Хярс бол чонынхон овгийн үнэгний төрлийн махан идэштэн багийн хөхтөн амьтан бөгөөд биеийн галбир төрхөөрөө үнэгтэй төстэй боловч харьцангуй жижиг биетэй. Биеийн өнгө хул шаргалдуу саарал, сор үсний үзүүр цагаан тул мөнгөлөг туяатай харагддаг. Сүүл богино үзүүр нь хар.
Өвлийн үс тод улаан шаргал, зуны үс улбар цайвар. Голдуу харуй бүрийгээр явж оготоно зурам мөн шавьжаар хооллоно. Биеийн урт нь 50-60 см, сүүлний урт 25-36 см, чихний урт 6-9 см, биеийн жин 2-3 кг хүрнэ.
Монгол орны ихэнх нутгаар буюу тал хээр, цөлөрхөг хээрийн бүс нутгаар өргөн тархсан. Үнэг нь өндөрлөг, хадархаг, бартаа ихтэй уулсын гуу жалга, эрэг, хөндий газар амьдардаг бол хярс нь цөлөрхөг хээр, хээрийн завсрын шинжтэй тэгш талархаг газрыг шүтэн амьдардаг.
Байршил нутгын хувьд өргөн сонголттой ба тал газар амьдардаг учраас агнуурт их өртдөг. Тэрээр нүх ухах чадваргүй тул тарваганы орхигдсон нүхийг ашигладаг байна. Тэгэхээр тарваганы нүх нь хярс болон бусад нүхэнд орогнодог амьтдын амьдралын таатай орчин бүрдүүлж өгдөг.
Хавар 2 сард орооны үе нь тохиох ба үржлийн үед л хосоороо амьдарч эр нь хээлтэй эмдээ идэш тэжээл цуглуулж өгдөг.Үр төлийг нь зөнжиг гэнэ. Жилд 3-6 зөнжиг гаргана.
No comments:
Post a Comment