12.28.2013

Тусгаар Монгол улс


 12-р сарын 29. 1911 оны энэ өдөр монголчууд бид 200 гаруй жилийн манжийн дарлалаас салж 8-р богд Жавзандамба хутагтыг наран гэрэлт түмэн наст хэмээн шашин төрийг хослон баригч хэмжээлшгүй эрхт хаанаар өргөмжлөн дорно дахины уламжлалаар оны цолыг Олноо өргөгдсөн гэж зарласан хэрхэвч мартаж үл болох бахархалт өдөр билээ.
Анхдугаар богд Занабазар Түшээт хан Гомбодоржын хүү бөгөөд монголчуудын оюун санааны удирдагч болж чаджээ. 2-р богд Лувсандамбийдоми бас л алтан ургын язгууртан гэр бүлээс төрсөн бөгөөд Хотгойдын шадар ван Чингүнжавын бослогод туслалцаа үзүүлж байсан тул түүний дараагийн дүрийг манжийн хаан Тэнгэрийг тэтгэсэн Түвдээс тодруулсан байна. Энэ цагаас монголын богдууд дандаа Түвдээс тодрох болж.
8-р богд Жавзандамба хутагт буюу Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу бол бас л түвд хүн. Тэрээр 1869 оны 10 сарын 13 нд Түвдийн Лхасын ойролцоо эцэг Гончигцэрэн, эх Ойдүвдулам нарын хүү болон мэндэлж таван настайдаа Жавзандамба хутагтын хойд дүрээр тодорч Их хүрээнд иржээ.Тэр бидний багын үздэг кинонууд дээр гардаг байсанчлан тэмбүү өвчинд идэгтлээ зугаа цэнгэл хөөсөн харалган нэгэн байсангүй монголын төлөө цохилох зүрхтэй нэгэн байжээ. Түүнийг халхууд монголд элэгтэй болгон хүмүүжүүлж чадсан ба тиймээс тэр өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн I Жавзандамбын хойд дүр тул Монголын төрийн хэрэг, хувь заяа өөрт нь хамаатай гэж үздэг байв. Манжаас тусгаарлан салъя хэмээсэн Халхын ноёдын санаачилгыг эхнээс нь дэмжиж эл хэргээр хаант Орост элч зарж байв.
Манжийн шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн Халхын ноёд түүнийг тойрон хүрээлсэн бөгөөд Богд гэгээн монголчуудын дунд үлэмж нэр хүндтэй байснаа ашиглаж, “монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгажээ. Хятадад нийлэхийг ятгаж байсан Хятадын ерөнхийлөгч Юань Шикай-н ятгалга, сүрдүүлгийг Богд хаан эс зөвшөөрч, бүх монголчуудыг нэгтгэж нэгдмэл Их Монгол Улсыг сэргээн мандуулахыг зорьж байв. Түүний засгийн газрын сайдууд төрийн тусгаар тогтнолоо хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож байсан боловч энэ оролдлого Хиагтын гурван улсын хэлэлцээрээр таслагдсан билээ.
1919 онд хятадууд цэргийг хүчээр монголын автономыг цуцлахад Богд хаан гарын үсэг зураагүй юм. Харин ч төрийн тусгаар тогтнолоо сэргээхийг эрмэлзэн АНУ, Зөвлөлт Орос улс, Япон болон Колчакийн засгийн газраас тусламж дэмжлэг эрэлхийлж байсан хүчнийг дэмжиж байв. Тиймээс хятадууд дээрх хэрэгт сэжиглэн түүнийг баривчлан Манзуширын хийдэд хорьжээ. 1921 оны хоёрдугаар сард Хүрээг эзлэн авсан Барон Унгерн монголын автономыг сэргээн мандуулснаа тунхаглаж Богд гэгээнийг дахин Монголын хаан ширээнд залсан бол таван сарын дараа ардын намынхан Нийслэл Хүрээнд орж ирэн 1921.11.01-д Ардын засгийн газраас Богд хаантай “тангаргийн гэрээ” байгуулж хааны улс төрийн эрх мэдлийг хасч хэмжээт эрхтэй хаан болгожээ.
1924 оны 5 сарын 20 нд Богд гэгээн Нийслэл хүрээнээ таалал төгсөв. Зарим судлаачид Богд хааныг хорлогдож өөд болсон гэж үздэг. Түүнийг жанч халснаас хойш 21 хоног гашуудал зарласан бөгөөд Хүрээний лам нар түүний хойд дүрийг тодруулахыг оролдож байв. 1925 онд МАХН-ын IV их хурлаас Богдын хөрөнгийг улсын санд хурааж, түүнийг ардын боловсрол, эрүүлийг хамгаалах, соёлын хэрэгцээнд зарцуулахаар шийдвэрлэж байжээ.
Богд хаант Монгол төрийн тамгыг 1911 оноос тогтсон Монгол Улсын засгийн газраас боловсруулан гаргасан “Залигаар тогтоосон Монгол Улсын хууль”-иар батлан тогтоосон юм. Уг тамгыг “Хар гарт” Гомбо гэдэг дархан хүн хаш чулуугаар сийлж, харин Эх дагинын тамгыг Сэцэнхан аймгийн Дархан Барайшир ван урлажээ.
Богд хаант монгол улсын төрийн далбааг бүтээх тухай тэр үеийн албан баримтад тэмдэглэсэн нь: "Олон улсад өөр өөрийн туг далбаа буй, бидний монгол болбоос эзэрхэх эрх хэмжээ бүхий нь мөн тул тусгайлан далбаа байгуулж, тусгаар эрх бүхнийг илэрхийлбэл зохимой" хэмээжээ.
Энэ нь монгол орон манжийн эрхшээлээс ангижирч тусгаар улс болон төр шашнаа ариунаар мандуулна хэмээсэн тухайн үеийнхээ үзэл санааг тусган илэрхийлсэн хэрэг юм.
Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил бүрийн цагаан сарын шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах зэрэг төрийн их баяр ёслолын өдөр, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван гүн, хамба цорж, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэлийн газар хийсгэхээр болсон байна. Богд хаант Монгол улсын засгийн газраас төрийн далбааг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрсөн лүндэн буулгажээ. Мөн Төрийн далбаанаас гадна цэргийн тугтай байхыг чухалчлан тогтоож байжээ.

No comments:

Post a Comment