1.29.2021

Монгол цаг тоолол



Луу цаг - нар мандах 7.40-9.40
Могой цаг - нар хөөрөх 9.40-11.40
Морь цаг - үд дунд 11.40-13.40
Хонь цаг - үд хэвийх 13.40-15.40
Бич цаг - нар гудайх 15.40-17.40
Тахиа цаг - нар жаргах 17.40-19.40
Нохой цаг - үдшийн бүрий 19.40-21.40
Гахай цаг - одод түгэх 21.40-23.40
Хулгана цаг - шөнө дунд 23.40-01.40
Үхэр цаг - шөнө дунд хэлбийх 01.40-03.40
Бар цаг - үүр тэмдэгрэх 03.40-05.40
Туулай цаг - үүр цайх 05.40-07.40

1.28.2021

Би Монгол хүн


 Ч.Чимэд

Би Монгол хүн
Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнэсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг

1.11.2021


Бямбын Ринчин.

Монгол хэл
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн Өрнөн мандахын шинж бvрдсэн өвгөдийн минь хэл

Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрүүлэх чадалт Хєгжим мэт яруу баясгалант монгол хэл

Өсөх наснаас өтлөхх насан хvртэл чам юугаан судлан Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үүдийг чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм

Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар тvмний минь Төвшин соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн Сэтгэл урмас бадран бахдаму, үс нь буурал өтгөс би

Хутаг өлзий бvрдсэн хувь их заяат тvмний Хурц авьяаст хөвгүүд дүү нар, халуун элэгтэн хотлоороо Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би

1.09.2021

Айл харгана


Айл харгана

Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум

"Монголын нууц товчоо" 107. Жамухын эдгээр үгийг Хасар, Бэлгүдэй хоёроос сонсоод Тоорил ханд уламжлав. Тоорил хан Жамухын үгийг сонсмогц хоёр түмэн цэрэг авч мордоод, Бурхан Халдуны өврөөр Хэрлэний Бүрги эргийг чиглэн явав. Түүнийг Тэмүжин сонсуут Бүрги эргээс хөдөлж, Бурхан Халдуны өвөр Түнхэлэг өөд нүүн, Тана горхинд очиж буув. Тоорил хан нэгэн түмэн цэрэгтэй, Тоорил ханы дүү Жаха Хамбу нэгэн түмэн цэрэгтэй Химурга горхины Айл харгана гэдэг газар бууж бүхийд Тэмүжин цэргээ авч очин, нийлж буув.

122. Хунан тэргүүтэн Гэнигис нэгэн хүрээ болж, бас Даридай отчигон нэгэн хүрээ болж ирэв. Жадаран аймгийн Мухалху ирэв. Унжин сахайт нэгэн хүрээ болж ирэв. Жамухаас тийнхүү салж хөдлөөд Химурга горхины Айл харгана гэдэг газар хүрч буув. Тэр цагт бас Жамухаас салж Жүрхиний Сорхату-Жүрхийн хөвүүн Сачи бэхи, Тайчу хоёр нэгэн хүрээ болж, Хутула хааны хөвүүн Алтан отчигон нэгэн хүрээ болж Тэмүжинг Химурга горхины Айл харганад бууж байхад нийлэн ирэв. Тэмүжин нар тэндээс нүүж Хүрэлхи доторхи Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт очиж буув.