4.27.2018

Хүйсийн говийн домог


Энэ манай үед биш эрт урьдын цагт гэнэ. Одоогийн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт орших Хүйсийн говьд нэгэн айл байжээ. Тэднийх ам бүл олуул, үр хүүхэд өнөр бөгөөд хятад газраас ирсэн их зам тосон сууж, харь орны өнгөлзлөгөөс нутгийнхаа хилийг хамгаалах гэр харуулын үүрэг гүйцэтгэн байжээ.

Гэтэл нэг удаа  Хятад  газраас  хар  санаа өвөрлөн ирэх хятад түшмэлийг нутгийнхаа шороон дээр бүү гишгүүл. Мэсийн үзүүрээр хөнөөх, найруулсан хорын хүчээр устгах алин болохоо өарсдөө шийд” гэсэн даалгавар бүхий нэгэн дугтуйтай захиа өртөөгөөр дамжин тэр айлыг зорьжээ. Гэвч элчийн өвөр дамжин явсан тэр захиа зорьсон газраа хүрсэнгүй, харин манж хятадын тагнуул туршуулуудын гарт оржээ. Иймд өөрийн элч, хятад түшмэлийн амийг аврахаар хятад газраас нэг баг цэрэг нааш хөдөлж өнөө айлд хүрэн өвгөд хөгшид, үр хүүхэд, эцэг эх, гэр хотлоор нь баривчлан алах ял тулгаж гэнэ. 

Энэ үед эзгүй байсан том хүү нь ч ирж “Эцэг эх, дуү нарын амийг өршөөгөөч, оронд нь намайг зоосны нүхээр түмэн хэсэг огтчин алсан ч гомдолгүй” гэж харийн цэргүүдээс өвдөг сөгдөн гуйж гэнэ. Мөн эцэг эх нь “Бидний үр үндсийг битгий таслаач, том хүүгийн минь л амийг өршөө” гэж хятад цэргийн даргаас гуйгаад хүүхдээ сэмхнээр: “Чи л амьд үлдэж үр үндсээ залгамжил, бас биднийхээ өшөө хонзонг харь манж хятадын цэргээс авч чадах хүн нь ганц чи л байна” гэж учирлан хэлж гэнэ. 

Ингэтэл хятад цэргийн ноён дотроо аймшигт төлөвлөгөө зохион залуу баатар эрд хэлсэн нь: “Танайхны үр үндсийг таслахгүйн тул ганц чиний л амийг өршөөе, Харин чи өөрийн гараар эцэг, эх, дүү нарынхаа толгойг ав” гэжээ. Чингээд цөмөөрөө нэг доор хядуулснаас нэг нь ч болсон амьд үлдэж,харь манж хятадын цэргээс үрэгдсэнийхээ өшөө хонзонг авахын тул залуу баатар эр арга буюу өөрийн гараар төрсөн эцэг эх, дүү нарынхаа толгойд мэсний үзүүр хүргэх болж. 

Манай хүн зүрх шимшрүүлэн, элэг эмтлээн, нулимс унагаан халаглан байж эцэг, эх, дүү нарынхаа толгойг авсаар бага дүүгийн нь ээлж болоход томоогүй тэр балчир жаал “Ахаа миний хүзүүнд хатиг гарчихсан юм. Битгий хөндөөрэй” гэж хүүхдийн шингэн дуугаар хэлж байсан гэдэг. Гэвч тэр залуу баатар эр ч өршөөгдсөнгүй. Хятад цэргийн ноён хэлснээсээ няцаж, цэргүүддээ тушаал өгөн түүнийг баривчлуулаад өөрийнх нь сэлмээр толгойг нь цавчин алжээ.

Ийнхүү нэгэн өрх гэрийн хүмүүсээс нэгийг нь ч үлдээлгүй үзэшгүй муухайгаар доромжлон тэднийг толгой дараалан устган, гэр хотлоор нь хүйс тэмтэрсэн нүгэлт хэрэг болсон эл газрыг түүнээс хойш “Хүйсийн говь” гэж нэрлэх болжээ.





4.23.2018

Хөх морьт хэмээхийн учир


Хүйсийн говь, Монгол элс эрт дээр үеэс ан гөрөөс араатан жигүүртэнээр арвин баялаг нутаг. Энэ нутагт Дансрангийн Гомбо гэдэг гөрөөчин амьдран суудаг байжээ. Хошуу ноёны адуун сүрэг мөн л эл нутгаар оторлож өвөлжөөд, хавар буцдаг санж. Нэгэн хавар эцэж цуцсан хээгч гүү хоцорч, адуучин нь Гомбод уг гүүг үнээгээ өгөөд ав гэжээ. Унаатай болохыг хүссэн Гомбо хүү зөвшөөрч, гүүгээ авахаар Шовхын уулыг тойрон очвол жалганд өнчин ганц эр сарваа, сэг бараадан зогсож байна гэнэ. Хүү ч сарвааг тэжээн өсгөв. Гомбын морь багаасаа л дэл нь шашир, нүд нь хурц, чих соргог, таван овоо тэгш, хөл гэдэс шулуун, цээж аарцаг уужим, бие галбир сайтай ажээ. Хүмүүс түүний гишгих туруу, харайлт, хөлийн хий, босоо сагагийг шинжин хурдан морь гэлцэнэ. Гомбо хүү ч 18 хүрч бяр хүч ихтэй, самбаа зальтай, үе чацуутныхаа дотор дал шороодохгүй эр боллоо. 

Эрээн ус хэмээх элсний бяцхан нуурын хөвөөнд хошуу ноёных зусахаар нэгэ зун нүүн иржээ. Ноёных ухаан сэргэлэн, ааш ялдам,  үзэсгэлэн төгс, 17 хүрч буй Шаариймаа нэртэй эрх танхил охинтой. Охин жороо морь унаж, уурга барин адуу уургалахаас өөр ажил үл сонирхоно. Аягачин хүүхнүүдээр дуу хуур заалгаж, уртын дуу гарамгай сурчээ. Охин энэ нүүдлээр жороо морь бариулж, хөнгөн уурга төхөөрүүлэн, эр хүний хувцас өмсөж нүүдэл дагаж явсанаа хад асга нь сүндэрлэсэн Бэрхийн ууланд гарч үзнэ гээд давхин одов. Гомбо ч энэ үед сониуч зангаараа “Ноёных Сангийн далайд буух гэнэ, их айлын бараа харъя” гээд уулын цэнхэрээ унаад, Бэрхийн орой өөд морджээ. Хүүг уулын бэлд хүрэхэд бүсгүй хүний уяхан дууны эвлэгхэн аялгуу тодоос тод цуурайтан байв. Энэ өдрөөс Гомбыг ууланд явах бүр түрүүчийн сайхан дуу сонсогдох боловч эзэн нь үл мэдэгдэнэ. Гомбо сүүлдээ хариу дуулдаг болов. Нэгэн өглөө Гомбо эртлэн босч, Бэрхийн ууланд гарч асга гуу, ганга жалга бүрийг нэгжин хайлаа. Нуугдаж явсаар, асгын оройд гарвал нэг халиун морь харагдав. Дөхөөд очтол өмнө нь уулзаж явсан залуу хархүүтэй халз туллаа. Харин өмссөн хувцас нь хүүхэн хүнийх шиг харагдсан байна. Гомбо өнөөх үл үзэгдэх сайхан дуучинг энэ залуу эргүүлдэг юм байна гэж бодонгуутаа “Үүнийг нэг сайн чадъя, бариад авбал тэнхээ муутай байх” гэж бодоод:
Хоёул барилдъя гэвэл залуу:
‘Чиний царай яагаад хөрзийгөө вэ? гэж дооглонгуй асууж байна гэнэ. Гомбо энэ бас надаар тоглоом хийх нь гэж уур нь хүрч алгадаад авбал
залуу, дальжисхийж хальт цохиулан, алчуур нь асга уруу хийсэв. Гомбо уурлаж хорссон харцаар хартал өтгөн хар үс нь нүүрийг нь бүрхэн хийссэн, гуалигхан нуруутай бүсгүй сандран тэвдсэндээ ч тэр үү айсандаа ч тэр үү хормой нь чичрэн зогсож байна гэнэ. Гомбо учиргүй сандарч хэний ч өмнө хулчийж үзээгүй омголон зориг, хөшүүн зан нь агшин зуур арилав. Үүнээс хойш тэр хоёр байнга уулзах болжээ. 

Гадуур явах нь байтугай гадаа ч гардаггүй охиноо уулаар явах болсонд ноёныхон гайхан цөхөрнө. Хашир ноён охинд минь лав нэг жил ургалаа гэж бодоод зарц нараа хүрээ орох морьд бэлд гэж тушаав. Ноён нууцаар охиноо тандах гэж байгаа болохоор дагуулах хүн хэрэггүй гээд эртлэн Шовх уулын чиглэлд буй Ловонгийн хүрээний чиг хатируулав. Энэ өдөр Шаариймаа ч зугаалахаар мөн л Шовхын нуруу руу чиглэн давхижээ. Ноён Шовх уул хүрч хүнээс далдуур жалга даган өгстөл гэнэт: 
Нарийн цоохор морь нь наадмын түрүүнд тогловой жаа
Нандин хайртай чамтайгаа найртай болзоондоо уулзаваа жаа
гэсэн шингэн дуу цуурайтах нь охиных нь дуу мөн байв. Өвгөн ноён морио жалганд тушиж орхиод
, явгалан явсаар, дөрвөн нугалаатай сунадаг дурангаараа дурандахад, толгойгоороо наадсан сайхан цэнхэр морь зогсоно. Хөх дээлтэй залуу охинтой нь уулзаад тэврэлдэн байгаа нь бас харагдана. Ноён:
Энэ хэний хүүсэн билээ гэснээ өнөө харц Дансрангийн хүү мөн байна.
Миний ганц охинд санаархаж
, бүүр нөхцсөн байна шүү гээд  уур хорсол хоёртоо шатаж, мориныхоо гүйхээгээр ирж, өргөөндөө ороод гэр доторх хүмүүсийг хөөж гаргаад, хатандаа үзсэнээ тоочив. 

Хатан нь хэсэг бодсоноо эх хүний өрөвчхөн сэтгэлээр ийн учирлажээ.
-Өвгөн минь ээ?
 Ухаантай хүний үр байна, ухаж сайн бод.  Чи бид хоёр төрсөн ганц охиныхоо үйлсэд хар буруу санаад хэрэггүй. Аав ээжийн арван цагаан буяныг хэдүүлээ идсэн ч барахгүй. Хоёр хүүхэд байтугай, хорь гучуулаа идсэн ч хотойхгүй гэж ятгажээ. Ноён тайтгарсангүй тахар мордуулаад:
-Дансрангийн Гомбыг барьж ир. Шаариймааг салгаж авчир гэж тушаажээ. Үүнийг мэдсэн хоёр залуу зугтаж
, жилийн турш хайвч эс олдов. Тэгтэл ноёнд тал засч шан горилсон харийн хошууны нэгэн этгээд:
-Танай охиныг авч оргосон босуул Гомбо Монгол их элсний боролжинд байдаг гэнэ гэж хошуу хүргэсэнд ноён тэр шөнөдөө
хүрээ орж, харгис хэрцгийгээрээ нэрд гарсан До түшмэлийг дагуулуулан арван тахар мордуулжээ

Босуул хоёр хавь ойрынхондоо итгэн, санаа амар ан гөрөө хийн амьдарч байж. Гомбо Ганжуурын сээрт аргаль гөрөөлөхөөр явж байхад нь Догийнхон иржээ. Тэд гэмгүй царайлан майханд цайлж сууснаа, бие биедээ сэм дохио өгч гэнэт майханд нь боож баривчлан, тамгын газар хүргэжээ. Харгис ноён Гомбыг Шовхын дөрөлж дээр морьтой нь есөн алд нүхэнд амьдаар нь булжээ. Эцгийнхээ хүйтэн сэтгэлд хилэгнэсэн, хөл хүнд байсан  охин Шаариймаа хавь ойрынхоо хүмүүсийг дагуулан ирж, хайрт нөхрөө ухан авч, шарилыг нь оршуулжээ.  Хайрт ханиасаа хагацсан Шаариймаа бүсгүй ч нөхрийнхөө морины зүстэй морь унаад, төрсөн гэрээ орхин хаашаа ч юм явжээ. Тэр үеэс хойш Шовх уул, Гомбын морины зүсээр Хөхморьт гэж алдаршсан гэдэг.

4.18.2018

Тэр зуны аялал говь руу байлаа


Говь хангай хосолсон нутагт төрсөн хүн байна даа, өргөн уудам говь нутгаараа нэг сайхан аялахсан гэж санан санасаар, 2013 оны зун хүүдүүдийн амралт эхлэнгүүт,  хэт халахаас урьтан, нэгэн сайхан дэлгэр өглөө өмнө зүгийг чиглэлээ.   Toyota kluger,  hyundai starex хоёр машинтай,  8 том хүн, 5 хүүхэд  цаад тал нь Хэрмэн цав хүрч  монгол орныхоо говь нутагт нүд унагаж, сэтгэлээ баясгах чин зорилготой хөдөлсөн бөлгөө. Их найрагчийн нутаг,  хөрөөний ир шиг намхан уулсаа нөмөрлөх үзэсгэлэнт Зорголхайрханаа  өдрийн цайгаа уугаад, боржингийн өвөрмөц тогтоц Бага газрын чулуунаа үдшийн нарыг үдлээ.  

Зорголхайрхан уулаа нутгийнхан  хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согоо гэдэг. Үнэхээр л хэвтэж буга шүү. Энэ уул  1202 онд Чингис хаан, Ван хан хоёр эцэг хүү болон  хамт нутаглаж явсан  гэж “Монголын нууц товчоо”-ноо тэмдэглэгдэн үлдсэн  түүхэн газар . Өндөр нь ДТД 1668 м бөгөөд том жижиг 3 агуйтай өвөрмөц тогтоцтой уул. Уулын урд байх жижиг толгойг морин толгой гэх ба хадны завсраас зүтгэн гарч ирж буй  морины хэлбэртэй эл хад ыг нутгийнхан жил бүр тахиж, морьдынхоо хийморийг сэргээдэг  гэнэ. Өмнө орших давстай нуурийг Хайрхан нуур ,Харийн нуур, Ариун нуур гэж янз бүрээр нэрлэнэ. Бас л өөрийн гэсэн өвөрмөц домогтой. Гүү сааж байсан хүн хувинтай сүүгээ асгахдаа “хайран юм” гэж дуу алдсан нь энэ нуурын нэр болон үлдсэн гэх.


Зорголхайрхан маань Улаанбаатар хотоос 150 км зайтай. Эндээс Дундговь аймгийн  Адаацаг сум 65, цаашаа Бага газрын чулуу 40 орчим км. Бага газрын чулууны хамгийн  өндөр цэг нь  ДТД 1768 м өргөгдсөн Тахилгын хавцал бөгөөд талбайн хувьд урт нь 15 км, өргөн нь 10 гаруй  км үргэлжлэх говийн нэгэн чимэг. Энд түүхийн янз бүрийн үед хамаарах 200 гаруй булш хэргисүүр бий. Сонин содон хэлбэртэй хад чулуу элбэг. Ажиглаад явбал бүхий л зүйлийн ан амьтан, хаанаас ч хамаагүй таныг ширтэж байх вий.

Бага газрын чулууны төвд шахуу, жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй гэж бий.  Энэ нутагт ганц ямаатай, ганц бие хөгшин суудаг байсны, ганц ямаа нь агуй руу ороод дахин эргэж гарч ирээгүй гэдэг. Иймээс агуйд дахин хүн амьтан орж алга болох вий гэж 3 метр орчмын нарийхан хэсэгт нь битүүлж мухар болгосон гэж ярьдаг. Их л том агуй байсан болтой.
Жаргалантын агуйгаас 1 км орчим зайд, хадан дээр зориуд өрөмдсөн мэт харагдах, хагас метр орчим гүн, нарийнхан цооног нүхэнд буй рашааныг нутгийнхан “нүднийх” гэж тодотгон ихэд эрхэмлэх аж. Нүдний өвчин, харалган хүмүүст ач тустай гэх эл рашааны тогтоц нь үнэхээр сонин, яг л хүн өрөмдөж нүхэлсэн мэт.

Бас нэг сонирхолтой газар бий нь Сөдөтийн ам. Урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэжээ. Энэ амны чулуун хавцал дунд ургасан улиасан төгөлийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрээ барихдаа, уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч, цай хоолоо зэхдэг байжээ. Лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь  зэрэгцүүлэн, энэ амны хаа нэгтээ бунхалсан гэдэг. Сөдөтийн аманд нэгэн хийдийн туурь байх ба түүнийг Ловончомбын хийд гэнэ. Энд хожим нь номч эрдэмтэн Зава Дамдин хэсэг суурьшин бүтээл туурвиж байсан аж. Зава Дамдин гэснээс Зава гэдэг нь түүний цол бөгөөд үндсэн гэсэн утгатай төвд үг ба Монголын их сэтгэгч, мэргэн номч, гавж Зава Дамдины (1867-1936) өөрийн гараар цогцлоон бүтээсэн Дэлгэрийн Чойрын хийд Бага газрын чулуутай хаяа дэрлэн, зүүн өмнө нь дахин сэргээгдэн босч байна билээ.

Бидний аялалын хөгжилтэй, оргил үйл явдал энэ шөнө болсон юм. Аялалын маань хамгийн бага аялагч, 6 сар хүрч буй бяцхан Божи, өдөржин хоолондоо цадаагүй бололтой, ингэж олон хоног явах юм бол больё, өнөөдөр л бор хоолонд оръё, тэвчээр алдагдлаа хэмээн шөнөжин аав, ээжээ сандарган хоол хийлгүүлж, нойргүй хонуулав. Харин энэ өдрөөс хойш юу ч хамаагүй идэж аав ээж, болон аялалын багаа зовоогоогүй  ээ.     

Дундговь аймгийн төв Мандалговь хотоор дамжин Цагаан суварга руу гарахдаа, нутгийн ганц нэг хүнээс зам асуусных, Өлзийт сум талаас нь буюу зүүн талаас нь бус зам нь цагаан гэх баруун талаас нь шууд очихоор болж, хуучин Өмнөговь аймгийн замаар шулуун  яг 100 км давхиад, нэгэн хуучирч эвдэрсэн моторт худгийн балгас хүрч, зүүн тийш салсан бүдэг замыг хөөн 30 гаран км явснаар Цагаан суварганы дэргэдэх жуулчны баазад  саадгүй хүрээд ирлээ.
Цагаан суварга аа үзэж бахадлаа. Өглөөний мандах нарнаар ямар үзэсгэлэнтэй харагдана вэ? Орой шуургатай ширүүн байсан ч өглөө намуухан, тогтуухан өнгө өнгөөр тунараад л... үнэхээр гайхалтай. Талын улаан нар мэлтэсхийгээд гараад ирэхэд хүүхдүүд баярлаж байгаа гэж. “Аялалаар явахын гайхамшиг энэ дээ” л гэнэ, “Гал шиг.. цог шиг” л гэнэ. Одооны хүүхдүүд ч сийрэг сэтгэдэг болжээ. Цагаан суварга бол Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Дэл уулын баруун хойхно орших эгц цавчим мөргөцөг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч элэгдэн, эргэ ганга, мөргөцөг үүсгэн тогтжээ гэж үздэг. Мөргөцөгийн хана нь зүүн тийшээгээ харсан, өндөр нь 60 орчим метр, өргөн нь 400 гаруй метр үргэлжлэнэ. Алсаас харахад хот балгас мэт сүртэй.


Цагаан суварганаас урагш чиглэн 10 гаран км давхиад, саравчтай худагнаас баруун гар талаа барин гүйлгэхэд, жуулчид явсаар байгаад бараг төв зам шахуу болчихсон сайхан замаар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум хүрнэ.  Зам нь сайхан ч байгалийн үзэмж бүр сайхан. Дэл уулын баруун шувтрага үзүүр хүрээд , хойд талд алсад Улаан суварга харагдана. Тэгээд л тал талд говийн намхан ухаа толгодууд...

Цогт-Овоо сумаас аймгийн төв Даланзадгад хот 115 км, зам нь цагаан талдаа ч дэржигнэх газраа дэржигнэнээ. Гэхдээ удахгүй цардсан замтай болж, хүн болгон говь нутгаа үзэж, бахархах цаг холгүй буй нь замын бүтээн байгуулалтаас илт.

Говь нутгийн бас нэг бахархал, Монгол Алтайн их уулсын үзүүр, говийн цэнхэр хангай Гурван сайхан уул алсад харагдах нь зорьж яваа бидний сэтгэлийг соронзон мэт татан, яаруулна. Энэ уулын тухай  нэгэн  домог уншиж байсан нь: “Үзэсгэлэнт гурван бүсгүй байжээ. Хангай нутгийн энэ гурван бүсгүй нас бие жигдэрч,  гоо үзэмж нь бүрдэх үед эцэг нь охидоо тэр хавийн хөгшин ноёдод өгөхөөр сvй тавив.  Охид нь хоорондоо хэлэлцээд, уул уулсыг давж, ус мөрнийг гатлан хүлэг морины хурдаар өмнийн говийг зорьж дээ. Тэд явсаар  говьд ирж,  бор гэрт амьдран суув. Сайхан гурван бүсгүйн  тухай ам дамжсан яриа говь нутгаар тархав гэнэ. Хээрээр гэр, хэцээр дэр хийн амьдардаг Өлзийт, Цагаан, Цогт хэмээх гурван залуу тэдэнтэй учирдаг болж хуримлан суухаар тогтжээ.  Гэтэл өөдгvй нэгэн зарц нь эзэн ноёндоо ховлосноор сайхь залуусыг хар гэр хорьж,  хангайгаас ирсэн гурван охинтойгоо уулзаж чадахаа больсноор, алс зvvн зvгт Өлзийт овоо, Цагаан овоо, Цогт овоо нэртэй гурван хайрхан болон vлдэж, он жилvvдийн уртад гурван залуугаа хvлээсээр нөгөө  гурван охин ч Гурван сайхан уул болон мөнхөрсөн гэдэг 

Даланзадгадад Ёлын ам мөсгүй байж магадгүй гэж сонссон бид, Мухар шивэрт гээд нэгэн сайхан ам сайн заалгаж аваад гарч өглөө. Тэгсэн харин будилаад, Зүүн сайхан уулын Улиастайн ам гээд  өөр нэг ам руу орчихов. Бас л устай хадтай, арцтай хүжтэй сайхан хангай байна. Эндээсээ гараад Мухар шивэртдээ ирлээ. Амныхаа эхэнд  сайхан тохижуулсан машин тавих зогсоол, манааны путктэй юм. Цааш явганаар 700 гаруй метр яваад мухарт нь хүрч байна. Энд л нөгөө халуун зун хайлдаггүй мөс, мөсөн доогуур хоржигнон урсах ус, сүрлэг өндар цавчим хад, ногоорон харагдах арц гээд зүгээр л хангайд нэг уулын мухарт очсон аятай сэтгэгдэл төрнө. Ёстой  л нэг, энд тэнд нь гарч зургаа авахуулцгаалаа даа. Энэ өдрийн алжаалаа үзэсгэлэнт уулын энэ аманд тайлахаар шийдэж, говийн нэгэн өдрийг жаргалтайхан өнгөрөөв.

Мухар шивэртээс ердөө 15 км яваад л алдарт Ёлын ам. Амныхаа эхэнд байгалийн  музейтэй, харуул хамгаалалттай, ороод хэсэг явж байгаад машины  зогсоолтой. Бид зогсоол хүртэл явж байхдаа ямар нэгэн амьтан харчих санаатай эргэн тойрноо  хараад л явсан юм.  Гэтэл урд явсан гадны хэдэн нөхдүүд зогсоод,  том том үхэр буу шиг баахан  аппарат гаргаж ирээд  дурандаж гарлаа шүү. Бид нар  уг нь бас л холын том дурантай л даа гэхдээ тэдний хажууд  гранатомёнт  юмаа...  Өглөө эрт гарсных азтай шүү , хангай хишгээ хайрлаж байна. Уулын оройгоор хэдэн янгир бэлчиж явнаа. Гурван сайхан уул  харахад ерөөсөө аргаль янгирын нутаг. Явуухулан гуайн Тээр нэгэн өвлийн өнтэйг яана! Тэхийн зогсоол гэдэг, тэр нэг нь оргилын өндрийг яана!” гэж шүлэглэсэн өндөр өндөр оргилууд байна аа байна, энд. Баахан зураглаж байгаад  цааш хөдлөөд , зогсоол хүрч машинаа тавин, хэсэг алхалт хийж амныхаа мухарт очлоо.Ёл  шувууны нэрээр нэрлэгдсэн эл ам говийн үнэхээр нэгэн бахархал юм. Хараад хараад ханашгүй гэдэг л энд байна. Урд нь зөндөө л сонсож зураг энэ тэр харж байсан ч зуу сонсохоор нэг үзээ гэж. Өндөр цавчим хадан хавцал, мөсөн доогуур хоржигнон урсах цэвэр тунгалаг горхи... гайхамшигаа  гайхахамшиг. Энд өдрийн талыг аваад Хонгорын элс руу хөдөллөө.


Бид Баяндалай сумынхаа араар гарч Хонгорын элснийхээ зүүн үзүүрээс нь  эхлэн  дагаж явсаар, Дуут манхан гээд хамгийн өндөр манхны ард отоглов. Энэ зам бол жаахан нугачаа ихтэй, бартаатай зам байсан. Хонгорын элс руу явбал Гурван сайхан уулынхаа  араар явбал жаахан тойруу ч зам нь цагаан шулуухан гэнэ. Дуут манхан орохын алдад манай старексын кузов өргөгч хугарчихлаа. Гагнаж болдоггүй, юм хум ивж монголчилдог л гэнэ.Гэхдээ насгүй, амь аргацаах төдий л бололтой. Эндээс эхлээд цаашдын маршрутаа өөрчлөх хэрэг гарлаа. Жаахан эмоцитой ширүүн зөвлөгөөн болсон гэж байгаа. Нутгийн хүмүүс бас одоо жуулчид явж эхлээгүй байгаа, Хэрмэн цав руу зам тодроогүй, газар сайн мэдэхгүй, найдвартай унаа тэрэггүй бол тийшээ яваад дэмий. Наран даацаас цааш айл байхгүй, эзгүй цөл газар гэж үг хавчууллаа.  Бидний маршрут бол эндээсээ Сэврэй сумаар  дайран, Ноён сумын Толь хад сонирхоод цаашаа Гурван тэс сумын Наран даац, Хэрмэн цав гээд үргэлжлүүлэн, Их богд, Цагаан агуй, Орог нуур, Таацын цагаан нуур гээд тойрох байлаа. Ингээд ямар ч байсан Хонгорын элсэндээ дахиад нэг хоноё тэгээд хаагуур буцахаа   ярилцаж тогтоё гэж тохирцгоогоод  зарим  хэсэг нь ч дуут манхан руу авирцгаалаа даа. 

Хонгорын элс бол 130 гаруй км үргэлжлэх зарим газраа 20 км өргөн манай Монгол орны хамгийн том элсэн манхан. Өндөр цэг нь бидний хоноглосон Дуут манхан, 200 м өндөр. Элсэн манхан нь салхины нөлөөгөөр нуран унахдаа онгоц мэт хүнгэнэж дуугардаг болохоор ингэж нэрлэсэн ажээ.Хонгорын элсний  араар Хонгорын гол гэж эргэн тойрноо битүү  зүлэг  үүсгэсэн бяцхан гол урсана. Сэрүүн булаг гэж үнэхээр шүд хага ташим  амны ус байна. Энэ газар бол гадныхан битгий хэл монголчууд бид өөрсдөө очиж үзэж,  бахархаж суумаар сайхан нутаг юмаа.

Биднийг хотоос гарахад говь руу улаан шуургатай байна гэж ярьж байсан ч харин бидэнтэй таарсангүй,  энэ шөнө л хэсэг  шуурлаа. Говийн шуурга нарийн ширхэгтэй зүлгүүр л гэсэн үг гэж сонсож байсан, үнэн байх шүү.
Өглөө аажуухан босож, цай цүү болчихоод  бүрэн бүрэлдхүүнээрээ  Дуут манхан руу дахин “дайралт”  хийлээ.  Ер нь хараад байхад энэ бол тийм амар ажил биш юм билээ. Дээр нь гарсан хүн шоргоолж шиг, жаахан юм л харагдаж байна. Өдрийн халуунд Сэрүүн булгаас цэл хүйтэн ус авчирч байгаад, жаал ариун цэвэр сахицгаав. Оройн хоолоо эртхэн хийж идээд,  буцах маршрутаа тогтлоо. Баянзаг, Онгийн хийд, Өвгөн суварга гэж эхний байдлаар ярилцав. Хэрмэн цаваа хэсэгтээ мартах хэрэгтэй боллоо.

Эртлэн гарсан бид Баруун сайхан уулынхаа баруун сугаар даван, Булган сумыг зорилоо. Хойд талд  алсад Арц богдын нуруу дүнхийнэ. Хэсэг атгасны эцэст Дэнгийн тал хэмээх нэгэн тэгшхэн талд  манай старексын өндгөн тулгуур мултарваа. Манай энэ старексны жолооч залуу хүний цог золбоо, эрч хүч жаахан тиймэрхүү. Аль Даланзадгадад байхын л жаахан дуу орсон өндгөн тулгуурыг тайлж аваад, бариад гүй, олдоно гээд л байхад, гар хүрэлгүй явсаар байгаад энэ.  Эзгүй талд өдрийн хугасыг аваад Булган сум орлоо. Нөхөр жолоочтой энд тулж ажиллаа даа. Одоо яах вэ!!!  Ер нь хотоос машин хөлсөлж авахаар бол бүх вариантаар сайн тохиролцож байх хэрэгтэй санж. Ярилцсны  эцэст, жолооч маань өөрийнхөө компани руугаа сэлбэг захиж, Даланзадгадад онгоцноос тосож авахаар боллоо. Ингээд сумын төвийн тогооч эгчийн илүү гэрт хоёр өдөр тухлахаар  бууцгаав. Сайхан хоол захиалж идэн,  ус цасанд орж сумын төвийн дэлгүүр хоршоо хэссэн шигээ нэг өдрийг дэмий шахуу өнгөрөөсний эцэст өглөө 6 цагт онгоц тосохын тул шөнө хагаслаж, Булган сумаас аймаг руу жолоочийн газарчнаар томилогдон хөдлөв. Эндээс аймгийн төв 100 орчим км. Бид сэлбэгээ хүлээж аваад, хамгийн түрүүн онгойсон сервист ортол машинаа угааж ир гээд хөөгөөд гаргачихав. Өглөө эрт ямар угаалга онгорхой байхав дээ. Өөр нэг газар олж аваад өндгөн тулгуураа солиулж , кузов өргөгчөө тавиулан тохируулав. Нэг болхи нөхөр хүнээр заалган барин ухандаж, ухандаж хийчихээд  харин төлбөр тооцоон дээрээ манай муу жолоочын голыг гонсойтол авах шиг болно лээ. Тэгээд дугуй засвар орж нэг дугуй янзлуулах гэтэл  бас л гарч цэвэрлэчихээд ороод ир гэнэ. Энэ өмнөговьчууд аягүй цэвэрч юмаа. 


Буцаад Булган сум. Ирээд дүүгийн төрсөн өдрийн сайхан хуушуур идэж аваад, эрт байсан тул Баянзаг оръё, амжвал цаашлъя гээд ачаалав. Сумын төвөөс Баянзаг 18 км. Банкнуудаа дүүргэж аваад хү, ха  гээд  л Баянзаг орчихлоо. Тэгсэн нөгөө араас дагаж явсан старекс маань элсэнд суучихав. За ингээд татаад ухаад янз бүрээр үзээд, гаргаж чаддаггүй ээ, бүр шигдчихлээ.   Уг нь хотоос гарахдаа л мосттой машин гэж шилж сонгож авсан юм. Тэр нь ажилдаггүй ээ.  Ингээд харанхуй ч боллоо, буцаж сум орж, ганц танил болсон тогооч эгчийнхээ, хүргэн хүүгийн  фургоныг олж ирэв. Фургон гэж машин энэ элсэн дээр бүжиглэж байна аа. Нөгөө муу машиныг маань бүтэн тойроод,  урдаас нь ч татаад, хойноос нь ч татаад дор нь л гаргаад ирэв.  Одоо яахав буцаад л сумын төв орж хонолоо доо. Ингээд аялал биш старекс машин судалсан хоёр өдөр өнгөрлөө.

Алдарт Эндрюсийн үлэг гүрвэлийн өндөг олж, Монгол орныг динозаврын өлгий нутаг хэмээн  шуугиулж байсан Баянзаг. Эндрюсийн  материалд  Шавар ус хэмээн нэрлэгдсэн эл газрыг нутгийнхан Баянзаг,  Улаан эрэг, Тэмээн шавар, Ширээ шавар гэж янз бүрээр нэрлэх нь тэр орчмынхоо байгалийн өнгө төрхөнд  тохирно. Дөч гаруй ам км газар заг ургасан нь бас нутгаа чимнэ.

Баянзагынхаа баруун сугаар гарч, Гашууны элс Молцог элсэн дундуур  дайран, Мандал-Овоо сумаар Онгийн хийдийг зорин замдаа таалагдсан газар бүртээ зогсон, зураг хөрөг гэсэн шигээ ихэд тааваараа хойшиллоо.  Мандал-Овоогоос цааш Онгийн талын  зам гэж зүгээр л ширээн дээгүүр явж байгаа аятай, янзтай.  Тэгшхэн сайхан тал,зэргэлээн дунд сүүмэлзэх тэмээн их сүрэг  гээд хөдөө нутгийн  өнгө үзэмж нь тансаг юм аа. Харин Онгийн гол маань татарч тасарч,Улаан нуур ширгэж үгүй болжээ. Нүдээрээ харлаа, харамсалтай үнэхээр харамсалтай.

Бид явсаар Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дахь Сайхан-Овоо уулын энгэрт Онгийн голын эрэг дээр, хэлмэгдлийн үеийн гашуун түүхийг сануулан дүнхийх Онгийн хийдэд ирлээ. Онгийн хийд буюу Ёнзон хамбын хүрээ нь 1760-1810 оны хооронд  тавиад  жил баригдсан 28 дугантай 1000 гаруй лам шавилан суудаг байсан, халхын томоохон хийдүүдийн нэг байжээ. Дахин сэргээгдэж буй хийдийн хамба ламын аав гэх настнаар хийдийн түүх, ойр орчмын газартай сайн танилцаж аваад хөдлөхдөө Сайхан-Овоо сумын  урд байх сэнжит хадыг заалгуулан очиж бас сонирхов.

Сумын төвд шинэхэн  буудалд сэгсийсэн цуйван захиалангаа хэсэг амарч аван, цааших төлөлөгөөгөө ярилцлаа.  Бидэнд  хоног хангалттай болохоор Их газрын чулуугаар  буцъя гэсэн санал дэмжигдсэнгүй, бага дүүгийн говио орхиж, хангайгаар буцъя санал олонхийн дэмжлэг авснаар Өвөрхангай аймгийн Баянгол, Сант сумдаар дамжин, Зүйлийн голын эрэг дээрх,
Өндөр гэгээн Занабазарын төрсөн газар, Өвгөн суваргыг зүглэв. Хангайн сумууд  хоорондоо ойрхон 40, 50 км зайтай, зам нь сайхан. Бид  хэд  ч оройн сэрүү орж байх алдад Сантаас сайн зам заалгаж аваад, Зүйлийн гол хүрч хонох санаатай цаашилсан нь харин  Баян-Өндөр сумын зам руу гарчихжээ. Хотоос гарахдаа хүнээс уг нь нэг GPS авч гарсан юм. Эртний эд ч гэсэн байгаа байршил бол яг заана.Түүн дээр Өвгөн суварга тэмдэглэгдээгүй  болохоор  координат хийгээд л явна. Тэгээд тэр хавийн бэсрэг уулс дундуур эргэлдэж байгаад л мухардана.  Уг нь очих газар маань их л ойрхон байгаад байдаг. Харанхуй болж хоноглохоор шийдлээ.

Нэгэнт Баян-Өндөр сумын дэргэд хоносных сумын төв орж, нааш цааш хий эргэн, сумынхаа тоог нэгээр нэмчихээд, баруун урагш Зүйлийн голын хөндийг чиглэлээ. Замдаа Буурлын хүн чулуун хөшөөтэй таарсан нь өчигдөр шөнийн багахан төөрснийг минь шууд цайруулж, сэтгэл онгойн магнай тэнийв. Сайхан хүн чулуу байна.  Уг хөшөөг цайвар өнгийн боржингоор хийсэн бөгөөд баруун гараараа урдаа ямар нэгэн сав барьж зүүн гараа бүсэн дээрээ тавьсан эр хүний дүрстэй,бөмбөгөр оройтой хоёр чихэвчийг дээш сөхсөн, арагшаа унжсан малгайтай. Гэдэс нь нилээд цүндгэр том .Өмнөө хадаг яндар бүхий овоотой, түрэгийн үеийн энэ хүн хөшөөнд зориулан мал амьтан шөргөөхөөс сэргийлж хашлага хаалт хийжээ.


За тэгээд өчигдрийн зорьж гарсан Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг Зүйлийн голын хөндий, түүний төрсөн буурин дээр босгосон Өвгөн суварган дээр ирлээ дээ. Яг хуучин үлдэгдэл дээр нь шинэчилж суварга босгоод гадна талд нь жижиг дуган барьжээ. Даанч мал амьтанаас сэргийлж биш хүнээс хамгаалсан болтой өндөр хашаа хоёр давхар цоожтой. Залуучууд маань л давж орон ганц нэг зураг татуулах шив.

Зүйлийн гол, Өлзийт сум, төв замын ойролцоох шувуудын нутаг Сангийн далай нуур. Энэ бол бидний Бүрд сумын нутагт буй Монгол орны төв цэг Өвөр Хөшөөт хүрэх маршрут. Тус цэг Бүрд сумын төвөөс зүүн урагш 12 км зайтай. Энд Монгол орны төв, хүйс цэг болохыг баталсан хөшөө босгожээ. Гэхдээ хашаатай тэр нь бас л цоожтой.

Өвөр хөшөөтөөс Төв аймгийн Дэлгэрхаан сумыг зорьсон нь эртнээс сонирхолыг минь татаж байсан Дуутын хадны бичээс үзэж баясах гэснийх. Хөдөөний сайхан замаар гишгэсээр, Дэлгэрхаан сумын хойно орших Давст нуур, Халзан нуур гээд цувраа хэдэн нууртай таарлаа. Зун битүү хүн майхан байдаг гэх энэ нууруудын шавар нь үе мөчинд гаргууд сайн гэнэ. Усны шувууд ч элбэг юм. Нэг нуурын ойролцоо бид  хэсэг хярс, олон зөнжигтэй таарав, энэ хавийн хэдэн чулуу тэдний үүр нь бололтой. Тэд нааш цааш харамгүй гүйж, бидний нүдийг хэсэг  баясгалаа. Сум орж нэг дугуй янзлуулчихаад, сумаасаа гарч нэгэн намхан толгойн ёроолд, майхан саваа буулган, аялалынхаа сүүлчийн шөнийг өнгөрөөхөөр бэлдэцгээв.

Сумын төвөөс урагш 30 орчим км-т байх Дуутын хадны солбилцлыг  GPS-дээ хийж аваад гарсных, очих газраа яг очсон боловч олон хадны дундаас нөгөө чухал газраа олдоггүй ээ. Хайж яваад харин, зээрийн бяцхан сүрэгтэй таарав. 

Уг нь ч урд  талаараа  хадтай чулуурхаг уулын  энгэр лүү, өмнө нь буй ширгэсэн нуурын эрэг  хавиас сайн дурандвал, аянга зайлуулагч болтой хадагтай төмөр шон, тайлбар бичсэн гантиган самбар харагдах юм байна. Зүүн талаасаа яг олж очвол шууд хүрэх замтай юм байна. Дуут хад хэмээх энэ хар чулууг цохиход , хөмөрсөн тогоо тогшиж байгаа аятай чимээ гарах ба нутгийнхан ингэж тогшвол тэнгэр муухайрч, салхи шуурга дэгддэг гээд дургүй гэнэ. Халхын цоохор хэмээх Цогт  хунтайжын эгчээ санан хэлсэн шүлгийг  түүний Дайчин хиа, Гүенбаатар нар 4 жилийн дараа буюу 1624 онд энэ газар хар чулуунаа бичиж үлдээсэн нь бичиг соёлын гайхамшигт өв болон бидний үед хадгалагдан иржээ. Энд уг бичээснээс гадна сүг зургийн дурсгал ч харагдана.


Бидний хэд энэхүү гайхалтай дурсгалыг харж, бахархаж сэтгэлдээ гүн хадчихаад,  Дэлгэрхаан сум руу буцан жаал ус ундаа цэнэглэж аваад, Бүрэн сумаар дамжин, Туул-Овоотын гүүрээр гарч Туул голоо арлан, Түрэгийн үеийн дурсгал Өнгөтийн хүн чулууны цогцолборыг зорин явлаа. Уулын  энгэрээ барин голоосоо жаахан зайдуу явбал зам нь сайхан, бид ч төд удалгүй Өнгөтөд ирэв.  Энэ бол том байгууламж, 30 гаран хүн чулуун хөшөө,урагшаа  гол руу чиглэн 2-3 км үргэлжлэх балбал чулуу, тахил тайлгын байгууламж  гээд л цогц цогцолбор. Хэдий том арслан зэрэг зөөж болох л чулуунуудыг ийш тийшээ зөөсөн ч үлдсэн нь энэ гэж байгаа.

Одоо бидний эцсийн зогсоол Хустай нуруу. Тахь харах, болбол буга дурандаж байгалийн сайхныг харж яваад, Молцог элсээр төв замдаа нийлж, цаг хүрэхгүй буудаад л улсын маань нийслэл Улаанбаатар хүрнэ. Хустайн  нуруу руу ороод ирэхэд л хамгаалттай газар бол ийм  байдаг гэсэн шиг өвс ногоо нь халиураад л, тарвага гэж амьтан бол  та нар яаж ч чадахгүй шүү дээ гэсэн шиг нүдний өмнө хошгироод л амар амгалангийн орон гэлтэй. Дэлхийд цор ганц зүйл зэрлэг адуу, тахийг устаж мөхөх аюулаас авран хамгаалж, зэрлэг онгон байгальд  нь нутагшуулах ажил амжилттай хэрэгжиж байгаа эл газар, хоёр ч азарга тахьтай таарлаа. Харин буга харж амжсангүй.

Ингээд бидний Монгол орныхоо үзэмжит байгаль,түүх соёлын дурсгалт газруудаар аялсан аялал маань өндөрлөв. Хэрмэн цав хүрч амжаагүй ч эгчийнхээ хэлсэн “дараа очих, сайхан газар заавал үлдэх ёстой” гэсэн үгийг сэтгэлдээ тээж хоцорсон сайхан аялал байлаа.


4.12.2018

Өндөр их хааны өлгий нутаг бас өргөн их дорнын талаар


2016 оны зун цаг. Зүүн зүгийн нутгаар гэж байгаад зарладаг цаг агаар үнэн байж, монгол орны маань дорно зүг гандуу тачирхан байлаа. Бид Улаанбаатараас  Хар зүрх уулын дэргэдэх Хөх нуурыг зорин аялалаа эхлүүлсэн  юм. Төв замаасаа салаад 30 гаруй км шорон замаар явдаг ч  зам бартаагүй тул давхисаар Хөх нууранд эрт ирлээ. Дөнгөж наадмын дараа болохоор хүн машин ёстой хөлхөж байна. Урьд нь бараг таван жилийн өмнө ирж байсан газар шүү дээ. Их өөрчлөгджээ. Хүмүүс их ирдэг болж, урьд нь ганц амралт байсан бол одоо олон болж , хаалт хашилт их болж, түүнээ дагаад машин явж чадах болгоноор зам гаргаж, их хөлийн газар болжээ.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хар зүрхний Хөх нуур бол манай түүхийн дурсгалт газруудын нэг билээ. 1189 онд Тэмүжин Хамаг Монголын хаанд Чингис цолтой өргөмжлөгдсөн газар бөгөөд “Монголын нууц товчоо”-нд хэдэнтээ дурьдагдана. Их хаан бага балчир насандаа Тайчуудад баригдан хоригдож байхдаа Сорхон шарынхны тусламжтай оргоод гэрийнхнээ олж,  Өвөр Хүрэлхи доторх Хар зүрхний Хөх нуурт ирэн тарвага зурам агнаж, идэн хэсэг амьдарсан байгаа юм. Бас эцгийн сүйлж өгсөн Бөртэг аваад нутаг буцахад нь хадам аав, ээж хоёр нь хүргэж өгөхөөр хамт явсан ч Дай сэцэн замаасаа буцан, эх Цотан нь Хөх нуур хүртэл хамт явсан хэмээн "Нууц товчоо"-ноо өгүүлдэг. Хөх нуур түүхэн дурсгалт газраас гадна байгалийн үзэсгэлэнт газар билээ. Өврөөрөө модгүй араараа модтой Хар зүрх уулын хормой дор их бага хоёр нуур бий. Хүний хөлд дарагдаагүй сайхан цагт хандгай орж ирэн ус уучихаад явдаг байсан газар гэх.Бид нэг муурын байшин олж төвхнөөд, хотоос ихэд замбараагүй ачсан ачаагаа янзалчихаад,  эргэн тойрноороо хэсэг зугааллаа, зураглалаа.Маргааш өглөө нь шиврээ борооноор олны хөлөөс дайжин,  Хангал нуураар Балдан бэрээвэн хийд орохоор эртхэн хөдлөв. Цэнхэрийн голоо гараад зүүн тийш хорь гаран км явахад Өмнөдэлгэр сумын нутаг Таван толгой хэмээх газар Түрэгийн үеийн тахилын онгон таарах ба нутгийнхан энэ газрыг Чингисийн тулга гэж нэрлэдэг аж. Тус тахилын онгоны хашлага хавтгай чулууных нь хээ нь уран гоёмсог агаад ихэд тод хадгалагдан үлджээ. Цаашаа Өвөр элгэний голоо гараад бас хорь орчим км яваад Хангал нууранд хүрнэ. Чингис хааны адуун сүргийн нутаг, эмнэг хангалынх өлгий болсон энэ нуурын урт 2 км, өргөн хэсгээрээ 1 км хүрэх хэмжээний үзэсгэлэнт нуур аж. Хангал нуураас Бэрээвэн хийд бас л хорь орчим км. Өмнө талд нь луу мэт Арвангурван Сансар уул, өрнө талд барс мэт Баянхараат уул, умар нь жигүүртний хаан гарьд мэт Мөнх-Өлзийт, дорно талд нь арслан мэт Баянхангай уул сүндэрлэнэ.  Ийм дөрвөн хүчтэний дунд үзэсгэлэнт байгалийн дундаа халхын Утай Гүмбэн гэх Балдан Бэрээвэн хийд оршино. Горооны замаар тойроод ирэхэд үзэж харах зүйл арвин, хийх зан үйл ч элбэг тул нэлээн цаг хугацаа орох бөгөөд бид ч зан үйлээ гүйцээчихээд эргэж, Жаргалант голоо гарч хонолоо. Өглөө эрт нутгийн эгчийн зөвлөснөөр Бэрээвэн овоонд эрчүүд нь мөргөж, Номт ууланл очиж хадаар урласан байгалийн бүтээл, монгол орны газрын зургийг үзэж сонирхлоо. Эндээсээ Жаргалант голынхоо хойд биеийг барьж явсаар Дунд жаргалантын буган чулуун цогцолборт хүрэв. Энд таван буган чулуу, хэд хэдэн дөрвөлжин булш байна. Дунд Жаргалантын голын энэ хөндийг Мэргэдийг дарсныхаа дараа Тэмүжин, Жамуха хоёр хамт нутаглаж яваад салж, Тэмүжины хөсөг шөнөжин явсаар буусан Айл харган хэмээх газар гэж үздэг. Эндээсээ Жаргалантынхаа голоо даган хөвөрсөөр Ар нуур хэмээх жижиг нуурыг өнгөрөн голоо орхин алдарт  “Нууц товчоо”-ны Хорхунаг Жубурын хөндий буюу Хурхын голын хөндийн хойд биеэр давхисаар Биндэр нуурын ард орших Биндэр овоон дээр ирлээ. Овооныхоо зүүн доод биед байх Рашаан хадны дэргэд нэгэн үхэртэй сүүдэр “булаалдан” байж  тухлан цайлж суух зуураа монгол овог аймгуудын тамганы иж бүрэн цуглуулга, түүний эргэн тойрны сүг зураг, бичиг үсэгийн дурсгалыг үзэж өнө эртний түүхийн жимээр хэсэг саатав. Монгол нутаг минь түүхийн өлгий нутаг юм аа.

“Монголын нууц товчоо”- нд Бидэр хошуу хэмээн гардаг энэ Биндэр овооноос зүүн хойшоо 10 орчим км-т Дайчин хэмээх уулын оройг ороон босгосон 3 км урт өндөр нь зарим газраа 3 метр ч хүрэх өргөн нь 2.5 метр зузаан нэг хэрэм байх нь Өглөгчийн хэрэм  гэнэ. Үүнийг эрдэмтэд Хятан улсын үед хамааруулан үздэг байсан ч сүүлийн үеийн судалгаагаар 13-14 дүгээр зууны үед хамаарагдах дурсгал болохыг баримтаар нотолж байгаа бололтой. Хэрэмийн голд байх өндөр хадан цохиог нутгийнхан Чингисийн морины уяа нэрлэх аж. Өглөгчийн хэрэмнээс Батширээт сумын төв 40 орчим км. Бархын гол, Эгийн голдоо шинэ модон гүүр барьж,  зам ч саадгүй сайхан болжээ. Манай орны хамгийн их ой модтой сумдын  нэг Батширээт нь Эгийн голын хөвөөнд орших,  буриад түмний нутаг билээ. Энэ өдөр олон сайхан түүхийн дурсгалтай танилцсан манайхан алжаал юугаа нь тайлж, сумын төвийн дэн буудал сайхан амарцгааж өнжлөө. Аялал дөнгөж эхэлж байна даа.

Өглөө эртлэн сумын  “Зайсан толгой”-д гарч, орчноо тольдлоо,  ёроолд нь буй хүүхдийн тоглоомын талбайд хүүхдүүдээ ч жаал баясгалаа. Ингээд Эг, Барх голоо гарч,  Биндэр сумаар дамжин, Баян-Адрага сум хүрэхээр хөдлөв. Өдөр нь Биндэр сумын наадамтай таарч, билэгшээн наадмын хуушуур зооглонгоо Онон голын үзэмжийг бишрэн даган давхисаар Баян-Адрага суманд  ирлээ. Монголын сүүлчийн хаан Богд гэгээний хатдын  эл нутаг хатаддаа зориулж  Монгол  хатдын өргөө цогцолбор байгуулж, бүр  музей ажиллуулан,  аялагчдад зориулан үүдээ нээжээ.Баян-Адрага сум бол монголчуудын өвөг,  хүннү нарын өлгий нутаг. Сумын төвийн дэргэдэх Дуурилаг нарсан ой хөрсөн дороо хүннү нарын дурсгалыг 2,3 мянган жил хадгалсаар өдий хүрчээ. Дуурилаг нарсанд малтсан  хүннүгийн язгууртны булш монгол нутгаас олдсон хүннүгийн язгууртнуудын арав хүрэхгүй булшны нэг бөгөөд хүннү нарын зүүн жигүүрийг захирч байсан язгууртны булш гэж үздэг.
Дуурилаг нарс хэмээх их нарсан ой бол үнэхээр сайхан, сэтгэл татам. Манайхан хэдэд ч их л таалагдаж байгаа болтой, ойн гүн уруу шуугин  орж майхан саваа барьж хээрээр гэр хийж, хэцээр дээр хийн хоноглохоор төхөөрцгөөлөө.Шинэ өдрийг аажуухан цайлж эхлүүлчихээд, Онон голыг сумын төвөөс холгүй бирваазаар гарч Дадал сум уруу хөдлөв. Голоо гараад л гандуу шар нутаг угтсан даа. Бороо хур бага болохоор зам цагаан, гол ус нь элдэв шавар намаггүй  тул тоостойгоо уралдаад л Дадал сум хүрч Гурван нуурын дэргэд нэгэн жуулчны баазад буулаа. Буриад зон, мод хоёр нийлсэн газар болохоор эндхийн жуулчны баазууд ихэвчлэн сайхан дүнзэн байшингууд байх.Эрт буусан бид эргэн тойрноор алхалж, орой зарим нь галын наадамлаж, галаа тойрон бүжих буриад түмний ёохор бүжиг сонирхож өдрийг их л зугаатай өнгөрөөв.
Бид  өглөө нь ургахын улаан нарнаар, соц нийгмийн хэцүү үед босгосон Чингис хааныхаа ганц  гэрэлт хөшөөнд мөргөж ёслов. Тэмүүжин хүүгийн төрсөн газар Дэлүүн болдогт сөгдөж мөргөв. Их хааны ундаалж явсан Хажуу булгаас сүслэж амсав. Энэ их хүний хойчис болон  энэ монгол орондоо төрсөндөө бахархан, сэтгэл сэргэн хөгжөн баясав. Амьдрал сайхан, Монгол хүн болж төрсөн нь минь бүр сайхан. Монгол нутгийг минь мөнх хөх тэнгэр үүрд  ивээж яваг!Өдөр дунд гэхэд бид Балжийн голоо гармаар гараад Агац баг хүрч цаашлан Дэгэн жигэн хэмээх Дэгэн хавцал ууланд Онон гол хашигдаж тохойрсон байгалийн нэгэн үзэсгэлэнт газар хүрч, ёстой л шагшин биширч суулаа. Үнэхээр үзэсгэлэнтэй, энэ сайхан оронд төрсөндөө дахин бахархан баясав. Цаг гандуу ч голын энэ хөндий, Ононгийн их шугуй бидний урмыг хугалсангүй. Үнэхээр гайхалтай.Эндээс бид аажуухан эргэж, Дадал сум хүрч хоночихоод, өглөө нь Онон голоо гүүрээр гарч Норовлин суманд бороотой уралдан буун, машинуудаа баясган банкнуудаа дүүргэж аваад, өндөр их хааны нутгийг орхиж, өргөн их дорнын талыг зорилоо.Бид дорнод нутаг руу  Баян-Уул сумын нутгаар орсон юм. Тэгээд хойгуураа явсаар Эрээнцав хүрээд урагшлан Чойбалсангаар Буйр нуур Халх гол хүрэх төлөвлөгөөтэй. Бид гэдэг маань эгч дүүс тавуулаа гэр бүлтэйгээ долоон том, хүн долоон хүүхэд, гурван машинтай яваа билээ.Энэ зун Дорнод аймаг их гантай, шав шар хөндий тал биднийг угтан өнгөрч байлаа. Баян-Уул сум бол  Ульханаар ОХУ уруу гардаг Чойбалсан хоттой сайжруулсан замаар холбогдсон том суурин газар юм билээ. Буриадууд их болохоор дүнзэн байшин элбэг харагдана.Эндээс Улз голоо дагаж явсааар зочид буудал халуун устай, зочломтгой буриад түмний нутаг Баяндун суманд ирж хонолоо.Дараа өдөр нь  Дашбалбар сумаар дайран Хайчийн цагаан нуур хүрч өдрийн цайгаа уугаад, нэг ихсэх, эргээд багасах Улзаа бараадан Бүст, Галуутайн нуураар дамжин Чулуунхороот сумын төв Эрээнцав хүрч тухлав. Уг нь эндээс Орос уруу гарах санаатай байсан ч хилийн гаднах оросын хот Борзя зайтай тэгээд ч сонирхол татах зүйлгүй гэж нутгийнхан хэлсэн тул тэр бодлоосоо татгалзаж амжаагүй байтал дэлгүүрийн ханан дээрх нэг зураг сонирхол татсан нь Чулуунхороот сумын 9 билүү 7 гайхамшиг. Түүн дээр монгол оронд хоёрхон байдаг гурван улсын хил нийлдэг хилийн баганы зураг байлаа. Тарваган дахын овоо Чулуунхороот сумаас 80 гаруй км зайтай аж. Сумынхан шууд яваад очвол хилийнхэн нэг хүн дагуулж өгөөд үзүүлчихдэг гэх!Найрагч Д.Нямсүрэнгийн Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан                                                 Эрээнцавд бороо орох нь сайхан  хэмээн шүлэглэсэн Эрээнцав. Зүүн баруун хэмээн хоёр хуваагдах бөгөөд хилийн боомт гэхэд ихэд ил хуль газар юм. Долоо хоногт нэг удаа Чойбалсан хот уруу галт тэрэг явдаг юм байна. Харамсалтай нэг зүйл гэвэл Улз гол маань энд тасарсан байх юм. Дашбалбар сумын араас л багассаар яваад ийшээгээ тасарчээ. Харамсалтай, дэндүү харамсалтай, эртний их гол ийнхүү татарч байна!

Маршрутаа өөрчлөн эрт гарсан бид хилийн застав дээр үдээс өмнө очсон боловч аз дутаж заставын даргыг түр орлож буй нэг нөхөр биднийг хилийн багана үзүүлэх нь битгий хэл шуурхай групп дуудаж бараг хорих болтой юм болоод явчихлаа. Яаж ч учирлаад бидний хэлсэн,  есөн гайхамшигийнхаа нэгээр сонгосон сумынхны зааж өгсөн үгийг тоосонгүй.  Урам хугарсан бид Шаварт нуураар Баян хан уулынхаа араар шууд Монгол нутгынхаа хамгийн нам дор цэг Хөх нуур чиглэн явлаа. Хөх нуур ч харагдлаа, нэг машины маань нумны улны өнгө хугарчлаа гэж... Гурван улсын хилийн багана үз л гээд байна даа.Хөх нуурандаа хонолоо. Үнэхээр сайхан нутаг ажээ. Маргааш нь буусан газраа өнжиж машин тэргээ янзалж , Эрээнцав уруу хоёр ч  удаа давхиж хот хүрээ,  аймаг сум руу ярьж гүйсээр байгаад хил уруу явах зөвшөөрөлтэй болж авлаа. Хоёр хоног Хөх нууранд хоносон бид өглөө эртлэн Эрээнцаваар Тарваган дахын овоо хэмээх  Монгол улс, ОХУ, БНХАУ-ын хилийн уулзвар ...дугаар тоот багана хүрч хэсэг саатав. Хамгийн хачирхалтай нь хятадын тал багана уруугаа сайжруулсан зам тавьчихсан, тайз маягийн тавцантай хүмүүс давхиж ирээд зураг хөргөө авахуулчихаад буцаад давхичих юм билээ. Манайхан хууль дүрмэндээ ч баригддаг биз, аялал жуулчлал гэсэн ямар ч ухагдхуун тэнд алга. Зүгээр л сумынхан л манай гайхамшиг гэх. Ингээд бид буцаад Эрээнцавын уугуул иргэн мэт Эрээнцавынхаа буудалд гэртээ байгаа мэт  дахиад л хонолоо. Энэ хавиараа л дөрөв тав хоног дасал болтлоо эргэлджээ.Эрээнцаваас  Яхь нуураар Чойбалсан орохоор Гурванзагал сумыг чиглэн эртлэн хөдөлсөн бид, Хөх нуурын эрэгт өглөөний цай ууж хэсэг зураглачихаад , Гурванзагалын наадмын талбайг эзгүйчилж өдрийн ундаа уулаа. Гурванзагал сумын төвд Манлай баатар Дандинсүрэнд зориулсан музей, түүний дурсгалын хөшөө байх аж. Музей нь даанч засвартай байлаа. Төвийн хажууд ширгэж багасаж байгаа ч Сүмийн нуур хэмээх азарга, азаргаар адуу бэлчсэн, сайхан нуур байх юм.Гурванзагалаас  Яхь нуурыг GPS-дээ хийгээд хөдөлсөн юм. Энд нэг алдаа гарсан нь GPS мааньЯхь нуурын зүүн эрэгт аваачсан нь нуур маань тэр талаасаа ширгээд намаг шавар , дов сондуул ихтэй эрэг уруу дөхөхийн аргагүй газар болжээ. Их нуур маань алсад харагдаад байдаг. Уг нь хойноос нь юм уу баруун эргээр нь очсон бол. Ийм л юм боллоо.Чойбалсан хотод  үдээс хойш аажуухан ирлээ. Анхны сэтгэгдэл бол бусад аймгийн төвүүдийг бодвол том суурьшлын бүс юм аа. Хоноглох буудлаа сонгоод маргааш эндээ амарчихаад нөгөөдөр нь эрт алдарт Мэнэнгийн тал Буйр нуур орохоор шийдэцгээгээд, болбол цаашаа Нөмрөгийн дархан газар орохоор тохиров. Чойбалсан хот үзэж харах хөшөө дурсгал их, бас Хэрлэн голынхоо хөвөөгөөр “Найрамдал” нэртэй сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй ер нь тун дажгүй шүү. Чойбалсан гуайн морь унасан шинэ хөшөө дөнгөж нээлтээ хийж байх үетэй ч таарлаа.Товлосон өдрөө эртлэн замд гарав. Хилийн гадна гарсан гэх түйрийн утаа биднийг бараг Мэнэнгийн тал хүртэл дагав. Алсын бараа харагдахгүй, осолдохгүй урдах зам маань л харагдаж байлаа. Мэнэнгийн тал маань гандуу, хатсан шар тал угтав. Уг нь ч тэгшхэн  сайхан нутаг юмаа. Мэнэнгийн талд бас нэг асуудал байгаа нь нефтийн цооногууд. Хөрсний бохирдол, гадаргуун эвдрэл гээд л байгальд сөргөөр нөлөөлж байгаа нь илт байна. “Петрочайна дачин тамсаг”-аас цааш зам бол там болжээ.Эрт гарсан бид Буйр нууранд эрт ирлээ. Буудаллах газар хайж хэсэг давхиж байгаад нэг жуулчны бааз сонгон бууж хоёр өдөр сайхан амрахаар тухлав. Буйр нуур үнэхээр сайхан газар юм. Ус нь гүнзгий биш гүехэн, гараад сайхан элстэй. Нуурын ёроол нь бас элсэрхэг тул ороход тухтай хөл гар нухаад байхгүй. Хүүхдүүд ч ёстой нэг шавайгаа ханатал гэдэг шиг усанд орсон доо. Бас завиар аялаж болно. Нар шингэх, нар мандахад талын энэ нуур ямар үзэсгэлэнтэй вэ? Гайхалтай биширмээр тансаг газар.

Хоёр өдөр сайхан амарчихаад Буйрт ирсэнийх Халхын гол түүний дагуух дурсгалууд, боломж гарвал Нөмрөгийн дархан газар үзэж сонирхохоор монгол орныхоо дорно зүг уруу улам цаашиллаа. Халхын гол бол бидний монголчуудын эх нутагтаа хийсэн сүүлчийн дайны гэрч бөгөөд япончуудыг ялан дийлсэн баатарлаг түүхийн өлгий нутаг. Ялалт багаас  Халхгол сумын төв хүртэлх хоёр өртөө газарт олон хөшөө дурсгал бий. Халхгол сум бол үзэж харах зүйл арвин, түүх соёлын дурсгал элбэг нутаг юм.Хөх өндрийн овоогоор дайраад Халх голын хөндий рүү ороход хамгийн түрүүнд То вангийн бүтээсэн хэвтээ Жанрайсаг бурхны Их бурхант цогцолбор таарна. Тэгээд М.Екэйн хөшөө, Ханан хөшөө, С.Сэрээтэрийн дурсгал, онгоцноос унасан бөмбөгний эдгэрээгүй дайны ул мөр гээд л явж өгнө.1939 оны 6 дугаар сард Баянцагааны нуруунд баатарлаг гавъяа байгуулсан зөвлөлтийн танкын бригад командлагчийн дурсгалыг хүндэтгэсэн Яковлевын хөшөө, Монгол дайчдад зориулсан 80 баатрын хөшөө, Зөвлөлтийндайчдад зориулсан 90 баатрын хөшөө, Хамар даваан дээрх Халх голын ялалтын 45 жилийн ойд зориулан 1984 онд босгосон Ялалтын хөшөө гээд л хөшөө дурсгал бол тасрахгүй үргэлжлэнэ дээ. Найрагчийн маань хэлснээр хөшөө тийш очих ардын зам баларсангүй, Халхын голын хөшөө дурсгалууд нь хээр хөдөө, эзгүй талд гэхэд сайхан тохижуулж мод зүлэг их тарьсан байх аж. Монгол орны хамгийн зүүн захын сум Халхгол сум. Хамар давааны бэлд Халхын голын хөвөөнд сайхан байрлалтай сум юм аа. Гэхдээ хүмүүс нь зусландаа гарцгаасан уу ихэд ил хуль байлаа. Харин сайхан хуушууртай байсан шүү.Нөмрөгийн дархан газар уруу явахад асуудал ихтэй юм билээ. Зөвшөөрөл бичиг цаас бүрдүүлэх гээд л... Тиймээс бид Ялалт багын өмнө холгүй байх 13-р зуунд холбогдох Шонх таван толгойн хүн чулуу сонирхчихоод Буйр нууранд хүрч хонохоор буцав. Шонх таван толгойд ирлээ.Түрэгийн үеийн хүн чулууг бодвол хүнийг суугаа байдлаар, бодитоор дээл хувцастай нь дүрсэлсэн нь 13-14р зуунд холбогдох  бөгөөд энд хоорондоо 200 орчим метр зайтай хоёр хүн чулуу байх нь, нэг нь толгой нь тасарч эвлүүлэн тавьсан , нөгөө нь цагаан гантиг чулуугаар урлан хийсэн нь бүтнээр барахгүй шинэ шахуу харагдсан нь эртний хоёр хүн чулууны нэгийг төв музей уруу зөөсний дараа нутгийнхан сэтгэл гарган дуурайлган урлаж яг хуучин байранд нь хожим залсан хөшөө аж.Ингээд бид өглөө эрт гараад шөнө оройтож буудалдаа ирсэн ч үзсэн харсан зүйлдээ сэтгэл хангалуун байлаа. Сарны гэрэл, чийдэнгийн туяанд бужигналдан үзэсгэлэнт Буйрын хөвөөнд үдшийн хоолоо идчихээд маргааш нь цэлгэр тэнүүн дорнодын их талаар давхисаар Чойбалсан хотод ирж хоноглочихоод өглөө эрт нутгийн зүг хүлгийн жолоо залж билээ. Шинэ зам Хэрлэн голын өмнүүр тавигдсан тул Хэрлэн барс хотын туурийг Туг уулнаас, их л холоос дурандсаныг эс тооцвол зам дагаж хөгжил гэж өдөртөө л нийслэл хотоо бараадав. Энэ аялал олон аялалуудын мааь нэг адил сайхан аялал байлаа.