2012 оны зун 7 сар дөнгөж гарсан зуны нэг сайхан өдөр ээжийгээ дэргэдээ суулгаж аваад л хэдэн хүүхэд нь ээж аавынхаа нутагтай танилцаж,
эрч хүч энергээ сэлбэхээр, эцэг өвгөдийнхөө нутаг руу нийслэл хотоос хөдөө
нутгийг зорилоо доо. Ээж аав маань бага балчир насандаа эцэг эхээ дагаж, эрдэм номын мөр
хөөхөөр нутгаасаа гарсан болохоор нутаг усных нь тухай багын дурсамж нь л үлдсэн байх. Бидэнд нутгийнхаа
тухай ярих нь их хомс. Бид бол төрсөн
газар, усных нь нэрнээс цаашгүй Улаанбаатар
хотын унаган хүүхдүүд.
Миний аав
Ховд аймгийн Дарви сумын уугуул,
ээж маань Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул. Энэ хоёр сайхан
нутгыг зорьж очих завшааныг ашиглан, байгалийн сайхныг шилэн буудаллаж Баянхонгор,
Говь-Алтай, Ховд, Завхан гээд л баруун аймгуудаар тойрчих холын төлөвлөгөө
өвөртөлчихсэн манайхан, хотоос аажуухан гарсан ч, чамгүй газар хороож, эхний хоногоо Элсэн тасархайд үдэн, өглөө эртлэн цаашдын замаа хөөлөө. Шартын
даваа өгсөж явтал аян замдаа
сайн яваарай гээд хэн нэгэн бидэнд хайрцаг дүүрэн боов бэлэглэжээ.
Хэний ч юм ачаанаас гээгдэж хоцорсон, нилээд олон тооны уут бүхий олны танил тэр боовоор
хөдөөний олон айлыг дайлсан даа... Олзыг олуулаа гэж, үйлдвэрийнх нь эзэн аятай л хэд хэдээр нь бариад
л айлд орж зам харгуй асуудаг сан.
Арвайхээр хотоос машинуудаа цэнэглэж авсан бид, хотын хаяанд буй өөрсдийн босгосон овоогоо засаж янзлан, сэргээж идээ ундааныхаа дээжийг
өргөлөө. Уламжлал болсон энэ ажлыг
энэ замаар өнгөрөх бүртээ хийсээр нэгэнт хэвшил болжээ. Энэ газар аавтай минь холбоотой таагүй, гунигт
дурсамжийг шингээж үлдсэн юм.
Эндээс холгүй замын
гуанзанд сайхан бууз захиалж, савлуулж аваад одоо хүн бүрийн мэдэх болсон Арвайхээрийн
талд буй Арвагар хээрийг хоймортоо залсан, Монгол
түмний морины их шүтээнд хүрч өөрсдийгөө цэнэглэлээ. Өрөөд
тавьчихсан тэр олон морины толгойнууд
хүүхдүүдэд аймаар сэтгэгдэл
төрүүлж мэдэх ч морио
дээдэлдэг монгол түмний хувьд
мориндоо зориулсан сайхан цогцолбор болжээ.
Дараагийн зогсоол
Баянхонгор хотод
Номгон хайрханаа бараадан Түйн голын хөвөөнд хонох төлөвлөгөөтэй байсан ч маргаашийнхаа аялалыг эрт эхлүүлэхэд
дөхөмтэйг бодон ээжийнхээ төрсөн нутгийн нэртэй Баянбулаг хэмээх сайхан буудлыг
сонгон тухаллаа.
Өглөө эрт аймгийн төвөөр жаал алхалж хөгжил цэцэглэлттэй нь хөл нийлүүлэн мандах нарны туяанд хэсэг зураглав. Хөх
толгойн бэл дэхь динозарын
цэцэрлэг гэх ч юм уу, нүд
хужирлах юм байна аа, байна. Даанч цаг эрт болохоор бүгд хаалттай аж. Бид аймгаас Баянбулаг сум руу шууд
чиглэсэнгүй, өөрсдийн төлөвлөсөн ёсоороо Галуутын хавцлаар дамжин хүрэхээр хөдөлсөн юм. Юу юугүй л
бид Олон нуурын хөндий дэхь Олгой нуурын хөвөөнд ирэв. Хээрийн цай чанаж нуурын
хөвөөнд цайлж суунгаа эргэн
тойрныхоо байгаль дунд өөрсдийгөө баахан патиардлаа. Газрын зургаар Галуутынхаа
хавцлыг шууд чиглэн явж байгаад,
замын айлаас ажиг сураг тавихад Өлзийт голыг Овоотын гармаар гарч
хавцлынхаа хойноос нь очвол дээр гэж зөвлөснөөр, буцаж тойроод гармаараа голоо гараад хавцал дээрээ ирлээ.
Үнэхээр сайхан, үзэсгэлэнтэй юм аа.
Өндөр газраа доош тонгойход өндрөөс
айдаг хүмүүст эвгүй гэж. Манай зарим нэгэн хүмүүс айгаад, машинаасаа буусангүй ээ. Машин тэргээ болгоомжтой
сайн байрлуулахгүй бол тоглоом ч биш
юм аа. Харин тэр доор урсаж байгаа гол маань нөгөө уул уурхай, алт эрдэнэсээсээ болоод зэгэл саарал юм урсаж байна.
Харамсалтай хайран санагдаж байлаа. Тэгээд нөгөө л үндсэн зураглах ажлаа жаал хийж аваад Жаргалант
сум хүрч, Заг сумын хажууханд
Байдрагын голоо гатлана гэсэн ойлголттой хөдөлсөн ч нөгөө сайхан Байдрагийн гол маань байдаггүй ээ, тасарчихаж. Бас л уул уурхай, алт эрдэнэс. Голын эхээд алтны уурхай
ажилдаг гэнэ. Дэндүү хайран.
Заг сумаасаа Баянбулаг сум руу зам нь цагаан гишгээд л
байдаг газар байна. Гэхдээ энэ зун ийшээгээ гандуу шав шар, намар аятай л
байлаа. Сумын төвөөр дайран шууд Хангалын давааны өвөрт Бугатын хүрээний туурины урд дэнж дээр ээжийн минь төрсөн гэрийн буурь байдаг гэх, хайлаа...олдоггүй
ээ. Ээж маань нутагтаа ирээгүй удсан
болохоор аргагүй байх бас зуншлага оройтсноос даваа давж айлууд нүүж
ирээгүй болохоор ямар ч айлгүй эл хуль. Асууж сураглах эзэнгүй байлаа. Бид нар Хангалын даваагаа давж, ээжийн
нэг дүүгийнд очиж хоноод,
өглөө эрт ирэхээр боллоо. За тэгээд олон жил уулзаагүй эгч дүүсийн уйлаан шуугиан, хонь мал, хоол унд гэсээр
л энэ нэг өдөр ойлгомжтойгоор
харван өнгөрөв. Өглөө эрт нэг дүү хүү хулгар шар энэ тэр гээд гоё, гоё юм яриад явсан, гэнэт ууланд
очоод тарвага хориотой гэдэг ээ
санасан уу, хангай хишгээ хайрлаагүйд санаа нь зовсон уу ирдэггүй дээ. Үд өнгөрч бид
хөдлөлөө. Нагац эгчийгээ
дагуулж явсан бид ээжийнхээ төрсөн гэрийн буурин дээр саадгүй давхиад ирлээ. Уг нь төөрч будилахааргүй цагаан л газар санж,
хажууханд нь эргэлдээд байж.
Ээжийн
минь төрсөн газар, үнэхээр сайхан газар байлаа. Гандуу жил хэдий ч Бугатын гол нь
урсдагаараа сайхан урсаж
байна, тэр хавьдаа л байхгүй зүлэгтэй ногоотой харагдана. Мэдээж зорьж ирснийх ёс төрөө гүйцээж
хэсэг саатлаа, цайллаа. Ээж
маань ундалж өссөн Бугатын голоосоо ундааллаа, унаж босож хөлд орсон хөрс
шороондоо хөрвөөлөө. Ээжийн нутаг сэтгэл татам, хараа булаам үзэсгэлэнтэй нутаг юм аа. Сүрлэг өндөр Хангалын даваа, цэвэр
тунгалаг Бугатын гол, Хөдөө нуур хөөрхөн нуур гээд сайхан гэдэг үг
багадмаар тийм л газар миний ээж төржээ.
Энэ өдөр Баянбулаг сумын наадам болж байсан юм. Гэхдээ урьд цагт сумын төвийн наадам гэхээр сайхан, сайхан эмээл хазаартай морьд л багширч
байдагсан. Одоо үед мотоцикл машин л чихээстэй болж дээ. Монгол ахуй, нүүдэлчин соёл маань жаахан холдоод
байна уу даа гэлтэй.
Манай баг Баянбулаг
сумаас Отгон сумын замаар гарч хэсэг
давхиад, нэгэн худаг хүрч хоёр салсан замын зүүн гар талын замыг сонгон хэсэг намхан уулс дундуур сүлжсээр
Гуулингийн их тал руу ороод ирлээ. Гуулин тэнд харагдаад л байна, яваад л байна
бас харагдаж л байна. Говь-Алтай
аймгийн Гуулин тосгон бол
сум баймаар суурин газар аж. Завхан голоос шуудуу татсан
усалгаатай тариан талбайтай, мод
бут ургуулж цэцэрлэгжүүлсэн их л
ажилсаг хүмүүс аж. Өргөн татсан шуудууны дээгүүр тавьсан гүүр засвартай
байсан тул бид нилээн өгсөж гармаар шуудуугаа гараад Завхан голоо хөвөөлөөд Тайшир сумыг чиглэн
давхилаа. Давхилаа ч гэж харвасан даа,
зам бол толь л гэсэн үг.
Байгаль бол ёстой үлгэрийн орон, өнгө өнгөөр алагласан уул тал... гээд л хараа булаам, сэтгэл сэргэм.
Тайшир сумын дэргэд Завхан голын гүүрээр дөнгөж гараад
баруун гар талд байх Монгол орны өвөрмөц
тогтоцуудын нэг болох Хомбого толгойд ирлээ. Тэгш талт үүсгэсэн харандаа хэлбэрийн ийм тогтоцтой газар Монгол нутагт нилээдгүй байдаг гэж дуулсан. Тэдний нэг нь энэ Хомбого толгой. Харагдац нь Хомбого толгойгоос
илүү тэгш зургаан талт үүсгэж
тогтсон Цонжийн чулуу гэж Дорноговь
аймгийн Дэлгэрэх сумын нутагт бий.
Миний аав Москвад сургууль төгсөж ирээд анх геологийн анги
авч гарч байсан тэр газар бас л үзэх
ёстой газруудын маань нэг. Бид
Хомбого толгойгоо тойроод нилээд
сонирхож алхав. Сэтгэл ханасны эцэст буцаж голоо гараад харандаан чулууныхаа
харалдаа майхан саваа буулгаж Завхан голынхоо усаар ундалж хонолоо.
Маргаашийн мандах
нарнаар Тайширын усан цахилгаан станцыг үзэж сонирхохоор эрьлэн хөдөллөө. Хүний гараар бүтсэн зүйлс
үнэхээр бахархмаар сайхан юм. Гэгээн
нуур хэмээн нутгийнхан нэрлэх болсон тэр том хиймэл нуур, их хадан уулыг нүхэлж гаргасан
туннель, өндөр далан гээд харууштай,
бахархууштай газар их байна. Чех улсад нэг усан цахилгаан станц зориуд очиж, сонирхон үзэж байсан билээ. Тэр бол ярих
юмгүй их том усан станц, гэхдээ ингэж сэтгэлд үлдээгүй л
юм даа. Тайширын УЦС-ыг барих гээд анх усыг нь
боогоод ажил явагдаж байхад янз бүрийн хэл ам гарч байсныг санаж байна. Одоо ашиглалтанд ороод хэвийн ажиллаад ирсэн энэ үед гаргаж буй эрчим хүчийг нь
тооцохгүйгээр Завхан гол маань урсдагаараа урсаж л байна. Бүр усны түвшин нь тогтворжиж Эрээн нуурын ус хүртэл
ихэссэн гэж хүмүүс нь ярьж байв. Сайхан
бүтээн байгуулалт болжээ.
Бид буцаж
Тайшир сум орж бензин
цэнэглэх гэсэн боловч баяр тэмдэглэсэн гэх түгээгч олдсонгүй шууд Алтай
хотыг чиглэв. Замдаа хоёр тэрэг маань салж төөрөөд, нэг нь аймагт хүлээж, нөгөө нь хээрээр хайж жаахан адал явдалдсныг эс тооцвол Алтай хотод саадгүй ирж, эхлээд өөрсдийгөө дараа унаануудаа цэнэглэж
авав. Алтай хотын сайхан тохижуулсан “Зайсан толгой” дээр онгоц хүлээнгээ хэсэг
саатлаа. Онгоц ч ирж захисан зүйлээ авахаар очиход
харин нэг дүү маань бууж ирж, гэнэтийн юм болов. Хүн нэмбэл хүнс нэмнээ
гэж Алтайн дэлгүүрээр хэсэг дарж
аваад өмнө зүгийг чиглэн Ээж хайрхан руу аймгаас
аажуухан гарлаа. Хан тайширын нурууг Жаргалантаар даваад сайхан хавцал
дундуур явж байгаад төгсгөлд нь ирэхэд
зам хоёр сална. Цагаан голоор Цогт сум руугаа явж болох ч саяхан бороо
орсон зам муу нуранги ихтэй байх гэж хүмүүсийн зөвлөснөөр зүүн гар талаа барьж
Бигэр сум руу зүглэлээ. Бүрэнхий
болж байхад алдарт Бигэр номун ханы хийдийн туурин дээр ирсэн ч Бигэр лүү дахиад 20 гаран км үлдэж. Зам муу юм, ядаж байхад саяхны орсон борооны усанд идэгдсэн нь тойрч наана цаана гэсээр цаг
их орж байлаа. Хийдийн туурин дээр буусан нутгийн ах хүү биднийг сумын төвд
байгаа гэртээ хоноглохыг урьж хүүгээ бидэнтэй хамт явуулсан юм. Шөнө оройтсон ч бид айлын гэрт сайхан унтаж амарлаа. Энэ өдрийн оройн хоол бол хүүхдүүдийн дуртай бэлэн
гоймон байв.
Өглөө нь нутгийн
ахын зөвлөснөөр Цогт сум орохоос өмнө Цагаан хаалганы хүрхрээ үзэж
сонирхохоор Бигэр сумаас Дөтийн даваа чиглээд давхиж явахад баруун гар талд
Бурхан буудай уул сүртэй харагдана. Хантайширын
нурууг даваад л харагдсан, өнгө өнгөөр алагласан сайхан хайрхан юм. Цагаан хаалганы хүрхрээ
бол Дөтийн даваа руу яг
өгсөхөөс өмнө зүүн гарлуугаа салж 5 км хүрэхгүй яваад хүрэх, нутгийнхны очиж амардаг үзэсгэлэнтэй
гэхэд дэндүү үзэсгэлэнтэй газар байна. Хаалга аятай хадан хавцалд машин тулж
очно. Жинхэнэ цэвэр тунгалаг уулын
ус шуугин урсах голтой, бороо хур элбэг үед
есөн газраас хүрхрээ бууна гэж байгаа. Бид дуу алдан шагширч явсаар эхний хүрхрээн дээр очсон, тун бага
устай байсан. Өө азгүй юм гээд буцах гэтэл нутгийн нэг нөхөр ирээд ус авангаа гол ийм устай байхад
устай хүрхрээ байлгүй яахав гээд
сэтгэл хөдөлгөчихөөд, мотоциклоо асааж аваад яваад өглөө.
Тэгээд л бид хүрхрээний эрэлд гарна биз дээ. Өгсөөд л байсан хааяа нэг ус
буусан нойтон мөр тааралдана. Ядарч унаталаа явж байж 10 орчим метрээс унаж байгаа нэг багахан хүрхрээтэй тааралдаж сэтгэл
ханав. Үнэхээр ядарсан, гэхдээ
байгаль бол тасархай. Буцаж иртэл нутгийн хэдэн нөхдүүд амраад янз бүрийн
амьтан боож байна аа. Үнэхээр л
амарч суумаар сайхан газар билээ.
Бид аялалаа
үргэлжлүүлж Цогт сумаар дайрч машинуудаа дүүргэж аваад, Ээж хайрхан руу шууд гарлаа.
Хайрханыхаа барааг хараад бүрэнхий болж хээр хонохоор шийдсэн нь зөв шийдвэр болсон нь маргааш нь харагдлаа.
Хайрхан руугаа дөхөх тусам зам нь муудаж, элс сул шороо ихсэх аж. Хэвтэж буй Ээж хайрхандаа гар сунгахад л
хүрэх газар хоносон бид өглөө
хайрханыхаа дэргэд элсэнд хэсэг сууваа.
Халуун элсэнд суух асуудалтай юм байна. Гуталтай халууцаад, хөл нүцгэн бол
түлэгдээд... Ам цангана гэж
найгүй. Тэгж тэгж Ээж хайрханыхаа аялагчдад
зориулсан машины
зогсоол дээр ирлээ. Эзгүй зэлүүд
говийн дунд гэхэд Ээж хайрхан маань хүмүүс амрах тоосгон байшинтай, сүүдэрлээд суух сүүдрэвчтэй гээд л эвтэйхэн тохижуулсан газар
байна. Даанч худалдаа алга.
Бид элсэнд хэсэг суухдаа усаа гамгүй
зарцуулжээ. Усны үнэ цэнийг хүүхэд багачууддаа мэдрүүлсэн сургамжтай аялал энэ
Ээж хайрханы дэргэд өрнөлөө. Хэт халуунд уул хадаар явах хэн бүхэнд амар
байгаагүй ч холоос зориод ирсэн улс байна даа гээд л үзэх газраа үзэж, тойрох
газраа тойрлоо.
Усны нөөцөө
тооцоолоод дараа бөөн устайгаар эргэж ирнэ гэж хайрхандаа амлаад бид тэндээс шуурга
мэт л хөдөллөө. Замдаа
усан оргилуур шиг олгойдож байгаа их устай таарсан ч мод усалдаг хүн ууж
болдоггүй ус гэнэ. Ээж хайрханаас Цээл сум 130 гаруй км, зам нь дажгүй ч яарсан бидэнд хол зам. Усны нөөц хомс тул зогсолтгүй ширүүхэн
давхисаар үдээс хойш эрт энэ суманд орж ирээд шууд дэлгүүр орж хүн бүр, нэг нэг ундаа, ус гээд л уух төрлийн юм юу байна шууд барьж авцгаав. Худалдагч их гайхсан даа, хөөрхийс
гэж бодсон биз. Тэгээд л
эргэн тойронтойгоо жаал харьцаатай болоод хараад байсан сонин сум байна. Дандаа
хад чулуун дээр байшин барилгаа барьсан байх юм. 1945 оны үед гоминдануудаас
зугтаж энд ирээд суурьшсан сум гэнэ. Манай нөхдүүд ус цасанд орж ариун
цэвэр сахиж аваад гуанзанд хоол захиалсан шигээ өрөө хөлсөлж сайхан амрав. Миний
хувьд нутгийн нөхдүүдтэй зам харгуй ярьсан шигээ эрүүл агаар + эм хэрэглээд бас
л сайхан л өнгөрөөлөө.
Өглөө нь Таянгийн
нурууны араар, Сухантын хөндийгөөр уурхайн тавьсан
сайжруулсан замаар хэсэг шидэж өгөөд, Сухайн төгөлийн орчим замаасаа гарч Онгоцны хөндийгөөр Бугат сумыг чиглэн
давхилаа. Бидний маршрут Бижийн тал орж, хулан тахиар нүдээ баясгаад Барлагын хавцалд Хөшөөтийн уурхайн замтай нийлж, Ховд аймгийн Цэцэг сумаар аавынхаа төрсөн нутаг Дарви сум орох байлаа. Бугат орохын наахна
айлаас зам асууснаар бидний чиглэл өөрчлөгдөн Мааньтын хөтлөөр даван Говь-Алтайн Дарви сум орохоор болов. Бид
энд хүртэл гаргасан маршрутынхаа дагуу, амрах хоёр хоногоо нөөцөлсөн хэвээр л
явсан. Эндээс Бугатаар ч орсонгүй, Төгрөгөөр ч орсонгүй Шаргын говийг захлан, хөндлөн гарч Говь-Алтай
аймгийн Дарви сумын дэргэдэх
Ихэс нуурын хөвөөнд ирж хоноглолоо. Нуур, нуурын цаана Сутай хайрхан, жаахан яваад
аавын нутаг. Аялал ч сайхан болж
байна даа.
Ихэс нуурын хөвөөнд хоног төөрүүлсэн бид эртлэн
Ховд аймгийн Дарви сум руу хөдөллөө. Аавын минь нутаг. Сэтгэлдээ төсөөлж
байснаас биш нэг ч ирж байгаагүй аавын минь төрсөн нутаг. Бид аав
маань яг хаана төрсөн гэдгийг сайн мэдэхгүй ч Мөнгөн аяга багийн нутгаар
нутаглаж явсан гэдгийг мэднэ. Сутай хайрхан
Дарвийн нурууны хоорондох хөндийгээр гүйлгэхэд хоёр Дарви хоорондоо 70 км зайтай. Энэ хавьд бид л Сутай хайрхан гээд
байгаас биш Буурал Богд, Цаст Богд
оргилууд л харагдана.
Бид Тунгалагын булагаар дайраад цааш Дөргөн нуурын хөвөөнд
эртхэн очиж амрах төлөвлөгөөтэй
эрмүүн явж байсан боловч, сумын төв дээр нэг дугуй янзлуулах гэж өдрийн
талыг харамсалтайгаар өнгөрөөв. Зун сумын төвдөө хүн цөөтэй байдаг бололтой, төв зам дагуу гэхэд ганц
дугуй засвартай, тэр нь арын
хаалга ихтэй гэж жигтэйхэн.
Бид болохоор хурдан цаашлах гээд
сэтгэл яараастай. Дугуйгаа янзлуулж аваад сумын төвийн арын голыг гарч
Тунгалагийн булагийг зорилоо. Тунгалаг уст энэ сайхан булагийн дэргэд аав
минь төрсөн байх өндөр магадлалтай. Хотоос гарахдаа авга нараасаа асууж, сураглаж хэдэн газар заалгуулсаны нэг нь энэ.
Тунгалагийн
булагтаа ирлээ. Булагийн дэргэдэх овоонд мөргөлөө, идээ ундаагаа ч
өргөлөө. Баруун талд нь Бумбат хайрхан сүртэй сайхан харагдана. Эндээс
нутгийнхан Далай хэмээн дуудах, үнэхээр ч далай аятай сүртэй, их уст Дөргөн нуур чигээрээ явбал 30
хүрэхгүй км, гэхдээ баруун талаасаа очихгүй бол элс, сул шороо ихтэй тул зам нь нилээн тойрох маягтай.
Бид Дөргөн нуурын урд хөвөөн дээр байх Жанжин овоонд ирлээ, бас мөргөлөө. Гэнэт тэнгэрт давхар солонго
татан, салхи зөөлнөөр үлээж Дөргөн нуур биднийг үнэхээр сайхнаар хүлээж авлаа. Бид хайсан газраа олсон бололтой, аав минь энд л, Дөргөн
нуурын хөвөөнд төржээ. Харин салхигүй
бол шумуул гэдэг амьтан дамжлаад явчихаар их юм. Усанд орж оройжин л
том жижиггүй бужигналаа. Бүрэнхий болоход нуураасаа жаахан зайтай
байх айлын хажууд очиж хоноё гээд хөдөлтөл элсэнд сууж баахан эргэлдлээ. Нуур
маань явуулах үнэн дургүй байна.
Дөргөн нуурын хөвөөнөөс
хийсэн дараагийн аялал бол Гурван сэнхэрийн агуйг сонирхохоор Манхан сумыг зорилоо.
Зам маань сонирхолтой жаахан бартаатай гэж байгаа. Нутгийнхан бидний сонгосон
замыг элс ихтэй, та нар Бумбат хайрханаа өвөрлөж урдуураа төв замаа бараадсан
нь дээр гэж хэлж байлаа. Гэхдээ бид өөрсдийн сонгссон замаа хөөж Бумбат
хайрхан, Жаргалант хайрханыхаа дундуур нэгэн хөтлөөр давж, нэгэнт элсэн явж сурсных
гээд элснүүдээ амжилттай туулж, Өөшийн голыг гармаар гарч Манхан сумын төвөөр ч
дайралгүй шууд агуй руугаа чиглэв. Агуйн наахна бас үерлэн шуугиж буй Хойд сэнхэрийн голыг дажгүй гарав. Уулын ширүүн урсгалт энэ гол үерлэсэн үедээ эвгүй юм билээ. Эртний хүмүүсийн оромж алдарт Гурван
сэнхэрийн агуй. Газрын түвшнээс нилээн дээр уулын дунд шахуу
хоёр зэрэгцээ агуй байх ч том
нь ч бол ёстой том, олон хунхтай юм.
Дотор нь ороход хүй нэгдлийн хүмүүс нааш цааш хөлхөлдөж, хэвтэх нь хэвтэж, идэх нь идэж ер нь яаж л бол яаж байсан байхдаа гэсэн сонин мэдрэмж өөрийн
эрхгүй төрнө. Хунхандаа суугаад
зурагаа зурж буй эртний зураач нүдэнд харагдана. Аргагүй л өнө эртний түүхийг өгүүлэх
эртний агуй юм.
Бүрэнхий болж байхад бидний хэд Ховд хотын Буянт буудалд тухалсан байлаа. Ховд хот анх
1685-1717 онд Монгол цэргийн бэхлэлт гэж сууриа тавьж байсан эртний хот. Өглөө
эртлэн олон үндэстэн ястны эл хотоор зугаацах нь зугаацаж, машин тэргэндээ
засвар үйлчилгээ хийлгэх нь хийлгэж,
цагийг үр бүтээлтэйхэн шиг өнгөрөөж аваад Буянт, Мянгад сумдаар дайрч Хар ус нуурын
хөвөөн дээр хонохоор яарамгүй хөдөлсөн
юм. Замдаа Буянт гол, Борогчны рашаан, Ямаат уул, Ховд гол гээд зогсож зураг
авсан шигээ тааваараа яван явсаар
Хар ус нуурын хөвөөн дээр хоноглолоо. Энэ бол аялалын хамгийн хүндхэн шөнө байлаа. Шумуул гэж амьтан
энд ямар ч тос түрхсэн, ямар ч их утаа май тавьсан үнэн тоохгүй дээрэлхэх юмаа.
Ховдын шумуул овоо юм байна. Өглөө нь хам хум майхнаа буулгаж аваад Дөргөний
усан цахилгаан станц чиглэн зугтсаан, зугтсан. Үзэсгэлэнт сайхан газар байрласан Дөргөн сумыг дайрч, Чоно харайхын хавцлыг сонирхохоор шунан цаашиллаа. Харин хавцлыг
маань боож хиймэл нуур үүсгэн Дөргөний усан цахилгаан станцыг байгуулжээ.
Хүний гараар нурааж ч байна, бүтээж ч байна. Чоно харайхын хавцал хайран ч Чоно
харайхын гол урсдагаараа урсаж л байна. Улс орны эрчим хүчинд хувь нэмрээ
оруулж байгаа Дөргөний усан цахилгаан станц хэвийн ажиллаж л байна. Өөр юу хэрэгтэй гэж.
Бид Тээлийн голын гүүрээр гарч Завхан голын хөвөөн
дээр алжаал юугаа тайлж амрахаар эрт буулаа. Тээлийн голоос загас барьж, Завхан
голынхоо усанд орсон шигээ өдрийг тун
чиг зугаатай, хүүхдүүд нэн хөгжилдөж өнгөрөөв. Энэ аялалаар Завхан голтой хоёрдохоо таарч, хоёрдохоо эрэг дээр нь хоноглож
байгаа нь энэ. Хомбого толгойн дэргэд урсаж байсан Завхан гол маань шуугин
шаагиж байсан бол энд бол элсний нүүдэл шиг чимээгүй урсана.
Завхан голын
хөвөөнд амарч алжаалаа тайлсан бид өглөөний нарнаар Ховд нутгийг орхин Завхан
нутагт хөл тавиж Завханы гүүрнээс 65 орчим км яваад Ургамал сумын төвд ирэв.
Байгалийн сайханд Хүнгүй голын эрэгт
байх энэ сум хүнгүй шахуу эл хуль байлаа. Бид эндээс Бор хярын элснийхээ араар
тойрч Баяннуурыг сонирхоод Сантмаргац сумаар Улаагчны Хар нуур орох төлөвлөгөөтэй яваа улс.
Сумын төвөөс гараад Гүн нуурынхаа араар төв замаа дагаж явахаар зам заалгасан ч
арай дутуу эргэж жинхэнэ элсэн дундуур
дайруулсаар Гүн нуур луугаа шууд ороод
ирлээ. Нутгийнхан энэ дундуур гараад ирлээ гэж үү гэж гайхаад л, бид ч яахав
дандаа элсээр явдаг царай гаргаад л ...
Тэгээд төв замаа
ч бараадсангүй Бор хярынхаа элсний араар
хөвөөлж явсаар Баяннуурт хүрэв. Өмнөд эрэг нь Бор хярын элсэн манханд
тулсан араараа задгай, үнэхээр сайхан нуур юм.
Салхилбал бас задгай салхилна.
Хэсэг бороо орж салхилаад бидэнд бяцхан байгалийн гамшиг үзүүлсэн гэж
байгаа. Уг нь ч нуурын ус давалгаалаад
сүртэй сайхан байсан.
Усны шувууд
элбэгтэй энэ нуурын хөвөөнд хоносон бид маргааш өглөө нь Сантмаргац сумын
дэлгүүр хоршоо хэссэн шигээ явцгааж байв. Сумын төвийн дэргэдэх Холбоо нууран
дундуур зүсэж гарсан нь энэ өглөөний сэтгэл сэргээсэн сайхан гараа байв.
Борооны дараа Холбоо нуур устай ч үе нь байж таарав. Гол туулж гарч байснаас
биш ямар нууран дундуур гарч байсан биш зугаатай байлаа.
Сантмаргац сумаас
Цэцэн уул сумын замаар гарч хэсэг яваад, Галуутайн голоо гармаар гарч, Аалзтын
элсээр дайрч, Улаагчны Хар нуур луугаа араас нь шууд очих замыг сонголоо. Цэцэн уул сумаар дайрч явснаас зам нь татуу
тэгээд ч төв зам дагаснаас зам нь бартаалаг адал явдалтай гэж бодов. Галуутайн
гол элсэн дундуур чимээгүй урсах бас л нэг өвөрмөц тогтоцтой сонирхолтой гол
юм. Голоо гараад гурван ч хэсэг элсээр гардаг ч бидний хувьд элс туулах нь Ээж
хайрханы дэргэдэх үеийг бодвол асуудалгүй болжээ. Бүр дунд нь зогсож зурагладаг
болсон байна.
Хар нуурандаа
Багануур талаасаа ирлээ. Улаагчны Хар нуур элстэй, хадтай, модтой монголын
маань байгалын бүхий л хэв шинжийг агуулсан өвөрмөц содон, ёстой сайхан гэж үг
багадмаар нуур аж. Ханийн маань төрсөн
газар, хадмуудын нутаглаж байгаа нутаг. Нууран дундаа их бага хоёр аралтай,
загасаар элбэг энэ нуурын өнгө нь харсан хүн мартахын аргагүй нэг л тод содон.
Олон л нуур харсан гэхдээ ийм сайхан өнгөтэй нуур санагдахгүй байгаа юм. Тээлийн голын эхэнд дүүгийндээ айлчиллаа.
Маргааш өглөө нь дүү хүүг газарчнаар
дагуулж аваад Сэнжит хад, Мухартын голын эхийг зорив. Элст булгаар давж
Бургастай аманд зусаж буй бас нэг
дүүгийндээ буув. Элстэй, модтой, хадтай,
голтой өөр юу дутуу гэх үү гэмээр нутаг аж. Эндээсээ шууд өгсөж Сэнжит хадан
цохион дээр ирлээ. Миний мэдэх Монгол нутгийн маань хамгийн том сэнж, сүртэй
сайхан цохио. Эргэн тойрон хараа булаам. Ер нь аялсан тухайгаа бичээд харж
суухад сайхан гэсэн үг л их хэрэг болох
юм даа.
Сэнжит хаднаасаа
доош бууж Асгатын элсэн манханг туулж гарав. Машин бараг явдаггүй тул бид зам
харж, харж манханы оройг сүлжиж явахаар замаа сонгож аваад дайраад гарчихлаа. Бор хярын их элсэн манхан
дундуур урсах Мухартын голоос наахна машинуудаа орхиж хэсэг алхалт хийж аваад
голынхоо эхэнд ирэв. Дуу алдан бахархахгүй байхын аргагүй тийм л газар санж.
Элсний ёроолоос гарч буй ус цуглаж аваад Мухартын голыг бий болгож байгаа нь,
хагас тойрог бүхий ус шүүрч байгаа өндөр элсэн манхан нь ер нь бүх зүйл
гайхалтай байлаа. Буцахдаа бид Мөсөнгөөр
давж, Тээлийн голдоо ирж хоноод маргаашийн нарнаар эртлэн Улаан шанааны хөтөл
дээрээс Хар нуураа хэсэг зурагласны эцэст орхин Улиастай хотыг чиглэн хөдөлсөн
юм.
Эртний хот
Улиастайд ирсэнийх Хайрхан давааны орой дээрээс Очирвааний өлгий Отгонтэнгэр хайрхандаа мөргөв. Жавхлант толгойн дээр гарч Жалханз хутагт тэргүүтэй
Завханы хутагт хувилгаадтай танилцав. Эцэст нь Донойн хөндий, Дэнхэн чулуугаар
зугаалж хэд хоногийг зугаатай өнгөрөөгөөд нутгийн зүг хөлгийн жолоо заллаа.
Улиастай хотоос
нартай уралдан гарсан манайхан Загастайн даваагаа давж, Тэлмэний хөндийгөөр
дэржигнүүлсээр Тосонцэнгэл хүрч хооллочихоод, халзан болтлоо харамсмаар шатсан
Солонготын давааны орой дээр бууж хийморио нэг сэргээж аваад, улсынхаа нийслэл
Улаанбаатарыг эргэлтгүй зорилоо. Энэ аялал ээж аавынхаа нутагтай танилцсан,
эцэг өвгөдийнхөө буурийг эргэсэн, эх Монголынхоо баруун хязгаараар бага ч
болтугай аялсан, санах дурсамж ихтэй сэтгэлд хоногшсон сайхан аялал байлаа.