8.03.2014

Монголчууд дэлхийг ноёрхсон нь

Чингис хаан нас барсны дараа түүний хүү Өгөөдэй их хаан болжээ. Чингис хийгээд түүний хамтран зүтгэгч монголчуудыгаа бодвол Өгөөдэй энэрэнгүй үзэлтэй энхийг эрхэмлэгч хүн байв.

Гэвч байлдан дагуулалтын үе дууссангүй, монголчууд улам цааш тэмүүлсээр байлаа. Тэд их жанжин Сүбээдэйгээр удирдуулан Европ тийш дахин довтолсон юм. ­Европын армиуд, цэргийн жанжнууд Сүбээдэйг яаж ч чадахгүй байв. Тулалдааны талбарт тэр цэрэг дайны асуудлыг гарамгай мэддэг нь харагдаж түүний дэргэд европын цэргийн жанжнууд шушимай хүүхэд адил байв. Сүбээдэй Багдад  баруун өмнөдөд орших сельджукийг хөндөлгүй шууд Орос руу зүглэжээ. Тэр зургаан жил ямагт урагшлан давшиж Москва, Киев, Польш,Унгар, Краковыг эвдлэн сүйтгэжээ. 1241 онд Польш Германы цэрэг Европын доод Силезид орших Легницын дэргэд бут цохигджээ. Европ нийтээрээ сүйрсэн мэт санагдаж монголчуудыг хэн ч хорьж чадахгүй байлаа.

Европын хаад, эрх баригчид мөхлийн даваан дээр тулж очоод байтал гэнэт аврагджээ. Өгөөдэй нас барсны дараа монголын арми нэг ч удаа ялагдаж байгаагүй ч гэсэн 1242 онд дорно зүг эх нутгаа чиглэн буцжээ. Европ дахин амьсгаа авч уужирч тайвширчээ.

Мөнх хааны үед бас л дахиад байлдан дагуулж эвдлэн сүйтгэх болжээ. Мөнхийн дүү Хүлэгү Персийн эзэн хаанаар сууж байв. Багдадын халиф Хүлэгүгийн уурыг хүргэсэн учир түүнд элч илгээж, амалснаа биелүүлсэнгүй хэмээн зэмлээд хойшид хүн төрхтэй байвал таарна, тэгэхгүй бол эзэмшлийг чинь хасна гэж анхааруулжээ. Халиф их л мунхаг хүн байсан учир урьдах туршлагаас сургамж авсангүй. Тэр халиф Хүлэгүгийн эгдүү хүргэсэн хариу өгч, элчийг нь Багдадын цугларсан олноор доромжлуулсан байв. Хүлэгүгийн монгол зан түүнийг тэвчээгүй нь лавтай. Хилэн нь хөдөлсөн Хүлэгү Багдад руу очиж дөч хоног бүслэн хаасны дараа эзлэн авчээ. “Мянга нэгэн шөнийн үлгэрийн хот” хийгээд таван зуун жилийн турш хураасан эд баялаг тийнхүү эцэс төгсгөл болжээ.

Алеппо Эдесс болон бусад олон хот ч мөн тэгж сөнөж Өрнөд Ази тийнхүү шөнийн харанхуйд орсон ажээ. Палестинд илгээсэн монголын арми Египетийн султан Бейбарсад ялагдсан байв.
Мөнх хаан 1259 онд нас баржээ. Нас барахынхаа өмнө бас Төвдийг эзэлжээ. Тэгээд хятадын захирагч Хубилай их хаан болж. Хубилай хятад оронд удтал суусан ба тиймээс нийслэлээ Хархорумаас Бээжинд шилжүүлж Ханбалык буюу эзэн хот гэсэн нэр өгчээ. Хубилай хятадыг байлдан дагуулж дууссан боловч түүний хийсэн аян дайн монголчуудын хийж байсан түрүүчийн аян дайнаас нэн ялгаатай байв. Харгислаж эвдлэн сүйтгэх нь эрс багасчээ. Хубилай Тонкин, Аннам хийгээд Бирмыг өөрийн эзэнт улсын бүрэлдхүүнд нэгтгэжээ.

Зөвхөн цэвэр тохиолдлоор л Өрнөд Европ монголчуудын довтолгооноос аврагджээ. Туркийн сельджукууд монголчуудад захирагдан алба барьдаг байлаа. Ганц египетийн султан монголын армид цохилт өгсөн боловч хэрэв хичээсэн бол монголчууд түүнийг байлдан дагуулах л байсан гэдэгт эргэлзэх юм байхгүй билээ. Монголын хүчирхэг эзэнт гүрэн Ази Европыг нэвт дамнан тогтнож байлаа. Урьд нь хэн ч тийм эзэнт гүрнийг байгуулж байсангүй. Тэр үед монголчууд үнэхээр дэлхийг эзэгнэгч гэж санагдахаар байв.

Энэтхэг орон тэдний ноёрхлын гадна үлджээ. Хэмжээгээрээ Энэтхэгтэй адил нутаг дэвсгэр бүхий Өрнөд Европ бас эзэнт улсын хүрээнд ороогүй байв. Гэвч бараг өрөвч сэтгэлийн үүднээс л тэдэнд халдаагүй бөгөөд тэднийг залгия гэсэн санаа монголчуудын толгойд орсон л бол гүйцэх нь тэр байлаа. Арвангуравдугаар зууны үеийн байдал ийм шиг л төсөөлөгднөм бус уу.


Ж.Неру “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” номноос хэсэгхэн

No comments:

Post a Comment