3.13.2015

Ээж хайрханы домог

Эрт цагт одоогийн Говь-Алтай аймгийн Өлийн давааны бэлд нэгэн гоо бүсгүй амьдран суудаг байжээ. Түүний нүд гялбам үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орноор тархан харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулж гэнэ. Энэ орчмын хамгийн том ноён Бурхан буудай болон Аж богд хоёр ч тус тусдаа бүсгүйг залжээ.
Ингээд сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ч хөл алдан хүлээж авчээ. Тэр үед Бурхан буудай оройдоо жаахан цастай байсанд гоо бүсгүй:
Уг нь сайхан ноён санж даанч хөгширч буурал суусан байна гээд голжээ.
Тэгээд Бурхан буудайг орхин Аж богдод очсон байна.
Харин Аж богд:
Тэр Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таараа гээд Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд Аж богд унтаад өгч гэнэ.
Бүсгүй алинтай нь ч суухаа больё зөвхөн төрсөн нутагтаа өөрийн дураар амьдаръя хэмээн нутаг зүглэж.
Харин Аж богд сэрээд бүсгүйг буцсаныг мэдмэгц:
Хаа яваа газраас нь олоод ир гэж албат нартаа тушаажээ.
Гоо бүсгүй жаахан амрахаар гэдэргээ харж хоёр хөлөө нугалан хэвтээд зүүрмэглэтэл хоёр хормойг нь хүнд юм дарах шиг болжээ. Гайхан харвал Аж богдын илгээсэн албат нар ноёныхоо хүслийг биелүүлэх гэж тулманд хийсэн элс хормой дээр нь шидэж байна гэнэ.
Ингээд явах нь битгий хэл босч чадахгүй болсноо ойлгон:
Уул уултайгаа уулздаггүй харин хүн хүнтэйгээ учирдаг юм шүү. Би одоо хэнтэй ч уулзахгүйгээр ингээд л ганцаараа үүрдийн үүрд хоёр уулын хооронд сүндэрлэж байхаас өөр замгүй гэж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирсан юм санжээ.

No comments:

Post a Comment