Чингисийн удам угсааны их хаадыг цөм Алтайн их ууланд онголон оршуулна. Татарын их эзэн хаад хаана халин одсон ч, ер Алтайн уулсаас зуун өдөрчийн хол газар байвч ялгаагүй, тэр ууланд аваачиж нутаглуулдагийг мэдвэл зохилтой. Өөр бас нэг гайхалтай зүйл буй. Үүнд: Их хаадын шарилыг онголохоор дөчин хоногийн турш залж явах замын гудаст тохиолдсон аливаа бүх хүнийг барагцаалбал, өдөрт дөч буюу заримдаа түүнээс олон, заримдаа түүнээс цөөн хүнийг мэслэн хороогоод “манай эзэн хааныг дагалдан нөгөө ертөнцөд одож хүчээ өгөгтүн” хэмээн шарилыг дагуулан хойллого үйлдэнэ. Хүлэг морьдоор ч мөн тийнхүү хойллого үйлдэнэ. Мөнх хаан таалал төгсөхөд түүний шарилыг онголохоор Алтайн уулс руу залж явах замын зуурт тохиолдсон хоёр түм илүү хүнийг хороосныг мэдэлтэй.
Татарчууд өвөлдөө малын өвс бэлчээрт тохиромжтой, ээвэр
дулаахан тал хээрээр нутаглавч, зуны цагт ус бэлчээр хөөж, газрын сэрүүнийг
даган, уулсын зоо нуруу, ой шугуйтай газраар зусна. Тэд нарын гэр дугараг
хэлбэртэй бөгөөд савх мэт моддыг хооронд нь сайтар бэхлээд, гадуур нь эсгийгээр
бүрсэн байна. Гэр нь нүүж суухад тохиромжтой, хөнгөн бөгөөд түүнийгээ үргэлж
тээж нүүдэллэнэ. Тэд гэрийнхээ үүдийг ямагт өмнө зүг рүү хандуулж барина. Бас
хөсөг тэргээ хар эсгийгээр бүрдэг. Тэр эсгий нь сайн, бүтэн өдөр бороо оровч эс
нэвтрэх тул тэргэн дотор дусаал эс үзнэ. Тэргэнд шар үхэр болон тэмээ хөллөж,
эхнэр хүүхэд сууж явна. Эхнэрүүд нь арилжаа хийж, эрдээ хэрэгтэй бүхнийг
худалдан авч, гэр орны аж ахуйгаа хөтөлнө. Эрчүүд нь аливаад санаа зовнихгүй,
аян дайн хийж, шонхор талбин араатан жигүүртэн авлана. Тэд мах сүүгээр хооллож,
алив ангийн мах, түүний дотор тал хээрт хаа сайгүй элбэг бүхий тарвага агнаж
иднэ. Тэд бас адууны болон нохойн мах идэж, гүүний сүү айраг ууна. Тэд янз
янзын мах иднэ. Бусдын эмстэй ер хавьтахгүй бөгөөд чингэхийг тусгүй, шившигт явдал хэмээн үзнэ. Тэдний бүсгүйчүүд
нь эр нөхөртэй үнэнчээрээ зартай бөгөөд гэр орныхоо ажлыг сайхан эрхэлнэ. Тэд
гэрлэхдээ хэдэн ч эхнэр авч болно. Хэрэв хүсвэл зуун эхнэр ч авч болох бөгөөд
гагцхүү тэдний чадал чинээ л мэднэ. Эхнэрийн эхэд сүй бэлэг өгдөг атал харин
эхнэр нь нөхөртөө юу ч эс авчирна. Олон эхнэртээ эрийн авааль гэргийг их эхнэр
хэмээн, хамгийн эрхэмд үзнэ. Тэд бүл болоод үеэл эгч дүүстэйгээ гэрлэдэг төдийгүй эцэг нь нас
барахад ууган хүү нь өөрийн эх л биш бол эцгийнхээ эхнэртэй ч гэрлэнэ. Бас ах
дүүс нь нас барахад тэдний эхнэртэй ч гэрлэнэ. Хуримлах ёслолын найр нь маш
хөлтэй, дорвитой болно.
Татарчуудын сүсэг бишрэл нь дараах мэт болой. Юу гэвэл,
тэдэнд нэгэн бурхан буй бөгөөд түүнийгээ Начигай хэмээн нэрлэнэ. Начигай бол газар
дэлхийн эзэн сахиус бөгөөд тэдний үр хүүхэд, мал сүрэг болоод тариа будааг ч
цөм ивээлдээ багтаадаг гэлцэнэ. Түүнийг айл бүхэн гэртээ эрхэмлэн тайж мөргөл
залбирал үйлдэнэ. Тэрхүү онгоноо эсгий хийгээд цэмбээр үйлдэж гэр гэртээ тайж
тахидаг бөгөөд басхүү түүний эхнэр хүүхдийг нь хийж тавьсан байна. Эхнэрийг
онгоны зүүн биед, хүүхдийг нь өмнө биед нь залаад цөмд нь мөргөл залбирал
үйлдэцгээнэ. Хоол идэх үедээ өөх тос зэрэг дээжээр нь онгон, түүний эхнэр
хүүхдийн амыг мялаагаад дараа нь шөл шүүсээр гэрийн үүдэн тус газраас цацал
өргөнө.
Тэд гүүний сүү ууна., тэгэхдээ цагаан дарстай адилаар
амтархан ууна. Тэр нь маш сайхан амттай. Түүнийг айраг хэмээн нэрлэнэ. Тэдний
хувцас гэвэл: Баячууд нь алтан саатай магнаг торгоор хийж, өд ноолуур хийгээд
булга, суусар, галт хар үнэг, үнэгний арьсаар доторлосон буюу эмжин хажсан дээл
өмсөнө. Гоёл чимэглэл нь маш сайхан бөгөөд үнэ ихтэй.
Татарчуудын зэр зэвсэг нь нум сум, илд, мунчирга, шийдэм
ажээ. Тэд нум сумыг голлон хэрэглэдэг бөгөөд харвахдаа мэргэн хавтай. Махь
болон бусад амьтны ширийг болгож хийсэн маш бөх сайн дэглий хуягаар зоо
нуруугаа хуяглана.
Тэд байлдах тулалдахдаа онц гарамгай, баатар зоригтой.
Заримдаа бачим чухал үед бол татарчууд гүүний айргаар ундаалан, өөрсдөө ан хийх
зэргээр аргацаан элдэв дээдийн хоолгүйгээр бүтэн сар ч явж чаддагийн дээр
тэдний морьд нь хээр бэлчээрлэн аль тохиолдсон өвсийг иддэг тул тэжээлийн
арвай, буурцаг алийг нь ч тээж явахын хэрэггүй байдаг. Тийм учраас тэд аялан
явахдаа бусдаас давуу бөлгөө.
Тэд эзэд ноёддоо үнэнч, дуулгавартай бөгөөд хясаантай
давчуу цагт зэр зэвсгээ агссан чигээрээ бүтэн шөнөжин морины нуруунаас
буулгүйгээр морио идээшлүүлэн хононо. Аливаа хүчир бэрхшээл, хүнд зүдүүрийг
дааж гарахдаа өөр бусдаас илүү учир бага зардал сүйтгэлээр олон улс орон
хийгээд дэлхийг байлдан дагуулах чадвартай ард түмэн юм.
Татарчууд зарлиг тушаалыг ертөнцөд хосгүй сайн дагаж
гүйцэтгэнэ. Аливаа хэргийн учир цэргийн анги уул тал ер хаагуур явавч хоёр
зуугаад хүнтэй манлайн хайгуул ангийг хоёр өдрийн өмнө урдаа илгээж, бас тийм
тооны цэргийг хойд тал хийгээд хоёр хажуудаа тус тус гаргаж өөрөөр хэлбэл
дөрвөн талдаа цэрэг гаргаж дайсны гэнэтийн довтолгооноос сэрж сэргийлнэ. Тэд
удаан хугацаагаар аян дайнд мордохдоо ундааны сүү агуулах хоёр арьсан тулам,
мах чанах шавар савнаас өөр илүү сав хэрэглэлийн зүйл эс авч явна. Тэрчлэн хур
бороотойд толгой хоргодох жижиг майхантай явна.
Тулгам бэрх үед гал түлж хоол унд хийж идэхгүйгээр
өөрсдийн морьдынхоо судсыг ханаж, цусаар нь ундаалан өл залгасаар арван хоног ч
мориноосоо буулгүйгээр шавдан довтолгодгийг та нарт өчье. Тэд бас өтгөрүүлэн
зуурмаг мэт болгож хатаасан хуурай сүү авч явдаг бөгөөд түүнийгээ усанд хийж
хутгаад задран уусахаар нь уудаг.
Тэд дайсантай байлдахдаа дараах аргаар дийлнэ. Юу гэвэл:
дайсан этгээдээс дутаан ухрахыг ичгүүртэйд үл үзнэ. Ухарч нэхүүлж байгаад гэнэт
эргэн сөрж харвацгаана. Тэдний агт морьд сургуультай, аль жолоо залсан зүгт
нохой мэт алавхийн давхина. Тэд буруулан дутааж явахдаа ч дайсантай халз
байлдаж байгаа мэт нэн эрэлхэг чадамгай эсэргүүцэн, дайсны хүн морийг гэдрэг
мэргэн харван унагасаар явдаг бөгөөд тэгснээ гэнэт эргэн сөрөөд, тэдний
дутаасанд нь хууртан, няцаан дийлж хүчийг нь сарниулав хэмээн эрэмшин нэхэж
явсан дайсны морьдыг нь харван унагаж, хүмүүсийгнь үлэмж цохино. Татарчууд ингэж
дутааж явахдаа дайсны хүн мал олноор хиарсныг хараад, гэдрэг гэнэт эргэн сөрж
хавтай эрэлхэг байлдан дайснаа бүрмөсөн сүйрүүлэн ялж дийлнэ. Тэд аливаа
тулаанд тийнхүү ялсаар олон ард түмнийг байлдан дагуулсан ажгуу.
Тэдний ахлагч тэргүүлэгч хийгээд бусад мал сүрэг олонтой
хүмүүс цөмөөрөө азарга, гүү, тэмээ, бух, үнээ ер нь аливаа бод малдаа өөрийн
тамга тэмдэг арна. Тэдгээр тамга тэмдэгтэй малаа уул талаар хариулгагүй
бэлчээдэг бөгөөд сүрэгтэй нь өөр хүний мал нийлбэл тамга тэмдгээр нь ялган
таньж, эзэнд нь буцааж өгнө. Харин хонь ямааг бол хүн хариулна. Тэдний мал
сүрэг цөм бие бадриун, тарган нь зартай.
Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номноос
No comments:
Post a Comment