5.29.2020

Елюй Жин (951-969), Елюй Сянь (969-982) хаадын үеийн Хятан улс

Елюй Уюй хаан 951 онд Хожуу Жоу улсыг довтлохоор явж байх замдаа нас барж, хаан ширээ Елюй Дэгуаны хүү Елюй Жин-д шилжив. Елюй Жин-ий үед өмнөх хааны адил эрх мэдлийн төлөөх хуйвалдаан бослого тасарсангүй. Түүнийг эсэргүүцсэн бүлгийг Елюй Уюй-ийн дүү, нагац талынх нь удирдаж байв. Бослогыг даруй дарж, гол удирдагчдыг цаазлан шийтгэжээ. Гэвч 953, 959, 960 онуудад хааны эсрэг бослого хуйвалдаанууд гарсаар байв. Эдгээр бослогууд ихэвчлэн хааны хувийн зан араншингаас үүдэн гарч байсан бололтой. Учир нь Елюй Жин архи сархадад толгой мэдүүлж, согтохоороо харгис хэрцгий авирладаг тул төрийн хэрэг цалгардах, алдагдах явдал байнга гарах болжээ.
Гэтэл энэ үед Хятан улсын гол өрсөлдөгч Хожуу Жоу улсын хаан урьд өмнөх аль ч улсын хаадаас илүү улсаа сайн зохион байгуулалттай жолоодон удирдаж, эрх мэдлийг гартаа улам төвлөрүүлэн зузаатгасаар байв. Тиймээс Го Вэй болон түүний залгамжлагч Чай Жун (921-959) нар Ляо улсыг өөрсдөд нь аюул учруулна хэмээн үзэж байв. 953 онд Го Вэй бие тэнхээ муудаж улсын бүх эрхийг өргөмөл хүү Чай Жунд даатган үлдээгээд 954 оны 1 сард өөд болжээ. Го Вэ-г өөд болсныг дуулмагц хөрш улсаа довтлох аятай шалтаг гэж үзэн Умард Хань улсын Лю Чун Хятан улсын хаанд элч илгээж тусламж хүсчээ. Елюй Жингийн 10000 морьт цэрэг, Лю Чунгийн 30000 цэрэгтэй нэгдэн Лүжоу хүртэл давшаад Хожуу Жоу улсын багахан хүчтэй тулж ялжээ. Үүний дараа Чай Жун их цэрэг авч Умард Хань-Хятан улсын нэгдсэн цэрэгтэй тулалдахаар шийдэв. Шийдвэрлэх тулалдаан 954 оны 3 сард Гаопин хэмээх газар боллоо. Тулалдаанд Умард Хань-Ляогийн цэрэг, Хожуу Жоу улсын цэргийн тооноос илт давуу байсан учир Лю Чун хүчиндээ эрдэн Ляогийн цэргийн оролцоогүй дайнд ялна хэмээн бодов. Харин Чай Жунд хамаг хүчээ дайчлан эрэлхэг зоригтой тулалдахаас өөр арга байсангүй. 10 гаруй өдрийн тулалдаан Чай Жунгийн ялалтаар төгсөв. Ялалт байгуулсан Чай жун 2 сарын дараа цэрэг илгээн Умард Хань улсын нийслэл рүү довтлуулсан боловч энэ удаа хотыг хамгаалж байсан Хятан улсын морин цэргийн хүчинд цохигдон бүх цэргээ татжээ.
Гаопингийн ялалтын дара Чай Жун дайнд цэргийн тоо биш харин чанар чухал гэдгийг ойлгосон тул Хожуу Жоу улсад томоохон цэргийн шинэчлэл явуулж хил хязгаарын бэхлэлтийг улам чангатгасан байна.  Дайнд ялагдсан Умард Хань улсын Лю Чун хаан өвчинд шаналж 954 оны 11 сард өөд болжээ. Түүний хүү Лю Жүнь (954-968) энэ мэдээг Хятан улсын хаанд илгээснээр Елюй Жин хаан Лю Жүнийг Умард Хань улсын хаанаар өргөмжлөв.
Хожуу Жоу улс Өмнөд Тан улсын Хөх мөрнөөс хойшхи нутгийг өөрийн болгосны дараа Хятан улсад алдсан 16 мужаа эргүүлж авах зорилгоор “Умардын аян дайн”-ыг 959 оны 3 сард эхлүүлж, 18 өдрийн дараа Ляо улстай хил залгах бүсэд орших Цанжоу хотод ирсэн байна. Эндээс тэд дайралтаа эрчимжүүлж 5 сарын эх гэхэд Вацянуань, Можоу, Инжоу, гэсэн стратегийн чухал цэгүүдийг эзлэн авав. Тэд цааш Южоу руу хүрэх зорилготой байсан ч Чай Жун хаан гэнэт нас барсанд ухрахаас өөр аргагүй болжээ. Чай Жуны оронд түүний 5 настай хүү хаан суусан ч 960 оны эхээр ордны хамгаалах цэргийн ерөнхий жанжин Жао Куанинь (927-976) төрийн эргэлт хийж Хожуу Жоу улсыг мөхөөж, шинэ төр Сүн улсыг (960-1279) байгуулжээ.
963 оноос Сүн улс Хөх мөрнөөс урагш орших хүн ам олон, үржил шимтэй, үйлдвэрлэл хөгжсөн, баян чинээлэг боловч улс төрийн хувьд тархай бутархай улсуудыг өөртөө нэгтгэж эхлэв. Умард Хань улс Гаопингийн тулалдаанд ялагдснаас хойш Сүн улсад аюул занал учруулах чадваргүй болсон байсан ба харин Хятан улс тасралтгүй өсөхийн зэрэгцээ Сүн улсын цэргийн хүчнээс бараг 3 дахин их буюу 500000 хүртэл морьт цэрэг дайчлан гаргаж чадах хүчирхэг хэвээр байсан ч Елюй Жин хаан 960-969 оныг хүртэл засгийн хэрэгт оролцох нь илт багасаж, улс төрийн идэвхгүй бодлого баримталж байв. Сүн улсад 938 онд алдсан 16 мужийг эргүүлэн авахын өмнө Хөх мөрнөөс өмнөх нутгийг нэгтгэхэд 15 жил шаардагдав. Энэ хугацаанд Чү улсыг (907-963), Жиннань улсыг (924-963), Хожуу Шу улсыг (934-965), Өмнөд Хань улсыг (917-971), Өмнөд Тан (937-975), У-юэ улсыг (907-978) нэгтгэсэн ба 978 он гэхэд Сүн улсад Ляо улсыг эс тооцвол ердөө ганц улс үлдсэн нь Ляо улсын хараат улс Умард Хань улс үлдсэн байв.
Умард Хань-Сүн улсын харилцаа үндсэндээ Ляо улсын байр сууриас бүрэн хамаарч байв. Сүн улс довтлох цагт Умард Хань улсад Ляо улсын дэмжлэг юунаас ч илүү чухал байсан тул Елюй Жин, ялангуяа түүний дараа хаан суусан Елюй Сянь (969-982) хаанд сар бүр элч илгээх болсон байна. Хятан улсын хувьд Умард Хань, Сүн улсын аль алинтай нь найрсаг харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байв. Учир нь тэд зүүн хойд зүгт Зүрчид (973, 976) баруун зүгт Тангуд (973) нартай дайтаж байлаа.
Сүн улс У-юэ улсыг нэгтгэсний дараа жил бюу 979 он гармагц бүх хүчээрээ Умард Хань улс руу халдав. Энэ үед Хятаны хаан Чан Шоу гэгч элчийг илгээн довтолгооны учрыг асуулгасанд “хэрэв Хятан улс Умард Хань улсад тусламж үзүүлэхгүй бол энхийн харилцаатай байна, үгүй бол дайтах болно” гэсэн хариу өгчээ. Сүн улсын довтолгооны амжилт Хятан улсын тусламж Умард Хань улсын нийслэл Тайюаньд хүрэхгүй байхаас их хамаарч байв. Энэ бодлого амжилттай хэрэгжиж Хятан улсын тусламжийн цэргийг Байма даваанд няцааж чадлаа. Тусламжгүй болсон Тайюань хот 2 сар бүслэгдсний эцэст бууж өгчээ. Тэгснээр Сүн улс алдсан 16 мужаа хятанчуудаас эргүүлэн авах л үлдлээ. Хялбархан ялалт байгуулсандаа эрдсэн Сүн улсын Тайзун хаан (976-997) цэргийнхээ жанждын сануулга, эсэргүүцлийг эс тоон Хятан улсын нутаг руу халдан, улмаар Хятан улсын дээд нийслэл Южоу хотыг бүслэн хаахыг оролдов. Гэвч эцэст нь 7 сард Гаолян голын хөвөөнд Елюй Сюгэ, Елюй Шиэжэнь нарын хүчинд бут цохигдсон байна. Түмэн цэргээ алдсан Сүн улсын хаан эцэстээ өөрөө шархдан дутааж, арайхийн амиа аварч чадсанаар ялалтаар эхэлсэн Сүн улсын аян дайн гутамшигт ялагдлаар төгсжээ. 979 оны тулалдааны үр дүнд Хятан, Сүн улсын хооронд “жийргэвч” улс үгүй болж шууд хиллэх боллоо. Урьд өмнө тогтоосон энхийн харилцааг эрс өөрчилж 25 жил үргэлжилсэн “хүйтэн дайн”-ы нөхцөл байдал бий болов. Энэ харилцаа 1004 оныг хүртэл сэргээгүй билээ.
“Монголын эртний түүх”

5.25.2020

Елюй Уюй хааны үеийн Хятан улс.

947 онд Елюй Дэгуан хаан нас барж Ляо улсын шинэ хаанаар Елюй Бэй-гийн ууган хүү Елюй Уюй тодорчээ. Елюй Уюй-гийн хаан ширээнд суусныг Абаожигийн хатан эсэргүүцэж өөрийн 3 дахь хөвгүүн Тайзун Яогу хааны дүү Лиху-г (911-960) хаан ширээнд суулгахаар зүтгэжээ. Эх хатан түүнд цэрэг өгч аян дайнаас буцаж ирж буй Елюй Уюй-г тосон байлдуулахаар илгээсэн байна. Гэвч Лихугийн цэрэг ялагдал хүлээсэнд хатан өөрөө цэрэг дайчлан хятаны дээд нийслэлд хэдэн өдрийн турш байлджээ. Энэхүү хямралын эцэст улсын юүюү, нагац Елюй Ужи тэргүүтэй хааны төрөл садан, язгууртнууд Елюй Уюй-г дэмжсэн тул хатан эх хүүгийн хамтаар бууж өгөхөөс өөр аргагүйд хүрэв. Елюй Уюй тэднийг өнөөгийн Өвөр Монголын Улаанхадын Баарин хошуунд орших Линдун балгасны баруун өмнө орших Зужоу тосгонд хөл хорьсон байна. Гэвч энэ арга хэмжээ хятаны хааны ургийн дотор гарсан хямралыг шийдэж чадсангүй. 948-949 оны хооронд Яогугийн үр хойч болон хатан эхийн садан төрлийн ноёд хааны эсрэг тасралтгүй бослого гаргав. Елюй Уюй босогчдыг удаа дараа өршөөсөн ч эцэст нь хатуу чанга шийтгэхээс өөр зам үлдсэнгүй.
Хэдийгээр Елюй Уюйг төр барьж байх үед эрх мэдлийн төлөө тэмцэл байнга гарч байсан ч төр засгийн байгуулал, бүтцэд маш том хувиралт өөрчлөлт явагдсан юм. Байлдан дагуулалын дараа улсын бүрэлдхүүнд 926 онд Бохай, 938 онд Умард хятадын 16 мужийн хагас суурин, суурин иргэншилт газар нутаг, олон сая хүн ам багтах болсонтой холбогдуулан төрийн бүтцийг тохируулан өөрчлөх шаардлага аяндаа тулгарчээ. Энэ шаардлагыг хангахын тулд Елюй Уюй нүүдэлчин-суурин аль алиныг хослуулсан шинж бүхий засаглалын тогтолцоог эрс шийдэмгий зохион байгуулжээ. Ингэхдээ хятан, уйгур зэрэг нүүдэлчин аймгуудын нутаг дэвсгэрт үндэслэн байгуулсан Умард хэсгийг хятан уламжлалт ёс заншлын дагуу, харин бохай, хятадын тариаланч суурин иргэдийн газар нутгаас бүрдэх Өмнөд хэсгийг хятадын Тан улсын загвараар засаглахаар болж, тус тусын хэргийг шийтгэх яам, засаг захиргааны нэгжүүдийг хувиарлан байгуулжээ. Елюй Уюйгийн албан ёсоор хэрэгжүүлсэн энэхүү хос засаглал бүхий өвөрмөц тогтолцоо зөвхөн Хятан улсын төрийн үйл ажиллагааны үндэс болоод зогссонгүй Умард хятад, Монголын өндөрлөгт нүүдэлчдийн үүсгэсэн хожмын төр улсуудын түүхэнд хүчтэй нөлөөлсөн юм.
Елюй Уюй улсын дотоод хэрэг засаг төрийн тулгамдсан асуудлуудыг шийдэхийн сацуу Умард Хятадын улс төрийн тавцанд гарч байсан өөрчлөлтүүдэд идэвхтэй оролцож байв.  Хэдунгийн захирагч, шато түрэг гаралтай Лю Жиюань (895-948) Тайюань хотоос Далянь хот хүрч 947 оны 7 сард Хожуу Хань улсыг (947-951) байгуулжээ. Гэвч шинэ хааны бие чилээрхэж 6 сарын дараа нас барав. Түүний орыг 948 оны 2 сард 17  наст хөвгүүн залгамжилсан боловч 951 онд Го Вэй (904-954) гэгч нангиад цэргийн сайд төрийн эргэлт гарган  Хожуу Хань улсыг мөхөөж, Хожуу Жоу улсыг (951-960) байгууллаа. Го Вэй өөрийн улсаа байгуулснаа мэдэгдэж Елюй Уюй-д доромж утгатай захидлыг илгээсний хариуд Елюй Уюй түүний өрсөлдөгч болох Хожуу Хань улсын хаан Лю Жиюаний дүү, тухайн үед Тайюань хотын захирагч байсан Лю Чун-г (895-954) дэмжин Умард Хань улсыг (951-979) байгуулсан байна. Умард Хань хэмээгч энэхүү Хятаны “жийргэвч” улс хожим нь Хятан Сүн улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Елюй Уюй 951 оны намар Умард Хань улсыг түшиж Хожуу Жоу улс руу довтлох замдаа Абаожигийн дүү нарын удамд хорлогдон нас баржээ. Хаан ширээ Елюй Дэгуаний хөвгүүн Елюй Жин-д шилжив.
“Монголын эртний түүх”

5.23.2020

Елюй Дэгуан хааны үеийн Хятан улс

Абаожи хаан Бохай улсыг мөхөөгөөд буцаж явахдаа өвчин тусаж 926 оны 7 сард 56 насандаа өөд болов. Түүний үйлс хэргийг үргэлжлүүлж 927 онд Абаожигийн хоёрдохь хүү Яогу буюу Елюй Дэгуан (902-947) хаан ширээ залгамжлав. Тэрээр эцгийн адил газар нутгаа цэргийн хүчээр тэлэх бодлого баримтлаагүй ч улсыг улам бэхжүүлж, төрийг хятан-нангиад хосолсон хэв  маягаар захирч байв. Елюй Дэгуаны хамгийн том амжилт бол Хожуу Тан улсыг мөхөөж, газар нутгийг харъяандаа оруулсан явдал юм.
Абаожи Бохай улсыг эзэлж байх зуур түүний гол өрсөлдөгч Хожуу Тан улсын Цүньшү хаан ордонд гарсан бослогын үеэр нас барж, орыг Ли Сиюань залгамжилсан байлаа. Елюй Дэгуан, Ли  Сиюаний үед хоёр улсын харилцаа тайван байв. Харин түүнийг 933 онд нас барахад өргөмөл хүү Ли Цункэ (885-937) 934 онд хаан орыг хүчээр булааж авав. Энэ үед Хожуу Тан улсын хааны ордонд байсан Бэй дүүдээ захидал бичиж, хөрш улсын тогтворгүй байдлыг ашиглаж эзлэхийг сануулав. Елюй Дэгуан цэрэг удирдан дайрсан ч хатан нь амаржих явцдаа эндэж амь алдсан тул гэдрэг буцжээ. Хятанчуудыг буцсаны дараа Хятан улстай хил залгах Хэдун мужийн цэргийн захирагч мөн Ли Сиюаний хүргэн болох Ши Жинтан болон хэд хэдэн тойргийн захирагч нар шинэ хааныг дэмжсэнгүй, эцэст нь 936 оны 5 сард эсэргүүцлээ хаанд илэрхийлснээр тэдний харилцаа хурцаджээ. Ли Цунькэ 5 сарын сүүлээр Жи Шинтаны захиргааны төв хот Тайюань руу их цэрэг илгээж, харин Ши Жинтан энэ хооронд Хятан гүрний Елюй Дэгуан хаанаас тусламж хүсчээ. Тусламж хүссэн захианд Елюй Дэгуан хааныг өөрийн эцэг хэмээн хүндэлж, дагаар орохоо мэдэгдэхийн сацуу стратегийн онц чухал бүс  нутаг болох Южоу, Юньжоуг хамарсан 16 мужийг өгөхөө амласан байна. Тэдгээр 16 муж бол өмнө нь Абаожи хааны уулгалан дайрч байсан хотуудыг агуулж байв. 9 сарын эхээр Елюй Дэгуаний биечлэн удирдсан 50000 морьт цэрэг өмнө тийш хөдөлж, өнөөгийн Шаньси муж дахь умард-өмнөдийг холбосон Цагаан хэрмийн Яньмэнь боомтоор дайран гарч Тайюань хотод хүрээд Жинтангийн хүчтэй нэгджээ. 9 сарын 15 нд болсон тулалдаанд Хожуу Тан улсын цэрэг ялагдаж, бүслэгдэв. Хэдэн сарын дараа тэд бууж өгч, 11 сарын 12-нд Елюй Дэгуан Их Жин улсыг байгуулсныг зарлан түүний хаанаар Ши Жинтанг өргөмжилжээ. Ийнхүү түүхэнд Хятан гүрний бас  нэг, улс төрийн “тоглоомын” улс бий болсныг түүхэнд Хожуу Жин (936-947) хэмээн нэрлэдэг.
Тусламж хүргэсний хариуд Жинтан амласан 16 мужийг өгөөд зогсохгүй жил бүр 3000 толгой торгоор алба барихаар болов. Харин Елюй Дэгуан цэргээ татаж нутаг буцсаны дараа зугтсан Ли Цунькэ хаан амиа егүүтгэжээ. Ингэснээр Хожуу Тан улс мөхөж, түүний эзэмшил Хожуу Жин улсын мэдэлд очив. Хятанчуудын хувьд Хожуу Тан улсын 16 мужийг эзэмшснээр түүнтэй зэрэгцэх хүчтэй улс Умард Хятадад үгүй болж, хятанчууд эдгээр мужуудаар дамжин Шар мөрөнд саадгүй хүрч, улмаар тус мөрний өмнөд этгээдэд орших нангиадын тариаланч нийгмийн төвд бодитой аюул учруулах боломжтой болжээ. Улсаа байгуулсны дараа Ши Жинтан хаан нийслэлээ Шар мөрөнд ойртуулан Лоянгаас Далян руу шилжүүлснийг үзвэл тэрээр чухам ийм болзошгүй аюулыг сайтар ухаарч байсан бололтой. Их хятан гүрэн 16 мужийг нэгтгэсэн явдал асар их ач холбогдолтой байсан болохоор Елюй Дэгуан хаан Их Хятан гүрний нэрийг өөрчлөн Да Ляо улс буюу Их Ляо улс хэмээн нэрлэж, өөрийн оны цолыг халж, хуйтун хэмээн шинэчилжээ. Елюй Дэгуан засаг захиргааны хувьд тус мужуудыг хоёр хэсэг хуваан, шинээр байгуулсан 5 нийслэлийн Баруун, Өмнөд нийслэлийн захиргаанд оруулжээ.
Жинтан хааныг 942 оны 7 сард өөд болсны дараа хаан ширээ залгамжилсан түүний ахын хөвгүүн Ши Цунгүй Хятан улсаас хараат байхыг хүссэнгүй. Тиймээс Елюй Дэгуан хоёр жил дайнд бэлтгэн 944 оны 1 сард их цэрэг хөдөлгөв. 4 жил орчим үргэлжилсэн энэхүү дайны явцад Цунгүй хаан Хятаны дайралтыг няцааж чадсан боловч Хожуу Жин улс нийгэм эдийн засгийн хувьд гүн хямарч, түүний хэд хэдэн цэргийн жанжин хятанчуудад урван эцэст нь 947 оны 1 сард нийслэл Далян хотод орж ирсэн Елюй Дэгуаний цэргийн хүчинд бууж өгсөн байна. Елюй Дэгуан ялалтынхаа дараа дунд нийслэлийг Хуто мөрний умард эрэгт орших Жэньжоу хотод байгуулснаа зарлажээ. Гэвч харамсалтай нь Елюй Дэгуан цэргээ татан нутаг буцаж явахдаа өвдөн тэнгэрт халив. Их Ляо улсын шинэ хаанаар Елюй Бэй-гийн ууган хүү Елюй Уюй (947-951) тодорчээ.
“Монголын эртний түүх”

5.21.2020

Монгол орны төв хүйс цэг

Өвөр Хөшөөт Өвөрхангай аймаг Бүрд сум
Монгол орны өнөөгийн газар нутгийн “Хүйс цэг” нь газар зүйн солбилцлын аргаар олсон ХӨ 46*052, ЗУ103*050-т орших Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Өвөр хөшөөтийн булаг” гэдэг газар юм.
Монгол орны төв цэгийн байршлыг газар зүйн ШУ-ны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Ш.Шагдар 1979 онд анх судлан тодорхойлсон байдаг. Монгол нутгийн төв цэгийн байршилтыг тогтоохдоо дараах дөрвөн аргаар тодорхойлжээ.
1. Газар зүйн солбилцлын арга
2. Тэгш өнцгийн арга
3. Квадратын арга
4. Тойргийн арга.
“Хүйс цэг” нь Өвөр хөшөөтийн булгийн эхэнд ДТД 1730 м өндөрт Өвөрхангай аймгийн төвөөс зүүн хойш 115 км, эртний нийслэл Хархорумаас зүүн урагш 85 км, Монгол Улсын нутгийн зүүн захын цэг Модот хамар уул, баруун захын цэг Мааньт уул хүртэл тус тус 1222 км орчим, хойд захын цэг Монгол шарын даваанаас 670 орчим км, өмнөд захын цэг Орвог гашууны бор толгойгоос 600 гаруй км зайтай. Мөн дэлхийн экватораас хойш 5194 км, хойд туйлаас ургаш 4808 км орчим зайтай оршиж, дэлхийн цагийн 7-р бүсэд хамаардаг.

5.18.2020

Абаожи төрийн эрхэнд гарч Хятан улс байгуулагдсан нь

Хятан улсыг үндэслэн байгуулагч Абаожигийн төрж өссөн цаг үе болох 9-р зууны төгсгөл гэхэд хятанчуудын гол өрсөлдөгч нь Тан улс болсон байлаа. Тан улс хэдийгээр Хятанаас хүчирхэг байсан боловч 870 оны дунд үеэс тус улсын дотор бослого үймээн дэгдэн удаан хугацаанд үргэлжилсэн зэргээс шалтгаалан төвлөрсөн эрх мэдэл алдагдаж орон нутгийн эрхтнүүд өөр өөрсдийн гэсэн дэг журмыг газар нутаг дээрээ тогтоох, хөрш улсууд хүчирхэгжин бие даах хандлагатай болсон байжээ. Чухам ийм харьцангуй бие даасан Хэдун, Лүлүн гэсэн хоёр муж хятанчуудтай хил залган түүний өмнө этгээдэд оршин байв. Хятанчуудын баруун өмнөд талд орших Тайюань төвтэй Хэдун мужийг шато түрэг гаралтай Ли Кэюн (856-908) 883 оноос захирч байв. Түүний удирдсан цэргийн хүч Тан улсын дотоодод гарсан Хуан Чжаогийн бослогыг эцэслэн дарахад (884) гол үүрэг гүйцэтгэсэн тул ихээхэн нөлөөтэй болсон байв. Харин өмнө хилийн дагуу Южоу, Пинжоу хотуудыг агуулсан Лүлүн мужийг Лю Жэньгун (885-913) гэгч захирч байв. Лю Жэньгуний өвөг дээдэс хүн ам цөөтэй энэ мужийг хэдэн үеэрээ цэрэгжүүлэн захирч хөрш муж, газар нутгуудтай байлдан хүчирхэгжихийн зэрэгцээ Тан улсын засагт орлого тушаалгүй бараг 150 жил болсон байлаа. Ялангуяа Тан улс доройтож, хааны төвлөрсөн эрх мэдэл алдагдсан үед энэ муж Тан улсын дотор тусгаар улсын дайтай болсон байжээ. Лю Жэньгун захирагч болохоос өмнө, өөрөөр хэлбэл түүний өвөг дээдэс захирч байсан сүүлийн 50 жилийн хугацаанд хятан болон энэ мужийн хооронд харьцангуй тайван харилцаа тогтож байсан тул хил дагуух худалдаа, соёлын харилцааны явцад нангиад соёлын үр нөлөө хятанчуудын дунд ихээхэн нэвтрэх болсон байв.
Гэвч хятанчуудын хүчирхэгжилт, дайралтаас өөрсдийгөө хамгаалахын тулд Лю Жэньгун сөрөг довтолгоон хийхээр шийджээ.Түүнийг ийм шийдвэр гаргахад өөрийнх нь дарангуй засгаас дайжсан харъяат олон ардыг нь хил дагуу хятанчууд нутаг дэвсгэртээ хүлээж авч хорогдуулах болсон нь ихээхэн нөлөөлж, эцэст нь 887 онд бүх цэргийн хүчээ хуримтлуулан Жайшин уулыг даван хятаны нутагт халджээ. Тэрээр хятанчуудыг мохоохын тулд юуны түрүүнд адууны бэлчээрийг нь шатаах уран арга бодож олсон нь үр дүнгээ өгч хятанчуудыг төдий л эсэргүүцэлгүй бууж өгч, агт мориор алба барихад хүргэв. Гэвч энэ нь гэнэтийн халдлагыг түр зуур аргалан тогтоох арга хэмжээ байжээ. Хэсэг хугацаанд тэнхэрсний дараа тэд хариу довтолж, энэ удаа Лю Жэньгуний хүү Шоугуан-ы хамгаалж байсан Пинжоу хот руу түмэн цэргийн хүчээр дайрсан байна. Хятанчуудын дайралтыг зогсоохын тулд Шоугуан эцгийнхээ адилаар уран мэх хэрэглэв. Тэрээр бууж өгөх дүр эсгэн тал газар гэр босгоод зоог барьж ёслол үйлдэн түүндээ хятаны цэргийн удирдагчдыг урьж, улмаар гэнэдүүлэн цохиж барьж авчээ. Хятанчууд цэргийн удирдагчдаа суллахын тулд Шоугуаны хүслийг дагахаас аргагүйд хүрч, эцэст нь Яонянь аймгийн холбооны тэргүүн Чиньдэ үлэмж гарз хохирлоор бууж өгөв. Энэ явдлаас хойш 10 гаруй жил хятанчууд Лүлүнгийн нутагт халдсангүй.
Дайнд ялагдсан явдал Яонянь аймгийн холбооны засаглал хямрах үүд хаалгыг нээж, Чэньди тэргүүлэх байр сууриа аймгийн холбооны цэргийн удирдагчид алдахад хүрэв. Харин Абаожиг холбооны аймгийн засгийг авахад Лүлүнгийн дотоодод гарсан нийгмийн хямрал тусалжээ. Учир нь Шоугуан эцгийнхээ адил дарангуй засгийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байсан тул түүний ард иргэд хятаны нутаг руу дүрвэн зайлсаар байжээ. Дүрвэн зугтсан нангиад голдуу тэдгээр иргэдийг хилд хамгийн ойр орших Ила аймгийн толгойлогч Абаожи хавчиж шахсангүй харин ч талархан хүлээж авч өөрийн хэрэгт овжноор ашиглаж байснаар барахгүй эцэг хүү Лю-гийн хямарч суларсан нутаг руу халдан зарим хот тосгоныг дайран эзэлж хүн амыг олзлох замаар улам хүчирхэг болсоор байв.
901 онд Яонянь аймгийн холбооны тэргүүн Чиньдэ цэргийн ур чадвараа нотлон харуулсан залуу Абаожиг аймгийн tama буюу хааныг хамгаалагч шадар цэргийн даргачаас илижиньд сонгон томилов. Аймгийн холбооны шинэ илижинь эцэг, авга нарынхаа адилаар юуны түрүүнд хөрш зэргэлдээ нүүдэлчдийг эрхшээлдээ оруулж, газар нутгаа өргөтгөхөөр шийджээ. 901 онд Абаожи умардын шивэй, юйжүэ, баруун умардын зүрчин, өмнөдийн си зэрэг олон тооны нүүдэлчдээс гадна мөн ойр зэргэлдээ орших суурин иргэдийг ч довтолж эхлэв. Зүрчиний зарим аймгийг 903  онд дайрч 300 өрхийг олзолж, улмаар шивэй рүү довтлов. Шивэй аймгуудыг, ялангуяа хар тэрэгтэн шивэй нарыг 904-907 онуудад жил болгон тасралтгүй довтолсоор 909 онд эрхшээлдээ бүрэн оруулсан байна. Хятанчуудын тэлэлтийн дараа дайжин зугтсан шивэйн олон аймаг баруун, өмнө тийш нүүдэллэн одож, ингэх явцдаа өөр бусад хүчирхэг нүүдэлчидтэй улс төрийн эвсэлд нэгдэх юм уу эрхшээлд нь орсоор эцэстээ тэдэнд уусан шингэжээ.
Абаожигийн хүч зүрчин, шивэйн зэрэгцээ си нарыг эзлэхийг хичээж байв. 906 онд си рүү ахин довтолж бүрэн эрхшээлдээ оруулж чадав. Хятанчуудын довтолгооноос зугтсан си нар баруун, зүүн хоёр хуваагджээ. 911 онд Абаожи эдгээр си нарт сүүлчийн цохилт өгч, эхлээд баруун си-г, дараа нь зүүн си нарыг бутцохисноор си нар ахин улс төрийн нэгдэл байгуулж чадсангүй. Си-гийн язгууртнууд хятаны алтан ургийн Елюй овгийнхонтой худ ургийн харилцаа тогтоож, яваандаа тэдэнтэй адилссан байна. Хятаны цэргийн хүч баруун хойшоо өнөөгийн Монголын хил хязгаар руу улам дөхсөөр байв.
Абаожи нүүдэлчдээс гадна Тан улсын хил залгаа Лүлүн, Хэдун хоёр муж руу цэргийн ажиллагаа явуулав. “Ляо улсын түүх”-д дурдсанаар тэрээр 902 онд 400000 цэрэг дайчлан Хэдунгийн хязгаар нутаг болон өнөөгийн Датуны нутагт оршиж буй Дай сян буюу Дай хотын умардад довтлон... 9 хот, 95000 хүн, тоо томшгүй олон тэмээ, адуу, хонь, үхэр олзлон авчээ” Энэхүү чухал ялалтын дараа Абаожи аймгийн холбооны юүюү-гээр сонгогджээ. Аймгийн холбооны илижинь, юүюү гэсэн хоёр чухал албыг зэрэг хаших болсноор Абаожи албан ёсоор бүх цэргийн удирдагч, хааны удаахь хүн болсон байна. Ийнхүү өсөн дэвжиж буй Абаожи Тан улсын хил хязгаарт халдахад бэлэн болов. Түүний гол бай нь хятанчуудын өст дайсан Лүлүн мужийн захирагч Лю Жэньгун байсан агаад түүнийг дарахын тулд Абаожи юуны өмнө Хэдунгийн захирагч Ли Кэюнтэй эвсэл байгуулсан байна. Кэюнгийн хувьд Тан улсыг бүрмөсөн сөнөөхөөр сэтгэл шулуудаад байсан Жү Вэнь-ээс (852-912) өөрийн эзэмшил болон эзэн хаанаа хамгаалах нь эн тэргүүний тулгамдсан асуудал болоод байсан тул хүчирхэгжиж буй хятан нартай зөрчилдөхөөс зайлсхийж, түүнийг ямар нэг хэмжээгээр хүлээн зөвшөөрхөөс өөр арга байсангүй. Хятад сурвалжид бичсэнээр Абаожи Кэюн нар “ахан дүүгийн барилдлага” тогтоохоор 905 онд Юньжоу буюу өнөөгийн Датун хотноо уулзсан байна. Тэд зоог барьж, сархад тогтоосны дараа Кэюн Абаожиг Лүлүн рүү довтолбол хавсарч дэмжихээ мэдэгдсэн байна. Тэр жилдээ багтаж Абаожи Лүлүний зарим хот руу довтолж хүн ардыг олзолжээ. Яг энэ үед 906 онд Яонянь аймгийн тэргүүн Чиньдэ нас баржээ. Чиньдэ-г нас барахад Абаожигийн сүр хүч, нэр алдар нь аль хэдийн хаанаасаа давсан байв. Одоо түүнд Яонянь аймгийн холбооны дүрмийг зөрчин хаан сэнтийг гагц өөрийн гарт авах л үлджээ.
Энэ үйл явдал 907 оны эхээр тохиож Абаожи хятаны аймгийн холбооны тэргүүн болж, “Их хятан улс” байгуулагдав. 907 оны хаврын тэргүүн сард Абаожи хятаны хаан сонгох хуралдааныг зарлан хуралдуулж, тэнгэрийн ивээлээр хаан болсноо зарлан галын тахилга үйлджээ. Шинэ хааны гэр бүл хятанчуудын өмнөх 9 хааны гэр бүлд албан ёсоор тооцогдож 10 дахь орд болов. Мөн хуучин албан тушаалтнуудыг халж оронд нь өөрийг нь дэмждэг ах дүү, ураг саднаасаа хүмүүс томилжээ. Мөн тэрээр өөртөө аймгийн бүх эрх мэдлийг найдвартай барихад туслах хааны бие хамгаалагч шадар цэргийн хүчийг үүсгэн бэхжүүлэв. Ингэснээр Абаожи аймгийн холбооны чухал шинж чанар болсон тэргүүнийг тодорхой хугацаагаар сонгон томилдог 270 гаруй жилийн уламжлалыг хаан ширээ залгах ёсоор эвдэн сольсноор Яонянь аймгийн холбоо үнэн хэрэгтээ үгүй болж, хааны гэр бүлд туулгуурласан хаант төр байгуулагдах үндсийг тавив. 
Абаожиг хятаны уламжлалт улс төрийн тогтолцоог өөрчлөх үндсийг тавьж байхад Зүүн Азид улс төрийн цоо шинэ нөхцөл байдал үүсч байлаа. 906 онд Жү Вэнь-ний цэргийн хүч Хэдун болон Лүлүний зарим хэсгийг эзлэн авсан байна. Тус хоёр мужийг захирч байсан Ли Кэюн, Лю Жэньгун нар цэргийн эвсэл байгуулж Жү Вэний хүчийг тогтоож чадсан боловч аль аль нь дотооддоо ихээхэн хямарч байснаас байр сууриа удаан хадгалж чадсангүй. Ялангуяа Лю Жэньгун, Шоугуан нарын хооронд эцэг хүүгийн харилцаа үгүй болж, улмаар Жэньгуний хоёр хөвгүүний хооронд цуст тэмцэл гарахад хүрчээ. 907 оны зун Жү Вэнь Тан улсын тоглоомын, сүүлчийн эзэн хааныг ширээнээс нь зайлуулан, 300 жилийн түүхтэй хүчирхэг гүрнийг мөхөөж, оронд нь орон нутгийн чанартай Хожуу Лянь (907-923) улсыг байгуулан өөрөө түүний хаанд өргөмжлөгдөв. Тан улс мөхөж оронд нь шинэ улс байгуулагдсан нь түүний хил дагуух улс төрийн үйл явцыг орвонгоор нь өөрчилсөн юм.
Хэдийгээр Жэньгуний хоёр хөвгүүн хоёул Хожуу Лян улсын хаанд дагаар орсноо илэрхийлсэн боловч аль аль нь аятай боломж ирэх үед босох санаатай байв. 908 онд Жү Вэнь-ний эртний дайсан Ли Кэюн 53 насандаа өөд болж түүний ууган хүү Ли Цүньшү (885-926) эцгийн орыг залгамжлан авч, Жин (908-923) улсын хунтайж гэгдэх болов. Тэр эцгийнхээ адил Абаожигийн холбоотон болсон бөгөөд Абаожи Жэньгуний ахмад хөвгүүн Шоувэнд дүү Шоугуанаас эцгийнхээ өшөөг авахад нь туслав. 909 онд хятан цэргүүд Хэбэй муж руу мордож өнөөгийн Тяньжин хот хавьцаа Шоугуаний хүчийг мохоосон байна.
Ах дүү хоёрын тэмцэлд шинээр тодорсон хоёр хүч, Жү Вэнь Абаожи хоёрын байр суурь шийдвэрлэх үүрэгтэй байсан бөгөөд харин тэдний аль аль нь нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг хичээж хоёрдмол байр суурь баримталж байв. Абаожи эхлээд Ли Цүньшү болон Лю Шоувэнь нарыг дэмжиж байсан боловч Жү Вэньтэй тохиролцон Лян улсад Жин улсыг дарахад нь туслахаар болов. Жү Вэнь ч эхлээд Лю Шоувэнийг дэмжиж байсан ч Жин улсыг устгахын тулд эцсийн мөчид Шоугуанийн талд оржээ. 909 онд Шоугуан, Ли Цүньшүд Лян улсыг дарах, харин Жү Вэньд Жин улсыг дарах санал зэрэг тавив. Ингэснээр ах дүү хоёрын тулалдаанд Шоувэнь ганцаардан ялагдаж эцэст нь 910 онд алагдав.
Шоугуан ингэж дүүгээ устгаж санасандаа хүрээд 911 онд Их Янь (911-914) улсыг байгуулснаа зарлав. Түүгээр ч зогсохгүй Жин улсын элчийг доромжлон хөнөөснөөр бүх хөрш холбоотнуудаа хөндийрүүлж, эцэст нь өөрийн харъяаны И-у-гийн захирагч Ван Чүжийг довтолжээ. Ван Чүжи Жин улсаас тусламж эрж, Цүньшүтэй хамтарсан хүчээр Шоугуаныг дайрахаар болов. Харин Жү Вэнь өрсөлдөгч Жин улстай дайтах гэсэн боловч төд удалгүй Шоугуанд туслах санаагаа ч гэсэн орхижээ. Гэтэл Янь улс Жин улстай дайтаж байх хооронд 912 оны 7 сарын 18-нд Жү Вэнь төрсөн хүүдээ, төрсөн хүү нь 913 онд бага дүүдээ хорлогдож, 2 жилийн дотор хоёр ч хаан солигдов. Шоугуан ганцаардан түүнд хятанчуудаас өөр туслах холбоотон үлдсэнгүй. Улмаар түүний цэргийн зарим жанжин Жин улсад урваж, бас Хань Яньхуй тэргүүтэй цэргийн эрхтнүүд Абаожид дагаар орсноор Янь улсын нийслэл Южоуг хамгаалах хангалттай хүч үлдсэнгүй. 914 онд Жин улсын Ли Цүньшү Их Янь улсын нийслэл Южоуг эзлэн авч Лю Шоугуаныг цаазаар авчээ. Харин Лян улсын анхаарал Тан улсын мөхөлтэй хамт зэрэгцэн тусгаар тогтносон өрнөд хоёр улс руу ханджээ. Ингэснээр Абажид бүс нутагтаа өрсөлдөх ганц Жин улс үлджээ.  
Абаожигийн хувьд дотоодод учирсан хамгийн том бэрхшээл нь Яонянь аймгийн холбоонд багтаж байсан эртний Ниэла аймгийн зүгээс ирэв. Абаожи бослогыг даруулахаар дүү, Диэлэ аймгийн илижинь Лагэ-г илгээжээ. Лагэ тэдний эсэргүүцлийг хялбархан даржээ. Абаожи түүний илижинь-нээс шинээр үүсгэсэн тигин-д томилсон байна. Гэвч Лагэ бусад Диэла, Индиши, Андуань зэрэг дүү нартайгаа нэгдэн 911 онд Абаожигийн эсрэг босохоор хуйвалджээ. Хуйвалдааны шалтгааныг сурвалжуудад дурьдаагүй ч аймгийн тэргүүнийг 3 жил тутам сонгодог уламжлалыг үргэлжлүүлэхийг хүссэн гэж судлаачид санал нэгтэй тайлбарладаг. Тус хуйвалдааныг Андуаны эхнэр илчилж мэдүүлснийг хаан шалгуулан баталсан ч дүү нараа шууд шийтгэсэнгүй. Харин тэднийг уулын өөд дагуулан гарч, тэнгэр газарт тахиж мөргөөд өршөөсөн ажээ. Хуйвалдааныг тэргүүлсэн Лагэ-г тигиний албанаас буулгаж, буцааж аймгийн холбооны илижинь болгожээ.Харин түүний оронд аймгийн холбооны язгууртнуудын шахалтаар авга ах Шилү-гийн хүү Хуагэ-г томилсон байна. Хуагэ бол Чиньдэгийн үед эцгийнхээ эсрэг хуйвалдаанд оролцож бусад аймгуудад нэр олж авсан хүн байв.
Удаах жил Абаожигийн эсрэг хоёрдох  бослого эхлэв. Бослогод өмнөх бослогын эзэд болох дүү нараас нь гадна холбооны юүюү ноён Шади тигинээр томилогдоод удаагүй байсан Хуагэ нар оролцсон байжээ. Энэ нь Абаожиг эртний заншил ёсны дагуу аймгийн холбооны тэргүүнээс буулгахын тулд эрх мэдлээрээ түүний дараа орох илижинь, тигин, юүюү зэрэг өндөр дээд түшмэл нар хамтран боссон хэрэг байлаа. Тэд дайнаас буцаж явах замд нь Абаожиг гэнэдүүлэн цохихоор төлөвлөсөн байв. Хариуд нь Абаожи зам буруулан зайлахдаа эртний уламжлалт галын тахилгыг үйлдэж, өөрөө өөрийгөө хаан суудалд ахин улируулан сонгожээ.
Абаожигийн энэ үйлдэл түүнийг эсэргүүцэгчдийг эрс ширүүн, хүч хэрэглэсэн бослого дэгдээхэд хүргэжээ. Бослогын гуравдах давалгаанд Иши аймгийн язгууртнууд нэгдсэн байна. 913 оны хавар гэнэт дэгдсэн бослогын Лагэ тэргүүтэй үндсэн жигүүрийг Абаожи нэхэн хөөж байх зуур Индиши тэргүүтэй нөгөө жигүүр хааны орд өргөө рүү довтлон хааны бэлэг тэмдэг, туг хэнгэрэгийг эзэлжээ. Абаожи шивэй, туюухуны нэмэлт хүчний тусламжтайгаар босогчидтой тулалдсны эцэст хоёр сарын дараа сая нэг буулгаж авчээ. Бослогын дараа Абаожи аймгийн холбооны ахмадуудыг хуралдуулаад галын тахилга үйлдэн өөрийгөө хаанаар сонгуулав. Тэрээр өөрийн дүү нараас бусад бослогыг удирдсан ноёдыг цаазалж шийтгэв. Тэдэнтэй хамт бослогод оролцсон гэх аймгийн холбооны 6000 хүн, хүнд хөнгөн ял авчээ. Абаожи дүү нарынхаа урвалт, бослогыг дарж, эртний аймгийн холбооны оршин тогтнох үндсийг үгүй хийсний дараа 916 онд угсаа залгамжлах хаант улс байгуулснаа албан ёсоор зарлав. Энэ үеэс Их хятан улсын хааныг нангиад ёсоор хуанди, Абаожиг Их богд их гэгээн тэнгэрийн хуанди, оны цолыг Шэньцэ хэмээн нэрлэх болжээ. Харин түүний хатан Чүньчинь Тэнгэрт цацагч их гэгээн газрын хатан цол авав. Мөн тэрээр хаан ширээ залгамжлагчаараа Бэй нэрт ууган хүүгээ сонгоод, хаант улсаа суурин, нүүдэлчин хоёр хэсэгт ялган тус бүрд нь тохирсон арга ухаанаар засаг төрийн үйл ажиллагааг явуулахын тулд Умардын сайд, Өмнөдийн сайдыг томилов. Энэ түшмэдийн алба өмнө нь 907 онд бий болсон байсан боловч улам өргөжин Абаожигийн санаачилсан шинэтгэлүүдийг хэрэгжүүлэх гол түшиц газар болсон байна. 918 онд Абаожи Шар мөрний умард этгээдэд Их Хятан улсын нийслэл байгуулах зарлиг буулгаж, хожим 20 жилийн дараа 938 онд Дээд нийслэл болгож байжээ. Абаожи хааны төр барьсан 5 дахь жил буюу 920 онд Абаожигийн үеэл Лүбүгү, Түлюйбү нар их, бага хятан бичиг зохиож, түүний дараа жил Түлюйбү төрийн их, бага хэргийг шийтгэх их цаазыг эмхэтгэн бичсэн байна. Ийнхүү Абаожи Хятан улс байгуулагдах үндсийг тавьжээ.
Абаожи Их Хятан гүрнийг байгуулмагцаа 916-917 онд өмнө зүг Санган, Ян мөрний сав дагуу орших Жин, Хожуу Лян улсын нутаг дэвсгэрт довтолж, Шожоу, өнөөгийн Шаньси, Южоу, Синьжоу, Ужоу, Гүйжоу, Жужоу гэсэн хотуудыг довтолж улмаар түүний цэргийн хүч Цавчаал боомтод тулж ирэв. 918-919 Абаожи улсын дотор Угул нарын нутагт бослого гарсныг даржээ. 918 оноос татарууд алба гувчуур өргөх болов. 920 оны зун цэргийн хүчийг баруун өмнөдөд чиглүүлж Тангудын хязгаар нутагт аян дайн хийж, хоёр сарын дараа Тяньдэ хотыг эзлэн авснаар хятанчууд хил хязгаараа өнөөгийн Өвөр Монголын Улаан сухай нуур хүртэл тэлж чаджээ.
921 онд хятанчууд Жин улсын өмнөд нутаг, мөн хуучин Их Янь улсын мэдэлд байсан нутгууд руу өргөн хэмжээний довтолгоон хийв. Энэ удаад тэд Цагаан хэрмийн дагуу  Цавчаал боомтоос зүүн тийш Губэйкоу хүртэлх нутгийг бусниулан улмаар ойр орчмын Таньжоу тэргүүтэй 10 гаруй хотыг өөрийн болгожээ.
Хятанчууд цэргийн хүчээр газар нутгаа тэлж байх зуур Хожуу Лян, Жин улсын хооронд 917 оноос ширүүн өрсөлдөөн явагдан Жин улс давамгайлж эхлэв. Абаожи өмнөд хил Жао, И-у-д үүссэн тогтворгүй байдлыг ашиглан дайралт хийсэн боловч Цүньшү өөрийн биеэр цэргээ удирдан хятанчуудтай тулан тэдний дайралтыг няцааж чаджээ. 923 он гэхэд Цүньшүгийн цэргийн хүч Хожуу Лян улсынхаас илт давуу болсон байлаа. Харин хожуу Лян улсын хааны ордонд гарсан эрх мэдлийн төлөөх тэмцэл улс орныг улам доройтуулж байв. Тус оны намар Циньшү улсаа Хожуу Тан улс (923-937) гэж нэрлэв. Намар 11 сард Цүньшүгийн цэргийн жанжин Ли Сиюань Хожуу Лян улсын хотуудыг ээлж дараалан эзэлсээр нийслэлд нь тулж ирэв. Ирж буй мөхлийг мэдсэн Жү Жэнь хаан амиа егүүтгэснээр Хожуу Лян улс мөхөв. Үүний дараа 925 онд Хожуу Тан улс өнөөгийн Сычуаньд төвлөрч байсан өмнөд хөрш Их Шу (907-925) улсыг эзлэн авлаа. Ингэснээр Умард хятадын зүүн хэсэгт Хятан гүрний эсрэг зөвхөн шато түрэг гаралтай Хожуу Тан улс сөрөн зогсох болов.
Хожуу Тан улсыг газар нутгаа тэлж байх зуур Хятан гүрэн ч газар нутгаа тэлж байв. 924-925 онд Абаожи туюухун, тангуд, уйгур, зүбү зэрэг нүүдэлчин, хагас нүүдэлчин гаралтай улс түмнүүдийг эрхшээлдээ оруулахаар 3 чиглэлээр хөдөлжээ. Эхнийх нь баруун хойд зүгт Монголын өндөрлөгийг чиглэн У-гү шань, цаашлан Хуйхучен хүрч, тэнд эртний түрэг уйгурын бичээсийг арилган, оронд нь хятанчуудын хийсэн үйлсийг алдаршуулан сийлж бичэж үлдээгээд улмаар Хүмүси уулын нүүдэлчдийг эзэлсэн байна. Удаах нь говийн элсэн цөлийг туулж бурханы шашинт Фүтүчэн буюу Гаочангийн Уйгурын нийслэл Бышбалык хотыг эзэлжээ. Үүнээс хоёр сарын дараа өнөөгийн Ганьсугийн  хоолойд орших Ганьжоу хотыг дайрч, түүний захирагч Билгэ гэгчийг олзлон улмаар Ганьжоугийн уйгуруудын хаан Ормуздыг дагаар оруулав. 925 онд бас нэгэн цэргийн хүч Иньшань уул хавьд нутагладаг нүүдэлчид болон Ордосын зүүн-хойт хэсгийн туюухун, Дансян буюу Тангудын зарим нутаг руу довтолж эзэлжээ.
Абаожи энэ аян дайнаас эргэж ирээд Манжуурын талыг эрхшээлдээ бүтэн оруулах зорилготой дараагийн томоохон аян дайныг 925 оны сүүлээр эхлүүлэв. Их төлөв мохэ нүүдэлчид болон мөхсөн Когүрю улсын үлдэгдлээс бүрдсэн Бохай улс нь (713-926) Манжуурын зүүн хойд хэсэг, Солонгосын хойг, Оросын алс дорнодын Приморийн хязгаарыг хамран оршиж байв. Энэ үеэс Тан улсыг мөхөх хүртэл хятанчуудаас гадна хуурай замаар түрэгүүд болон Солонгосын нэгдсэн Шилла улс (676-935), 918 оноос Корёо улс (918-1392), далайгаар Японтой хиллэж байсан юм.
926 оны эхээр Абаожи Бохай улсын хамгийн баруун цэгт орших Фуюйфу-д хүрч эзэлсний дараа Бохайн цэргийн гол хүчтэй тулж няцаагаад умард, өмнөд жигүүрээр салж, Тэ Инсөнь (906-926) хааны нийслэл Хуханьчэн хотыг бүслэн авчээ. Тэ Инсөнь хаан бууж өгсөн ч дараа нь эсэргүүцэн босчээ. Абаожи бослогыг хялбархан дарж Бохай улсыг мөхөөснийг албан ёсоор зарлав. Үүний дара Бохай улсын умард, өмнөд, дорнодын гол хотууд дагаар орсноо хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү Абаожи тус улсыг мөхөөгөөд нэрийг нь Дундань буюу Зүүн Дань улс, нийслэийг нь Тяньфу болгон өөрчлөөд хаанаар нь Абаожиг залгамжлагчаар тодроод байсан ууган хүү Бэй-г сонгожээ. Бохай улсыг дарснаар умард хятадад Хожуу Тан улсыг эс тооцвол Хятан гүрэнтэй эн зэрэгцэх улс үгүй болж, Манжуурын талд амьдарч байсан түнгүс зүрчид угсааны аймгуудаас гадна Япон, Корёо, Зүбү, Татар мөн Тангуд, Уйгур зэрэг улсуудаас алба гувчуур өргөх болсон байна.
Абаожи хаан Бохай улсыг мөхөөгөөд буцаж явахдаа өвчин тусаж 926 оны 7 сард 54 насандаа өөд болов. Түүний цогцсыг удаахь жил нь Хятаны нийслэл хотоос зүүн-өмнө зүгт 30 км-т орших Сайлэмүгэ гэх уулын бэлд буй “Өвөг дээдсийн бунхан”-д оршуулжээ. Түүний үйл хэргийг үргэлжлүүлж 927 онд Абаожийгийн хоёр дахь хүү Яогу буюу Елюй Дэгуан (902-947) хаан ширээ залгамжлав.
“Монголын эртний түүх”  


5.15.2020

Тэнгэрийн цэцэг Вансэмбэрүү

Вансэмбэрүү цэцэг нь ихэвчлэн гурван мянган метрээс дээш өндөрт уулын хад асганд хосоороо ургадаг. 15 см-ээс нэг метр хүртэлх өндөр, бүдүүн иштэй, захаараа олон хурц шүдлэгтэй, гонзгойвтор навч нь шилбээ дагасан далавч үүсгэсэн дэлбэгэр том цагаан дэлбээтэй цоморлигийн голдоо балчир хүүхдийн зулай адил зөөлөн бүлээн хүрэн толгойтой цэцэг.
Манай орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховорхон тархан ургадаг. Энэ ургамалд эр, эм бэлэг хамтдаа байрладаг, хос бэлэгтэй нэг гэрт ургамал. Үрээр үржихдээ муу. Өөр хоорондоо 10-20 метрийн зайтай ургах бөгөөд үүний нууц нь өнөөг хүртэл тайлагдаагүй байна.
Вансэмбэрүүг монголчууд эртнээс тэнгэрийн задын цэцэг хэмээн сүслэн шүтэж ирсэн. Эрж хайсан бүрт эс олдох бөгөөд үзэгдэх хүндээ үзэгдэнэ гэх яриа бий. Атганд багтахгүй бүдүүн ногоон иштэй бөгөөд үндэснээсээ эхлээд ишээ дагаад уртсаж ургасан гонзгойвтор өргөслөг хүрээтэй шүүслэг нойтон навчтай.
Цэцэглэх явц маш удаан. Цэцэглэх хүртлээ 3-5 жил, зарим үед бүр 8 жил хүртэл зарцуулна. Нас, амьдралын эргэлт, үржил нь дэндүү хязгаартай бөгөөд үрээр үржих чадвар маш муу.

5.14.2020

Зоргол хайрхан

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зорголхайрхан уулын өндөр 1668 метр бөгөөд их хайрхантай холбоотой сонирхолтой мэдээллийг дуулгавал:

-Зорголхайрхан уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ.
- Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм.
-Зорголхайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэнэ. Энэ цохиог нутгийнхан жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахин бэсрэг наадам хийдэг уламжлалтай. Ялангуяа хурдан морьтой хүмүүс морио авчирч “хийморийг нь сэргээдэг” юм байна.
-Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос шууд явбал 150 км Элсэн уулнаас 40 км зайд орших хосгүй чамин тогтоцтой ,монгол хүний шүтэн биширдэг дэндүү сүрлэг,онгон дагшин догшин уул билээ.
-Зорголд хайрханд Рашаантын ам гэж уул,ус мод,ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг.
-Нутгийнхан нь Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг. Эрт үед илээ дагуулсан нэг согоо тэр нутагт амьдардаг байжээ. Гэтэл чоно эхийг нь хоол унданд явсан хойгуур нь хулгайлж барьчих гээд байв. Иймд эх согоо нь арга хайж, илээ чулуу болгон үлдээгээд, явж хоол унд олчихоод ирэхдээ дээрээс нь сүүгээ дусаан хуучин хэвд нь оруулж авдаг байжээ. Ингээд айх зүйлгүй амар тайван явах болов. Нэг удаа хон хэрээ дээгүүр нь нисэхдээ илийнх нь дээр сүүдрээ тусгачихжээ. Эх согоо нь ирээд сүүгээ дусаан илээ босгох гэтэл хэрээний сүүдэрт бузартсан тул боссонгүй чулуу хэвээр үлдэв хэмээх домогтой аж.
-Бас нэг домог, эрт урьд цагт хангай говийг дамнасан цасан шуурга болж, хандгай буга, зээр, гөрөөс цөм өмнө зүг туугдан урууджээ. Хамгийн эхэнд явсан бугын сүрэг нэгэн тал дээр зогссон нь Их газрын чулуу болж гэнэ. Дараагийн хэсэг буга зогссон нь Бага газрын чулуу гэнэ.
Хамгийн сүүлд улдаж ядарсан ганц зоргол оцойсхийгээд зогсож хоцорсон нь Зорголхайрхан хайрхан хэмээн нэрийдсэн юм байна.
-Эрт цагт энэ нутагт амьдарч байсан Шижирбаатар гэгч сайн эр хоёр алтан гадасаар зэл татаад гүү барин зусаж байжээ.
Гэтэл нэгэн өдөр гүү сааж байсан хүн хувинтай сүүгээ унаган асгахдаа хайран юм гэж дуу алдсан нь Харийн нуур болон хувирсан гэх домогтой. Зэлний хоёр алтан гадас нь баруун, зүүн хоёр Алтан овоо гэгдэн нуурынхаа зүүхэнтээ болон нуурын баруун талд харгалдаа харагддаг. Энэ нуурыг Ариун нуур, Хайран нуур, Харийн нуур, Хайрын нуур гэх мэтээр янз бүр нэрлэдэг
- 1202 оны намар Чингис хаан, хуурай эцэг Тоорил ханы хамт нэгэн намрыг өнгөрөөж, эцэг хүүгийн ёс барилдаж, андгай тангараг өргөсөн гэж “Монголын нууц товчоо”-нд энэ уулын тухай гардаг.

5.12.2020

Хятан нарын Яонянь аймгийн холбооны үе (730-907)

730-аад оны дунд үеэс Дахэ аймгийн холбооны тэргүүнүүд өөр зуураа тэмцэлдснээс үүдэн холбооны засаглал хямран, оршин тогтнох боломжгүй болов. Энэ хямралын үед хятан аймгуудын дотоод бүтэц, зохион байгуулалтанд шинэчлэлт явагдаж Яонянь хэмээх шинэ аймгийн холбоог байгуулжээ.
Дахэ аймгийн холбооны сүүлчийн тэргүүн Хэтүю-г тус аймгийн холбооноос гадуур оршиж байсан Ишихо аймгаас гаралтай цэргийн жанжин Гожэ, Тан улсын цэргийн тусламжтай 734 онд хороосон боловч жилийн дараа өөрийн аймгийн Сингэн Ниар хэмээгчид хороогдсон байна. Сингэн Ниар Дахэ аймгийн холбоонд хамаарагдаж байсан хийгээд гадуур байсан хятан овог аймгуудыг шинэ аймгийн холбоонд зохион байгуулсан боловч тус холбооны тэргүүн буюу хаанаар Яонянь аймгаас гаралтай Зү-у хэмээгчийг өргөмжлөн өөрийгөө тус аймгийн холбооны цэргийн толгойлогч буюу илижинь болгосон байна. Яонянь аймгийн холбооны цөм нь хятан найман аймгаас бүрэлдэн томорсон бөгөөд тэдгээр найман аймгийн нэг болох Ишихо аймгаас тус холбооны цэргийн толгойлогчдын төрөн гардаг Ила аймаг салбарласан гарсан агаад харин тэрхүү Ила аймгаас хожим Яонянь аймгийн холбооны сүүлчийн тэргүүн буюу хаан болж, Хятан улсыг үндэслэсэн Абаожи-гийн (872-926) хамаарах Елюй овог үүссэн ажээ. Тиймээс Сингэн Ниарыг түүх бичигт Хятан улсыг үндэслэн байгуулагчийн дээд өвөг хэмээн бичсээр иржээ.
744 онд уйгурууд бослого гаргаж Хожуу Түрэг улсын Озмыш (742-744) хааныг хороож Уйгурын хаант улс байгуулав. Ийнхүү хятанчуудыг эрхшээж байсан хоёр том улсын нэг Түрэг үгүй болсон явдал хятаны шинэ аймгийн холбоо богино хугацаанд бэхжих таатай боломжийг бүрдүүлжээ. 742 оноос Тан улс умард хил хязгаарыг чангатгах арга хэмжээг  авч эхэлснээр хятан аймгийн холбоо үлдсэн том хүч болох Тан улстай энхийг эрхэмлэж буйгаа илэрхийлсээр 745 онд Сюаньзун хаантай худ ургийн холбоо тогтоож чадав. Гэвч энэ харилцаа удаан үргэлжилсэнгүй. Күмоси, хятанчуудын хязгаар нутгийг хариуцсан Тан улсын цэргийн захирагч, согд эцэг, түрэг эхтэй Ань Лүшаний довтолгоонд хятанчууд удаа дараа өртөх болжээ.
Ань Лүшань хүчирхэгжсээр 755-756 оны заагт Тан улсын төр солигдох мөчийг ашиглан бослого гаргав. Сар гаруйн дараа тэрээр түрэгийн үлдсэн хүчтэй хамт Лоян, түүнээс хэдэн сарын дараа нийслэл Чанань-ийг эзлэн авчээ. Тан улсын хаан Сюаньзун зугтаж явахдаа хорлогдож, түүнийг залгамжлан 757 оны 8 сард өргөмжлөгдсөн шинэ эзэн хаан, цөхөрч туйлдсан Сүзүн-д (756-762) Ань Лүшань болон түүний дараа гарсан Тан улсын цэргийн жанжин Ши Симин нарын бослогыг дарахын тулд Уйгур улсын хаанаас бүхий л аргаар тусламж хүсэхээс өөр зам үлдсэнгүй. Бослогыг их гарз хохирол амсан байж дарсны дараа Тан улсын алтан үе шувтарч, Уйгур улсын сүр хүч нэмэгджээ. 763 оноос Тан улс, зүүн хойт хил хязгаарыг хянаж байсан гол хотуудаа Уйгурт алдсан тул энэ үеэс хятанчуудад уйгуруудаас үзүүлэх дарамт шахалтаас өөр аюул үгүй болов. Нангиадын төр улстай харьцуулбал уйгурууд хаан өргөмжлөх, аймгийн толгойлогчдыг халж солих, дайн тулаан хийх зэрэг хятанчуудын дотоод хэрэгт оролцож байсангүй гагц алба гувчуур татах замаар эдийн засгийн ихээхэн дарамт үзүүлж байжээ. Эдийн засгийн ийм харилцаанаас гадна уйгур, хятан язгууртнууд болон энгийн иргэдийн хооронд худ ургийн харилцаа их тогтож байв. Абаожигийн хатан Чүньчинь (879-953) нь чухамдаа уйгур-хятан язгууртан гэр бүлээс гаралтай байсан юм.
Хятанчууд Уйгуруудын нөлөөнд оршиж байсан ч Тан улстай эв найрамдалтай харилцахыг эрмэлзэж байв. Хятан аймгуудын холбоо 762 оноос Уйгур улс мөхөх хүртэл 80 гаруй жилийн хугацаанд Уйгур улсын зэрэгцээ мөн Тан улсад алба өргөсөөр байжээ. Тан улстай эвтэй найртай байсан энэ үе хятанчуудад нангиад соёл нэвтэрч, тэд ан гөрөө, мал бэлчээрийн аж ахуйгаас гадна гар урлал, газар тариалан улам ихээр эрхлэх болов.
Уйгур улс мөхсөний дараа 842 онд Чүшү (84?-860) тэргүүний үед хятанчууд Тан улсын нөлөөнд багтаж буйгаа илэрхийлэв. Тангийн төрөөс түүнд Юнхуйгийн жанжин, Баруун этгээдийн У-вэй цол өгчээ. Мөн Уйгур улсын хятанчуудын бүс нутгийн хамаарагчийн тамгыг Тан улсаас сольж, “Улсад зүтгэгч хятаны тамга” гэсэн бичигтэй шинэ тамгыг үйлдэн өнөөгийн Бээжингийн баруун өмнөд тойрогт оршиж байсан Южоу хотын цэргийн захирагчаар хятаны тэргүүнд хүргүүлсэн байна.
Чүшү-г Сиаржи (860-882), Сиаржи-ийг Чиньдэ харин Чиньдэ-г Гуанчи (885-887) залгамжлав. Абаожигийн өмнөх Яонянь аймгийн холбооны эдгээр тэргүүнүүдийн үед хятанчуудын хүч асар их нэмэгдэн газар нутгаа тэлэх бодлого хэрэгжүүлэв. 880 оны сүүл гэхэд хятанчууд зүүн, умар тийш си, шивэй, зүрчид, баруун тийш татар, өмнө тийш түрэгүүдийн нөлөөнд байсан зарим газар нутгийг эрхшээлдээ оруулснаар барахгүй баруун, өмнө тийш Тан улсын нутаг дэвсгэрийн гүнд гэвтрэн Южоу хүртэл халдан довтлох болсон байна. Сиаржи хаан си нарыг довтлон 700 өрх олзолж байв. Мөн Абаожигийн эцэг Салади ч гэсэн си нарыг довтлон 700 өрх олзлон өнөөгийн Ляонин мужийн Нинчэн хотын баруун этгээдэд аваачин боол болгож байжээ. Салади-гийн дүү, Абаожигийн авга Шилү шивэй, татар, си зэрэг хөрш зэргэлдээх овог аймгуудыг байнга дайран довтолж байв. Шилү хятаны аймгуудын холбоонд онцгой гавъяа байгуулсан хүнд өгдөг, хааны дараа орох ерөнхий сайдын дайтай алба болох юүюүэ хэмээх албанд анх томилогдож байжээ.
Абаожигийн өвөг дээдэс дан ганц цэргийн хүчээр газар нутгаа тэлэх бодлого барьж байсангүй. Ялангуяа Салади, авга Шилү-гийн үед Ила аймаг бусад хятанчуудын дундаас Тан улсын газар нутагт хамгийн ойр оршиж байсны хувьд бүхий л талаар бие даахын тулд Тан улсын эдийн засаг, соёлын ололтыг нэвтрүүлж, ашиглахыг оролдож байв. “Ляо улсын судар”-т бичсэнээр Салади “анх төмөр хайлуулсан. Төмөр давтахыг хүмүүст зааж сургасан”. Харин дүү Шилү нь “анх чулуугаар барилга барьж, хэрэм хот байгуулсан. Ялам мод, олс ургуулж, хэрхэн нэхэхийг сургасан” ажээ. Сурвалжийн энэ мэдээ нь чухамдаа Абаожи-г төрж өсөх үед Ила аймаг хөрш зэргэлдээ улсуудтай эдийн засаг, худалдаа, соёлын өргөн хэмжээний харилцаанд орж, тэдгээрийг цэргийн удирдагчид нь хүртэл дэмжин зохион байгуулдаг болж өөрчлөгдснийг гэрчилнэ.
“Монголын эртний түүх”    

5.10.2020

Хятан нарын Дахэ аймгийн холбооны үе (628-730)


Хятанчуудын төр байгуулагдахаас өмнөх үеийн 2 дахь шат нь Тан улсад харъяалагдаж байсан хятаны Дахэ аймгийн холбоонд холбогдоно. Дахэ аймгийн холбоо гэдэг нь хятаны эртний аймгууд Сүй улсаас Тан улсын үед шилжих үед улс тө,р цэргийн хувьд дахин зохион байгуулалтанд орж өмнөхөөсөө харьцангуй нэгдмэл байдлыг буй болгож, тогтвортой оршин тогтносон үе юм.

“Сүй улсын судар”-т тус улсын “Кайхуангийн төгсгөлд хятан аймгууд аажмаар үржин олширч 10 аймагт хүрэв. Тэд олондоо 3000, цөөндөө 1000 цэрэгтэй бөлгөө. Дайтах болохоор толгойлогчид нь хамтран цуглаж хэлэлцэнэ. Цэрэг хөдөлгөхүйд гаргах тоог тохирмуй. Тиймээс Түрэгийн Шаболю хаан тэднийг захируулахаар тутун Пандиэ-г илгээв” хэмээн өгүүлсэн байдаг. Харин “Шинэ Тан улсын судар”-т өгүүлснээр, Тан улсын үед “тэдний удирдагч Дахэ овгоос гаралтай, 40000 эрэлхэг цэрэгтэй буюу. Найман аймагт хуваагдах агаад түрэгүүдэд харъяалагдана... Довтлон тулалдах бүрт аймгууд нь бүгдээр нэгдэн хурж, ан гөрөө хийхүйд аймаг бүр өөрийн дураар үйлддэг” гэжээ.

Дахэ аймгийн холбоо анхандаа хуучин найман аймгийн үндсэн дээр ахин зохион байгуулагдсан ба хятан гаралтай бүх аймгуудыг хамраагүй ч Дахэ аймгын холбоо Түрэгүүдийн нөлөөгөөр Тан улс байгуулагдсан эхний жилүүдэд түүний хил орчмын нутаг дэвсгэрийг удаа дараа довтолж байжээ. Гэвч зүүн Түрэгийн Чуло (619-620) хаан учир битүүлгээр нас барсны дараагаас түрэгийн төрийг удирдах язгууртнуудын дотоод хагарлаас шалтгаалан Тан улстай харилцах харилцаанд өөрчлөлт орж, энэ өөрчлөлт Тан улсад ашигтай нөхцөл байдлыг бий болгож эхэлсэн үеэс буюу 623 оноос Дахэ аймгийн холбоо Доло хэмээх дээд удирдагчийн шийдвэр дор Тан улсад элч илгээн нангиадын хамгийн ихээр үнэлж биширдэг агт морь болон ангийн үнэт арьсаар тал засаж буйгаа илэрхийлэх болов.

620-оод оны сүүлээр зүүн Түрэгийн хаант улс янз бүрийн хүчин зүйлийн улмаас бий болсон дотоод хямралын улмаас доройтож эхлэв. Байгалийн гамшиг, эдийн засгийн хямралыг даван туулах гэсэн Түрэгийн Сэли (260-630) хааны хэрэгжүүлсэн гол арга хэмжээ болох татварын хэт ачаалал уйгур зэрэг хэд хэдэн нүүдэлчин аймгийг бослого гаргаж, харин Манжуурт хятанчуудыг түрэгүүдээс хөндийрөн Тан улсад дагаар орох үндсийг тавьжээ. 628 онд Түрэгийн дотоод хямрал хурцдаж улмаар түүний төрийг мөхөөх аюул бодитой болж эхлэв. Шиби хааны хүү Тули болон Чуло хааны хөвгүүн Юшэшэ нар авга ах Сэли хаанд захирагдахаас татгалзах болов.  Зөрчил тэмцэл ширүүсэх цаг мөчийг ашиглан түрэгүүдийн эрхшээлд байсан олон нүүдэлчин аймгууд ээлж дараалан тусгаарлаж улмаар Түрэг улсын эсрэг эвсэлд нэгдэж, зарим нь улам хүчирхэгжиж буй Тан улсад дагаар орох болжээ.

Яг энэ үед 628 онд Мохуй гэгчээр удирдуулсан Дахэ аймгийн холбоо Тан улсад элч илгээн хараат улс болохоор шийдсэн байна. “Хуучин Тан улсын судар”-т өгүүлснээр Түрэгийн Сэли хаан гол холбоотон Лян Шидү-г хятан аймгуудаар солих саналыг Тан улсын Тайзун (626-649) хаанд тавьсанд Тан улсын хаан “Хятан түрэг угаас өөр улсууд ажгуу. Эдүгээ тэд дагаар орохоор ирж байхад үүнийг юунд асууна. Шидү угаас дундад улсын иргэн, гэвч миний улсын хотуудыг дээрэм тонуулаар эзлэн байсан. Түрэгүүд ухаангүйгээр түүнийг агуулж байсан агаад би түүнийг бүрмөсөн мөхөөх хүчийг илгээж аварсан билээ. Төд удалгүй түүнийг дарж устгахаар тооцоолмуй. Үүнийг чадахгүй байсан ч түүнийг хятанчуудаар хэзээ ч солихгүй” хэмээн хариулсан байна. 630 онд Тан улсын цэргийн хүч түрэгийн  Тули болон бусад нүүдэлчдийн туслалцаатайгаар Сэли хаанд хоёр удаагийн хүнд цохилт өгчээ. Зүүн Түрэг улс мөхсөнөөр тэдний үлдэгдэл хүч болон хятан зэрэг умардын нүүдэлчдийн шинэ эзнээр Тан улс тодров.

Зүүн Түрэг улсыг дарсны дараа Тан улс, Сүй улс 4 удаагийн их хүчээр довтолсон ч эрхшээлдээ оруулж чадаагүй Солонгосын улсуудыг довтлохоор шийджээ. 631 онд Тайзун хаан Сүй улсын амь үрэгдсэн цэргүүдээс үлдсэн зүйлсийг олж цуглуулах нэрийдлээр Ляодун руу цэргийн жанждаа илгээх, тагнан туршиж, мэдээлэл цуглуулах, хөрш зэргэлдээ аймгуудыг өөрийн талд оруулах зэргээр шаардлагатай бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Чухам энэ үедээ Тайзун хаан Инжоу хотод хятан аймгуудын холбооны тэргүүн, нөлөө бүхий ахмаддуудтай биечлэн уулзаж, зэрэг дэвийн дагуу бэлэг сэлт хүртээн тэргүүн Күгэ хэмээгчид “Зүүн этгээдийн У-вэй” цол шагнажээ. Ингээд Когүрю улсын хааныг хорлон төрийн эрхийг гартаа авсан Ён Кэсомуныг дарах нэрийдлээр түүний хязгаарт 645 онд Тайзун хаан нангиадаас гадна хятан, күмоси зэрэг зарим нүүдэлчдээс бүрдсэн цэргийг оруулжээ.

Энэ дайнд хятан нар ямар үүрэгтэй оролцсон мэдээлэл байхгүй ч Тан улс дайны хоёр дахь шатанд орж, хуурай болон далайн замын аль алиныг өргөжүүлж байх үед мөнөөх Күгэ гэгч хятан аймгийн холбоог тэргүүлэн Тан улсын бүрэлдхүүнд албан ёсоор дагаж орохоо илэрхийлжээ. 648 онд болсон энэ үйл явдлаар Дахэ аймгийн холбоонд багтаж байсан найман аймаг тус бүрт газар нутаг хувиарлан өгөөд тэд бүгдийг нэгтгэх Сунмо захирах газар байгуулж, тэргүүлэгчээр нь Күгэ-г томилж, хараат улсын бэлгэ тэмдэг болгон туг хэнгэргийг олгожээ.

648 оны Хятан-Тангийн хэлэлцээр зөвхөн Күгэ-гийн үед хүчин төгөлдөр байж байгаад түүнийг өнгөрсөн 650 оны сүүлээр хятан, күмоси аймгууд Тан улсын эсрэг бослого гаргажээ.Тан улсын хаан Гаозун (649-683) Когүрю улсад эцсийн цохилт өгөхийн өмнө бослогыг даруй дарах ёстой болов. Бослогыг жилийн дотор дарж, тэргүүн Абүгү-г барин Тан улсын зүүн нийслэл Лоян-д хорьжээ. Хэдий тийм боловч хятанчуудын бослого Гаозун хаан түүний У Цетан (684-705) хатан төр барьж байх үед үргэлжилсээр байлаа. 696 онд Сунмо-гийн ерөнхий захирагч Күгэ-гийн ачхүү Жиньжун өөрийн хүргэн ах, нангиадын төрд олон жил зүтгэж ирсэн хятан аймгийн үр хойч Ваньжунгийн хамт Тан улсад боол мэт зүтгэхийг хүссэнгүй. Тэд Инжоугийн ерөнхий захирагчийг хороож тус хотыг эзлэн авав. Тэр бүү хэл Жиньжун өөртөө хаган цол хүртээж, хятаны нэгдсэн хүчээр Тан улсын гүнд нэвтрэн Таньжоу хүртэл давшин эзэлсэнд У хатан 200000 цэргээр дайраад ч дийлсэнгүй, эцэст нь түрэгүүдийн туслалцааг авахаас аргагүй байдалд хүрчээ. Хожуу Түрэг улсын Можо хаан (694-716) У хатантай худ ургийн холбоо тогтоох тохироо хийж хятанчуудыг дарахад оролцохоор болов. Түүний хүч Жиньжунг таалал болсныг далимдуулан орыг нь залган хятан аймгийн холбооны тэргүүн болоод удаагүй байсан Ваньжунгийн эзгүй хойгуур Сунмо руу довтлон тэдний эхнэр хүүхдийг олзлон авч, улмаар хятанчуудын эзлэн суусан хотууд руу дайрч эхэлсэн байна. Энэ явдал хятанчуудад хүнд цохилт болов. Түүгээр ч зогсохгүй хятаны эгнээнд багтаж явсан күмоси аймгууд урваж, Түрэг Тангийн цэргийн хүчинд нэгджээ. Хамтарсан хүчинд цохиулсан Ваньжун дорно зүгт Шилла улсыг зорин зугтаж явахдаа өөрийн хүмүүсийн гарт хорлогдсоноор бослого дарагджээ.

Бослого Тан улс, Түрэг улсын улс төрийн түүхэнд гүнзгий нөлөөлөв. Бослогын дараа 697 оны 9 сарын 29-нд У хатан оны цолоо өөрчилж, Шэньгун буюу “Тэнгэрлэг гавъяа” хэмээн нэрлэжээ. Тан улсын гадаад бодлогод өөрчлөлт орж, хятаны бослогын дараа Ляодун орчмын нутаг дэвсгэрийг захирах эрхийг мөхсөн Когүрю улсын хааны гэр бүлийнхэнд олгосон байна. Ляодун дахь Тан улсын хүч суларсан явдал хожим нь энэ бүс нутагт мохэ-гийн нүүдэлчин аймгууд хүчирхэгжин Бохай (713-926) хэмээх шинэ улс байгуулагдах үүд хаалга нээжээ. У хатны дараа 713 онд шинэ хаан Сюаньзун (713-755) төр барьж, түүний үед Тан улс хөгжин цэцэглэв. Харин Түрэгүүдийн хувьд бослогын дараа улам хүчирхэгжиж Тан улстай энх тайван харилцаатай оршин байсан боловч 740-өөд оны эхэн хагаст Уйгуруудын бослого гарч мөхсөн билээ.

Хятанчуудын хувьд бослогын үеэр тэдний зарим нөлөө бүхий цэргийн жанжид үрэгдэж, зарим нь Тан улсад улсад олзлогдон хоригдох юмуу урван, үлдсэн хэсэг нь Түрэгүүдэд 730 онд дагаар орсон ажээ. Хятаны Дахэ аймгийн холбооноос үлдсэн хэсэг ийнхүү бослогын дараа үүсссэн эмх замбараагүй байдал, өөр зуурын хагарал тэмцэл, Тан Түрэг хоёр их улс болон хөрш зэргэлдээ аймгуудтай хийсэн удаан хугацааны дайн самууныг даван туулж чадсангүй задран унаснаар 730-аад оны сүүлийн хагаст үгүй болсон юм.
“Монголын эртний түүх”

5.08.2020

Хятан нарын эртний аймгуудын үе (344-628)

4-р зууны сүүл үед Шар мөрөн болон Лууха голын бэлчирт нутаглаж байсан хятанчуудын өвөг дээдэс, тэдний уг гарлын тухай хоёр янзын домгийн шинжтэй бүдэг бадаг мэдээ үлдэж хоцорчээ. Эхнийх нь Сүн улсад зохиогдон хааны ордонд хадгалагдаж байсан “Хятан гүрний ойллого”-д багтсан домог юм.
“Найхэ гэх нэгэн эзэн байжихуй. Эзэн дугуй эсгий дотор дэвсэг дор нуугдсан гавлын яснаас өөр бус тул үл үзэгдмүй. Улсад нь их хэрэг гарч цагаан морь, бараан үхэр хойлоглон тахил өргөвөөс л сая хэргийг шалган шийтгэхээр хүний биед хувилж эхэлдэг байна. Тийн шийдээд гэртээ харьж эргээд галын яс болмуй. Улсын хүмүүс түүнийг тагнан гэрийн дотроос хайваас үл үзэгдэх амуй. Дараа нь Вайхэ гэх нэг эзэн байжихуй. Тэрээр дугуй эсгий гэрт амьдарч, зэрлэг гахайн толгой өмсөж, гахайн арьс хэдэрмүй. Хэрэг гарваас ирж, эргээд биеэ нууна. Гэтэл хожим эхнэр нь гахайн арьсыг нь хулгайлсанд эхнэрээ орхин явсан агаад хэрхсэнийг хэн ч үл мэдмүй. Дараа нь Хуали Хунхэ гэх өөр нэг эзэн байжихуй. Тэрээр багцаар хорин толгой хонь өсгөмүй. Өдөртөө 19-ийг идээд нэгийг үлдээдэг боловч удаахь өдөр нь ахин 20 толгой болмуй. Эдгээр гурван эзэн бүгд улсыг удирдахуйд гарамгай чадвартай тул нэрд гарсан ажээ.”

Далдын увьдас шингэсэн Найхэ, Вайхэ, Хуали Хунхэ гэх гурван эзний дүр гарч буй энэхүй домогт үйл явдал чухам хэзээ, хаана болж буйг илтгэх ямар нэг орон зай, цаг хугацааны мэдээ агуулагддаггүй боловч цагаан морь, бараан үхрээр хойлго тахилга хийж байгаа зан үйл нь хятан хаадын өвөг дээдэсдээ  зориулан гүйцэтгэдэг байсан тайлгын зан үйлийг эрхгүй санагдуулна.

Харин нэлээд хожуу үед буюу Юань улсын үед бичигдсэн хоёрдохь домог өмнөхтэйгээ харьцуулбал илүү түүхэн шинж чанартай бөгөөд хятаны өвөг дээдсийн амьдарч байсан уугуул нутгийн талаар баримжаа мэдээлэл өгч байдаг.

“Му-е уул байжихуй. Түүн дээр хятаны өвөг дээдсийн  сүмийг босговой. Чишоу хаан өмнөд сүмд, Кэдүн хатан умард сүмд мөргөмүй. Эдгээр хоёр богдос хийгээд найман хөвгүүдийг сүмд бурхдын дүрээр бүтээж зурвай. Эртний дээдсийн түүх бичигт хутагт хүмүүн цагаан морь унан Ма-юй уулнаас Ту мөрөн дагуу дорно зүгт хөвөн айсухуйд бараан үхэрт тэрэг хөллөсөн тэнгэрийн хүүхэн Пинди Сунлингаас Шар мөрөн рүү бууж ирсэн. Му-е ууланд хүрээд хоёр гол нэгдэхүйд мөн тэр хоёр учран нийлж найман хөвгүүн төрүүлбэй. Тэдний үр удам аажмаар үржин хүчирхэгжиж найман аймагт хуваагдан салбарлав. Цэргийн үйл хийгээд хавар намар цагийн тахилга бүрт язгуур гарлаа мартахгүйгээ харуулж, цагаан морь бараан үхэр хэрэглэх ёстой болжихуй”
Энэхүү домогт Му-е хэмээх  ууланд мөн цагаан морь, бараан үхрээр тайлга тахилга үйлддэг байсан мэдээ нь өмнөх домгийн мэдээтэй давхцана. Харин шинээр нэмэгдэж буй мэдээ нь өвөг дээдсийн тахилгыг Чишоу хаан түүний хатнаас төрсөн найман хөвгүүнд зориулан Шөр мөрөн, Лууха голын бэлчирт орших нутагт үйлдэж буй дүрслэл юм. Сурвалжид Му-е уулыг Юнжоуд оршино гэж заасан бөгөөд энд хятаны анхны өвөг болсон хаан, хатан хоёр, тэдний хөвгүүдэд зориулсан бунхан бас оршино” гэж дурджээ. Эдгээр домгууд бодит бус хийсвэр шинжтэй ч Шар мөрөн Лууха голын бэлчир нутгаар хятанчууд нүүдэллэн амьдарч байх үед адуучин, үхэрчин хоёр аймг нэгдэн улмаар найман овогт, найман овог нь өргөжин найман аймаг болон томорчээ гэж үзэж болох юм.

Хятаны өвөг дээдсийг бүрдүүлсэн эртний найман аймгийг “Ляо улсын түүх”-д нэрлэсэн боловч өөр бусад сурвалж бичгүүдэд түүнээс ч олон, ихдээ 12 аймгийг нэрлэсэн байдаг нь эртний найман аймаг олширсоор 10 гаруй болсон гэж үздэг. 5-р зууны дунд үеийг хүртэл эдгээр аймгууд нэгдсэн зохион байгуулалтанд ороогүй байж байгаад Умард Вэй улс цагаан хэрмээс хойшхи ихэнх нутгийг эзэрхийлэн хүчирхэгжин мандах үед зарим аймгийн толгойлогчид нөлөөнд нь багтахаа илэрхийлэн татвар гувчуур өгч эхэлжээ. Нэн ялангуяа Умард Вэй улсын гуравдахь хаан Тоба Дао (423-452) 432-433 оны хооронд Умард Янь улсын нутаг дэвсгэр, өнөөгийн Ляонин мужийн Чаяон хотын орчмын нутаг болох Хэлунг довтолж, тэндхийн хүн амыг өөрийн улсын харъяанд оруулсан үеэс эхлэн хятанчууд түүнд жил болгон сайн агт морьдоор алба барих болжээ. Тоба Дао хааны үед Умард Вэй улсын газар нутаг 2 дахин томорчээ.
5-р зууны хоёрдугаар хагаст хятаны толгойлогчид табгач нарын төрд дагаар орох нь олширч, улмаар Умар Вэй улсын хаан Тоба Хун буюу Сяньвэнь (466-471) хааныг төр барих үед ихэнх аймгийн тэргүүлэгчид сайн агт, ангийн үсээр алба гувчуур тогтмол барьж, дагаар орсноо баталж байсан тул өөрийн харъяаны нутгийн зүүн хойт үзүүр Хэлунгээс Бээжин хотын Миюнь сянийг хүртэлх нутагт чөлөөтэй худалдаа хийх эрхийг олж авсан байна. 6-р зууны эхний хагаст Умард Вэй улс доройтон мөхөх хүртэл хятанчууд Умард Вэй улсад алба татвар өгөх явдал үргэлжилсээр байжээ.

Харин 6-р зууны эхэн үеэс доройтох шатандаа ороод байсан Умард Вэй улсын хааны ордны зүгээс хятан аймгуудыг өөрийн нөлөөнд байлгахыг эрмэлзэж байсан бололтой, 510 оны сүүлээр Умард Вэй улсын хаан Сяомин-иий (515-528) эх, тухайн үед төрийн хэргийг гартаа атгаж байсан бэлэвсэн Лин (515-528) тайху хатны зүгээс хятаны Жүжэн тэргүүтэй 30 гаруй элч нарыг буцахад хүн тус бүрт хятанчуудын хуримын өмсгөл хийхэд хэрэглэдэг хар эсгийгээр шагнаж байв. Гэвч доройтож буй Умард Вэй улсын нөлөөнд багтах шаардлагагүй болсон тул хятанчуудын алба өгөх нь улам цөөрсөөр, хамгийн сүүлчийн удаа Умард Вэй улс бутран мөхсөн 535 онд алба барсан байна.
535 онд Умард Вэй улсын төр унаж, өрнөд дорнод хоёр улсад хуваагдан Цагаан хэрмийн умард этгээд дэх нүүдэлчдийн ертөнцад ахин шинэ дэг журам тогтох эгзэгтэй цаг үе ирэв. Өрнөд Вэй улс Чанань хотод төвлөрөн 557 он хүртэл оршин тогтнож, улмаар түүний дээд язгууртнууд дотроос Умард Жоу улс байгуулан, Сүй улс байгуулагдах 581 он хүртэл оршин тогтнов. Энэ зуур Дорнод Вэй улсаас 550 онд Умард Ци улс байгуулагдан 577 онд мөхөж, улмаар түүний газар нутаг 581 онд нангиадын Сүй улсын харъяанд оржээ. Харин умард Вэй улс мөхсөний дараа Монголын өндөрлөгт оршиж байсан Жужан улс хэдийгээр түүнийг ноёрхогчдын дунд хагарал тэмцэлтэй байсан ч бүс нутгийн хэмжээнд нөлөөгөө өргөтгөхийг хичээж байв. Гэвч Жужан улсын дотроос түрэгүүд 552 онд босож, Жужаныг мөхөөж, улмаар өөрсдийн шинэ улсыг байгуулсан билээ. Нүүдэлчдийн ертөнцөд шинэ дэглэм тогтох ороо бусгаа цаг үеийг ашиглан дорно зүгт Когүрю улс ч нөлөөгөө нэмэгдүүлэх бодлого баримтлах болов.
Умард Вэй улс мөхсөний дараа хятан аймгууд, ээлж дараалан гарч ирсэн хүчнүүдийн хооронд тус тусын ашигтай байдлыг харгалзан өөр хоорондоо нэлээд тархай бутархай оршин тогтнох болов. Ялангуяа табгач, жужан нарын тэмцлийг далимдуулан зарим хятан аймгууд баруун өмнө зүг довтлон, өнөөгийн Бээжин хотын дорнод этгээд дэх Лулунд орших Пинжоу хотын орчмийг мэдэлдээ оруулан Дорнод Вэй улсын хил хязгаарт нэвтэрч байжээ. Гэхдээ тэд Дорнод Вэй улстай шууд тулахаас сэргийлэн 549 онд алба барьж байв. 

550 онд Дорнод Вэй улсын цэргийн жанжин Гао Хуаны хүү табгачийн сүүлчийн тоглоомын хааныг унагаж, шинэ умард Ци улсыг байгуулан өөрийгөө Вэньсюань (550-559) хаан гэж өргөмжлөв. Хятанчууд шинэ улсад дагаар орохыг хүссэнгүй харин ч эсэргүүцэн хил хязгаарт нь халдан довтолсоор байв. Эцэст нь 553 онд Вэньсюань хаан өөрөө цэрэглэн мордож, тэдний эсрэг шийдвэрлэх цохиолт өгөн, 10 гаруй түмэн хүн, хэдэн зуун мянган мал олзлон харъяандаа оруулаад улсын дотор хүчийг нь сарниулан тархаан суулгасан байна. Ийнхүү ялагдсаны дараа хятаны үлдсэн хүч Түрэг улсыг байгуулагч Буман хааны хүү, дөнгөж хаан ширээнд залраад байсан Муган (553-571) хааны эрх ашигтай зөрчилдөх болов. Энэ үед хятан аймгуудын зарим нь тэдний эрхшээлд орж, зарим нь Когүрю улсад орогнох хүсэлт өгч, тус улсын умард хязгаарын нутагт оршин суух болов. Ийнхүү 6-р зууны хоёрдугаар хагас эхлэхэд хятан аймгууд янз бүрийн хугацаанд нэг талаас табгачийн Умард Вэй улсын залгамж улсууд, нэн ялангуяа тэднээс салбарлан байгуулагдсан Умард Ци улс, нөгөө талаас Жужан, түүний дараа байгуулагдсан Түрэг, мөн түүнчлэн Когүрю зэрэг улсуудын эрхшээлд орж, хэд хэдэн хэсэгт задран, өөр өөр улс төрийн хүчний нөлөө, нутаг дэвсгэрт сарнин сууснаар домгийн Чишоу хааны үеэс улбаатай эртний аймгуудын үе дуусгавар болж байна.

Гэвч 7-р зуун эхлэхэд Зүүн Түрэг улсад хятаны асуудал нэлээд төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэх болов. Хятан аймгууд хүчирхэгжин томорч, газар нутаг нь Ляоси буюу Ляо мөрний баруун талын умард этгээд рүү тэлэх болсон байна. Тэд түрэг, нангиадын аль алины нөлөөнд орох бодолгүй байв.  Сүй улсыг байгуулагч сяньби гаралтай Гаозу хааны хүү Ян Гуан (604-618) хааны 605 онд хятаны зарим хүчирхэг аймгууд нэгдэн Сүй улсын Лючэн хот руу дайрав. Сүй улсын хаан Когүрю улс руу эцгийн өдөөсөн дайныг үргэлжлүүлэх санаатай, хил хязгаарын мөргөлдөөнөөс зайласхийн, хятанчуудын бослогыг нэн даруй дарахын тулд Түрэгүүдтэй эвсэхээр шийджээ. Ингээд Сүй улсын түшмэл Вэй Юньчи хааны өмнөөс Түрэг улсын Тули хаантай уулзаж, түрэгийн 20000 цэргийг Лючэн дахь хятанчууд руу илгээсэн байна. Түрэгүүд тэдгээр хятанчуудын бослогыг дарж, 40000 хүн олзолж авснаас бүх насанд хүрэгчдийг хядаж, үлдсэн эмэгтэйчүүд хүүхдийн талыг өөрийн мэдэлд, талыг нь Сүй улсад өгчээ. Сүй улс Когүрю улс руу хийсэн дайнаасаа болж доройтон, түүний дотроос салан тусгаарлагчид, түрэгүүдийн дэмжлэгтэйгээр Сүй улсыг мөхөөж, Тан улсыг байгууллаа.
“Монголын эртний түүх”