11.30.2019

Юнюйлюй хааны үеийн Түрэг улс


Чулохоу хааны дараа Шаболюэ хааны ахмад хүү Юнюйлюй 588 онд хаан сууринд сууж Сега Шидона Дулань цол өргөмжилжээ. Хаан сууринд заларсан тухайгаа Суй улсад мэдэгдэхэд түүнд 3000 боодол торго бэлэглэв.

Өмнөд Хятадын Чэнь улсыг 588 онд мөхөөсөн Суй улсын Ян Цзянь хаан олзолсон эд өлгийн зүйл, халх шүхэр зэргийг Юнюйлюй хааны хатанд илгээсэнд Да И хатан цочирдож нэгэн шүлэг зохиосон нь хоёр улсын хойшдын харилцаанд сөрөг нөлөө үзүүлжээ. Шүлгийг олж мэдсэн Суй улсын хаан Да И хатанд дургүйцэх болж, Юнюйлюй хаанд өгч байсан бэлгийн тоог аажмаар багасгаж эхэлжээ. Юнюйлюйгийн Да И хатан бол Умард Чжоу  (Юйвэнь аймаг) улсын гаралтай гүнж бөгөөд Ниету хааны хатан байсан юм. Да И хатан бас Юнюйлюйгээс далдуур баруун Түрэгийн Нили хантай холбогдсныг мэдсэн Суй улс 593 онд хатан цолыг нь үгүй болгожээ. Гэхдээ Юнюйлюй хаан дургүйцэж магад хэмээн Нюданийг элчээр илгээхдээ царайлаг 4 дууч бүсгүйг хамт илгээсэн байна. Улмаар Суйгийн хаан энэ хятад хатанг зайлуулах бодлого явуулах болсонд Юнюйлюй хаан ч далдуур Суй улсад дургүйцэх болсон байна.

Гэсэн хэдий ч аль аль нь элч харилцан солилцсоор байлаа. 591 онд Юнюйлюй хаан өөрийн дүү тегин Жуданийг элчээр илгээж, Хотан газрын хашаар хийсэн бэрээг Суй улсын хаанд бэлэглэжээ. Суй улсын хаан Жудань-нд Чжуго цол өгч Самаркандын гүнд өргөмжлөв.

Түүнчлэн Түрэгт зугтан ирж, худал цуурхал тараан, Суй улсыг довтлох хэрэгтэй гэж байсан Ян Цинь-ийг 593 онд Юнюйлюй хаан баривчлан Суй улсад хүргүүлжээ. 594 онд Юнюйлюй 10 мянган адуу, 20 мянган хонь, 500 тэмээ, шар илгээж,  хилийн худалдаа нээхийг хүсэхэд Суй улсын хаан зөвшөөрөн хилийн худалдаа нээсэн байдаг.

Юнюйлюй хаан дотооддоо 593 онд дүү Циньюй шадыг довтолж, толгойг нь авсан бол 593-597 оны хооронд үеэл Тули хантай хэд хэдэн удаа байлджээ. Эдгээр дотоодын тэмцэлд Суй улс ихээр оролцож байв. Суй улсын хаанаас түрэгийн зарим язгууртан нарт санаатайгаар цол хэргэм нэмэх болж, Чулохоу хааны хүү Тули ханд гэхэд л олон удаа элч мордуулсанд Тули хан зөрүүлээд ураг барилдахыг гуйжээ. Суй улсын хаан хятад гүнж Да И-г устгавал гүнж өгье гэж хэлүүлжээ. Тули хан арга олж хятад гүнжийг гүжирдэв. 

Түүний мэхэнд автсан Юнюйлюй хаан хилэгнэж хатнаа хөнөөжээ. Удалгүй мэхлэгдсэнээ мэдсэн Юнюйлюй Тули хантай хэдэн удаа байлдсан байна. 597 онд Суй улс 500 морьтон илгээж Ань И гүнжийг Тули ханд өгч ураг барилджээ. Тули хан нүүж, Түрэгийн хуучин бууц Дуцзиньд ирж суужээ. Суй улс түүнд өгөх бэлэг сэлтээ ч нэмэв. Үүнд хилэгнэсэн Юнюйлюй хаан Суй улс руу элч илгээхээ зогсоож, хил хязгаарт нь байнга уулгалах болов.

599 онд Тули хан Суй улсын хаанд бичиг явуулж, Юнюйлюй хаан цэрэг зэвсгээ бэлдэж, Суй улсын Датун хотыг довтлох гэж байгааг мэдэгджээ. Энэ чимээг сонссон Суй улсын хаан цэрэг бэлтгэн Түрэг рүү довтлохыг тушаажээ.

Хатныг нь гүжирдэж, Суй улсыг довтлох төлөвлөгөөг нь задалсан зэрэг шалтгаанаар Юнюйлюй хаан баруун Түрэгийн Даду хантай холбоолон эхлээд Тули ханыг довтлов. Ах дүүс гэр бүлийг нь хядаад дараа нь Юйчжоу тойрогт халджээ. Тули хан Суйгийн элч Чаньсун Шэн-тэй дагалт 5 морьтны хамт арайхийн амь мултарч цэргийн Тунханьчжэнь хүрээнд хүрэлцэн ирэхэд Чжао Чжунцин жанжин 1000 морьт цэрэг авч яаравчлан очиж тусалжээ. Тули ханыг мөшгөж байсан Даду нэхэж байлдаж зүрхэлсэнгүй. Далимаар нь Суйчууд нууцаар Тули ханы албатуудыг дагаар орохыг ятгахад 20 мянга илүү түрэгчүүд Суй улсыг дагажээ. Энэ үед Юнюйлюй хааны дүү Дусулу 10 мянга орчим түрэг дагуулж Тули хан Жаньганьтай нийлэв.

599 оны 4.5 сард Даду хан Суй улсын хилийг уулгалахад Ши Ваньсуй тосч байлджээ. 7 сард Суй улс Гао Гун, Ян Со нарт цэрэг өгч Даду хантай байлдуулжээ. Тэдэнтэй цуг явсан Чжао Чжунцин 3000 цэрэг авч манлайлан явж байгаад Цзулишань ууланд түрэгүүдтэй таарч 7 хоног тулалдан байж зугтаалгав. Араас нь хөөж Цифуцзи хэмээх газарт гүйцэж 1000 хүн, түм гаруй мал олзлов. Яг энэ үед Түрэгийн нэмэлт хүч ирж тулалдахад Чжао Чжунцин дөрвөлжин жагсаал байр хийж 5 өдөр хамгаалж байтал Гао Гун ирж хамтдаа Түрэгийг довтолж  ухраажээ. Даду хан тулалдаанд шархадсан болотой. Зугтсан Түрэгийн цэргийг  Байдао өнгөртөл хөөж, 10 мянган түрэг өрх айл булааж, Хэнаньд шилжүүлэн суулгажээ.

Юнюйлюй хаан Тули хан Жаньганийг уулгалах нь зогсохгүй байсан тул түүнийг Хатан голоос өмнө Хэнань-д  нутаглах зөвшөөрөл өгч, Хатан голын зүүн, баруун эрэг хоорондох нутгийг бэлчээр болгож ашиглуулах болов.

Суй улсын Ян Цзянь хаан Юнюйлюй хааныг 4 замаар довтлохоор шийдэв. Тэд хөдөлж амжаагүй байхад  Юнюйлюй хаан 599.12.24 нд дэргэдийн хүмүүстээ алуулжээ. Даду хан чуулган зарлалгүй шууд хаан ширээнд суув.

"Монголын эртний түүх"

11.25.2019

Чулохоу хааны үеийн Түрэг улс


Шаболюэ хааны үед кумоси, байси, кидан аймгийн хэргийг хамаарч ч байсан Тули шад Чулохоу 587 оны 8 сард Шаболюэ хааныг үхсэний дараа хаан ширээ залгамжилж, Еху Мохе хаан цол хүртэв. Хаан болоод Шаболюэ хааны хүү Юнюйлюй-г ябгу өргөмжилж, дараагийн хаан хэмээн зарлав. Эртний хятад сурвалжид Чулохоу-г урт эрүүтэй, бөгтөр нуруутай, хөмсөг багатай, өнгөт нүдтэй, эрэлхэг, бодлоготой нэгэн гэж тодорхойлсон байдаг. Чулохоу гэх нэрийг эрдэмтэд янз бүрээр тайлбарлажээ. Эрдэмтэдийн саналаас үзвэл хятад сурвалжийн Чулохоу бол “Бухарын түүх”-ийн их хаан Чурин (Кара Чурин), түүний ябгу (еху) чимэг перс сурвалжуудын Биягу, Шава юм байна.

Түрэгийн шинэ хаанд өмнөх хааны үеэс улбаатай томоохон асуудал тулгарсан нь мөнөөх Або хан Далобяний хэрэг байлаа. Эхлээд Шаболюэ хаанд орд өргөөгөө хоослуулж, дараа нь Даду, Таньхань, Дицинь нараас дэмжлэг авч, Шаболюэ хааныг бут цохьсон ч дараа нь Шаболюэ, Ли Чэ-гийн цэрэгт цохигдсон Або хан үлдсэн хүмүүсээ дагуулан зугтжээ. Тажикийн Наршахи (899-959 он) –ийн бичсэн “Бухарын түүх”-д Бухар нутаг ус мод элбэг, гөрөөлөхөд таатай нутаг тул Туркестанаас ирсэн хүмүүс энд суурьшив. Эхэндээ тэд гэр майханд сууж байв. Сүүлдээ хүмүүс олноор ирэх болсон тул байр сууц барих болжээ. Олон хүнтэй болоод дундаасаа эмир сонгов. 

Түүнийг Абруй (Або) гэдэг. Хааны сууж байсан сууринг Пайкенд гэнэ. Хэсэг хугацааны дараа Абруй хүчжиж, энэ мужийг харгис ширүүнээр захирах болсон нь тэвчишгүй болжээ. Баян худалдаачид нутаг уснаасаа явж, Талас-д ирж, Хамукат гэдэг хот байгуулж суув. Бухарт үлдсэн олон түмэн Биягу гэж нэрлэдэг Түрэгийн захирагч Кара Чуринд элч илгээж, Абруйгийн харгислалаас аврахыг хүсэв гэсэн мэдээ үлдээжээ.

Нэгэн цагт Шаболюэ хаан ахынхаа эсрэг тэмцэж байсан Чулохоу хаан Шаболюэйтэй өсөлдөн байлдаж байсан Або ханыг устгахаар шийдвэрлэв. Энэ үед Суй улс Чулохоу хаанд хаан болсонд баяр хүргэж түүнд Суй улсын хэрэглэдэг туг далбаа, бүрээ бөмбөр нэлээдийг бэлэглэжээ. Чулохоу бэлгийг хүлээн аваад баруун зүгт Або-г дайлахаар мордов. Або-гийн суугаа газар очихдоо Чулохоу Суй улсын туг далбааг хийсгэж очсонд Або хууртаж, Суй улсын их цэрэг ирж байна гэж бодоцгоож,  Або-гийн цэргүүд олноор Чулохоу-гийн талд оржээ. Чулохоу Або-г баривчлав.

587 оны 8/9 сараас 588 оны 7/8 сарын хооронд Або ханыг устгасан Чулохоу хаан цэргээ авч цаашлан Ираныг довтлохоор аян дайнд морджээ. Ираныг довтолсон Чулохоугийн цэргийн тоог сурвалжуудад янз бүрээр тэмдэглэсэн байдаг. Табарын түүхэнд Шава хаан 300 мянган цэрэгтэй гэсэн бол Фирдоусийн “Шахнаме”-д Савэ шах 1200 заантай 400 мянган цэрэгтэй байсан гэж, Абу Сансур Ал-Та”алибигийн Персийн хаадын түүхэнд Шаба шах Ираныг эзлэхээр 100 мянган морьт цэрэгтэй Балхыг чиглэн айсуй гэж бичжээ.

Түрэгийн хаан Ираны пахлаван хоёр биечлэн тулсан Гератын байлдаанаас өмнө Ираны Хормизд хаан уран арга хэрэглэсэн байна. Тэрээр Бахрамын цэрэг тулалдах газраа сонгох хүртэл Түрэгийн хааныг мэхлэхээр шийдэж ордны шадар Хоррад Борзиныг Шава руу илгээжээ. Энэ үед Ираныг захирч байсан Хормизд Туркзад (Hurmuz 579-590 он) хаан бол Баруун Түрэгийн Истеми ябгу-гийн зээ хүү байлаа.

Ираны өмнөөс дайнд мордохдоо Бахрам зөвхөн дөчөөд настай хашир туршлагатай 12 мянган цэрэг сонгож, хааны сангаас зэр зэвсэг авч, хүн морио өвч хуяглаж морджээ.
Бухарын Пайкенд цайзаас Чаржоугаар дайрч Амудъяаг гаталсан түрэгүүд Хоррад Борзины уран ургад автаж, өрнө зүг давшилгүй, өмнө зүг эргэж, Герируд мөрнийг өгсөж Гератын Герийн талд ирэхэд Бахрамын цэрэг хэдийнээ тэнд ашигтай байр эзэлсэн байв.

Гэнэт ийнхүү Ираны цэрэгтэй тулгарсан түрэгүүд Бахрамын бодлого, төлөвлөсөн байрт автаж, 9 цаг хэртэй нөрлөн байлдсаны эцэст хавцалд шахагдан ялагдсан бөгөөд Бахрамын харвасан суманд Чулохоу хаан оногдож үхэв. Ялагдсан түрэгүүд эмх замбараагүй зугтлаа.  Бахрамын гарт хэмжээлшгүй их олз орсны дотор хааны алтан титэм хүртэл байжээ. Гератэд  нэг сар саатахдаа Бахрам олсон олзоо 250 мянган тэмээнд ачуулж Хормизд шах руу илгээсэн гэдэг.

Хаанаа алагдсныг сонссон Пармод бас л 100 мянган цэрэгтэй Жэйхун мөрнийг чиглэж давшжээ. Бахрам цэргээ авч Хорасан мужаас нэмж цэрэг аваад Балхаас 2 өдөрчийн газарт Пармодын цэрэгтэй тулгарчээ. Гэвч Пармод ялагдан олзлогдож Хормизд руу очин гэрээ байгуулан нутагтаа буцжээ.

Персийн сурвалжуудад Пармодыг Чулохоу хааны хүү гэдэг. Табарын түүхэнд Пармодыг Нили хан гэдэг. Хэрэвзээ Нили хан бол хятад сурвалжид түүнийг Або хан Далобяний хүү гэж тэмдэглэжээ. Нили ханыг 602 онд Зүүнгарын өндөр тэрэгтнүүд довтолж бутцохисон билээ.  

Нйету хааны үеийн Түрэг улс


Тобо хаан Муханий хүү Далобянийг хаан суулгахаар гэрээсэлсэн ч эх нь язгууртан биш тул түрэгийн язгууртнууд чуулж түүнийг хаан суухыг эсэргүүцжээ. Тобо хааны хүү Аньло-г түрэгүүд хүндэтгэдэг байлаа. Хамгийн сүүлд чуулганд хүрэлцэн ирсэн Кело хааны ууган хүү Нйету “ та бүхэн Аньло-г хаан болговол би ах дүүсийн хамт түүнд зүтгэх болно, хэрвээ Далобянийг хаан болговол би нутгаа хамгаалж хурц илд, урт жадаа бэлдэж түүнийг хүлээх болно” гэж хэлэв. Эр бие нь жагссан эрэлхэг дайчин түүний үгийг сөрөх язгууртнууд гарсангүй. Ингэж Аньло хаан болов. Хаан болж чадаагүйдээ эгдүүцсэн Далобянь Аньло руу байнга хүн явуулж  үг дайх болжээ. 
Түүнийг номхруулж эс чадаад аргагүйдэж Аньло хаан ширээнээсээ буув. 

Түрэгийн ихэс дээдэс дахин чуулж зөвлөлдөөд дөрвөн ханхүүгээс Нйету арга бодлоготой хэмээн түүнийг хаан болгож, Илиг  Күл цол олгож, Шаболюэ гэж нэрийджээ.

Шаболюэ хаан суугаад Аньло-г гуравдугаар хан болгоход Далобянь “чи бид хоёр хоёюулаа хааны удам, одоо чи хаан боллоо. Яагаад надад цол хэргэм өгөхгүй байна” гэхэд Шаболюэ сандарч түүнд Або хан цол өгчээ. Далобянь ч нутаг буцав.
Византын сурвалжийн мэдээгээр тэр үед түрэг 8 том эзэмшилд хуваагдаад байжээ. 

Найман эзэмшлийн 3 нь Зүүн түрэгт, 5 нь Баруун түрэгт байснаас 2 нь хожим Хазарын хаант улсад багтсан нутагт байжээ. Зүүн түрэгт 1.Шаболюэ хаан (Өтүгэн Дугинь) 2.Аньло хан (Туул гол) 3.Далобянь хан (Өтүгэн Алтай) Баруун Түрэгт 4.Даду хан (Эктел уул) 5.6. нэр үл мэдэгдэх хоёр ханхүү (Эртний Усуний нутаг, Чачийн умард этгээд) 7.8.Турксанф, Бохан нар (Ижилийн доод бие, Кубань) нутаглаж байлаа.

Түрэгийн таван хан Суй улсыг дайлсан нь. Умард Жоу улсыг түлхэн унагааж, Суй улсыг 581 онд тунхагласанЯн Цзянь хаан Түрэгүүдийг үл тоомсорлох болов. 564 онд Мухань хаантай нийлж, Умард Ци улсыг довтолж ирээд Умард Жоу улсын хаанд “түрэг цэрэг шагнал, цааз алийг нь ч үл хайхардаг, захирагч нараа хүндлэх нь бага, ихэнхдээ дүрэм журам сахихгүй. Тэдний учрыг олох хялбар, тэднийг хүчирхэг гэж хэлэлцэх нь дэмий үг” гэж хэлж байсан Ян Чжун бол Ян Цзяний эцэг юм.

Ян Цзянь хаан болоод өмнөх Умард Жоу улсын Юйвэнь ургийг бүрэн устгасан билээ. Тиймээс Шаболюэ-гийн Умард Жоу улсаас авсан хатан Ян Цзяниас өшөө авч өгөхийг байнга шаардах болжээ. Шаболюэ хаан Даду, Аньло, Або, Таньхань гэсэн Түрэгийн том хан нарт элч илгээж, цэргээ бэлдэв. Суй улсын сударт Түрэгийн 5 хан нийлээд 4 буман цэрэг дагуулж ирсэн гэж тэмдэглэсэн байдаг ч Шаболюэ хааны дүү Чулохоу, Паньна зэрэг хангууд бас энэ дайнд оролцжээ. Түүнчлэн Суй улсын зүүн хязгаарын захирагч Гао Баонин Түрэгт урважээ. 582 онд бэлтгэлээ хангасан Түрэгийн их цэрэг Суй улс руу хөдлөв. 

Түрэгийн энэ удаагийн (582 оны 6-8 сар) дайралтанд ялагдсан Суй улсын хаан хамгаалалтанд бэлдэж, 11 сард нийслэл хотынхоо умард этгээдийн Сяньян-д угсаа залгамжлагч ханхүү Ян Юныг их цэрэгтэй байрлуулав.

582 оны 12 сард Шаболюэ хаан Чулохоу хан, Паньна хан нарын дүүгээ дагуулан 1 буман цэргээр Суй улсын хилийг дахин давав. Гэвч замд нь Суй улсын цэрэг саад болж чадсан юм. Юуны өмнө Суйгийн хаан хил нэвтэрсэн түрэгийг угтан байлд гээд Юй Цинзэ, Чанжу нарыг илгээжээ. Юй Цинзэ-г Хунхуа хүрч байрлаж, Түрэгийн довтолгоог эсэргүүц гэж зарлигдсан байна. Чанжу-г өөр замаар илгээв. Юй Цинзэ-гийн цэрэг замдаа төөрч осгоод 1000 цэрэг хуруугүй болжээ. 2000 морьт цэрэгтэй Чанжу Чжоупань хот орчим түрэгүүдтэй тулгараад хүчрэхгүйгээ мэдэж, Юй Цинзэгээс тусламж гуйжээ. Тэр тусалсангүй. 

Чанжу дасигийн цэрэг түрэгийн олон цэргийг хараад айхад Чанжу хилэгнэж өөрийн эр зоригоо харуулж тулалдахыг уриалжээ. Чанжугийн цэрэг түрэгүүдтэй  3 өдөр тулалдаад зэвсэггүй болж, гардан тулалдаанд орсон ч 10 хүний 9 нь үхжээ. Чанжу биедээ 5 шарх авсаны 2 нь сумны шарх байсан гэдэг. Гэсэн ч түрэгийн их цэрэг довтолгооноо зогсжээ.

583 оны 2 сард түрэгүүд дахин Суй улсын хилд халдав. Түрэгүүд их хүчээр олон газраар зэрэг довтлох болсонд Суйгийн хаан зарлиг буулгаж улс даяар түрэгүүдтэй байлдахыг уриалсан байна. Хаан өөрөө 4 сард 200000 орчим цэрэг дайчилж Түрэгийн эсрэг илгээжээ.

Түрэгтэй хэрхэн байлдах тухай ярилцсан зөвлөгөөн дээр Ли Чун урьд өмнө түрэгтэй байлдаж ялагдсан жанждын алдааг цохон дурдаад, одоо түрэг хаан чухал газруудад цэргээ байрлуулаад биднийг довтолж чадахгүй хэмээн басамжилж суугаа, тиймээс шилдэг цэргээр гэнэт довтлоход амжилт олно гэхэд олон жанжин эргэлзсэн ч Вэй ван Ян Шуан зөвшөөрч, Ли Чун, Ли Чэ нар 5000 шилдэг цэрэг авч Байдао-д буй Шаболюэ хааныг гэнэт довтлоход тэр алтан хөө хуягаа хөсөр хаяж, өвс ногоонд нуугдан амьд гарсан гэж хятад сурвалжид тэмдэглэжээ.

Байдаогийн тулалдааны дараа зүүн жигүүрт шилжин байрласан Ли Чун түрэгүүдтэй арваад өдөр байлдаад хүч нь суларсан тул Шачэн хотод байрлав. Тэр үед нь түрэгүүд бүсэлж, хотыг түгжив. Ли Чуны цэрэг хоол хүнсгүй болоод нэг шөнө түрэгүүдийг гэнэдүүлэн довтолж, бүх малыг нь хуу хамжээ. Дараа дахин шөнөөр довтлоход түрэгүүд бэлтгэлтэй байсан тул Ли Чуны цэргийн олонхийг нь олзлов. Энэ үеэр түрэгүүд Ли Чунд тегин цол өгье, дагаар орогтун гэхэд тэр, үхэх нь тодорхой гээд үлдсэн цэргээ зугтаалгаад өөрөө илдээ сугалан дайрч хоёр хүн алахад түүнийг зэрэг зэрэг харваж алжээ.

Инь Шоугийн захирсан нэг түмэн Суйгийн зүүн замын цэрэг Түрэгтэй холбоолж Суйг довтолсон Гао Баониныг устгахаар Хэбэй боомтоор гарч довтолжээ. Хүч мөхстсөн Гао Баонин түрэгүүдээс тусламж гуйсан боловч Шаболюэ яг Байдаод Вэй ван Ян Шуантай байлдаж байсан тул өмгөөлөх цэрэг илгээж чадаагүй юм. Гао Баонин ухарч Кидан руу зугтсан ч тэндээ доорд шадар хүндээ алагдсан байна.

Үүнээс гадна 5 сард Мона гарам дээр Ли Хуан түрэгтэй байлдсан бол мөн сард Лянчжоу-д Ду Жундин Або нарын түрэгүүдтэй байлджээ. Нийт 3 түмэн явган, морин цэрэгтэй 9 анги цэрэг захирсан Ду Жундин жанжин Аботэй тулгаран байлдахад талууд өөр өөрийн байрлалаа сайтар хамгаалж байв. Усгүй болоход цэргүүд агтныхаа гүрээг ханаж цусыг нь ууж байлаа. 10 хүнээс 3 нь үхжээ. Гэнэт бороо асгарч Суйгийн цэрэг далимаар нь түрэгийн харуулыг довтолж устгав. Айсан түрэгүүд холбоо барьж, найрамдаад буцжээ. Ду Жундинтэй хамт явсан Хэлу Зигань өөр замаар давшиж бас нэг замын түрэг цэрэгтэй тулалдаж мянгаадыг нь устгажээ.

Суй улсын хаан Түрэгийн цэрэгтэй шууд байлдахаас гадна гадаад бодлогын уламжлалт аргаа хэрэглэхээр шийдэж, тоба гаралтай түшмэл Чансунь Шэн-ийг дуудаж, түрэг хаадыг хагаралдуулах бодлого боловсруулахыг даалгажээ. Умард Жоу улсын гүнжийг Түрэгийн Тобо хаанд хүргэж байсан Чансунь Шэн түшмэл Шаболюэ, Даду, Або, Чулохоу нар хоорондоо түнжин муутайг мэдэх тул эхний удаа их цэрэгтэй боловч Шаболюэгээс дор байр суурьтай Даду болон Шаболюэгийн дүү Чулохоу нарт элч илгээхийг зөвлөжээ. Түүний бодлогыг сайшаасан Суй улсын хаан Хами хавьд сууж, Цзюцюанийг довтолж байсан Даду-д Юань Хуй тайбуг элчээр илгээж чонын толгойтой туг бэлэглэв. Чансунь Шэнийг Хуанлун руу явуулж Чулохоутой уулзуулж, Суй улсад дагахыг ятгажээ. Энэ арга үр дүнгээ өгч 583 оны дундуур дайн ид өрнөж байхад Баруун түрэгийн Даду хан хил залгаа Хотан, Перс, Эфталит нар бослого гаргалаа хэмээн шалтаглаж, цэргээ татан буцав. Кумоси, Байси, Киданы хилийн харалдаа сууж байсан Тули хан Чулохоу Суй улсыг дагахаа илэрхийлжээ. Чансунь Шэн уран арга хэрэглэж, эртнээс таарамжгүй байсан Шаболюэ(Нйету), Або (Далобянь) нарыг бас хагаралдуулж амжив.

Чаньсун Шэн мөн дараахь төлөвлөгөөг боловсруулжээ. Юуны өмнө Шаболюэ хаан их хартай үл итгэмтгий болохыг мэджээ. Хамгийн гол нь гуйвамтгай Або хан Далобянь түүнд дургүй хэрнээ тэр хүчтэй байгаа тул Даду хан руу элч илгээж түүнийг Аботай нэгд гэе! Тэд нараас сэргийлэхийн тулд Шаболюэ хаан цэргээ татаж нутгийнхаа баруун захад суух болно. Дараа кумоси, байси, киданы талд Чулохоу ханыг урвуулъя! Шаболюэ зүүн жигүүрээ хамгаалахын тулд цэргээ арагш татах нь гарцаагүй. Ингээд тэд хагаралдах нь дамжиггүй гэж тооцоолжээ. 

583 оны 6 сард Ду Жундин, Хэлу Зигянь нарт ялагдсан Або ханыг хатгаж, Даду хан Суй улстай найрамдсан чи бас Суй улстай найрамдах хэрэгтэй гэж ятгасаар Або ханыг дангаар найрамдлын гэрээ байгуулахад хүргэжээ. Энэ үед Ян Шуанд ялагдсан Шаболюэ хааны цэргүүд Байдаогоос хойш нутаглаж хоол хүнсгүй болж, яс нүдэж идэж байсан ба тэдний дунд өвчин гарч олон цэрэг үхжээ. Шаболюэ хаан Або ханыг Суй улстай дур мэдэн харилцаж эхэлсэнд дургүйцэж, Өтүгэн Алтайн завсар байсан Або ханы гэр өргөөг довтолж, эхийг нь алав.

584 оны төгсгөлөөр Түрэг улс бий болсноос хойш анх удаа 10000 хүнтэй Суни аймаг нүүж, Суй улсыг дагажээ. Лянчжоугийн хавьд нутаглаж байгаад харьсан Або ханыг хоосон буурь угтав. Або хан шууд Баруун Түрэгийн Даду хан руу очжээ. Або хантай санаа нэг Таньхань хан бас энэ үеэр Шаболюэ хаанд аймгаа булаалгаж, хан цолоо хураалгасан тул бас Даду хан руу зугтаж очив. Түүнчлэн жижиг аймагтай Шаболюэ-гийн үеэл Дицинь түүнтэй сөргөлдөж байж дийлдээд, салж нүүн Даду хантай нэгджээ. 

Суй улсын бодлого амжилт олж, Шаболюэ гандцаардав. Даду хан Або ханд нэг буман цэрэг өгч дорно зүг илгээв. Нутагтаа ирэхэд нь хуучин харъяат цэргүүд нь нэгдэж, хүч нэмсэн Або хан Шаболюэ хааныг довтлон ялж, хуучин нутгаа эргүүлэн авлаа.
584 оны 10 сарын 19-ны өдөр Шаболюэ хаан Суй улсын хаан Ян Цзяньд захидал бичсэн нь Суй улсын сударт тэмдэглэгдэн үлджээ. Суйгийн хаан Юй Цинзэ-гээр хариу захидал илгээв. Хятад сурвалжид Шаболюэ хаан Суй улсын хааны бичгийг сөгдөж авсан, түшмэг харъяат гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэжээ.

Энэ удаа Шаболюэ хааныг говийн өмнө нүүж ирэх тухай хэлэлцсэн байна. Тэр үед Шаболюэ-г баруун талаас Даду хан, зүүн талаас киданчууд довтлон сандаргах болсон тул тэрээр Суйгийн хаанд Өтүгэнээс нүүж, говийн өмнө Байдао-д нутаглах хүсэлтээ илэрхийлж, нүүхэд хамгаалах цэрэг гуйжээ. Суйгийн хаан Ян Цзянь, ханхүү Цзинь ван Ян Гуаныг туслах цэрэгтэй илгээж, Шаболюэ-д хоол хүнс, хувцас хунар, тэрэг, хөгжмийн зэмсэг хүргүүлэв. Шаболюэ 585 оны 5 сард Байдао-д нүүж ирлээ.
Суй улсын хаан 585 оны 7 сард Ли Чэ-д түмэн цэрэг өгч, Шаболюэтэй хамт Або ханыг бутцохиж, олзолсон эд зүйлээ Шаболюэ хаанд өгсөнд тэр ихэд баясаж, Суй улсын түшмэг болсноо илэрхийлж бичиг өргөв.

Даду хан, Або хан болон киданчуудын хүчийг ашиглан, Шаболюэ хааныг шахамдуулж байсан Чулохоу нараас дайжиж, Байдао-д ирсэн Түрэгийн хаан Шаболюэ 587 оны 2 сард Суй улсын хаанд бэлэг хүргүүлэхийн ялдамд Хэнчжоу, Дайчжоу тойргийн нутагт гөрөөлөх зөвшөөрөл хүсчээ. Ян Цзянь хаан зөвшөөрч хариу хүнс, дарс илгээхэд Шаболюэ хоёронтоо сөгдөж мөргөн авав. Нэгэн өдөр тэрээр 18 буга авлаж, хэл сүүлийг нь Суйгийн хаанд илгээгээд буцахдаа Цзыхэжэнь цайзад саатжээ. Гэнэт түүний гэр шатав. Үүнд сэжиглэсэн Шаболюэ хаан сар гаруй болоод 587 оны сүүлчээр нас баржээ.
“Монголын эртний түүх”

11.08.2019

Тобо (Татпар) хааны үеийн Түрэг улс


Тобо хааныг Бугатын бичээст Мага Татпар хаан гээд түүний ах Мухань хаан тэнгэрт халихад туулай жил буюу 571 онд хаан болов гэж тэмдэглэжээ. Мухань хааны үед төрийн хэрэгт тусалж байсан Тобо хаан суугаад Кэло хааны ууган хүү Нйету –д хан цол өгч Зүүн Түрэгийн зүүн гарыг захируулав. Өөрийн бага дүү Жудань-ний хүү Були ханд Зүүн Түрэгийн баруун гарыг мэдүүллээ.

Нэг буман цэрэгтээ эрдэж Тобо хаан хятад орныг үл тоож байв. Зөвхөн Умард Жоу улс гэхэд л түүнд жил бүр 100000 боодол сиймхий торго, хоргой өгч байжээ. Түүнчлэн түрэг элчийн тоо заримдаа 1000 хүрч байв. Умард Ци улс бэлэг сэлт хүргүүлсээр байгаад улсынх нь сан хөмрөг дундрахад хүрсэн байна.

577 онд Умард Ци улс мөхөхөд Динчжоугийн захирагч Гао Шао-и, Ма-и хотоос гарч Түрэгт зугтаж ирэв. Умард Ци улсын Гао Ян Вэньсюань хааны хүү Гао Шаои-г Тобо хаан Умард Ци улсын хаанаар өргөмжлөв. 578 онд Тобо хаан Ючжоу мужид халдахад Умард Жоу улс Тобогийн эсрэг эхлээд Лю Сюн гээчийг илгээсэн ч тэр нь ялагджээ. 578 оны 6 сард Умард Жоугийн хаан 35 настай Юйвэнь Юн хаан өөрийн биеэр 6 корпус цэрэг авч Түрэгтэй байлдахаар хөдөлсөн ч зам зуур үхсэн тул цэрэг буцсан байна. Тэр жилийн өвөл Тобо хаан цэргээ дагуулан Умард Жоу руу довтолж, их дээрэм хийж буцжээ.

579 оны эхээр Тобо Умард Жоу улстай харилцаагаа сэргээж ураг барилдахыг санал болгоход Умард Жоугийн хаан Чжао вангийн охинг түүнд өгч хариуд нь Гао Шаои-г гаргаж өгөхийг шаарджээ. Тобо зөвшөөрсөнгүй цэргээ авч Бинчжоу мужийг довтлов.
580 онд хятадын гүжийг авахаар элч илгээсэн ч дэргэдээ Гао Шаои-г байлгасаар байв. Умард Жоугийн хаан элчээр Хэ Жои-г илгээж Тобо хааныг ятгажээ. Тобо хаан Монголын өмнөд хэсэгт ан хийхээр явахдаа Гао Шаои-г авч явав. Түүнийг ан хийж байхад Хэ Жои Гао Шаои-г баривчилж, 580 оны 8 сард нийслэлдээ хүргэжээ.

582 онд Тобо хаан өвдөж үхжээ. Үхэхийнхээ өмнө Аньло хүүгээ дуудаж, үеэл ах Далобяньд хаан ширээ өгөх ёстойг сануулсан байна. Бугатын бичээст Тобо хааныг 11 жил төр барьсан гэж тэмдэглэжээ.

"Монгоын эртний түүх"