1170 он. Есүхэй баатар
хүүгээ дагуулан Өүлэн эхийн төрхөм Тэмүжиний нагац олхонуд аймгаас бэр гуйхаар
явжээ. Тэд замдаа Хонгирад аймгийн Дай сэцэнтэй тааралдан тэднийд хоноод
маргааш нь охин Бөртэг гуйж сүй тогтоожээ.
Хонгирад бол эртний
“Төрлигин монгол” аймгуудын нэг. Хонгирадын дээд өвөг ах дүү Зөрлөг мэргэн, Хувайшар, Түсүбуд гурав. Ах зөрлөг
мэргэн хоёр дүүтэйгээ таарамж муутай, нэг удаа уурлан дүү Хувайшараа харван
ална гэсэнд дүү нь айгаад мориныхоо элгэн дор орж хэвтэж гэнэ. Ах нь өрөвдөөд эгэмнийх
нь нүхээр харваж чихэнд нь ч шарх сорви гаргасангүй. Ингээд Зөрлөгийн мэргэн
цол нь улам алдаршжээ. Хувайшараас хоёр хөвгүүн төрж түүний хойчис нь ихирэс,
олхонууд овогтон болжээ. Түсүбудаас олон хөвгүүн төрж тэдгээрийн хойчис
харнууд, горлос, элжигдэй зэрэг овогтон болжээ. Эдгээр бүгд хонгирадын салбар
нахиа билээ. Хонгирад аймаг нь татаар аймгаас
өмнүүр байж хойд тал нь Эргүнэ гол, өмнөөш Халх голын хооронд нутаглаж
байв. Алтан улсын үед хонгирад аймаг хүчирхэг аймаг байсан ба 1196 онд Алтан улсын цэргийг бут цохиж байж.
Дай сэцэн гурван хүү нэг
охинтой. Ахмад хөвгүүн нь төрийн нагац Алчи ноён. Хожим мянганы ноён болж
гурван мянган хонгирад өрхөө захиран Чингист хүчээ өргөж явсан. Дунд хүү нь
Ахудай, бага нь Це гэдэг. Бөртэ бол Дай сэцэний бага охин. Есүхэйг бэр гуйж
байхад Тэмүжинээс нэг эгч арван настай байжээ.
Өвөр монголын эрдэмтэн
Сайшаал нь түүхэн тэмдэглэлийг задалж үзээд монголчуудын бэр гуйх ёсыг ийнхүү
өгүүлж байх юм. Нэгд охины гэрт хүрч нэг хоноод сая бэр гуйдаг юм байна. Шөнө
хонож маргааш нь гуйваас гэж “Нууц товчоо” Лу “Алтан товч”-д тэмдэглэж буй.
Хоёрт, нэг удаа биш дахин дахин гуйдаг юм байна. Дай сэцэн олонтоо гуйлгаж
өгвөөс дээжлэгдэх, цөөнтэй гуйлгаж өгвөөс доромжлогдох гэжээ. Гуравт, сүй
тогтоосон хойно хөвгүүнээ охины гэрт үлдээдэг эхийн эрхт ёсны үлдэгдэл бас
байжээ. Дөрөвт сүй тогтоосны хойно хөвгүүний талаас охины талд ургийн бэлэг
хүргэдэг юм байна. Есүхэй баатраас “за, худ бололцов” хэмээн хөвгүүн Тэмүжинээ
үлдээж хөтөлгөө морио сүй тогтоосны бэлэг болгон өгч буцаж харьжээ.
Хонгирад болон “Нирун
монголчууд” эртнээс аваад ураглаж ирсэн бөгөөд бас нэгэн сонирхолтой баримт бол
“Юань улсын түүх”-ийн “Хатад татварын намтар”-т ... Хонгирадад охин төрвөөс
хатан болгомой. Хүү төрвөөс гүнжийг богтолмой. Энэ ёсыг үеийн үед тасалж үл болмой
гэж зарлиг буулгаж байсныг тэмдэглэжээ.
No comments:
Post a Comment