11.30.2014

Эзэн хаан Чингис

Чингис хааны, магадгүй амьд байх үеийнх нь гав ганцхан хөрөг зураг эдүгээ Бээжингийн түүхийн музейд, Юань улсын монгол угсааны эзэн хаадыг дүрсэлсэн эртний уран зургийн цуглуулга дотор байдаг юм. Хубилай хааны үндэслэсэн Юань улсын хаад 1279-1368 онд Дундад улсыг захирч байв.

Монголын байлдан дагуулагчийг түүшээр зурсан дэлгэмэл дөрвөлжин торгоны өмнө зогсож ажиглацгаая.

Тэрээр зүүн тийшээ бага зэрэг эргэжээ. Түүний лужир бие голдуу нилээд тарган байдаг орчин үеийн монголчуудын хэв маягт бүрнээ сайн тохирч байна. Эзэгнэгчийн уг нь байсан уян хатан төрхийг он жилүүд илүү хүнд хөшүүн болгон харагдах болов уу?

Махлаг өргөн нүүр, цэмцгэр бөгөөд өндөр хамар сайтар таарч тохирсон юм.Бараг шулуун шахуу хөмсгийн нэг адилаарүс нь бууралтжээ, дээд сахал нь завьжаа халхалж, эрүүний сахал нь хятад хүнийх лугаа адил. Түүний өргөн духыг хээлэн тахирласан үрчлээсийг нь харвал энэ хүнийг тавин настай гэмээр, гэвч зураач зургаа сүрлэг бөгөөд ахимаг болгохыг оролджээ. Улмаар түүнд эртний мэргэдийн урт сахлыг нэмж зурахыг ч бодсон байж болох юм. Он жилээр ухаажиж, туршлага, мэдлэгийн билгэ тэмдэг болсон хүн хятадад ямар их хүндлэл хүлээдэг нь тодорхой шүүдээ.

Тэмүжины өнгөлөг үсээр хийсэн малгай ар шил рүү нь дарж унжжээ, тэр үед нүүдэлчид ингэж өмсдөг байв.

Өнгөц харахад эл зураг нэг их илэрхийлэмтгий биш, гэхдээ хэрэв анхааралтайяа ажиглавал, нүднээс нь маргаангүй нухацтай байдал, захирангуй шинж, өөрөөр хэлбэл чанга хатуу чанар, гүнээ тайван байдлаар илрэх зөөлөн боловч аврага хүч чадлыг олж харж болно.

Энгийн хувцаслаж элдэв гоёл, эрх мэдлийн тэмдэг хэрэглээгүй байгаа нь энэ хүний чадварыг онцлон харуулж байна.


Мишель Хоанг “ Эзэн хаан Чингис” номноос зурвасхан…

Гүрвэл

Гүрвэл бол нарийн урт биетэй, зун цагт хэд дахин гууждаг, хос богихон хөлтэй, урт бөөрөнхий сүүлтэй хэвлээр мөлхөж явдаг хуурай газрын амьтан.

Монгол оронд 13 зүйл гүрвэл бүртгэгдсэн байдаг байна.

Төмөр гүрвэл - Alsophylax pipiens
Говийн махир хуруут гүрвэл - Cyrtopodion elongatus
Пржевальскийн нохой гүрвэл - Teratoscincus przewalskii
Замба гүрвэл - Laudakia stoliczkana
Тойрмын хонин гүрвэл - Phrynocephalus helioscopus
Цоохор хонин гүрвэл - Phrynocephalus versicolor
Монгол гүрвэл - Eremias argus
Толбот гүрвэл - Eremias arguta
Могой гүрвэл - Eremias multiocellata
Загалт гүрвэл - Eremias vermiculata
Гавшгай гүрвэл - Lacerta agilis
Зулзагалагч гүрвэл - Zootoca vivipara

Арваалж

Арваалж нь маш эмзэг аалз. Хүмүүс арваалжны талаар домог мэт зүйлүүд их ярьдаг ч яг үнэндээ бол худлаа байдаг. 

Харахад бие томтой ч гэсэн нарийн ажиглавал бие нь асар их үсээр хучигдсэн байдаг. Энэ нь арваалжийг илүү том харагдуулдаг. 

Урт, сарвагар 4 хос мөч нь түүнийг улам бүр сүртэй харагдуулна. Биеийн урт нь 5см, 4 эвэрлэг зөрсөн хошуутай. Маш хурдан, чийгэнд тэсвэргүй, хуурай орчинд илүү сайн амьдарна. 

Малчид түүнийг нойтон дадуугаар цохиж, эсвэл ус цацаж холдуулдаг. Ерөнхийдөө бол ховор тааралдана. Их халуунд амьдардаг энэхүү аалз нь шөнийн амьдралтай. Шөнө үүрнээсээ гарч ан хийнэ. Түүний хүшуунд ямар нэг хор байхгүй ч гэсэн барьсан амьтнаа жижиглэж иддэг. Жижиг шавьжууд, жижиг сээр нуруутан амьтнаар хооллоно.
                                                                                   

11.17.2014

Туулай

Монгол оронд боролзон, түвд, чандгана, молтогчин гээд олон өрлийн туулайнууд байдаг. Боролзон туулай ойт хээрийн бүсээр нутагладаг. Эм боролзон туулайд бусад ямар ч амьтанд байдаггүй нэгэн сайхан чанар байдаг нь өвсөнд хяраад хэвтчихсэн бүжинтэй тааралвал хэний ч бүжин байсан хамаагүй цадтал хөхүүлдэг байна. Боролзон туулай тарвагны хаясан нүхэнд үүрээ засдаг бол молтогчин туулай газар ухаж үүрээ засдаг.Бүжингээ тусгай зассан өвс ноолууран дээр гаргана. 


Молтогчин туулайн бүжин эхээс төрөхдөө нүцгэн үсгүй, сонсголгүй дөнгөж хөдлөх төдий амьсгаатай байдаг бол борлзон туулайн бүжин нүцгэн биш, хараатай төрөх бөгөөд төрөнгүүтэй гүйж харайж чаддаг байна. Молтогчин туулайн бүжин төрснөөс хойш хоёр долоо хоноод гөлөг шиг нүдээ нээдэг. Молтогчин туулай хэвтэж байгаад бүжингээ хөхүүлэх ба боролзон туулай шиг хэзээ ч бусдын бүжинг хөхүүлэхгүй. Гэхдээ боролзон туулай молтогчин туулай шиг өдрийн хэдэн удаа бүжингээ хөхүүлдэггүй гэнэ.

11.14.2014

Бүст нуур

Бүст нуур нь Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт 49°07′57.9″N 97°26′28.2″E градусын солбилцолд 22,1 ам дөрвөлжин км талбай эзлэн орших ба , эргэн тойрон модтой уулсаар хүрээлэгдсэн, дундаа том арал уултай, нүүдлийн шувууд цуглардаг, загас элбэг үзэсгэлэнт нуур. Нуурын хойд талаар 1905 оны их газар хөдлөлтөөс үүссэн газрын хагархай дайрч өнгөрдөг.
Хотгойдын Шадар Ван Чингүнжав Манжийн цэрэгтэй байлдаж явахдаа Бүст нуурын оломыг мэддэг учир нуурыг гатлаж нуурын гол дахь ууланд очиж цэргүүдтэйгээ байрлаж байсан ба нуурын нэр, нуурын дундахь Алтан тэвш уулын нэрийг ч шадар ван хайрласан гэх домог бий.
Урьд шадар ван Чингүнжав ховдын цагаан түнгээс гарч орос улсыг зорин манжийн цэргээс зугтаж явахдаа энд хоног тааруулсан гэдэг. Тэгээд өглөө босоход нь анчин гөрөөчнөөс айж үргэсэн ан амьтан нуурын мөсөн дээгүүр сүрэглэн  нуурын дундхи уул руу айсуй харагджээ.
Шадар ван өөрөө ч зугтан явсан тул айсан үргэсэн бүхнийг орогнуулан авардаг  ачтай, тустай нуур юмаа хөөрхий хэмээн бишрээд өөдөө харсан сав гэж алтан тэвшээ дунд ууланд нь булж, товчлуур мөнгөн бүсээ нуурын мөсийг цоолж хийсэн гэдэг. Тэр цагаас л уг нуурыг Бүст нуур, дундах уулыг нь Алтан тэвш хэмээн нэрлэх болжээ.
Мөн тэр үеэс нэгэн сайхан дуу гарч түмэнд түгсэн нь:

Хоноглосонхон газар нь
Ховдын цагаан түнгээ
Ховлоод мордсон цэрэг нь
Хоёр живаа цэрэг
Бүгсэхэн газар нь
Бүстийн дунд уул
Бүслээд мордсон цэрэг нь хоёр живаа цэрэг
Хүчлэнхэн зорьсон газар нь
Хүрмэн тагнын цаахна
Хүрээлэн мордсон цэрэг нь
Хоёр живаа цэрэг
Гурван живаа цэргээ
Дагуулсан ч болоосой
Гургалдай зээрдээ
Унасан ч болоосой  гэх энэ дуу буюу.

Толбо нуур

Тус нуур нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших үзэсгэлэнт нуур ба Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур юм. Эргэн тойрондоо өндөр хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдсэн ба одоо хир нь Толбо,Хүнгүй  зэрэг зарим уулын оргилд бага зэрэг мөнх мөс цас ч харагдана.
Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь Гичгэний толгой ба энэ нуурт түрж орсон хошууны үзүүр цухуйж байгаа нь тэр. Энэ нуур уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж усаа бүрдүүлэх ба илүүдэл усаа Түргэний голоор дамжуулан  Ховд голд өгөх боловч хуурай гандуу үед гадагш урсгалгүй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай.
Толбо нуур байгалийн үзэсгэлэнт газраас гадна манай түүхийн нэгэн үйл явдлын гэрч болсон газар билээ. Энэ бол Толбо нуурын бүслэлт гэж алдаршсан Ц.Хасбаатарын удирдсан журамт цэргүүд цагаантны давуу хүчинд бүслэгдэн 42 хоногийн турш баатарлагаар тулалдсан тулаан юм
 Хасбаатарчууд 1921 оны есдvгээр сарын 17-нд Толбо нуурын захад оршх Саруул гүний хүрээнд   ирж энд урвагч ноёдын уршгаар цагаантны 3000 орчим цэрэгт бvслэгдсэн байна.
1921 оны 9 сарын 19-нд цагаантны толгойлогч Бакич, Кайгородов нар Саруул гүний хүрээг явуут эзлэх төлөвлөгөө гаргаж  21-ний шөнө гэнэтийн дайралтанд оржээ. Журамт цэргүүд Байколовын улаантны хамт хүчтэй шуурган гал нээсэн боловч цагаантнууд гэнэтийн довтолгооны ачаар хүрээний баруун хойт хэсгийг эзэлсэн авчээ. Улаан цэргүүд зугтан нэгэн сүмд орж бэхлэн суужээ. Цагаантанд эзлэгдээгүй хэсгийг ардын журамт цэргүүд хамгаалж чадсан бөгөөд хүрээний баруун хойт хэсэгт 20 орчим монгол цэрэг цагаантны ар талаас гэнэтийн цохилт хийн гар бөмбөгөөр цагаантныг цохисон байна. Үүнд зоригжсон улаантнууд сөрөг давшилтанд орж цагаантнуудыг эзэлсэн байрлалаас нь цохин гаргасан байна. Цагаантнууд энэ шөнийн дайралтанд тун их хохирсон байна.
Амжилтгүй довтолгооны дараа Кайгородов өөрийн отрядын аван салан одож  Саруул гүний хүрээнд генерал Бакичийн гол хүч, Казанцевын отрядууд үлдэн дахин 2 удаагийн дайралт хийсэн боловч бүслэгдсэн цэргүүд тухай бүрт нь амжилттай няцааж байжээ.
Хасбаатарчууд хэдий бүслэгдсэн боловч өлсгөлөн өвчин, цаг уурын хэцүү бэрхийг туулж, генерал Бакич "... зэвсгээ хураалган бууж өгвөл амь бие, эд хєрєнгєд чинь халдахгүй. Эсэргvvцвэл байран дээр чинь буудаж ална!" гэж тулган шаардсанч бат цайз хэвээрээ байлаа.
Бүслэлтийн үед Хасбаатар жанжин дайсныг нэвтрэн дайран гарч Хөшөө модонд  байсан Зєвлєлтийн улаан цэрэгтэй холбоо барих, нутгийн ардуудаас цэрэг дайчлан дайсныг цохиж үлдсэн нөхдөө аврахаар эрэлхэг тэмцэл хийж яваад дайсанд харамсалтайгаар алагдсан байдаг.
Бүслэгдсэн цэргүүд эцсийн цохилт хийхээр шийдсэн үед Зөвлөлтийн улаан цэрэг  Хөшөө модноос хүрэлцэн ирж дайсныг хөөснөөр олон хоног үргэлжилсэн бүслэлт монголчуудын ялалтаар дуусчээ.



11.07.2014

Иссык куль буюу Ишгэн хөл нуурын Сарт халимагууд

Хиргисчүүдийн бахархал  Иссык куль нуур.Монголын Эзэнт гүрний үеийн түүхэнд “Ишгэн хөл”, “Исгэлэн” гэх зэрэг янз бүрээр нэрлэгдсэн тус  нуур нь далайн түвшинээс дээш хамгийн өдөрт өргөгдсөн дэлхийн хамгийн цэнгэг уст нуур бөгөөд Киргиз Улсын зүүн хойд хэсэгт Тэнгэр уул, Кунглей, Ала-Тоо уулсын дунд цэлэлзэн оршдог.

Иссык-Куль гэдэг нь монголоор “Бүлээн нуур” гэсэн үг болох ба  өвөл хөлддөггүй учир ийнхүү нэрлэжээ. Хиргисчүүд нуураа бахархан “Киргизийн хөх сувд” хэмээн хайрлан нэрлэх ба  энэ нуур Хөвсгөл нуураас талбайн хэмжээгээрээ 2.3 дахин, эзэлхүүнээрээ 4.5 дахин том бөгөөд цэнгэг усны нөөцөөрөө Байгаль нуурын дараа ордог байна. 

Иссык куль нуур нь монголчуудын түүхтэй нэгэн жимээр холбогддог нь энэ нуурын дэргэд монголын ихэс дээдэс цуглан  Зүчийн ахмад хүү Бат ханы удирдлаган дор их хуралдайгаа ёслол төгөлдөр хийн их Монгол улсын хаан сууринд Толуйн ахмад хөвгүүн Мөнхийг залж байжээ.

Одоо энэ нуурын хөвөөнөө Сарт халимагууд хэмээх ойрaд түмний арван мянга орчим үр сад амьдарч сууна. Тэд Зүүнгарын хаант улс унасны дараа Уйгараар дамжин Хиргис нутагт очсон торгууд хошууд нарын удам гэх ба бас  Ижил мөрнөөс хөдөлсөн торгуудын их нүүдлээс манжид дагаар орохыг хүсээгүй үлдсэн хэсэг нь хиргис нартай тохирон Иссык куль нуурын хөвөөнд суурьшсан ч гэж үздэг.

Баруун монголоос хальж тасран одсон  өөрсдийгөө Сарт халимагууд гэх болсон хөх монголын тасархай эдгээр ойрад түмний үр сад он цагийн эрхээр харьд уусан шингэж хэл соёл нь бүдгэрч хиргисчүүдийн нэг хэсэг болжээ.

Сарт халимагууд Иссык куль нуурынхаа зүүн эрэг дагуу Киргизийн гурван гацаанд төвлөрөн суух ба уламжлалт мал аж ахуй эрхлэхээс гадна амьжиргааны гол сурвалж нь газар тариалан болжээ. Нэг халимаг өрх дунджаар 100-300 орчим толгой мал малладаг байна. Мөн тэд жимс жимсгэнэ тарьж аж ахуйдаа нэмэрлэдэг гэнэ.



Сарт халимагууд энд ирж суурьшаад таван үе болсон тул эх хэлээрээ тун бага, харин ойрд аялгуутай хиргис, орос хэлээр чөлөөтэй ярьдаг болжээ. Цагийн эрхэнд бүгд исламын шашны суннит урсгалыг  шүтэж  сууна.