5.20.2018

Автай сайн ханы гэрийн буурь


Автай сайн ханы гэрийн талаар одоогоор түүхийн баримт сайн олдоогүй ч лавтайяа Эрдэнэ-Зуу хийд байгуулагдахаас өмнөх үед хамаарах юм.

Энэхүү гэр найман баганатай байсан бөгөөд нэг баганы суурь нь ховхорон унасан байдалтай байна. Автай сайн хнаы гэрийн буурь  40 метр голдочтой.

Хожим нь анхдугаар богд Өндөр гэгээний 23 насны ойд зориулан энэ гэрийн буурин дээр    Бат-Өлзийт хэмээх гэрийг 1657 онд барьж байжээ.

5.10.2018

Согоот хэмээхийн учир


Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоог багийн нутгийг урьд цагт Согоот хэмээн нэрлэдэг байжээ. Их эрт цагт энд битүү ой модтой байгалийн үзэсгэлэнтэй газар байсан гэнэ. Үүнээ дагаад ч буга согоо, баавгай хүдэр гээд л ан амьтад элбэг байж. Энэ нам гүм газар хүн анх суурьшиж эхэлснээс л ой модыг гамгүй тайрч, ан амьтдыг хайргүй агнаж эхэлжээ. Явуулын анчид ч их ирэх болж ан амьтад дайжиж, ой мод устаж үгүй болов гэнэ.

Олон жил ан хийсэн өвгөн анчин, залуу анчны хамт эзгүй тал болсон энэ газрын эцсийн согоог үзээд  ихэд өрөвдөж, агнахаа болиод буцах гэтэл анд ид хорхойсож явсан залуу анчин түүнийг агнажээ. Гэтэл хожим нь залуу анчинд гай дайрч хүнд өвчнөөр нас эцэслэсэн гэдэг.

Энэ нутгийн сүүлчийн согоог энэ газар намнасан учир эл газрыг Согоот гэж нэрлэж, харин энэ нэр нь сунжирсаар одоо үед Согоог гэх болжээ.

5.09.2018

Цамбагарав уулын домог


Эрт цагт Цамба гэдэг нэгэн анчин эр амьдардаг байжээ. Тэр цагт Цамбагарав уул ямар ч усгүй, ан амьтанаар элбэг, үзэсгэлэнт байгальтай, сүрлэг сайхан уул байж. Цамба нэг удаа ан гөрөө хийж явсаар Цамбагарав уулын оройд гарчээ. Харин тэндээсээ бууж чадалгүй ард хоцорсон эхнэр хүүхдээ бодон, уйлж суусаар нулимс нь мөнх цас болон тогтсон гэнэ. Цамба ийнхүү үхсэн учир ууланд хүн гарахаа больсон гэдэг. Харин анх энэ ууланд Цамба гарсан учир нутгийн ард түмэн түүнийг Цамбагарав хэмээн нэрлэж үеийн үед тахиж шүтэж иржээ.

Бас нэг хувилбар домог. Өөлдүүд Цамбагарав уулыг Цаст уул гэдэг байжээ. Нэгэн уран дархан уулын өнгө байдалд нийцүүлэн бурхан бүтээж, Цаст уулын оргил хавьд байдаг Жинст хэмээх уулын оройд залснаар Цамбагарав хэмээн нэрлэх болжээ. Цамбагаравын ой мод, араатан жигүүртэн, үр жимсэнд  тэр болгон гар хүрдэггүй, хүрсэн ч тусгай ном засал хийлгэн, ёс жаяг гүйцэтгэх учиртай гэнэ.

Бас нэг хувилбар. Цамба гэдэг нэгэн өөлд зоримог анчин намрын эхний цаснаар ан гөрөөстэй хөөцөлдөж явсаар Цаст уулын оройд морьтойгоо гарснаар Цамбагарав нэрийг нутгийнхан хайрлажээ.