Жалайрын Тэлэгүтэ
баяны гурван хүүгийн нэг Зэвгийн жүрхэний нутгаас олж Өүлэн эхэд өгч асруулсан
хүү бол Борохул юм. Ингээд Өүлэн эх мэргидийн нутгаас олж авсан Хүчү нэрт хүү,
тайчуудын бэсүдийн нутгаас олж авсан Хөхөчү, татаарын нутгаас олж авсан
Шихихутуг, жүрхэний нутгаас олж авсан Борохул нэрт дөрвөн хөвгүүнийг
хүүхдүүдийнхээ өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгон хүмүүжүүлж өсгөжээ.
Эдний дотроос
Борохул цэргийн эрдэм чадлаар товойн гарч их хааны дөрвөн хүлэг баатрын нэг
болж олон дайнд оройлон явсаар их Монгол улс байгуулагдахад наян найман
гавъяатны арван тавд шагнагдаж мянганы ноён болсон.
Борохул 1203 онд
болсон Хархалзан элээтийн байлдаанд
Өгөөдэйн шархадсан хүзүүн нөжөрсөн цусыг амаараа цэвэрлэн сорж, завьжаараа
цувуулан урсгасаар мориндоо дүүрэн ирэхэд Чингис хаан ихэд уяран нулимс унаган
суусан гэдэг.
Чингис хаан 1206
оны их хуралдай дээр хүмүүсийг урамшуулан шагнаж байхдаа Борохулыг магтан сайшааж Өгөөдэйн амийг хэрхэн аварсныг дахин дурсаж бас
Борохулын эхнэр Алтан эр Борохулдаа өрөөсөн арал мэт тусалж явсны дээр Толуйн
амийг авран тус хүргэсэн билээ гээд:
Эхийн минь зовж тэжээсэн
ачийг хоёр хөвүүний минь амийг аварч хариулав. Борохул надтай нөхөрлөж, уриалах
дуунд минь уухайгаа нэмж урагшлан түрж явав. Охин ургаа соёрхон, есөн удаа осол
гаргавч яллахгүй хэмээн зарлиглажээ.
1215 онд монгол цэрэг Алтан улсын нийслэл Жунду хотыг
эзэлсний дараахан ойн иргэдүүд бослого тэмцэл гаргалаа хэмээн сураг авч түүнийг даруулахаар Наяа ноёныг томилсон боловч
Наяа ноён өвчтэй гээд явж чадахгүй
болсныг Чингис хаанд айлтгахад хаан
хэсэг бодсоноо Борохулыг томилжээ. Энэ дайнд Борохул ноён алагдсан юм.
Их хаан үүнийг сонсоод маш их хилэгнэн гашуудаж
өөрөө морилохыг завдсанд Боорчи, Мухулай
хоёр ятган болиулж дөрвөдийн Дөрбай догшныг томилон явуулж уул бослогыг
даруулжээ. Дарагдсан хорь түмэдээс зуун иргэдийг Борохулын хүүр ясны төлөө
түүний хоёрдугаар хүү Тачарт өгчээ.
Тачар хүмүүсээ авч урагш Хуньшань ууланд нүүн очиж суурьшсан нь одоогийн
Хөх хотын түмэдийн дээдэс болов гэдэг.
No comments:
Post a Comment