5.28.2015

7.Бага хаад – Эсэн хаан

Ойрадын Тогоон тайшийн хүү Эсэн тайш Монголын хаан Тайсун, түүний жонон Агваржин нарыг үгүй хийж  хороосны  дараа өөрөө хаан суухаар бэлтгэлээ базааж эхэлжээ. Тэрээр эхлээд тогтворгүй байдыг ашиглан Мин улсаас довтолж магадгүй хэмээн Мин улсын хилийн дагуу цэрэг суулган сэргийлж  1452 онд монгол ноёдыг цуглуулан чуулж өөртөө захирагдахыг шаарджээ.

Эсэн  алтан ургийн бус тул  хаан ширээнд суух эрхгүйгээс  ихэд болгоомжлон өөрийн хүрээнд 1453 онд хаан залах ёслолыг цомхон хийж  өөрийгөө их Юань улсын тэнгэрлэг Богд хаан хэмээн өргөмжлөн хоёрдугаар хүү Амасанчийгаа тайшаар тохоон томилжээ.

Мин улс руу хаан болсноо мэдэгдэхэд түүнийг зөвхөн Ойрадын хан хэмээн хэлсэн байдаг ба монгол ноёд ч цаагуураа түүнийг алтан ургийнх бус хэмээн дорд үзэх болжээ.  

Тайсун хааны үед монголын нэгдсэн төрийн төлөө шаргуу тэмцэж явсан Эсэн тайш хаан болсныхоо дараа зөвхөн  хувийн явцуу  эрх ашгийг хөөн Ойрадын өшөө хонзонг алтан ургийнхнаас авах бодлого явуулж эхэлжээ.  Тухайлбал урьд ойрад монголын их тулааны өмнө эрүүлд гарч дийлж явсан Шүүстэй баатрыг дүү Олхуйн хамт өөрсдийнх нь сэлмээр цавчиж хороожээ. Мөн Эсэн боржгон овгийнхныг байнга хүйс тэмтрэнэ гэж заналхийлэх болж Тайсун хаан дүү, Агваржин жононгийн ганц хүү  Хархуцаг тайжын хүү Баянмөнхийг  Самар гүнж элдвээр хамгаалж далдасны хүчинд зүүн Монгол руу оргуулж чаджээ.

Энэ мэт Эсэн хааны нэр хүнд олны дунд унахаас гадна шадар туслахуудтайгаа таарамжгүй болж эхлэв.  Олон дайнд хамт оролцож гавъяатан болсон Алагтөмөрийг Эсэн хаан илт нүднээс далд болгож чадахгүй тул  хоёр хүүг нь Хөх нуур луу дайнд явуулаад нэгийг нь очиж явахад нь, нөгөөг нь буцаж ирэх замд нь хороолгуулжээ. 

Үүнийг мэдсэн Алаг төмөр өөрийн цэргийг аван Эсэн рүү гэнэдүүлэн довтолж, дийлдсэн Эсэн хоёр дагуултайгаа зугтаж яваад  Юншээбүү аймгийн нутагт нэг айлаас ус гуйж ороход урьд хилсээр хороож явсан бөх Сорсуны гэр байжээ. Түүний гэргий Эсэнг хазгар явдлаар нь таньж,  хүү Богон түүнийг барьж хороожээ.

Их Монгол улсыг дахин мандуулна  хэмээн монголчуудын тархай бутархай байдлыг хэсэгхэн  халж Тогтох буха Тайсун хааны хамт Мин улстай эрэлхэгээр тулалдан хааныг нь хүртэл олзолж явсан Эсэн төрийг хүчээр булаан авч эргэлт хийн сүүлдээ,  эрх мэдэлдээ ташууран өөрийн атгаг санааны золиос болон 1454 онд амь үрэгджээ.


No comments:

Post a Comment