4.27.2017

Ханийн нутаг хосгүй сайхаан

Миний хань чинь хуучны Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант Монгол Улсын үеийн Сартуул Сэцэн вангийн хошуу, ардын засгийн Хан Тайшир Уулын аймгийн Сэцэн Сарт Уулын хошуу одоогийн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул эртний Алаг адуу овогт сартуул бүсгүй.
Эрхэт хангай, элчилгүй говийн сүлжээс
Эрдэнэхайрхан нутгийн бүсүй
Цэдиг түүх, цаг хугацааны хэлхээс
Цэцэн сартуулын унаган бүсгүй
Жаахан нуурандаа жаргаж явсан
Жижигхэн биетэй ажилсаг бүсгүй
Заяат Очирвааний гийгүүлсэн
Завхан нутгийн золбоолог бүсгүй
Улаан шаргал манхнаар эмжсэн
Улаагчны үзэсгэлэнт Хар нуур
Дахин дахин эргэж тойрмоор
Далайгаас тасарсан гоёмсог сувд
Танан цагаан гэрээр чимсэн
Тээлийн голын уужим хөндий
Санан санан саатан суумаар
Сарны хөндийн сайхан сондор
Хараад хараад ханашгүй
Холоос дуудах холбоо хоёр Авгуш
Хаанаас ч харсан сэтгэлд дотно
Хонгор багынх дурсамж
Уруудаж өгсөж хонио бэлчээсэн
Улаан шанааны уужим энгэр
Зүрхэндээ зүмбэрлүүлж сэтгэлдээ хадсан
Зүүднийх нь нутаг Товхош уул
Үүцээ хадгалах эрдэнийн хаалга
Үүлэн дээрхи Сэнжит цохио
Үлгэрийн юм шиг нүүдлийн нутаг
Үнэхээр гайхалтай Бургастайн ам
Элчилгүй их Монгол элсний үргэлжлэл
Ээвэр бүлээн Бор хярын элс
Эх дэлхийн минь гайхамшиг
Элснээс ундрах Мухарт, Нарийний голууд
Өнө эртний өвөлжөөний нутаг
Өнтэй дулаан Их хайрхан
Эгэлгүй ховор байгалийн урлан
Их, Бага, Эхийн агуй
Аавдаа эрхэлж ээждээ тунин
Аргал түүж, хонь хариулж өссөн
Холхи тэртээ ч сэтгэл татах
Хонгор ханийн минь нутаг хосгүй сайхан
                                                                               
2017 он Н.Энхболд

4.21.2017

Буурай ээж минь


Өрөөлийн төлөө өөрийгөө зориулсан
Өрөвчхөн сэтгэлтэй миний муу, буурай ээж
Өр зүрхэндээ ч, зай үлдээлгүй
Өөрийн хэдэн зээгээ өлгийдөж өсгөсөн миний муу, буурай ээж

Хөгшин ээж гэж хэн анх дуудсан юм бол гэж
Хааяа би гайхдаг юм
Хөнгөн шингэн залуу хүн шүү дээ гэж
Хүү нь дандаа боддог юм

Нараар наадан наасан наамал чинь,
Сараар сүүдэрлүүлэн урласан үйл чинь
Хаанаас ч харсан хааны гоёл
Хачин тансаг хатны өмсгөл

Наадам наадмын гоёлыг хараад
Нутгийн хөгшчүүд чамлаж суусан
Үйлэнд уран таны хийцийг
Үй зайгүй магтаж байсан

Хичээл тараад гүйгээд очиход
Хийцтэй, будаатай цай порхийлгэчихээд
Хэдэн хүүхдээ хүлээж
Хий дэмий холхиж суудагсан, та

Гялалзсан гуталтай эр хүн
Гоёмсог харагддаг юм гээд
Гайхтал өнгөлсөн гутлыг минь заагаад
Гэмгүйхэн инээмсэглэж зогсдогсон, та

Номонд та мөнгө харамладаггүй сэн
Намайг дандаа шахаж шавдуулдагсан
Уншаад эхлэхээр та минь
Урдахь ажлаа умартан, шимтэн суудагсан

Ховорхон тэр боломжыг
Хүү нь дандаа ашиглаж чадаагүй ээ
Хааяа би тандаа, хичээл ном хэцүү гэж
Худал үнэн ярьж, нааш цааш гүйж явсан даа

Хорвоо дэлхий бүтэн эргэжээ
Хүү нь өтөлж өвөө болжээ
Ачын ач чинь алхаж явна энэ хөрстөд

Аяа та минь харж л байгаа даа, миний муу буурай ээж
                                                                Н.Энхболд    2017 он