"Монголын нууц товчоо"
81-р хэсэг
Тэмүжинг Таргудай Хирилтуг барьж, улсдаа аваачаад засаглан шийтгэж, айл бүрд нижгээд хонуулж, хэсүүлэн явуулав. Зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр тайчууд Ононы эрэг дээр хуримлаж, нар шингэхэд тарав. Тэр хуримын үед Тэмүжинг нэгэн хялбар дорой хөвүүн авчран сахиулж билээ. Хуримын ардыг тармагц, тэр хялбар хөвүүний толгойг бугуй(дөнгө)-гаар нэгэн удаа дэлдээд, гүйж Ононы шугуй дотор хэвтвэл үзэгдэх болов уу гэж усны харги (тогтмол ус)-д ороод гэдрэг хэвтэж, дөнгөө ус руу урсган нүүрээ ил гаргаж хэвтэв.
82-р хэсэг
"Баригдсан хүнийг алдав" гэж түүнийг сахиж байсан хүн их дуугаар хашгирахад тарсан тайчууд цуглан ирж, өдөр мэт саруул шөнө, Ононы шугуйг бэдрэн нэгжив. Усны харгид хэвтэж буй Тэмүжинтэй Сүлдэсний Сорхан-шар яг тохиолдон үзэж өгүүлрүүн: "Чи ийм аргатай бөгөөд нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй хүн тул тайчууд ийнхүү атаархах ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг зааж өгөхгүй" гээд өнгөрөн одов. Цааш хэрхэн эрэхийг тайчууд нар зөвлөхөд, Сорхан-шар өгүүлрүүн: "Хүн бүр явсан мөрөөр гэдрэг явж, орчны газрыг дахин шалгаж үзье" гэвэл цөм "за" гэж зөвшөөрч, хүн бүр явсан мөрөөрөө явж эрэв. Бас Сорхан-шар, Тэмүжинг дайрч "Ах дүү тайчууд нар ам шүдээ билүүдэж айсуу явна. Чи хатуужин хэвтэж бай" гээд өнгөрч одов.