутагт өөрийн төр улсыг байгуулж явахдаа хэд хэдэн хот суурин байгуулсаны нэг нь Булган аймгийн Хутаг Өндөр сумын төвөөс баруун тийш 10 гаран км зайтай Сэлэнгэ мөрний хөндийд буй эртний Байбалык хотын үлдэгдэл балгас юм.

Түүнийг нутгийн ардууд "Бийбулаг" хэмээн нэрлэж иржээ.

Байбалык хотыг байгуулсан цагаас энд согд, хятад худалдаачид суурьшин сууж байсан ба зөвхөн худалдаачид төдийгүй бас согд номын багш нар ирж, бурхны шашин, мани шашныг номлож, шашны ном уйгур хэлээр орчуулж байжээ. Сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд Байбалык хот тухайн үедээ Төв Азийн соёлын хөгжил цэцэглэлтийн голомт болж байв.

Энэ хотыг 840 оны үед Енисейгээс ирсэн Киргиз аймгийн нүүдэлчид довтлон нурааж уйгурын байгуулсан сүм барилгыг эвдэж, ном судрыг түймэрдэн оджээ.

Эл хотыг үүсгэн байгуулсан тухай Сэлэнгийн чулуу хэмээн алдаршсан Могойн шинэ усны хөшөө буюу Моюнчур хааны гэрэлт хөшөөнд “Сэлэнгэ мөрний эрэгт Байбалык хот байгуулахыг согд табгач нарт даалгалаа, би” хэмээн дурдсан байдаг тул уг хотыг Моюнчур хаан үндэслэсэн гэж үздэг.

Байбалик хотын тухай бичгийн мэдээ энэхэн төдий ба хотын туурийг судлаачид өдий болтол гавьтай судлаагүй байна. Ажиглахад л тус тусдаа барьсан үндсэн гурван шавар хэрэм байх ба хэрмийн хийц нь Архангайн Хар балгасны хэрэмтэй адил шороо дагтаршуулан босгосон байдаг байна.

Хойд талын гол хэрмэнд чулуугаар хийсэн арслангууд байсан нь энэ хавийн газрыг Арслангийн үүд гэж нэрлэх болж. Эндээс олон арслан ийш тийш зөөсний нэг хос нь Үндэсний түүхийн музейд бий гэж үздэг. Энэ бол Байбалык хотод арслан мэт хүндэтгэлийн чимэглэлийг үүдэнд нь тавьдаг орд харш байсны баримт гэж археологич Х.Пэрлээ тэмдэглэжээ.
 монгол нутагт өөрийн төр улсыг байгуулж явахдаа хэд хэдэн хот суурин байгуулсны нэг нь Булган аймгийн Хутаг Өндөр сумынтөвөөс баруун тийш 10 гаран км зайтай Сэлэнгэ мөрний хөндийд буй эртний Байбалык  хотын үлдэгдэл балгас юм. Түүнийг нутгийн ардууд "Бийбулаг" хэмээн нэрлэж иржээ.

Байбалык хотыг байгуулсан  цагаас энд согд, хятад худалдаачид суурьшин сууж байсан ба зөвхөн худалдаачид төдийгүй бас согд номын багш нар ирж, бурхны шашин, мани шашныг номлож, шашны ном уйгур хэлээр орчуулж байжээ. Сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд Байбалык хот тухайн үедээ Төв Азийн соёлын  хөгжилцэцэглэлтийн  голомт болж байв. Энэ хотыг 840 оны үед Енисейгээс ирсэн Киргиз аймгийн нүүдэлчид довтлон нурааж уйгурын байгуулсан сүм барилгыг эвдэж, ном судрыг түймэрдэн оджээ.

Эл хотыг үүсгэн байгуулсан тухай Сэлэнгийн чулуу хэмээн алдаршсан Могойн шинэ усны хөшөө буюу Моюнчур хааны гэрэлт хөшөөнд “Сэлэнгэ мөрний эрэгт Байбалык хот байгуулахыг согд табгач нарт даалгалаа, би”  хэмээн дурдсан байдаг тул уг хотыг Моюнчур хаан үндэслэсэн гэж үздэг.

Байбалик хотын тухай бичгийн мэдээ энэхэн төдий ба хотын туурийг судлаачид өдий болтол гавьтай судлаагүй байна. Ажиглахад л тус тусдаа барьсан үндсэн гурван шавар хэрэм байх ба хэрмийн хийц нь Архангайн Хар балгасны хэрэмтэй адил шороо дагтаршуулан босгосон байдаг байна. Хойд талын гол хэрмэнд чулуугаар хийсэн арслангууд байсан нь энэ хавийн газрыг Арслангийн үүд гэж нэрлэх болж. Эндээс олон арслан ийш тийш зөөсний нэг хос нь Үндэсний түүхийн музейд бий гэж үздэг. Энэ бол Байбалык хотод арслан мэт хүндэтгэлийн чимэглэлийг үүдэнд нь тавьдаг орд харш байсны баримт гэж археологич Х.Пэрлээ тэмдэглэжээ.   


8.05.2015

Уушигийн өвөрийн буган чулуун дурсгал

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун тийш 20 хүрэхгүй км-т Уушигийн өвөр хэмээх сайхан тавиу хөндий,  Дэлгэр мөрний хойд биед дэлхийд ховор буган чулуун дурсгал бий.  

Чулууны энэ урлаг Монголын умард хэсэг, Өмнөд сибирийн тал хээрт МЭӨ 1000-аад жилийн үед амьдарч байсан скифчүүдийн бүтээл бөгөөд  оршуулгын зан үйл, өргөл мөргөлийн зориулалттай бүтээгджээ.  

Буган чулуун хөшөө нь дөрвөн талт гонзгой чулууны оройд  эсрэг харсан хоёр талд нь нэг юмуу хоёр том дугуй,  эсвэл том, жижиг хоёр дугуй дүрс сийлж, түүний доогуур олон жижиг хонхор гарган зааглаад  доош нь бүс хүртэлх голын зайд сүрэг бугыг уран гоёор дүрслэхээс  гадна цөөн тохиолдолд  адуу, гахай, ирвэс, янгир, хүн, загас зэрэг амьтдыг бугатай хамт болон дангаар нь дүрсэлж, бүснээс олон төрлийн зэр зэвсэг зүүж, ойр орчимд нь нум сум, хээ хуар ч сийлсэн  байдаг.

Уушигийн өвөрийн буган чулуун цогцолбор нь төв Азийн өргөн уудам талд тархсан буган чулууд дотроос томоохонд тооцогдох ба энд нийт 15 буган чулуу, тэднийг тойрсон олон хирэгсүүр бий.
Эдгээр буган чулуунуудын гадаргуу дээр баруун, зүүн тийш чиглүүлэн дүүлж яваа бугыг хөшөөний биеийг ороолгож , эсвэл нэг талд нь багтаан дүрсэлснээс гадна зарим хөшөөн дээр ирвэс, гөрөөс зэрэг амьтдыг сийлсэн нь ч бий. Буган чулуун хөшөөнд нийтлэг байдаг хүзүүний зүүлт, нум сум, толь, тагнай хээтэй бамбай, зээтүү, хутга, бүс зэргийг эдгээр хөшөөдөөс харж болно.


Мөн Уушигийн өвөрт өөр хаана  ч байхгүй оройн хэсэгтээ хүний толгойг урнаар дүрсэлсэн буган чулуу байхаас гадна 3000-4000 жилийн настай ч бүдгэрч балраагүй тод хээтэй  буган хөшөө ч бий.