3.14.2014

Аз нь ивээсэн Хайду

Эргүнэ хунгаас эхэлсэн домог үргэлжилсээр... Алунгоогийн бага хүү Бодончир бол зоригтой эрэлхэг нэгэн бөгөөд монгол аймгуудын зонхилогч эзэн ба Буха Бухатай гэдэг хоёр хүүтэй. Ахмад хүүгийн хувьд эцгийгээ үгүй болсноос хойш Буха ор залгажээ. Буха нь  Мэнэн түдэм нэрт хүүтэй, харин Бухатай нь Начин нэрт хүүтэй аж. “Нууц товчоо”-ноо Мэнэн түдүмийн эцгийг Хабич баатар гэж гардаг. Рашид ад дины “Судрын чуулган”-нд Мэнэн түдүмийн эцэг Буха гэжээ.
Мэнэн түдүм бол есөн хүүтэй ба Чингис хааны удам угсаа түүнээс сурвалжтай. Эднийх их баян, хэд хоноод адуугаа хураадаг. Олон болохоор тоолж амждаггүй. Голын эрэгт шахахад битүү адууны мөр байвал бүрэн байна гэж үздэг. Сийрэг байвал дутуу байна олж ир гэж хүмүүсээ явуулдаг ийм л баян айл байсан байх юм.  Мэнэн түдүм үхэхэд эхнэр Моглүн хатан хүүхдүүдтэйгээ үлдэж хоцорчээ.
Тэр үед жалайр хэмээх Төрлөгин монгол аймаг Хэрлэнгийн хөвөөгөөр нутаглаж байв. Жалайрчууд хятадуудтай байнга дайн тулаан хийнэ. Нэг удаа хятадууд их цэрэг оруулан тэднийг дарахаар довтлон иртэл үертэй шуугих Хэрлэнгийн хойно гарсан жалайрчууд амжиж зугтлаа гэж баярлаж байтал олон хятадууд шөнөдөө сал хийн голыг гатлан жалайрчуудыг хүүхэд хөгшидгүй хядан эд өлгийг нь цөм дээрэмджээ. Дайсан хүрч чадахгүй алс байсан 70 орчим өрх жалайр нүүдэллэн явсаар Моглүн хатны нутагт иржээ. Тэд өлссөн учир сөд гичгинэ ухаж идэн хавийн газрыг онгичин эргүүлжээ. Хүүхдүүдийнх нь мориор тэмцээн хийдэг тал газрыг сүйтгэснийг эсэргүүцсэн Моглан хатныг барьж алж, отож байгаад араас нь ирсэн ах дүү наймыг мөн л үгүй хийж.
Отгон хүү Хайду л өөр газар айлчилж явсан тул амьд үлджээ. Түүнийг авга ах Начин зугтаалган гэртээ айрагны саванд нуун хамгаалан авч үлдэж чадсанбайна. Ингэж удам тасралгүй Хайду амьд гарчээ.
Жалайр аймгийнхан энэ хэрэг болсныг мэдэн далан хүнийг барин “та нар ийм бузар хэрэг хийхдээ хэнтэй зөвлөсөн бэ” гэж ял асуун цаазалжээ. Тэдний эхнэр хүүхэд цөм Хайдугын боол болжээ. Тэр цагаас хойш Жалайр аймгийнхан өтөг боол хэмээн явсаар  Чингисийн үетэй залгажээ. Жалайр аймгаас алдар цуутай жанжин ноёд олон төрөн гарсны нэг нь төрийн гоо ван Мухулай байна.

Аз буян нь ивээсэн Хайду нь Байшонхор догшин, Чирхай лянхуа, Чаужин Ортагай  хэмээх гурван хүүтэй болж. Ахмад нь болох Байшонхор ганц хүүтэй, тэр нь Тумбинай цэцэн. Тумбинай цэцэн хоёр хөвүүнтэй бөгөөд Хабул хаан, Хамсочу хоёр юм. Хамаг монголын хаан Хабул их эзэн Чингис хааны өвөг эцэг билээ.

0 comments:

Post a Comment