10.01.2014

Атилла

         

Төв Азийн өндөрлөгөөс шахагдан баруун зүг одсон хүннүчүүд гал мэсэн дундуур нүүдэллэн явсаар Ижил хавьд Хүн гүрнээ байгуулан хэсэг сууснаа дахин цаашлан нүүдэллэж, Дунай мөрний эрэг дагуу өөрсдийн улсыг байгуулан суужээ. Тэдний хааныг Руга гэнэ. Тэр бол хүчирхэг хаан байжээ. Руга Мунзүк гэдэг дүүтэй, Бледа Атилла хэмээх хоёр хүүтэй байжээ.

Руга 434 онд таалал болж түүнийг Атиллагийн ах Бледа залгамжилсан. Бледа төрийн хэргийг нэг их сонирхохгүй байсаар түүнээ орхиж Атиллад даатгаад ан гөрөө голлон хөөх болсоор 443 онд осолдож нас барсан гэдэг ч бас өөрөөр Атиллад алагдсан ч гэдэг. Ийнхүү Атилла хүннү нарын хэн ч маргалдахгүй цор ганц эзэн болжээ.
Аттила бvх эрх мэдлийг авмагц Дунай мөрний эрэг дагуу суудаг овог аймгуудыг  довтлон эзэлж улсаа илтэд хүчирхэгжүүллээ. Эдгээр олон овог аймгууд зарим нь хамгийн нийтлэг дайсан болох Ромын эзэнт гүрний эсрэг хамтран тэмцэх зорилгоор хүннүчүүдтэй цэргийн холбоонд сайн дураар нэгдэж байлаа.
Хүннүчүүдийн цэргийн аюул айсуйг Константинополь, Ром хотуудад сайтар ойлгож хил залгаа Дорнод Ромын эзэнт гүрний нийслэл Константинополь хотыг тойруулан “Феодосевийн хэрэм” гэж нэрлэгдсэн том хэрэм шинээр барьж Дунай мөрний эрэг хавиар олон цайз босгож байв.
Хүннүчүүдийн хаан Дээд Унгарын нутагт өөрийн өргөөгөө байрлуулж эндээс өөрийн байгуулсан асар уудам нутгаа захиран сууж байлаа.
Атилла хаан 443 болон 447 онуудад Дорнод Ромын эзэнт гүрэн рүү хоёр удаа довтолгоон хийж нийслэл Константинополь хотод тулан очжээ. Дорнод Ромын эзэнт гүрний хоёрдугаар Феодосий хаан халдан тvрэмгийлэгчдийн довтолгооныг барьж дийлэхгvй гэдгээ ойлгож хүннүчүүдэд жил бүр 2100 фунт алтны татвар өгч байх амлалт авч өөрийн нэг мужийг “бэлэглэж” байж л найрамдсан байна.
Европын хувь заяанд нөлөөлсөн гэх дэлхийн түүхэнд мөнхөрсөн Хүннү нарын Ромчуудын эсрэг хийсэн алдарт Каталаны тулалдаан 451 онд болжээ.
Байлдааныг хүннүчүүд морин цэргийн дайралтаар эхэлж нум сумаар суман өндөр буулгаж холбоотны армийн баруун жигүүр, төв хэсгээр давшсан ч ширүүн хориглолтод тулж зогслоо. Энэ тулаанд Аттила хаан морь, цэргийн их хохирол амсаж аргагүйд тулж ухарсан ч эсрэг холбоотны арми ч ялагдал хүлээхээс эмээж ухарч байгаа дайсныг мөрдөн хөөсөнгvй.
452 онд Ромын эзэнт гүрэн рүү дахин довтолж Умард Италийг түйвээж худалдаа арилжааны баян Милан хотыг булаан авч Ром хотод тулж ирэв.
Мөнхийн хот руу шууд дайрсангvй, хотыг бүслэн бууж өгөхийг тулган шаарджээ. Гэтэл цэргийнх нь дотор халдварт өвчин гарч бас ромчууд ч асар их мөнгө төлсөн тул тавьсан зорилгоо биелvvлсэн гэж үзэн Аттила тэр даруй Итали нутгийг орхин гарчээ

“Тэнгэрийн ташуур” “Бурхны элч” хэмээн европчуудад нэрээ мөнхөлж, тэдэнд айдас хүйдсийг мэдрүүлж явсан монгол угсаатны өвөг хүннү нарын домогт эзэн  Атилла  375 онд төрж 443 онд хаан суугаад 454 онд нас баржээ. 

No comments:

Post a Comment