11.14.2014

Бүст нуур

Бүст нуур нь Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт 49°07′57.9″N 97°26′28.2″E градусын солбилцолд 22,1 ам дөрвөлжин км талбай эзлэн орших ба , эргэн тойрон модтой уулсаар хүрээлэгдсэн, дундаа том арал уултай, нүүдлийн шувууд цуглардаг, загас элбэг үзэсгэлэнт нуур. Нуурын хойд талаар 1905 оны их газар хөдлөлтөөс үүссэн газрын хагархай дайрч өнгөрдөг.
Хотгойдын Шадар Ван Чингүнжав Манжийн цэрэгтэй байлдаж явахдаа Бүст нуурын оломыг мэддэг учир нуурыг гатлаж нуурын гол дахь ууланд очиж цэргүүдтэйгээ байрлаж байсан ба нуурын нэр, нуурын дундахь Алтан тэвш уулын нэрийг ч шадар ван хайрласан гэх домог бий.
Урьд шадар ван Чингүнжав ховдын цагаан түнгээс гарч орос улсыг зорин манжийн цэргээс зугтаж явахдаа энд хоног тааруулсан гэдэг. Тэгээд өглөө босоход нь анчин гөрөөчнөөс айж үргэсэн ан амьтан нуурын мөсөн дээгүүр сүрэглэн  нуурын дундхи уул руу айсуй харагджээ.
Шадар ван өөрөө ч зугтан явсан тул айсан үргэсэн бүхнийг орогнуулан авардаг  ачтай, тустай нуур юмаа хөөрхий хэмээн бишрээд өөдөө харсан сав гэж алтан тэвшээ дунд ууланд нь булж, товчлуур мөнгөн бүсээ нуурын мөсийг цоолж хийсэн гэдэг. Тэр цагаас л уг нуурыг Бүст нуур, дундах уулыг нь Алтан тэвш хэмээн нэрлэх болжээ.
Мөн тэр үеэс нэгэн сайхан дуу гарч түмэнд түгсэн нь:

Хоноглосонхон газар нь
Ховдын цагаан түнгээ
Ховлоод мордсон цэрэг нь
Хоёр живаа цэрэг
Бүгсэхэн газар нь
Бүстийн дунд уул
Бүслээд мордсон цэрэг нь хоёр живаа цэрэг
Хүчлэнхэн зорьсон газар нь
Хүрмэн тагнын цаахна
Хүрээлэн мордсон цэрэг нь
Хоёр живаа цэрэг
Гурван живаа цэргээ
Дагуулсан ч болоосой
Гургалдай зээрдээ
Унасан ч болоосой  гэх энэ дуу буюу.

No comments:

Post a Comment