12.29.2014

Сайн ноён хан Т.Намнансүрэн


Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Монгол улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэн бол Чингисийн алтан ургийн язгууртан боржгон овогт хиад ястан билээ. Халхын Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан, Сайн ноён ханы эх угсаа бол Гэрсэнзийн удмаас эхтэй ба Гэрсэнз бол монголын Даян хаан хэмээн алдаршсан Батмөнхийн 11 хүүхдийн отгон хүү. Сайн ноён ханы шууд угсаа бол Гэрсэнзийн гуравдугаар хүү Оноху ноёны шууд залгамж юм.

1725 онд манж нар халхад Сайн ноён аймгийг байгуулж 1766 оноос Оноху ноёны дөрөвдүгээр хүү Түмэнхэн сайн ноёны сайн ноён цолыг үе улируулан залгамжлуулж хан тамга олгожээ.

Намнансүрэн 1878 онд сайн ноён Төгс-Очирын хоёрдохь хүү болон одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт мэндэлсэн ба багийн төв түвшин зантай, аливааг сэтгэн бодох оюун билэг төгс хүүхэд байжээ. Түүнд нутгийн номтой хүмүүс монгол, манж бичиг зааж өөрөө хичээн орос хятад бичиг гадарладаг болсон гэдэг.

1897 онд Намнансүрэн хошой чин ван цол хүртэн хошуу захирах засаг, аймгийн хан, Цэцэрлэгийн чуулганы дарга болжээ. Намнансүрэнгийн үед сайн ноён хан аймаг 24 засаг хошуу, 8 тамгатай хутагтын шавь нийт 32 засаг захигааны нэгжээс бүрдсэн халхын 4 аймгийн хамгийн том аймаг байлаа.

1911 онд нийслэл хүрээнд албан хэргээр цугласан ноёд хутагт нар Богд хан уулнаа сэм хуралдан манжийн дарлалыг устгах, энэ хэрэгтээ хаант Орос улсын дэмжлэгийг авах талаар хэлэлцэн тохирчээ. Тэр шийдвэрийг Богд Жавзундамба идэвхийлэн дэмжиж цаг алдалгүй хөдлөхийг анхааруулсан ба  энэ ёсоор ноёд хутагт, лам харгүй тэмцэл өрнүүлж 

1911 оны 12 сарын 29-ны өдөр тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж наймдугаар Богдоо шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаанаар өргөмжлөн оны цолоо олноо өргөгдсөн хэмээн тунхаглаж шинэ монголын түүхийн нэгэн шинэхэн хуудсыг эргүүлсэн билээ.

Сайн ноён хан Намнансүрэн эл хэрэгт анхнаас нь идэвхийлэн оролцож Ховдыг чөлөөлөх тулалдаанд цэрэг зэвсэг, уналга морь, хоол хүнсээр тусалж явжээ. 1912 оны 7 сард Богдын зарлигаар 34 настай Түмэнхэн номун сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн монгол улсын анхны ерөнхий сайдаар томилогдон шинэ монгол улсаа төвхнүүлэн хөгжүүлэх, тусгаар тогтнолоо олон улсын хэмжээнд зөвшөөрүүлэн хүлээлгэх их ажилд шамдан оржээ.

1919 оны эхээр монгол улсын ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн цэл залуу 41 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ба түүнийг Богд хааны ордонд хортой архи уун хорлогдсон гэж үздэг.

12.03.2014

Цагаан монголчууд буюу монгорууд

БНХАУ-ын Хөх нуур_ Ганьсу мужуд 150000 гаруй монгорууд буюу цагаан монголчууд амьдардаг.
Тэдний уг гарлыг Сүбээдэй баатарын үр хойчис гэдэг ч 13-р зууны монголчууд эртний тугухунь нартай нийлэн холилдсон  гэж үздэг байна.

Тугухунь нар бол сүмбэ нарын нэг хэсэг муюн аймгийн салбар бөгөөд ах дүүс эвдрэлцэн төрсөн нутгаа орхин зайлах хэрэгтэй болж, Хөх нуурын сав газар, Дорнод Цайдам ба Төвдийн зүүн хойд этгээдийг эзлэн өөрсдийн улсыг байгуулан 284-672 оны хооронд оршин тогтнож байжээ. Тугухунь буюу тогоо нарыг цагаан монголчуудын өвөг гэдэг.

Монгорууд хэлний хувьд эртний монгол,хэлээ бараг хадгалан үлджээ. Үгсийн сангийнх нь багахан хэсгийг төвд үгс эзэлдэг гэнэ.   

Амьдралын хэв маягийн хувьд мал аж ахуй, газар тариалан, гар урлал эрхэлнэ. Цагаан сарыг тэмдэглэхээс гадна надум буюу наадам хийн хүчит бөх барилдуулан, хурдан морь уралдуулна. Шашин нь бол эрт цагт бөө мөргөлтөн байсан бол одоо буддын болон даогийн сургаалийг дагах болжээ.

Хөх монголын минь тасархай цагаан монголчууд ардын дуугаа аялан зохиож ар монголоо санан суудаг гэнэ.

Аян замд гарсандаа
Монгол хааны хүү охин
Алсын замдаа одсондоо
Монгол аав ээжийн үрс
Нутгийн салхи сураггүй ээ
Ар л нутагтаа сууна уу даа
Хэзээ л ирэхиийн болдоо хө…




12.02.2014

Дээд монголчууд

Дээд монголчууд бол БНХАУ-ын баруун хойд хэсгийн Цинхай буюу Хөхнуур мужид оршин суудаг Хошуудын хант улсын үлдэгдэл хошууд, торгууд цорос  мөн цөөн тооны халхууд минь билээ.
Өгөөдэй хааны хүү Годан ханы цэрэг Төвдийг эзлэж яваад уулархаг нутгийн цавчим өндөр давааг давахад уулын бэлээс нуурын тунгалаг усанд хөх тэнгэрийн дүрс ойн гүн цэнхэр харагдасан тул Хөх нуур гэж нэрлэсэн гэдэг.  

Хошуудын хант улс нь 1642 онд Гүүш Төрбайхын Төвдийн өндөрлөгт байгуулсан улс. Төрбайх бол Чингис хааны дүү хавт Хасарын удам.

1637 онд халхын Цогт хунтайж улааны шашныг өмгөөлөн Хөхнуурт хяналтаа тогтоогоод Төвд рүү довтлох үед шарын шашны тэргүүн 5-р Далай лам Хошуудын хан Төрбайхаас тусламж хүсчээ. Тэр өөрт таарсан сайхан боломжийг алдалгүй цэргээ дагуулан ирж  Цогт тайжын цэргийг цохин Төвдөд хяналтаа тогтоож эхэлсэн байна.1641 онд Төрбайх төвдийн Замба хааныг довтолж Төвдийг бүрэн захирч авсан ба Далай лам түүнд шарын шашныг мандуулагч Гүүш цол шагнажээ.

Хошуудын хант улс 80 гаран жил тогтноод Төрбайхын ач Лувсанданзан манжийн эсрэг тэмцээд дарагдснаар 1723 онд мөхөж түүнээс хойш тэндхийн монголчууд эх монголчуудаасаа алсран холджээ.

Одоо Хөхнуурт 80000 орчим дээд монголчууд амьдардаг гэх ба тэдний хэл яриа нь бага зэрэг ойрад буюу баруун монгол аялгатай болохоос монголчуудтай чөлөөтэй ойлголцдог ба амьдралын хэв маяг нь яг л бидний монгол адил зочломтгой найрсаг, таван хошуу малаа маллан бэлчээр сэлгэн нүүж амьдарна. Харамсалтай нь тэднийг хятад, төвдүүдэд  бөөрөлхөн Цайдамын цөл рүү шахан  бэлчээр нь улам хомсдож  эхэлжээ.

Хөх монголын минь тасархай дээд монголчууд биднээр их бахархана. Тэд төвдүүдтэй маргалдахдаа дэлхийд Төвд гэж улс үгүй, харин Монгол гэж тусгаар улс бий шүү гэж амыг нь асуудаг гэнэ.




12.01.2014

Хар хятаны Елюй Даш

Өвөг монгол угсааны нэгэн их улсыг байгуулсан их хүн Елюй Даш. Хятан гүрэн мөхөж буй үед Елюй Амбагайн наймдугаар үеийн ач Ёлюй Даш өөрийн мэдлийн хэсэг хятанчуудыг дагуулан баруун тийш нүүн Балхаш нуурт төвлөн Хар кидан улсыг байгуулан дорнод Туркестан, Эмил гол, Долоон мөрөн, Тарвагатайн нуруу, Тэнгэр уул орчмыг мэдэн захирах болжээ.

Елюй Даш хаан болсноос хойш хятан, монгол, түрэгүүд нийлсэн гучин түмэн цэрэгтэй болсон ба Амударья ба Сырдарья мөрний хоорондох мусулманчууд ихэд байлдсан боловч дийлдэн удалгүй Бухар ба Хорезм цөм Хар хятаны захиргаанд оржээ. Үүнээс гадна Илийн хязгаар дахь Харлаг, Уйгарын улсууд  мөн дагажээ.

Хар кидан улсыг үндэслэгч Елюй Даш 1087 онд төрсөн бөгөөд 1124 онд өөрийн улсыг байгуулаад өөрийгөө Гүр хаан хэмээн өргөмжлөн есөн жил хаан суугаад 1143 онд нас баржээ.
Түүний байгуулсан Хар кидан буюу баруун Ляо улс 90 гаран жил оршин тогтносон ба 1200 оноос хүч нь сулран дотоодын самуун ихсэж хөрш улсууд болох Их Монгол, Хорезм улсууд хүчирхэгжин мөхлийн зам руугаа оржээ.



Чингис хаан найманы Таян хааныг дарсны дараа түүний хүү Хүчүлүг дутаан Хар кидан улс руу дүрвэн очиж түүний төрийг самууруулан эргүүлснийг Чингис хааны зарлигаар Зэв жанжин  Хүчүлүгийг мөрдөн хөөж устган 1213 оноос Хар хятан улс их Монгол улсын харъяат болж Чингис хааны их улсад нэгджээ.  

Өвөг монгол Хятанчууд

Хятанчууд анх Лууха голын баруун талаар Шар мөрний умард саваар нутаглаж байсан бөгөөд яваандаа Шар тэнгисийн эрэг хүртэлх нутагт тархан суужээ.
Хятанчуудын сударт манай дээд өвөг Гэ Уту хэмээгч үе улиран умард этгээдэд баатарлан Дунху хэмээн нэрийдэж байсан бөлгөө. Хан улсын үед Модун хаанд сөнөөгдөн мөхөөд Сяньби ууланд батлан сууж Сүмбэ овогтон хэмээгдэв гэсэн нь тэд яах аргагүй бидний өвөг монголчууд болох нь тодорхой.
Хэл судлалын талаар хийсэн судалгаагаар ч монгол хэлтэн байсан нь нотлогдсон ба хятан нарын 100 үг тутмаас 70 үг нь Монгол үг байдаг. Жишээ нь: Боули-Боол, шава-шувуу, ике-их, найхэ-нохой, толи-туулай гэх мэт. Мөн Тан улсын сударт Хятан нарын аж ахуй, үг хэл зан заншил нь Монголын Шивэй нартай адил хэмээн тэмдэглэсэн байдаг.
Хятанчууд 5-р зууны сүүлчийн хагасаас 7-р зууны эхэн хүртэл монголын Тоба вэй улс болон Хөх түрэгийн хаант улсын харьяанд байж байгаад 8-р зууны дунд үеэс аль нэг улсад харьяалагдахаа больж хүчирхэгжин найман аймаг нь гучин найм болтлоо өссөн байна. Энэ үеэс Хятан нар тэргүүнээ хан гэх болжээ, 
907 онд Елюй овгийн Амбагай ханд өргөмжлөгдсөнөөр улсаа Хятан гүрэн гэж нэрлэн язгууртнуудынх нь эрх мэдэл нэмэгдэж, засаг төрийн байгууллагууд нь байгуулагдан нүүдэлчин иргэдээ захирах умард өмнөд гэсэн хоёр түмэнд хуваажээ.
Хятанчууд монгол зүрчид хотон газруудыг эзлэн авснаас гадна нанхиад улсыг бүрмөсөн эзлэхэд хүрсэн ба сүүлдээ урт цагаан хэрмийн доторх нэлээд мужаар хэмжээ болгожээ.Энэ үеийн Нанхиад орон  Хятан нарыг хүчирхэгжихэд саад хийж чадсангүйгээр барахгүй, бүр Нанхиадын урвагч түшмэлүүд Хятаны язгууртнуудыг зулгуйдан, Хятанчуудыг төр ёсоо бэхжүүлэхэд нь туслаж байв.
Амбагай хан 907 оноос хойш нийт есөн жил төр барьж Хятаны ханг гурван жилд нэг удаа сонгох дэгийг зөрчин өөрийгөө их хаанд өргөмжилөн хаан  ширээг угсаа залгамжлах болгожээ. Хятанчууд 922 оны үед улсын цэргийг ерөнхийлөн захирах тушаал бий болгож, 50000 хүнтэй их цэрэг байгуулан улам хүчирхэгжин гадаад байдал нь үлэмж бэхжин 923 онд Перс улсаас 924 онд  Солонгосын гурван хаант улсын нэг Шелла улсаас элч нар ирж бараалхаж байжээ.
Хятанчууд 923-924 онд гэхэд Зүүн далай Шар тэнгисээс Алтайн уулс, Цагаан хэрэмнээс Хэрлэн гол  хүртэлх өргөн уудам нутгийг эрхэндээ оруулсан байлаа. Харин 1005 оны үед Сүн улстай найрамдсаны дараа хүлгийн жолоо, зэвсгийн үзүүрийг Солонгос, Уйгар, Тангуд зэрэг газар орнуудад хандуулах болжээ.
Хятан гүрэн 200 гаруй жил тогтносны эцэст эзлэгдсэн олон аймаг, улс ардын тэмцэл хөдөлгөөн хүчтэй өрнөсөөр Хамниган угсааны Зүрчид нар 1113 онд бослого гаргаж өөрийн нутгийг чөлөөлөн 1115 онд Зүрчидийн Алтан улсыг байгуулан улмаар тэд Сүн улстай хүч хавсран Хятан гүрнийг хоёр этгээдээс нь хавсайдан газар нутгийг нь танасаар 1125 он гэхэд бүрмөсөн мөхөөжээ.
Хятаны нэг хэсэг нь хаан угсааны Елюй Дашийн захиргаан доор баруун тийш нүүж Баруун ляо улсыг байгуулан 100 хүрэхгүй жил оршин тогтносон байна.